Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2026/ХШТ/09

 

В.М-д холбогдох

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Золзаяа, шүүгдэгч В.М, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1956 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1166 дугаар магадлалтай, В.М-д холбогдох эрүүгийн 2505007300511 дугаартай хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, В.М

Шүүгдэгч В.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч В.М-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 6 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.М-д оногдуулсан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 6 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял, 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 1 ширхэг флаш дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд 1166 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Баянгол дүүргийн прокурорын газраас В.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 1, 2, 3 дахь заалтуудад зохих өөрчлөлт оруулж, 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул бичсэн эсэргүүцэлдээ: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч В.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн онцлог нь ахуйн хүрээнд буюу гэр бүлийн гишүүдийн хүрээнд, нууц далд аргаар үйлддэг бөгөөд хохирогч нь шүүгдэгчид байнга зодуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаарх түүний удаа дараа өгсөн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан аюулын зэргийн үнэлгээ, Зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалуудын хуулбарууд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн талаарх тодорхой дүгнэлтийг хийгээгүй байна. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасны дагуу гэр бүлийн хүчирхийллийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан арга, хэлбэрээр байнга үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн тохирох хэсгээр давхар зүйлчилж шийдвэрлэхээр байх тул шүүгдэгч В.М-ийн хамтран амьдрагч Д.Ма-г байнга зодсон, мөн түүнийг зодохдоо эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давхар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч, хохирогч нар гэр бүлийн хамааралтай, шүүгдэгч нь хохирогчийг байнга зоддог буюу 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 4 удаа буюу үргэлжилсэн үйлдлээр зодсон болох нь тогтоогддог. Үүнээс гурван удаагийн үйлдлээр Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдсан, сүүлийн нэг үйлдэлд нь хөнгөн хохирол учирсан. Дээрх үйл баримтуудыг шалгуулж байх явцад хохирогч нь шүүгдэгчид байнга зодуулдаг талаараа тогтвортой, тодорхой мэдүүлдэг бөгөөд энэ мэдүүлгийг насанд хүрээгүй гэрч М.Б, гэрч Б.О нар давхар нотолдог тул гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон учраас прокуророос гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг байнга зодож, хөнгөн хохирол учруулсан гэх зүйчлэлээр шүүхэд шилжүүлсэн. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх байнга зодсон гэх гэмт хэргийн шинж нь тооны хувьд 3 буюу түүнээс дээш үйлдэгдсэн байх, дахин давтан буюу байнгын шинжтэй байхыг ойлгоно. Шүүгдэгч В.М нь хохирогч Д.Ма-г цохисон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх" гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь "Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн"-ийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэсэн 3 шинжийн аль нэгийг эсхүл хэд хэдэн шинжийг тус бүр байнга үйлдсэн байхыг шаардсан байх бөгөөд В.М-ийн шийтгүүлсэн зөрчил нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй байна гэж дүгнэн, дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих" зөрчлийн бүрэлдэхүүний объектив талын үндсэн шинж нь "Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн"-ийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан; бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэсэн 4 шинжийн аль нэг нь эсхүл хэд хэд нь тогтоогдож байгаа тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэх гэмт хэргийн объектод хүний эрүүл мэндийн халдашгүй байдлаас гадна гэр бүлийн ашиг сонирхол хамаардаг. Хохирогч нь 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 4 удаа буюу үргэлжилсэн үйлдлээр байнга зодуулсан талаар Зөрчлийн хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 3 материалд болон хэрэгт хохирогчоор өгсөн мэдүүлэгт тодорхой мэдүүлдэг болно. Түүнчлэн шүүхийн шийдвэр “үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангахын тулд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үзэж, хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэргийн, ямар хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан эсэхэд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх ёстой байхад Нийслэлийн давж заалдах шатны шүүх тухайн гэмт хэргийн нэг үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ДШМ/1166 дугаар магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1956 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

Шүүгдэгч В.М-ийн өмгөөлөгч А.Энхтүвшин хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх нь Улсын дээд шүүхийн тодорхой хэрэг маргааныг шийдвэрлэх замаар хуулийг тайлбарласан 203 дугаар тогтоолыг үндэслэлтэй хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Прокурорын Улсын дээд шүүхийн тогтоол болон хуулийн зохицуулалтын талаар гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн прокурорын эсэргүүцэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийг хэт өргөн хүрээнд тайлбарласан байна. Нэгдүгээрт, Зөрчлийн тухай хуулийн 5.3, 5.4 дүгээр зүйлийг мөн хуулийн 6.20 дугаар зүйлтэй төсөөтэй хэрэглэх замаар шүүгдэгчийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь, дээрх хуулийн зохицуулалтууд нь тус тусын бүрэлдэхүүн, өөр шаардлагуудтай, тусдаа харилцааг зохицуулсан тул төсөөтэй хэрэглэх боломжгүй, прокурорын дүгнэлт нь хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх зарчимтай харшиж байна. Хоёрдугаарт, прокурор “хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь хохирогчид гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж байсан болох нь тогтоогдсон, давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй” гэж тайлбарлаж байна. Өмгөөлөгчийн зүгээс тус тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрх бүхий албан тушаалтан гомдол, мэдээллийн дагуу очиж шалгаад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шаардлагатай арга хэмжээг авч, зөрчлийн үйлдэлд тохирох зүйлчлэлийн дагуу шийтгэвэр үйлдсэн. Шийтгэвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд шүүхэд ямар нэгэн гомдол гаргаагүй. Өөрөөр хэлбэл, тус шийтгэвэр нь хуулийн хүчин төгөлдөр юм. Хохирогч, түүний эхийн мэдүүлгүүдийн эх сурвалж батлагдаагүй, өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн 2023 оны 16 дугаар тайлбарт дурдагдсаны дагуу гэрчийн мэдүүлгийн эх сурвалж тогтоогдож байж шүүхийн шийдвэрийн үндэслэл болох учиртай. Эсрэгээрээ, хэрэгт авагдсан баримтаар тухайн үед ямар нэгэн зодоон болоогүй, тухайлбал, 2024 оны 09, 10 дугаар сард эд хогшил эвдэрсэн зүйлгүй, шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, хохирогчид хүч хэрэглээгүй болох нь хэрэгт авагдсан гэрэл зургийн баримтаар тогтоогдож байна. Иймээс хохирогч, түүний эхийн мэдүүлгээр шүүгдэгч нь хохирогчийг байнга зодсон болохыг тогтоох боломжгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх Улсын дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 203 дугаар тогтоолыг зөв хэрэглэсэн. Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үйлдлүүдийг 3 ба түүнээс дээш үйлдсэн бол гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэнд тооцохоос биш өөр зүйл хэсэг буюу мөн хуулийн 6.20 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжийг хамааруулан гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Прокурорын эсэргүүцлийг агуулгын хувьд дэмжиж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үзэл баримтлал, агуулга нь гэр бүлийн маргааныг “байдаг л үзэгдэл” мэтээр харах нь өрөөсгөл бөгөөд даамжирвал хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрах эрсдэлийг бий болгох тул түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх зорилгоор батлагдсан. “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нэг, хоёрдох үйлдэлд Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээ авна, харин 3 дахь үйлдлээс эхлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “байнга” гэдэг нь гурав ба түүнээс дээш удаа гэсэн давтамжийг тодорхойлсон ойлголт бөгөөд “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” аль нэг үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа, эсхүл нийтдээ гурав ба түүнээс дээш удаа хийсэн байх аль ч тохиолдолд уг гэмт хэргийн шинжийг хангана” гэж хяналтын шатны шүүхээс тайлбарлан шийдвэрлэсэн практик нэгэнт тогтсон. Гэтэл давж заалдах шатны шүүх “шүүгдэгч В.М-ийн өмнө үйлдсэн 3 удаагийн үйлдлийн нэгийг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дахь хэсгээр, нөгөө хоёр үйлдэлд мөн хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авагдсан нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүх “Зөрчлийн тухай хуулийн 5.3, 5.4 дэх хэсэгт заасан зөрчлийг 3 ба түүнээс дээш үйлдсэн зөрчил хамаарна” гэж тайлбарласан атал “тус хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан хүүхдийн эрхийг зөрчих зөрчил нь гэр бүлийн хүчирхийлэлд хамаарахгүй”, “энэ зөрчил нь хохирогчийн эсрэг чиглэсэн үйлдэл биш” гэж хуулийг хэт явцуу хүрээнд, тайлбарлаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Учир нь, хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн удаа дараагийн мэдүүлэгт “байнга зодуулдаг байсан, амьдралаа бодоод нөхөртөө арга хэмжээ авахуулахгүйн тулд зодуулаагүй гэж мэдүүлэн Зөрчлийн хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар арга хэмжээ авахуулсан” гэж тусгагдсан ба уг мэдүүлгийг гэрчийн мэдүүлэг нотолсон атал давж заалдах шатны шүүхээс няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй байна. Мөн шүүгдэгчийн хүүхдийн дэргэд архидан согтуурсан, хүчирхийлэл үйлдэж, гэр орны эд зүйлийг эвдэж байгаа үйлдлүүд бүгд өөрийн эхнэр рүү чиглэсэн хүчирхийлэл, доромжлол, догшин авирласан шинжид хамаарч байхад давж заалдах шатны шүүх уг нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч В.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэргийн болж өнгөрсөн үйл баримтад мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тогтоосон, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт авагдаж анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдлын талаар дүгнэлт хийж давж заалдах шатны шүүх дүгнэлтийг шалган үнэлж мөн өөрийн дүгнэлтийг хийсэн байх тул хэргийг хяналтын журмаар хэлэлцэж хууль хэрэглэсэн талаар үнэлэлт, дүгнэлт өгөх боломжтой байна.

2.Прокуророос В.М-г 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Ма-г үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хогийн тосгуураар цохиж, эрүүл мэндэд нь баруун, зүүн сарвуу, зүүн бугуйд шарх, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн байнга буюу 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр, 2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод хамтран амьдрагч Д.Ма-гийн биед халдаж, зодсон гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт яллаж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3.Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч В.М-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн байна.

4.Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг хянан хэлэлцээд прокуророос шүүгдэгч В.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хоёр шатны шүүх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийн талаар хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэлээр энэхүү хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

5.Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо тухайн гэмт хэргийн онцлог болсон бүрэлдэхүүний шинжийг анхааралтай авч үзэн тэдгээрт бодитой дүгнэлт хийж хэргийн бодит байдлыг үндэслэлтэй зөв тогтоосноор хэргийг зөв зүйлчлэн, хууль ёсны ба үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гарах нөхцөл бүрдэнэ.

5.1. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчлийн үйлдлийг удаа дараа үйлдэх нь давтамжийн шинжээрээ нийгэмд аюултай гэмт хэргийн шинжийг агуулж, Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийг ноцтой зөрчиж, илүү хүнд хор уршигт хүргэж болзошгүй үр дагаврыг хууль тогтоогч харгалзан гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэхийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ. Харин гэмт этгээд гэр бүлийн хүчирхийллийн үйлдлүүддээ Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээсэн эсэх нь түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэх гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй бөгөөд нэг гэмт хэрэгт нэг удаа шийтгүүлэх, нэг зөрчилд мөн нэг удаа шийтгүүлэх зарчимтай харшлахгүй. Учир нь 3 ба түүнээс дээш удаагийн гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн алиныг ч өмнө гэмт хэрэгт тооцож ял шийтгээгүй ба эдгээр давтагдсан үйлдлүүд нь нийлж нэг гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж буй тул аль нь ч дангаараа гэмт хэргийн шинжийг хангахгүй тул эрүүгийн болоод зөрчлийн хариуцлагын давхцал үүсэхгүй.

5.2. Зөрчлийн тухай хуулийн хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх үндэслэл нь гурав, түүнээс дээш удаагийн гэр бүлийн хүчирхийллийн үйлдэл болон зөрчлүүдийн нэг нь дангаараа гэмт хэргийн шинжийг хангахгүй тул Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг ашиглах боломжгүй, харин үйлдэл болон зөрчлүүдийн нийлбэр Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэрэгт шилжиж байгаагаас үүдэлтэй юм.[1]

Энэхүү гэмт хэргийн үндсэн шинж болох “Байнга” нь тооны давтамжаас хууль зүйн ойлголт руу шилжихдээ хууль зүйн алдаагүй байх ёстой бөгөөд гэмт хэргийн шинжийг хангаж буй гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх нь тухайн гурван үйлдлийг нэгтгэн дүгнэх хууль зүйн гол үндэслэл /легитим/ болно.

5.3.“Гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэх гэмт хэргийн объектод хүний эрүүл мэндийн халдашгүй байдлаас гадна гэр бүл, хүүхдийн ашиг сонирхол хамаарах бөгөөд Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд: “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй.”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.”, Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтад “хүүхдийн нас, төлөвшлийн байдлыг харгалзан, түүний үзэл бодолд хүндэтгэлтэй хандах”, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх”, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хүүхэд ... бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт ... -аас нийгмийн бүх орчинд хамгаалагдах” эрхийг давхар баталгаажуулжээ.

Өөрөөр хэлбэл хамгаалагдаж буй харилцааны агуулга нь “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн “гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх”-д оршино гэсэн зорилгоор тодорхойлох бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүний “байнга” гэх шинжийг хангаж буй үйлдлүүд нь Зөрчлийн тухай хуульд заасан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа, эсхүл өөр өөр төрлийн хүчирхийллийг гурав ба түүнээс дээш удаа үйлдсэн байх аль ч тохиолдол гэмт хэргийн шинжийг хангана.

6.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд тухайлбал, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал, тус хэрэгт авагдсан зөрчилд холбогдогч болон хохирогч, гэрчийн мэдүүлгүүд, гэр бүлийн орчинд хийгдсэн “Аюулын зэргийн үнэлгээ” бусад баримтуудыг харьцуулан үзэхэд, В.М, Д.Ма нарын гэр бүл 2-3 жилийн хугацаанд гэр бүлийн зөрчилтэй, хэрүүл маргаантай, зарим үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж байсныг хохирогч тогтвортой мэдүүлсэн байна. Мөн В.М-ийн зүгээс гэр бүлд бий болсон зөрчлийг хүч хэрэглэж буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Ма-д хүч хэрэглэн зодож шийдвэрлэж байгаа нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулж байна.

Үүнээс гадна, шүүгдэгч В.М-ийн 2024 оны 06 дугаар сарын 01, 09 дүгээр сарын 21, 10 дугаар сарын 27-ны өдрүүдэд хийсэн үйлдэл Зөрчлийн тухай хуулийн өөр өөр зүйлчлэлээр шийтгэгдсэн боловч уг зөрчлүүд нь гэр бүлийн орчинд, хүүхдийн дэргэд үйлдэгдсэн, түүнчлэн эцэг, эхийн хооронд болсон асуудлаас шалтгаалж хүүхэд айж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн, зөрчлийн талаар өөрийн харсан, сонссон зүйлийн талаар өгсөн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар үнэлж, уг үйлдлүүдийн давтамж болон үйлдэгдсэн нөхцөл байдал нь агуулгын хувьд гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн шинжийг хангаж байгаа талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Иймд прокуророос шүүгдэгч В.М-д Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалын энэхүү заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 1166 дугаар магадлалын 1 дэх заалтыг хүчингүй болгож, магадлалын бусад заалт болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1956 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхэд бичсэн прокурорын эсэргүүцлийг хангасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                               Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧИД                                                   Ц.ОЧ

М.ПҮРЭВСҮРЭН

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Ч.ХОСБАЯР

 

 

[1] №203,2020.04.27-Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоол