Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2016/05736

 

2016 оны 11 сарын 15 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05736

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 23в байр, 58 тоотод оршин суух, Боржгон овогт Буяндэлгэрийн Ундрам /РД-ХН85121961/-ын,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ХД 27 дугаар байр, 28 тоот Боржигон овогт Батсүрэнгийн Даваасүрэн /РД-ТИ84060596/-д холбогдуулан гаргасан,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгон, нэмэлт зардалд 3,500,000 төгрөг гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, мөн сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ундрам, хариуцагч Б.Даваасүрэн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ундрам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Даваасүрэн бид хоёр арван жилийн нэг ангийн хүүхдүүд юм. Бид 2004 онд 10 жилийн сурагч байх цагаасаа үерхэж, 2005 оноос хамтран амьдарч эхэлсэн.

Бидний дундаас 2007 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүү Д.Билгүүн төрж мөн оны 11 дүгээр сард гэрлэлтээ бүртгүүлсэн.

Б.Даваасүрэн нь намайг харддаг, архидан согтуурч бие болон сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд байдалд байлган, удаа дараа зодохыг завдаж, мөн гар хүрч байсан учраас 2009 оны 7 дугаар сард салсан.

Тухай үед хүү маань 2 настай байсан бөгөөд миний асрамжид үлдэж, одоог хүртэл надтай хамт байгаа. Хүү маань 2012 онд 40 дүгээр сургуулийн 1 дүгээр ангид элсэн суралцаж байгаад, 2014 оноос Шинэ өнөөдөр хувийн сургуульд суралцаж байгаа.

Биднийг хамтран амьдарсан болон тусдаа амьдарч байх хугацаанд Б.Даваасүрэн ямар нэгэн байдлаар тусалж, дэмжиж байгаагүй. Зөвхөн хүүгийнхээ төрсөн өдрөөр л бэлэг авч өгч байсан. Миний хүү хувийн сургуульд суралцдаг бөгөөд нэг жилийн сургалтын төлбөр нь 3,500,000 төгрөг байдаг юм.

Б.Даваасүрэн нь хүүхдээ харж хандах, тэжээн тэтгэх үүрэгтэй учраас хуулийн дагуу тэтгэлэг тогтоолгон, хүүхдийн сургалтын төлбөр болох 3,500,000 төгрөгийг гаргуулж, гэрлэлт цуцлуулан, хүүхдийн асрамж тогтоолгох хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Б.Даваасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Ундрамтай 2005 оноос хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2009 оноос тусдаа амьдрах болсон.

Түүнээс салснаас хойш буюу 2011 онд н.Оюундуламтай хамтран амьдарсан бөгөөд одоо бид 2 хүүхэдтэй болсон.

Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Би өмнө циркийн ажилтан байсан боловч одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтсон орлогогүй байгаа. Хэрэв ажилтай болчихвол шахаж шаардуулалгүйгээр хүүдээ тусалж дэмжинэ гэсэн бодолтой явдаг. Мөн хүүхдээ насанд хүрсний дараа амьдрах байрыг нь бэлдэж өгнө дөө гэж бодож явдаг.

Хүүхдийн тэтгэмжийг одоогоор төлөх боломжгүй байна гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ундрам нь хариуцагч Б.Даваасүрэнгээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгон, нэмэлт зардалд 3,500,000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Даваасүрэн нь гэрлэлт цуцлуулах, хүүг эхийн асрамжид үлдээх шаардлагыг татгалздаггүй, харин нэмэлт зардал болох 3,500,000 төгрөг, хүүхдийн тэтгэлгийн хувьд одоогоор орлогогүй байгаа учраас төлөх боломжгүй гэж тайлбарладаг.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Б.Ундрам, Б.Даваасүрэн нар 2006 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлэн, хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2007 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүү Д.Билгүүн төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна. /хх-3,5 дугаар тал/

Гэрлэгчид зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2009 оноос тусдаа амьдарч байх бөгөөд тэд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчаар орсон боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсны улмаас шүүхэд ханджээ. /хх-7 дугаар тал/

Иймд шүүх гэрлэгчдэд Гэр бүлийн тухай хуулийн /цаашид хуулийн гэх/14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдгээрийн гэрлэлтийг цуцлав.

Хүү Д.Билгүүн одоо 9 настай эхийн асрамжид эрүүл бойжиж байх бөгөөд гэрлэгчид хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй учир Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу хүү Д.Билгүүнийг эх Б.Ундрамын асрамжид үлдээж, хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Б.Билгүүнийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Даваасүрэнгээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 ...Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно... гэж заажээ.

Хэрэг авагдсан баримтаас харахад хүү Д.Билгүүн нь Шинэ өнөөдөр бүрэн дунд сургуульд сурдаг байх бөгөөд нэхэмжлэгч сургалтын төлбөрт 3,500,000 төгрөг төлсөн байна.

Иймээс нэхэмжлэгчид дээрх хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан шаардах эрх үүсчээ.

Гэхдээ хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг эцэг, эх хэн аль нь хүлээдэг учир эцэг Б.Даваасүрэнгээс сургалтын төлбөрийн 50 хувь болох 1,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 113,150 төгрөг гаргуулан Б.Ундрамд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,750,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржгон овогт Буяндэлгэрийн Ундрам Боржигон овогт Батсүрэнгийн Даваасүрэн нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу хүү Боржигон овогт Даваасүрэнгийн Билгүүнийг эх Б.Ундрамын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Д.Билгүүнийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Даваасүрэнгээр тэжээн тэтгүүлсүгэй.

 4.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Даваасүрэнгээс 1,750,000 төгрөг гаргуулан, Б.Ундрамд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,750,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 113,150 төгрөг гаргуулан Б.Ундрамд буцаан олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.Оюун-Эрдэнэд даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД