Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2016/01048

 

 

 

 

 

   2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2016/01048

               Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 11-33 тоот хаягт оршин суух, /РД:УЗ85051001/ Ончууд овогт Сүхбаатарын Мөнхзаяагийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:“Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨАТҮГ /Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, өөрийн байранд байрлах/,

Хариуцагч:“Аз Сервис” ХХК /Сонгинохайрхан дүүрэг, үйлдвэрчний эвлэлийн гудамж, “Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨАТҮГ 2-р бааз 2 дугаар давхарт байрлах/-д холбогдох

 

Гэм хорын хорын хохиролд 1,372,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Мөнхзаяа, хариуцагч “Аз сервис” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Лхагвасүрэн, хариуцагч “Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨАТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд, Б.Баатарцогт, иргэдийн төлөөлөгч Д.Баасанбат шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Азжаргал нар оролцов.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Мөнхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Эрхэмбаяр С.Мөнхзаяа нар 06-64 УНЯ улсын дугаартай автомашинтай замын хөдөлгөөнд оролцож байх үед тролейбусны өндөр хүчдэлийн шугам тасарч автомашин дээр унасан (Тухайн үед С.Мөнхзаяа 8 сартай жирэмсэн байсан). Тролейбусны өндөр хүчдэлийн троссон шугам тасарсанаас үүдэлтэй автомашинд учирсан хохирол болон эмчилгээний зардал шатахуун тээврийн зардалд нийт 1,372,550 төгрөгний хохирлыг төлүүлж өгнө үү. Энэ асуудлын талаар нөхөртэйгээ хамт “Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨАТҮГ дээр очсон шугамын инженеэр 7 хоногийн дараа хариу хэлнэ гэсэн. Хуулийн зөвлөх Ариунболдтой уулзахад мэргэжлийн байгууллагаар шалгуулаад бидний буруу байх юм бол төлнө гэсэн. Шугамны нөөц дууссан уу жолоочийн буруу байсан уу шалгаад өг гэхэд мэргэжлийн хяналтаас шүүхээр шийдүүл гэсэн албан бичиг хийж өгсөн. Шугам цахилгаан тээврийн өмч “Аз сервис” ХХК-ийг түрээслэдэг гэсэн тул бид эдгээр хоёр байгууллагыг хамтад нь хариуцагчаар тодорхойлсон. Шүүх хуулийн дагуу хэн нь хариуцах ёстой болохыг тогтоож хохирол барагдуулж өгнө үү. Тухайн үед цахилгааны шугам машин дээр бөөн галтай бөмбөлөгүүдтэй унасан. Би энэ үед ухаан алдсан байсан учир манай нөхөр намайг машинаас татаж гаргасан. Тэр үед би маш их айж цочирдолд орсон байсан. Тухайн үед Онцгой байдал, цагдаа, түргэн дуудсан байсан. Ослын улмаас би жирэмсэн байсан тул доошоо цус алдаж эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Хэрэв ийм осол болоогүй байсан бол би эмчилгээ хийлгэх шаардлага байгаагүй. 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 21-нийг хүртэл эмнэлэгт хэвтсэн. Эм, эмчилгээний зардалд 459,550 төгрөг зарцуулсан. Мөн уг ослын улмаас эмнэлэг, цагдаа, Зорчигч тээврийн нэгтгэл, Аз сервис ХХК-нуудтай уулзаж маш их цаг зав зарцуулснаас гадна машины шатахуун авч хийж байсан. Учир нь манай нөхөр эмнэлэг ороод эргээд эдгээр хүмүүстэй уулзахаар нааш цааш ихээхэн явж, нийтдээ 316,000 төгрөгөөр шатахуун авсан. Ослын дараа автомашины эвдрэл гэмтлийг тогтоолгохоор Мастер авто сүлжээний засварын төвд хандаж оношилгоо хийлгэсэн. Манай автомашинд 516,000 төгрөгийг үнэлгээ тогтоосон мөн уг үнэлгээний хөлсөнд 26,500 төгрөг төлсөн. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад баримт бичиг нотариатаар гэрчлүүлэхэд 13,300 төгрөгийн төлбөр төлсөн. Эдгээр мөнгө нь осол болсны улмаас гаргасан зардал, хэрэв ийм осол болоогүй бидэнд ийм их хохирол учрахгүй байсан. Иймд хариуцагч нараас 1,372,550 төгрөгийг гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨАТҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Аз сервис” ХХК-нд гэрээгээр ашиглуулдаг тролейбусны шугам унаж бусдад хохирол учруулсан байна. Тухайн өдөр “Аз сервис” ХХК-ийн тээврийн хэрэгсэл явж байх үед гарсан осол тул манай байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Осол болсон дээр маргах зүйл байхгүй байна. Ослын шалтгаан нь тодорхойгүй байгаа, өөрөөр хэлбэл осол юунаас болж гарав, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх, хэний буруутай үйлдлийн улмаас шугам тасарсан нь тодорхойгүй байгаа. “Аз сервис” ХХК-ийн жолооч тээврийн хэрэгслийн хурд, замын нөхцөлд байдалд тохируулан хөдөлгөөнд оролцсон нь тогтоогдохгүй байгаа. иймд манай буруутай үйлдлийн улмаас осол болж хохирол учирсан нь тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Манай нэгтгэл Аз сервис ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 14/12-01 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж хамтран ажиллаж байгаа. Уг гэрээний 3.5д заасан заалтыг Аз сервис ХХК-ийн жолооч зөрсөн. Иймд 5.2-т заасны дагуу буруутай этгээд хохирлыг төлж барагдуулах ёстой гэв.

 

Хариуцагч “Аз сервис” ХХК-ийн төлөөлөгч Л.Энхтүвшин, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лхагвасүрэн нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутагт Жуковын музейгээс Зүүн 4 зам орох троллейбусны өндөр хүчдэлийн шугам тасарч иргэн С.Мөнхзаяагийн эзэмшлийн 06-64 УБЯ дугаартай суудлын машины дээрээс унасны улмаас гал гарч автомашин болон өөрийн биед 1,372,550 төгрөгийн хохирол учирсан нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Троллейбусны тогтмол гүйдлийн 600В-ын шугам тасраагүй, харин уг шугамыг бэхэлж байдаг трос тасарч унаснаас масс үүсэн машинд жижиг гал гарч шатсан нь тодорхой байна. Контактын шугам тасарсан тохиолдолд тролейбус огт явж чадахгүй нам зогсдог. Гэтэл тэр үед манай 32-003 номерийн тролейбус ямар ч сааталгүй Зүүн 4 зам хүртэл явсан байна. Үүнийг тролейбусны жолооч Ш.Төмөрбаатар гэрчилнэ.

Тухайн өдөр тролейбусны шугам бус түүнийг бэхэлсэн трос тасарсан нь түүнийг ашиглагч тролейбусны жолоочид хамааралгүй байна. Уг трос нь ашиглалтын явцад элэгдэж хуучирсан байхыг үгүйсгэхгүй.

Уг суудлын автомашинд юуны учир гал гарсан болохыг мэдэхгүй. Харин манай компанийн 32-001 тролейбусны жолооч тролейбусаа зогсоож самбаачлан галын хороо гарган уг галыг тэр дор нь унтрааж туслан иргэний үүргээ биелүүлсэн байна. Иймд хохиролыг манай компани хариуцан төлж барагдуулахаас татгалзаж байна.

Зорчигч тээврийн нэгтгэлтэй манай Аз сервис ХХК-ийн байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-нд Зорчигч тээврийн нэгтгэлийн хүлээх хариуцлага тодорхой байгаа ба контактийн шугамын аюулгүй байдлыг хариуцах ёстой. Харин жолооч контактын шугамыг хайрлах хамгаалах үүрэгтэй, уг шугамыг бүх цахилгаан тээврийн хэрэгслүүд ашиглаж, олон тролейбус явж байгаа. Уг шугамын аюулгүй байдал, ашиглалт, засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллага, хүмүүс өдөр бүр шалгах ёстой байсан. Зөвхөн манай жолооч яваад тасдаагүй учир манай компани хариуцахгүй. Жолооч хурд хэтрүүлэх боломж байхгүй, түгжрэлтэй урд хойно нь олон тролейбус явж байсан байгаа.

Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа зарим хохирол нь уг ослын улмаас учирсан хохирол болох нь нотлогдохгүй, баримт байхгүй байгаа. тухайлбал шатахууны зардал болон эмчилгээний зардалд нэхэмжилж буй мөнгийг уг ослын улмаас учирсан хохирлыг арилгахад зарцуулсан нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотолж чадахгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Мөнхзаяа нь гэм хорын хохиролд 1,372,550 төгрөг нэхэмжилснийг хариуцагч “Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨАТҮГ, “Аз Сервис” ХХК-иуд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Эрхэмбаяр, С.Мөнхзаяа нар нь  06-64 УНЯ улсын дугаартай автомашинтай замын хөдөлгөөнд оролцож байх үед зэрэгцээ явж байсан тролейбусны цахилгаан шугамын татуурга тросс тасарч С.Мөнхзаяагийн эзэмшлийн автомашин дээр унаж хохирол учруулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа бөгөөд уг ослын талаар талууд маргаагүй байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар “зам тээврийн осол” гэдэгт зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгох ба мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “зам” гэдэгт тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвасыг хамааруулсан байна.

Мөн Автозамын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “замын байгууламж" гэж модон ба төмөр, төмөр бетон, чулуун бусад гүүр, тавилан, гүүрэн гарц, усны хоолой, авто замын хөдөлгөөнд зориулсан газар доогуурх гарц, хонгил, ус зайлуулах шуудуу, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай авто замын зурвас газарт байгаа бусад байгууламжийг; 3.1.5-д “авто замын зурвас газар” гэж авто зам, замын байгууламж байрлаж байгаа болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, технологийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий газрыг тус тус ойлгохоор хуульчилжээ. Үүнээс үзэхэд уг тролейбусны цахилгааны шугам, түүний бэхэлсэн бэхэлгээ /контактын шугам/ нь замын байгууламжид хамаарахгүй, шугам унаснаас бусдын эд хөрөнгөд хохирол учирсаныг зам тээврийн осол гэж үзэх үндэслэлгүй байх тул зам тээврийн ослыг шалгаж тогтоогоогүй, жолооч замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн болох нь тогтоогдоогүй байхад хариуцлага хүлээх боломжгүй гэх хариуцагч нарын тайлбар үндэслэлгүй байна.  

Тухайн цахилгааны шугам нь “Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨАТҮГ-ын өмчлөлийн шугам бөгөөд осол гарах үед уг шугамыг Аз сервис ХХК-нд гэрээний үндсэн дээр ашиглуулж байсан болох нь “Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨАТҮГ болон “Аз Сервис” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 14/12-01 дугаар “Хамтран ажиллах гэрээ”-гээр тогтоогдож байна. Уг гэрээгээр талуудын хүлээх үүргийг тодорхойлсон байх ба Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨАТҮГазар нь гэрээний 2.6-д зааснаар “Троллейбусны Т:4 Вокзал-Ботаникийн чиглэлийн контактны шугамын байнгын иж бүрдлийг хангаж, үйлчилгээ, засвар, хяналт шалгалтыг горимын дагуу хийж, эвдрэл гэмтлийг дүрмийн дагуу тухай бүр засварлах”, 3.5-д зааснаар “Замын хөдөлгөөний болон галын аюулгүй байдлыг хангуулж осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар байнгын хяналт тавьж ажиллах” үүргийг хүлээхээр тохирсон байна. Мөн уг гэрээний 4.1-д зааснаар “Хоёр тал гэрээний биелэлтийг сар бүрийн эцэст хамтран дүгнэх бөгөөд протокол /хүснэгт/ гаргаж баталгаажуулах”-аар харилцан тохиролцжээ.

 

Дээр дурдсан талуудын тохиролцооноос үзвэл хариуцагч нар нь тролейбусны цахилгаан тросс тасарч унасан осол гэмтлийг тогтоож, хэний буруутай үйлдлээс болж уг гэмтэл гарсан, уг гэмтлийг хэн, хэрхэн засварласан, хяналт тавих талаарх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нарын хэн алин нь өөрсдийн буруугүй болохоо нотолж чадаагүй.

 

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар “Барилга байгууламж” гэдэгт орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, зам гүүр, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг хамааруулан ойлгох бөгөөд Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1-д: “Барилга байгууламжийн хийц, зохион байгуулалтыг дур мэдэн өөрчилсөн, эсхүл түүнд байрлуулсан буюу дамжуулан оруулсан эрчим хүч, галын болон тэсрэх аюултай, хортой бодисын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учирсан бол уг гэм хорыг тухайн үйл ажиллагаа явуулж байгаа этгээд, эсхүл аюултай зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заажээ.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар троллейбусны шугам нь 600В-ын тогтмол гүйдлийг дамжуулдаг, галын аюултай, эрчим хүчний байгууламж болох нь тогтоогдож байх ба уг шугамыг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨАТҮГазар өмчилдөг талаар хариуцагч нар маргахгүй байх тул нэхэмжлэгч нь ослын улмаас өөрийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлоо дээр дурдсан Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1-д заасны дагуу эрчим хүчний шугам ашиглаж байсан “Аз сервис” ХХК, мөн шугамын өмчлөгч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨАТҮГазрын хэн алинаас нь нэхэмжлэх эрхтэй гэж үзлээ.

 

            “Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨАТҮГ-ын өмчлөлийн шугамыг “Аз Сервис” ХХК нь гэрээний дагуу ашиглах явцад тролейбусны цахилгааны шугамын тросс тасарч унан нэхэмжлэгчид хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, ослын схем зураг,  бичгийн нотлох баримтууд, зохигчийн гаргасан тайлбар болон “Вендо” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээгээр тогтоогдож байна. Уг үнэлгээгээр автомашины эвдрэл хохирлын нийт зардлыг 519,200 төгрөгөөр үнэлжээ.

 

          Иргэний хуулийн  510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учирахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар нэхэмжлэгчийн автомашины эвдрэл хохирлын зардал 519,200 төгрөг, тээврийн хэрэгслийн гэмтлийг үнэлүүлэхэд гарсан зардал 38,000 төгрөг, автомашины оношилгоо хийлгэхэд гаргасан зардалд 26,500 төгрөг нийт 557,200 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь ослын улмаас эмчилгээ хийлгэж зардал гаргасан байх ба эм, эмчилгээний болон шинжилгээний зардалд 459,550 төгрөг нэхэмжилсэнээс Хонхондой эмийн сангаас авсан эм тарианы төлбөрт 210,800 төгрөг төлсөн гэх баримт нь огноо байхгүй, хэзээ авсан нь тодорхойгүй байх тул уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байна. Харин “Золо-фарм” ХХК-ийн эмийн сангаас 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 248,750 төгрөгийн эм тариа авч хэрэглэсэн болох нь  хэрэгт авагдсан эмнэлгийн хуудас, зарлагын баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ... зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”  гэж заасны дагуу хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

           

            Нэхэмжлэгч нь шатахууны зардалд 316,000 төгрөг нэхэмжилж шатахуун түгээх станцаас шатахуун худалдан авсан тухай төлбөрийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч нэхэмжлэгчийн худалдан авсан гэх шатахууныг хэзээ хаана, хэн юунд зарцуулсан нь тодорхойгүй байх бөгөөд ослын улмаас нэхэмжлэгчээс гарсан зардал гэж үзэх боломжгүй байна.

 

Нотариатын үйлчилгээний хураамжид төлсөн 13,300 төгрөг нь нэхэмжлэгчээс өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд гаргасан зардал буюу зайлшгүй гарах зардалд тооцогдохгүй тул хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь шүүхэд эх баримтаа гаргаж өгөх боломжтой юм.

           

            Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 1,372,550 төгрөгөөс 832,450 төгрөгийг хангаж, үлдэх 540,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Нэхэмжлэгч С.Мөнхзаяа нь шүүх хуралдаан дээр хариуцагч нараас хохирлыг тэнцүү хэмжээгээр гаргуулах шаардлага гаргасан тул хангаж буй нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нарт тэнцүү хэмжээгээр хуваан хариуцуулахаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 502 дугаар зүйлийн 502.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар “Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨАТҮГ-аас 416,225 төгрөг, “Аз Сервис” ХХК-иас 416,225 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Мөнхзаяад олгож, үлдэх 540,100 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,911 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨАТҮГ, “Аз Сервис” ХХК-иудаас 39.911 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Мөнхзаяад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ч.НЯМСҮРЭН

 

              ШҮҮГЧИД                                       Ж.ЛХАГВАСҮРЭН

                                                                       

                                                                        Б.ХИШИГБААТАР