Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2016/05765

 

2016 оны 11 сарын 17 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05765

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчид гудамж, 49 дүгээр байр, 22 тоотод оршин суух, Боржигон овогт Пүрэвдоржийн Эрдэнэсувд /РД-РХ75012529/-ын,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 44а байр, 10 тоотод оршин суух, Гөрөөчин овогт Наранхүүгийн Хишигбат /РД-ГЮ78090110/-т холбогдуулан гаргасан,

Эцэг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулан, сургалтын төлбөр 6,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, мөн сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Алтанчимэг, хариуцагч Н.Хишигбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Эрдэнэсувд шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Хишигбаттай 2002 онд танилцаж, улмаар хамт амьдрах болсноор охин Э.Адилсувд нь 2004 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн.

Н.Хишигбатын гэр бүл, хүүхдээ гэх сэтгэлгүй байдал, зан төлөвөөс шалтгаалан бид 2006 оноос тусдаа амьдрах болсон.

Миний бие 2006 оноос өнөөг хүртэл охиноо өсгөж, хүмүүжүүлж ирсэн. Охин маань гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Гэгээрэл бүрэн дунд сургуульд 2011 оноос 2016 оны 6 дугар сар хүртэл суралцаж, 6 дугаар анги төгссөн. Одоо ерөнхий боловсролын Орхон эмпати Турк сургуулийн 7б ангид суралцаж байгаа. Нийт сургалтын төлбөрт 12,800,000 төгрөг төлөгдсөн байх тул түүний 50 хувийг эцэг Н.Хишигбат нь хариуцах үүрэгтэй гэж үзэж байна.

Иймд Н.Хишигбатыг Э.Адилсувдын эцэг мөн болохыг тогтоолгох мөн хүүхдийн тэтгэлэг тогтоолгон, сургалтын төлбөрт нийт 6,400,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Хишигбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2002 онд П.Эрдэнэсувдтай танилцан, 2004 оны 7 дугаар сарын 28-ны өдөр охин Э.Адилсувд төрснөөр хамтран амьдрах болсон бөгөөд Э.Адилсувдыг өөрийн охин болохыг хүлээн зөвшөөрдөг.

Бид хоёр 2006 оныг хүртэл хамтран амьдарч, охиноо эрүүл саруул өсгөн, эрүүл саруул бойжуулж байсан. Гэтэл П.Эрдэнэсувд нь өмнөд Солонгос улс руу суралцахаар явах болсон. Ингэхдээ охиноо аваад явлаа шүү гэж хэлээд өөрийн ээж, аав дээрээ орхин явсныг сүүлд нутгийн хүнээс мэдсэн. Ингээд охин дээрээ зорьж, очиж уулзаж байсан.

2006 оноос хойш би Хөвсгөл аймгийн Тариалан суманд ээж дээрээ очиж хамт амьдрах болсон бөгөөд хөдөөнөөс ирж охинтойгоо уулзая гэхээр гадуур ажилтай явна, завгүй байна гэх зэрэг шалтаг шалтгаан хэлээд би уулзаж чадахгүй буцдаг байсан. П.Эрдэнэсувдыг Солонгосоос ирснээс хойш охинтойгоо цөөн тоогоор уулзсан.

П.Эрдэнэсувд надад сургалтын нэг жилийн төлбөр 6,400,000 төгрөг байдаг, төлбөрийн талыг төлөөрэй гэж байсан. Би нэмэлт зардал болох сургалтын төлбөр 6,400,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа учраас уг мөнгийг хэзээ төлөх талаар тодорхой хэлж чадахгүй байна гэв.

Би одоо өөр хүнтэй хамтран амьдарч байгаа бөгөөд нэг хүүхэдтэй болсон.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Эрдэнэсувд нь Н.Хишигбатад холбогдуулан эцэг болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, нэмэлт зардалд 6,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангалаа.

 

Иймээс Гэр бүлийн тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хариуцагч Н.Хишигбатыг охин Э.Адилсувдын эцэг мөн болохыг, хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан охин Э.Адилсувдад 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тус тус тогтоож, уг тэтгэлгийг эцэг Н.Хишигбатаас гаргуулахаар шийдвэрлэв.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Н.Хишигбатын, нэхэмжлэгчид нэмэлт зардал болох 6,400,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 187,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 187,550 төгрөг гаргуулан П.Эрдэнэсувдад олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан Гөрөөчин овогт Наранхүүгийн Хишигбатыг, Боржигон овогт Эрдэнэсувдын Адилсувдын төрсөн эцэг мөн болохыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар охин Э.Адилсувдыг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, уг тэтгэлгийг эцэг Н.Хишигбатаас гаргуулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д заасны дагуу хариуцагч Н.Хишигбатын нэмэлт зардал 6,400,000 төгрөгийг нэхэмжлэгч П.Эрдэнэсувдад төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6-д заасны, баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 187,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 187,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Эрдэнэсувдад олгов.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД