| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0376/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/395 |
| Огноо | 2019-12-20 |
| Зүйл хэсэг | 20.15.1., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2019/ШЦТ/395
2019 12 20 2019/ШЦТ/395
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор И.Мөнхцэцэг,
Хохирогч Ё.Оюунсүрэн,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга,
Шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Ч Г-т холбогдох эрүүгийн 1934007220405 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б Ч Г , 1960 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 18 тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
1.Төв аймгийн шүүхийн 1984 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 3 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 32-р зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 63-р зүйлийн Б-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, 60020472 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Г нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас Ё.Оюунсүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ч.Г-ын өгсөн: 2019 оны 8 дугаар сарын дундуур байсан байх нэг өдөр би ус авах гээд гэрээсээ гараад явчихсан байхад манай халтар нохойд Оюунсүрэн гэх хөгшин уруулсан байсан. Тэгээд би Аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирж уулзсан. Манай нохой хашаанаас гардаггүй бөгөөд би ус авахдаа хашаагаа онгорхой орхичихсон юм. Тэгээд л манай нохой гараад ирсэн байсан. Миний хувьд Оюунсүрэн гэх хүнийг танихгүй надад Аръяа ах хэлэхдээ Оюунсүрэн гэх хүн танайхыг сураад явж байсан бөгөөд зааж өгсөн чинь нохойд нь уруулчихсан гэж хэлсэн байсан. Уг нохойг гөлөг байхад нь авч тэжээсэн одоо бол хөгшин нохой. Ямар нэгэн бичиг баримт байхгүй, вакцинд хамрагдсан зүйл огт байхгүй. Өмнө нь ямар нэгэн хүн урж байгаагүй. Манай нохой 2019 оны 10 дугаар сарын сүүлээр нохой устгалын үеэр устгалд орсон гэх мэдүүлэг,
Хохирогч Ё.Оюунсүрэнгийн өгсөн: 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 3-р баг 15-02 тоотод байдаг өөрийн эзэмшлийн хашааг эргэчхээд 17 цаг өнгөрч байхад 3-р багт байдаг гудмаараа явж байтал нэг айлын хашаа онгорхой байсан бөгөөд уг хашааны хажуугаар явж байтал халтар нохой, том шар хоёр нохой над руу дайрахаар нь хашхираад газар ойчоод эгэмээ хугалчихсан. Баруун талын хонгонд гурван ширхэг соёоны шарх үүссэн байгаа. Тэр үед манай охин Энхчимэг Улаанбаатар хотоос ирж таараад намайг авсан. Тэгээд уг нохойг хэний болохыг мэдэхээр хажуу талын айлын хүнээс асуухад Ганбаагийн хоёр нохой гэж байсан. Тэгээд баруун талынх нь айлын хүнээс Ганбаа гэдэг хүний утасны дугаарыг авхад 95144831 гэсэн дугаар өгсөн бөгөөд уг дугаараар нь залгаж дуудаж уулзсан. Тэр үед өөрөө манай нохой таныг урсан гэдгийг манай хажуу айлын хүн хэлсэн гээд вакциний мөнгийг нь өгнө гэж байсан. Гомдолтой байна. Миний бие 2018 оны 9 дүгээр сард тэтгэвэртээ гарч "Тусгалтөв" компанид тогооч хийдэг байсан. Компани улирлын ажилтай. 3-р сард ажилдаа гардаг. Сарын 500 000 төгрөгийн цалин авдаг байсан. Эрүүл мэндийн улмаас ажлаа хийж чадаагүй ажилгүй байсан хугацааны цалин 2 сая төгрөг мөн эмчилгээний зардал 1 953 305 төгрөг нэхэмжилнэ. Эмчилгээний 1 953 305 төгрөгөнд 1 300 000 төгрөгийн сүлжээний эм багтаж байгаа. Эмчлэгч эмч Наранбаяр ийм эм уух шаардлагатай хурдан эдгэрдэг гэж дансаа өгч уг эмийг надад авчирч өгсөн. 1 сар гаруй уусан. Миний гар одоо болтол сайн эдгээгүй байгаа гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Гэрч М.Бат-Эрдэнийн өгсөн: 2019 оны 8 дугаар сарын 18-ны орой 17 цагийн орчим байсан байх би Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3-р багийн 08-19 тоотод гэртээ ганцаараа байж байхад гадаа нохой шуугаад хүн орилоод явчхаар нь манай эхнэр, хүүхэд рүү нохой дайрч байгаа юм болов уу гэж бодоод гүйгээд гараад иртэл манай хажуу айлын хар өнгийн дөрвөн нүдтэй тарган нохой гүйгээд явсан бөгөөд цаана нь нэг настай эгч хэвтэж байсан. Тэгээд надаас саяны нохой хэний нохой вэ гэж асуухаар нь манай хажуу айлын Ганбаа гэх хүний нохой байна гэж хэлсэн. Тэгээд л нэг пробокс машинтай хүмүүс нөгөө эгчийг аваад явсан. Би тухайн эмэгтэйг нохойд уруулж байхыг хараагүй, зүгээр л нохой шуугилдаад явчхаар нь манай эхнэр, хүүхэд рүү нохой дайрч байгаа юм болов уу гэж бодоод гараад иртэл нэг настай эмэгтэй газар уначихсан байсан. Тухайн эмэгтэйн биед учирсан бэртэл гэмтлийг анзаарсан зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 16/,
Гэрч Ё.Энхчимэгийн өгсөн: Би Ё.Оюунсүрэнгийн төрсөн охин нь байгаа юм. 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд ээж рүүгээ утсаар ярьсан чинь ээж Баянхошуунд хашаагаа үзчихээд явж байна гэхээр нь тосоод очтол нэг гудманд газар хэвтчихсэн байж байсан. Хоёр нохой ээж рүү дайраад байж байсан. Нэг нохой нь ямар ч байсан халтар нохой байсан. Тухайн нохой нь хойд талынх нь айлын нохой байсан байх. Учир нь тухайн онгорхой хашаатай айл руу орж байсан. Нөгөө нохойг яг ямар зүстэй байсныг санахгүй байна. Тэгээд би ээжийгээ аваад эмнэлэг рүү явсан. Намайг анх очиход хүн байхгүй харин намайг очсоны дараа цаад талын айлын залуу гарч ирээд энэ Ганбаа гэдэг хүний нохой байна гэж хэлж байсан. Ээж нохойд уруулхаасаа өмнө ямар нэгэн бэртэл гэмтэлгүй байсан. Нохойд уруулснаас болж манай ээжийн гар нь хугарсан, нохойны шүдний оромтой болсон гэх мэдүүлэг /хх 17/,
Гэрч Б.Энхмандахын өгсөн: Би Ё.Оюунсүрэнгийн төрсөн охин нь байгаа. Тухайн үед байгаагүй тухайн өглөө нь намайг ажилдаа явахад ээж гэртээ зүгээр л үлдсэн. Өдөр над руу утсаар яриад чи тарж байна уу Баянхошуу орох гэсэн юм гэж байсан. Тэгээд би тарах болоогүй гэсэн чинь өөрөө явчихсан байсан. Тэгээд би эмнэлэг дээр очиж ээжтэй уулзсан. Манай ээжид нохойд уруулахаас өмнө ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй. Нохойд уруулснаас болж зүүн гарын атгаал яс нь толгойгоороо хугарсан баруун гуяны ар талд гурван ширхэг соёо орсон мөртэй байсан. Өөр гэмтэл байгаагүй гэх мэдүүлэг /хх 18/,
Гэрч Г.Алтаншагайгийн өгсөн: Миний хувьд Улаанбаатар хотод байсан. Тэгээд манайхыг эзгүй байхад манай хашаанд нэг хүн орж ирээд манай нохойд уруулсан гэж ярьж байсан. Тэрнээс өөр зүйл мэдэхгүй. Манай дөрвөн нүдтэй нохой урсан гэсэн. Тэр нохойг өчигдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нохой устгалаар буудуулчихсан. Тэгээд одоо манайх шар овчарканы төрлийн эрлийз нэг нохойтой үлдсэн байгаа. Тэр нохойг манайх гөлөг байхад нь аваад хоёр жил шахуу тэжээж байгаа. Нохойг маань ямар хүмүүс устгасан талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх 20/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №613 дугаартай дүгнэлт: “1.2.Ё.Оюунсүрэнгийн биед зүүн атгаал ясны хугарал, баруун гуянд шарх, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх /хх 22-23/,
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-12/, шүүгдэгчийн дэлгэрэнгүй лавлагаа /хх 37-39/, Төв аймгийн Зуунмод сумын 3-р багийн засаг даргын Ч.Г нь тус багийн 8 дугаар гудамж 18 тоотод оршин суудаг халтар нохойтой байсан талаарх тодорхойлолт /хх 42-44/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 40/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх 57-68/, хохирлын баримт /хх 48-52/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Ч.Г нь хууль зүйн хувьд орчиндоо аюул учруулж болох гэрийн тэжээвэр нохойгоо зохих хамгаалалтгүй орхисны улмаас гудамжинд явсан хүн рүү дайрч хүний эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийн бүрэн хангасан гэж үзэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Г нь 2019 оны 8 дугаар сарын 18-ны орой 17 цагийн орчим Төв аймгийн Зуунмод сумын Баянхошууны 3-р багийн 8-18 тоот хашааны хаалгаа онгорхой орхиж тэжээвэр нохойгоо зохих хамгаалалтгүй орхиж усанд явсны улмаас хоёр нохой нь гудмаар явж байсан иргэн Ё.Оюунсүрэн лүү дайрч хохирогчийн баруун талын хонгонд хазаж, хохирогч ойчиж зүүн атгаал ясны хугарал бүхий нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
шүүгдэгч Ч.Г-ын өгсөн: "2019 оны 8 дугаар сарын дундуур байсан байх нэг өдөр би ус авах гээд гэрээсээ гараад явчихсан байхад манай халтар нохойд Оюунсүрэн гэх хөгшин уруулсан байсан. Тэгээд би Аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирж уулзсан. Манай нохой хашаанаас гардаггүй бөгөөд би ус авахдаа хашаагаа онгорхой орхичихсон юм. Тэгээд л манай нохой гараад ирсэн байсан." гэх,
хохирогч Ё.Оюунсүрэнгийн өгсөн: "2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 3-р баг 15-02 тоотод байдаг өөрийн эзэмшлийн хашааг эргэчхээд 17 цаг өнгөрч байхад 3-р багт байдаг гудмаараа явж байтал нэг айлын хашаа онгорхой байсан бөгөөд уг хашааны хажуугаар явж байтал халтар нохой, том шар хоёр нохой над руу дайрахаар нь хашхираад газар ойчоод эгэмээ хугалчихсан. Баруун талын хонгонд гурван ширхэг соёоны шарх үүссэн." гэх,
гэрч М.Бат-Эрдэнийн өгсөн: "2019 оны 8 дугаар сарын 18-ны орой 17 цагийн орчим байсан байх би Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3-р багийн 08-19 тоотод гэртээ ганцаараа байж байхад гадаа нохой шуугаад хүн орилоод явчхаар нь манай эхнэр, хүүхэд рүү нохой дайрч байгаа юм болов уу гэж бодоод гүйгээд гараад иртэл манай хажуу айлын хар өнгийн дөрвөн нүдтэй тарган нохой гүйгээд явсан бөгөөд цаана нь нэг настай эгч хэвтэж байсан. Тэгээд надаас саяны нохой хэний нохой вэ гэж асуухаар нь манай хажуу айлын Ганбаа гэх хүний нохой байна гэж хэлсэн." гэх /хх 16/,
гэрч Г.Алтаншагайгийн өгсөн: "Манай дөрвөн нүдтэй нохой урсан гэсэн. Тэр нохойг өчигдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нохой устгалаар буудуулчихсан. Тэгээд одоо манайх шар овчарканы төрлийн эрлийз нэг нохойтой үлдсэн байгаа." гэх /хх 20/ мэдүүлгүүд,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №613 дугаартай дүгнэлт: “1.2.Ё.Оюунсүрэнгийн биед зүүн атгаал ясны хугарал, баруун гуянд шарх, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх /хх 22-23/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-12/ зэргээр нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулгын зүгээс миний үйлчлүүлэгч Ч.Г бичиг үсэг мэдэхгүй, бичиг үсэг мэддэг гэдгийг нотлоогүй, мөн хэргийн газар үзлэг хийсн тэмдэглэл эргэлзээтэй, хоёр нохойны асуудал яригдаад байгаа зэргээс мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн гэж үзсэн.
Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь: 1.Шүүгдэгч Ч.Г гэм буруугийн шүүх хуралдаанд мөрдөн шалгах ажиллагаанд "Надаас өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан нь миний эрхийг зөрчсөн гэж үзэхгүй байна." гэж тайлбарласан бөгөөд тэрээр 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр жолоочийн "В" ангиллын үнэмлэх авсан болох нь хэрэгт авагдсан жолоочийн дэлгэрэнгүй мэдээллээр тогтоогдсон. Тиймээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй гэж үзэв.
2.Мөн хавтаст хэргийн 10-12-р хуудсанд авагдсан хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлийг ямар үндэслэлээр эргэлзээтэй гэж үзэж байгаагаа тайлбарлаагүй байна.
3.Хоёр нохойны асуудал яригдаад байна гэсэн нь: Шүүгдэгч Ч.Г-ынх дөрвөн нүдтэй нохой, шар овчарканы төрлийн эрлийз нохой 2 төрлийн нохойтой байсан. Энэ хоёр нохой хохирогч руу дайрч дөрвөн нүдтэй нохой хохирогчийг хазсан талаар хохирогч Ё.Оюунсүрэн, гэрч М.Бат-Эрдэнэ /хх 16/, шүүгдэгч Ч.Г, Г.Алтаншагай /хх 20/ нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон үүнд эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Гыг Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Ч.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ё.Оюунсүрэн гэм хорын хохиролд шүүгдэгчээс ажилгүй байсан хугацааны цалин 2 сая төгрөг, эмчилгээний зардал 1 953 305 төгрөг нэхэмжилжээ.
Дээрх нэхэмжлэлийн шаардлагаас хавтаст хэргийн 49-52-р хуудсанд авагдсан эмчилгээний баримтаар 1 953 305 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. Харин ажилгүй байсан хугацааны цалин гэх 2 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан Тусгалтөв ХХК-ны "Ё.Оюунсүрэн нь 500 000 төгрөгийн цалинтайгаар тогоочоор ажилладаг." гэх албан тоотоор хангах боломжгүй юм. Иймд ажилгүй байсан хугацааны цалин гэх 2 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналыг дэмжиж тус тус санал гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэрэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Ам бүл 4, Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3-р багийн 8-р гудамжны 8 тоотод оршин суудаг талаар багийн засаг даргын тодорхойлолт /хх 44/, дээрх хашаа байшин нь түүний өмчлөлийн талаарх Оюуны өмч, улсын бүртгэлийн лавлагаа /хх 46/, Төв аймгийн шүүхийн 1984 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 3 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 32-р зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 63-р зүйлийн Б-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх 40, 57-68/ зэрэг нотлох баримтууд авагджээ.
Дээрх нотлох баримтуудаас шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байсан хэдий ч энэ эрх зүйн үр дагавар үүсэхгүй болно.
Шүүгдэгч Ч.Г-ын холбогдсон гэмт хэрэг нь орчин тойрондоо аюул учруулах амьтныг хамгаалалтгүй байлгасны хувьд санаатай, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсны хувьд болгоомжгүй гэсэн гэм буруугийн давхардсан хэлбэртэй байдаг тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т "Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн." зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Ч.Г-ын хувийн байдал, дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх түүнд оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө орлогын байдлыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б Ч Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Орчиндоо аюул учруулж болох амьтныг хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Ч.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-т оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гаас 1 953 305 /нэг сая есөн зуун тавин гурван мянга гурван зуун тав/ төгрөг гаргуулж Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Нэгдсэнгийн 19-03 тоотод оршин суух хохирогч Шавь Ёндонгийн Оюунсүрэн /РД:МЗ63053069/-д олгосугай.
6.Эрүүгийн 1934007220405 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Хохирогч Ё.Оюунсүрэн нь хэлэлцээгүй орхисон ажилгүй байсан хугацааны цалин гэх 2 000 000 /хоёр/ сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ