| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/07010/И |
| Дугаар | 5494 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 5494
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 39-р байр, 30 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Хаусинг холд” ХХК /РД: 2777401/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 35 дугаар байр, 21 тоотод оршин суух, Боржигон овогт Алтанхуягийн Ганбат /РД: ЧЗ73121111/-д холбогдох,
1 007 143 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хаусинг холд” ХХК-ийн төлөөлөгч Б.Туул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь орон сууц ашилалт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд БГД-ийн 6-р хороонд байрлах “Шүнди” ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан 39-р байрыг итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мандахбаяртай хийсэн түр гэрээний дагуу 2013 оны 9-р сараас тус байрны инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Дээрхи 39-р байрны 30 тоотыг эзэмшигч иргэн А.Ганбат нь орон сууц ашиглалтын төблөр /халаалт, халуун ус, цэвэр ус, бохир ус, суурь хураамжууд/-ийг 2015 оны 3-р сараас 2016 оны 08-р сарыг дуустал хугацаанд төлж барагдуулаагүй байгаа болно. Иймд хариуцагчаас дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Ганбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Хаусинг холд” ХХК-иас нэхэмжилсэн 1 007 143 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хаусинг холд” ХХК нь хариуцагч А.Ганбатад холбогдуулан 1 007 143 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь “Хаусинг холд” ХХК-ийн нэхэмжилсэн 1 007 143 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Хаусинг холд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Ганбатад холбогдох 1 007 143 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 1 007 143 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44 321 төгрөгийн тал хувь болох 22 160 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 22 160 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 22 160 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН