Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/393

 

 2019           12             20                                             2019/ШЦТ/393

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор И.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Ч.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б Ч Ж-т холбогдох эрүүгийн 1934010620538 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б Ч Ж, 1984 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин, засал чимэглэлийн мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 3-33 тоотод оршин суух засаг захиргааны бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 84021516 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Ч.Ж-ын өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 09-ны орой Эрдэнэ сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Есөнөрлөг амралтын газрын өргөтгөлийн заслын ажлыг найз Цэрэнтогтохтой хамт хийсэн. Тэгээд орой ажлаа дуусгачхаад амрах гэж байхдаа гадаа хүйтэн байна хоёулаа нэг шил архи уумаар байна гээд 2 шил 0,5 гр-ын “Хараа” нэртэй архи уусан. Тэгээд бид хоёр ажил ярьж байгаад хоорондоо маргалдаад Цэрэнтогтохыг нэг удаа цохиод авсан. Тэгсэн баруун нүд рүү цохисон. Тухайн үед бид хоёр үлдсэн байсан. Хамт байсан хүмүүс хот руу явсан байсан. Бид хоёр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нэг нутгийн хүмүүс байгаа юм. Өмнө бид хоёр маргалдаж байгаагүй. Сая л ажлаас болоод намайг цохисон. Миний буруу. Би уучлалт гуйсан. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж ухаарч байна, хариуцлага хүлээхэд бэлэн байна гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч Э.Цэрэнтогтохын өгсөн: 2019 оны 11 дүгээр сарын 09-ны орой Эрдэнэ сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг Есөн өрлөг бааз дээр ажил хийж байгаад Ж-тай хамт хоёр шил архи хувааж уусан. Бид хоёр ажлын маргаанаас болоод хоорондоо маргалдаж байтал Ж миний баруун нүд рүү цохиод авхаар нь цагдаа дуудаад өгсөн. Есөн өрлөг бааз дээр бид хоёр барилгын ажил засал хийж байгаа. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Хамт байсан хүмүүс хот руу явсан байсан. Өмнө нь маргалдаж байгаагүй сая л ажлаас болоод намайг цохисон. Надад гомдол санал байхгүй. Бид хоорондоо эвлэрсэн. Надаас уучлалт гуйсан гэх мэдүүлэг /хх 5-7/,

 

         Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №798 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.2.Э.Цэрэнтогтохын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хэвлий, нуруу, хүзүүнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэх /хх 12-13/,

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 24/, хохирол нөхөн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талуудын хүсэлт /хх 38-40/, хүсэлт шийдвэрлэсэн прокурорын тогтоол /хх 44/ зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар: 

 

         Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Ч.Ж нь хууль зүйн хувьд хувийн таарамжгүй харьцааны улмаас бусадтай маргалдаж санаатай үйлдлээр хүний эрх чөлөөнд халдаж Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

          Шүүгдэгч Ч.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Есөн өрлөг” амралтын газарт 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Э.Цэрэнтогтохыг нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хэвлий, нуруу, хүзүүнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Цэрэнтогтохын гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх 5-7/, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №798 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 12-13/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

       Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

       Иймд шүүгдэгч Ч.Ж-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

       Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав.

 

       Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Цэрэнтогтох нь эмчилгээний зардал 200 000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлсөн болох нь хавтаст хэргийн 29-р хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Ж-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

       Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Ж, хохирогч Э.Цэрэнтогтох нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Ч.Ж-т оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Ч.Ж-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5-т заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч Ч.Ж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 1934010620538 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б Ч Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Жт оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

   

5.Эрүүгийн 1934010620538 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Ж нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ж-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ