Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1863

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

          Улсын яллагч Б.Ганбулган,

         Шүүгдэгч З.Ч , түүний өмгөөлөгч И.Чимэдбадам нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч З.Ч т холбогдох эрүүгийн 1806 06315 1439 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй,   жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн  ,   оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , З.Ч .

 

          Холбогдсон хэргийн талаар:

 

        Шүүгдэгч З.Ч  нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 24-478 тоотод оршин суух иргэн У.Оюунцэцэгийн өвлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, Элко маркийн 39 инчийн зурагтыг хулгайлж 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Ч  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

        Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох

баримтуудаас хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-5/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-6/, хохирогч У.Оюунцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-10/, гэрч Г.Сүхчулууны өгсөн мэдүүлэг /хх-15/, “Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-16/, З.Ч ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-116/, шүүгдэгч З.Ч ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-21/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч З.Ч  нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 24-478 тоотод оршин суух иргэн У.Оюунцэцэгийн өвлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, Элко маркийн 39 инчийн зурагтыг хулгайлж 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.Оюунцэцэгийн өгсөн: “....Би 2018 оны 7 дугаар сарын 26-ны 08 цагт гэрээсээ гараад өнөөдөр буюу 7 дугаар сарын 27-ны өдөр 10:30 гэртээ орж ирэхэд манай авдар дээр байсан 39 инчийн ELKO зурагт алдагдсан байсан. Манай том өрөөний цонхны салхивч нь шилгүй, дан тортой гадна талаараа паниартай байсан. Тэр паниарыг хуулж аваад давуу торын нь урж манай гэрт орсон байсан..., Алдагдсан зурагтаа хэзээ авснаа, хэдэн төгрөгөөр худалдан авч байснаа санахгүй байна. Одоо манай ийм зурагт 500.000-600.000 төгрөгийн үнэтэй байгаа. 500.000 төгрөгөөр үнэлж байна. Надад ямар нэг гомдол санал байхгүй. Энэ зурагт манай гэрийн зурагт мөн байна. Зурагтаа асааж үзлээ хэвийн байна. Ямар нэг эвдрэл гэмтэл нэмэгдэж хасагдсан зүйлгүй байна. Зурагтаа бүрэн бүтэн хүлээж авлаа.” ..." /хх-8-10/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Сүхчулууны өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр намайг “Нарантуул” зах дээр ажил дээрээ байхад “Нарантуул” захын цагдаа дуудахаар нь яваад очтол надаас манайхыг ямар зурагттайг асуухаар нь “манайх хавтгай 32 инчийн зурагттай” гэж хэлсэн чинь надад нэг хар өнгийн зурагт харуулаад “мэдэх үү” гэж асуухаар нь “мэдэхгүй зурагт байна” гэж хэлсэн. Тухайн үед З.Ч ийг надтай уулзуулаагүй. Тэгээд би Чинзоригийг батлан даалтад аваад юу болсон юм бэ гэж асуухад “согтуу явж байгаад айл руу ороод зурагт хулгайлаад Нарантуул зах дээр зарах гэж явж байгаад баригдсан” гэж хэлсэн.” /хх-15/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд З.Ч ийн яллагдагчаар өгсөн: “....2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр миний хамтран амьдрагч Г.Сүхчулууны төрсөн өдөр нь болсон юм. Тэр өдөр би хамтран амьдрагч Г.Сүхчулууны ажил дээр байж байхдаа маргалдаад гарч яваад “Нарантуул” зах дээр очоод нэг тэрэг түрдэг зүс харж байсан хүнтэй тааралдаад нэг шил 0.5 граммын нэрийг нь одоо санахгүй байна. Тэр авсан архиа хувааж ууж дуусаад гэр рүү харих санаатай Баянзүрх дүүргийн 12 хороо Сармисны хонхорт байдаг гэртээ харих гээд явж байсан юм. Тэгсэн би тэнд миний зурагтыг нь хулгайлсан айлын хүүхэнтэйгээ ер бол байнга гудамжинд таардаг юм. Тэр өдөр нөгөө эмэгтэй гудамжинд таараад зөрөөд өнгөрсөн юм. Би тэр хүүхэнтэй зөрж өнгөрөөд цаад талын дэлгүүр рүү орж нэг шил 0.5 граммын Монгол стандарт нэртэй архи аваад гудамжинд ганцааараа ууж байгаад архиндаа согтсон. Тэгээд архиа ууж дуусаад нөгөө надтай таарсан хүүхнийхээ хашаанд нь байх байшинд нь ороод нэг том хар өнгөтэй зурагтыг аваад “Нарантуул” зах дээр явж байгаад цагдаад баригдаад эрүүлжүүлэгдсэн. Тэгээд маргаашнаас нь цагдаад шалгагдаад явах болсон. Би хамтран амьдрагч хүүхэнтэйгээ муудалдсан байсан. Мөн тэр өдөр хамтран амьдрагч Г.Сүхчулууны төрсөн өдөр байсан яг тэр үед надад мөнгө байхгүй байсан болохоор мөн архи уусандаа болоод хулгай хийсэн. Хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Харин орон байранд нэвтэрч орсоноо хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тэр үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор санахгүй байна. Би хохиролоо барагдуулсан.” /хх-116/ гэх мэдүүлэг,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-5/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-6/,

“Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-16/,

Шүүгдэгч З.Ч ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-21/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч И.Чимэдбадамын гаргасан: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хулгайн гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, хохирлын хэмжээ бага, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж гэмт хэрэгт тооцохгүй шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбарыг гарган мэтгэлцсэнийг хүлээн авах боломжгүй шүүхээс хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

 

            Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч З.Ч  нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 24-478 тоотод оршин суух иргэн У.Оюунцэцэгийн өвлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, Элко маркийн 39 инчийн зурагтыг хулгайлж 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.Оюунцэцэгийн нарын өгсөн мэдүүлэг, гэрч Г.Сүхчулууны өгсөн мэдүүлэг, З.Ч ийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, “Тод үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, мэдүүлгийг газар дээр тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахыг тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байранд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, цонх хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтэрсэнийг ойлгоно.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

           Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч З.Ч т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

 Шүүгдэгч З.Ч ийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд

заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

 Хохирогч У.Оюунцэцэг нь нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул үүнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч З.Ч т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан заасан хорих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүхээс шүүгдэгч З.Ч т ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч З.Ч т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч З.Ч  нь өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хоригдсон ба түүний цагдан хоригдсон 43 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          

1. Шүүгдэгч З.Ч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. З.Ч т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар З.Ч т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

             4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, З.Ч  нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар З.Ч ийн цагдан хоригдсон 43 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, З.Ч т урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

      7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол З.Ч т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС