Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 130/2017/00321/И |
Дугаар | 001/ХТ2018/00215 |
Огноо | 2018-02-06 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2018/00215
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 497 дугаар шийдвэр,
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 212/МА2017/00111 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “Х” ХХК-д холбогдох,
“Замын битум худалдах-худалдан авах гэрээ”-ний төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас үүссэн алданги 67 816 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Энхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Буджав, хариуцагчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай компани нь 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Хотгор зам” ХХК-тай 13/32 тоот Замын БИТУМ худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу манай компанийн зүгээс гэрээний үүргээ гүйцэтгэж нийт 122 тн БИТУМ нийлүүлсэн. Гэвч “Хотгор зам” ХХК нь худалдан авсан БИТУМ-ын төлбөрийг хугацаандаа төлөлгүй явсаар 97415 ам.долларын алданги хуримтлагдсан. Үүнийг 2 компани харилцан тохиролцож 28 000 ам.доллар болгон бууруулж “Хотгор зам” ХХК нь манай компанид 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө төлж барагдуулахаар тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан.
Гэвч өнөөдрийг хүртэл энэхүү төлбөрийг төлөөгүй байна. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги болох 67 816 000 төгрөгийг “Хотгор зам” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие 2014 оноос “Хотгор Зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Ажиллах хугацаанд компанитай холбоотой гэрээ, хэлцэл, худалдах, худалдан авах ажиллагаатай холбоотой бүх үйл ажиллагааг гардан зохион байгуулж байсан. “Тэнгэр уул констракшн” ХХК-тай байгуулсан гэрээг би хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Энэ гэрээг ерөнхий захирал хийгээгүй. н.Гулназ гэдэг хүнтэй н.Энхбаяр гэдэг хүн хийсэн байсан. “Тэнгэр уул констракшн” ХХК нь Завхан аймагт ажиллаж байгаад гэрээ нь цуцлагдаж тэнд БИТУМ нь хаягдах нөхцөл үүссэний дараа би 1050 ам.доллараар 122 тн БИТУМ-ыг авчээ гэж ойлгож төлбөр төлсөн. Шүүхэд нэхэмжлэл өгсний дараа сүүлд ийм гэрээ гаргаж ирж алдангийн асуудал яригдаж эхэлсэн учраас энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх “Тэнгэр уул констракшн” ХХК-аас 122 тн БИТУМ-ыг Завхан аймгаас худалдаж авсан байдаг. Тухайн үед ОХУ-аас нийлүүлсэн зах зээлийн дундаж үнэ 860 мянган төгрөг байсан тухай Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас ирсэн лавлагаагаар тодруулж өгсөн. Нэг салбарт ажиллаж байгаагийн хувьд 1050 доллараар авсан. Манайх Хөгжлийн банкнаас санхүүжилттэй Мөрөн тариалан чиглэлийн авто замын барилгын ажилд эднийхээс 122 тн БИТУМ-ыг авч ашигласан. Монгол улсын эдийн засгийн байдлаас шалтгаалаад тухайн үед гүйцэтгэл орж ирэхгүй байсан. 2014 оны гүйцэтгэл 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр орж ирсэн. 1050 ам.долларыг Хөгжлийн банкнаас орж ирэх хамгийн эхний төлбөрөөс гүйцэтгэнэ гэсэн ам тохиролцоо хийсэн гэсэн мэдээлэл надад ирсэн учраас үүгээр төлбөрийг төлөөд дуусгасан. Удсан учраас нийт алдангитай хамт 62 сая гаруй төгрөг төлөгдсөн гэж ойлгож байгаа гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 497 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Хотгор Зам” ХХК-иас алданги 51 627 520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Тэнгэр-Уул констаркшн” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 16 188 480 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 212/МА2017/00111 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 497 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416 088 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагчид буцаан олгожээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
“Тэнгэр уул констракшн” ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хотгор зам ХХК-тай 13/32 тоот “Замын битүм худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулсан. “Тэнгэр уул констракшн” ХХК нь гэрээний дагуу 122 тн битумыг нийлүүлсэн бөгөөд харин “Хотгор зам” ХХК нь гэрээний дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 24-нд нийт төлбөрөө төлж дуусгасан. Уг хугацаанд төлбөр төлөх хугацааг 1 жил 2 сарын хугацаагаар хожимдуулсан. Энэхүү хугацаанд гэрээний 3.3-т заасны дагуу алданги тооцож нийт 127 641 402 төгрөг буюу 64 017 ам.долларт хүрсэн. Үүнийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр талууд харилцан тохиролцож алдангийн дүнг бууруулан 28 000 ам.доллар болгон баталгаажуулсан. Энэхүү хурлын үед “Хотгор зам” ХХК-ийн захиралд төлбөрийн үлдэгдлийн талаар танилцуулж харилцан зөвшилцөлд хүрсэн бөгөөд “Хотгор зам” ХХК нь тухайн үед гэрээний үндсэн төлбөрт 62 449 447 төгрөгийг төлөөгүй байснаа хүлээн зөвшөөрсөн. Мөн үүнээс өмнө гэрээний дагуу төлөх төлбөрийг байнга хугацаа хожимдуулж маш олон хэмжээгээр тасалж бага бага хэмжээгээр төлж байсан. Тухайн үед хугацаандаа үүргээ гүйцэтгээгүйн алданги нь хуримтлагдаж явсаар нийт 127 641 402 төгрөгт хүрээд байсныг мөн тэрээр хүлээн зөвшөөрч улмаар алдангийн дүнг бууруулж 28 000 ам.доллар болгон үүнийг 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө төлөхөөр, үндсэн төлбөрийн үлдэгдэл дээр дурдсан 62 449 447 төгрөгийг тухайн өдөр төлөхөөр тус тус тохиролцсон болохыг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хурлын тэмдэглэлээр баталгаажуулсан болно. Энэхүү хурлын тэмдэглэлийн дагуу “Хотгор зам” ХХК нь 62 449 447 төгрөгийг хугацаандаа төлсөн боловч 28 000 ам.долларын алдангийг тохиролцсон хугацаанд төлөлгүй өдийг хүрсэн байна.
Гэрээнд зааснаар гэрээ байгуулах үед гэрээний нийт үнийн дүн болох 168 000 ам.доллараас 30 хувь буюу 50 400 ам.доллар төлөх ёстой байсан ч уг үүргээ бүрэн гүйцэтгээгүй болно. Гэрээний дагуу алдангийг нэхэмжлэгч нь 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тооцсон болно. Энэ тухай ч анхан шатны шүүх хуралдаанд тайлбараа гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс үүнийг үгүйсгээгүй болно. Давж заалдах шатны шүүх магадлалаа гаргахдаа хэргийн бодит нөхцөл байдал, хариуцагчийн зүгээс алдангийн дүнг хүлээн зөвшөөрч талууд тохиролцоонд хүрсэн талаарх баримтыг огт үнэлж, дүгнэлт гаргалгүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 234.4-т заасныг үндэслэн шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарласан болох нь харагдаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх хуулийн заалтыг шүүхэд үндэслэлээ болгож нэхэмжлэлээ гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс нотлох баримтыг шинжлэн судалж хуульд нийцсэн шийдвэр гаргасан юм.
Нөгөө талаар “Хотгор зам” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд хурлын тэмдэглэлд гарын үсгээ зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан байгааг давж заалдах шатны шүүх үнэлж дүгнээгүй нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх магадлалаа гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” гэдэг үндэслэлийг хэрэглэсэн байна. Гэвч магадлалдаа аль оролцогчийн ямар эрхийг ноцтой зөрчсөн эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй байгаа нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Иймд Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 212/МА2017/00111 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 497 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болжээ.
Нэхэмжлэгч “Тэнгэр уул констракшн” ХХК нь хариуцагч “Хотгор зам” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас хуримтлагдсан алдангид 28 000 ам.доллар буюу 67 816 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан байна. Хариуцагч “Хотгор зам” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбарыг шүүхэд гаргаагүй, харин анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох талаар мөн зүйлийн 72.3.-т заасан байна.
Хариуцагч “Хотгор зам” ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэгтэй танилцсанаас хойш шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын талаар бичгийн тайлбар ирүүлээгүйгээс гадна нэхэмжлэлийг татгалзсан гэж үзэх нотлох баримт гаргаагүй байна. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилох, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдааныг хойшлуулахаар хүсэлт гаргах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон боловч тайлбар, нотлогоог шүүхэд ирүүлээгүй ажээ. “Хотгор зам” ХХК нь худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан баримт хэрэгт байгаа боловч шүүх түүнийг хүлээн авахаас татгалзсан, уг баримт нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг агуулаагүй байна.
Нэхэмжлэгч “Тэнгэр уул констракшн” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж, хариуцагчтай 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан “замын битум худалдах-худалдан авах” гэрээ, хариуцагч “Хотгор зам” ХХК-ийн ерөнхий захирал Хайрааттай тооцоо хийж, төлбөрийн хэмжээ, хугацааг тохирсон хурлын тэмдэглэл зэргийг шүүхэд гаргасан байна. Хариуцагч дээрх нотолгоог баримтаар үгүйсгээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3., 6.6-д зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах ёстой байна. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Хариуцагч “Хотгор зам” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбар, нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй нөхцөлд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаахдаа “талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үүргийг худалдан авагч тал хэзээ, хэрхэн зөрчсөн, хариуцагч төлбөр төлөх хугацааг хэдэн хоногоор хэтрүүлсэн, гүйцэтгээгүй үүргийн нийт дүн зэрэг үйл баримт тогтоогдоогүй” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мэтгэлцээний журамд нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн эрхийнхээ хүрээнд үнэлж, эрх зүйн дүгнэлт хийх боломжоо хэрэгжүүлээгүй байна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 212/МА2017/00111 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 497 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 416 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН