| Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Володягийн Цэрэнрагчаа |
| Хэргийн индекс | 117/2016/0021/З |
| Дугаар | 11 |
| Огноо | 2017-03-25 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэрэнрагчаа даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг 16 дугаар байрны 7 тоотод оршин суух Дамбаа овогт Лувсандоржийн Өлзий-Отгон
Хариуцагч: Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Хишигдаваад хариуцагдах,
Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Л.Өлзий-Отгоныг ажлаас чөлөөлөх тухай” Б/16 тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Өлзий-Отгон, хариуцагч Г.Хишигдаваа, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар, гуравдагч этгээд С.Гарамханд, түүний өмгөөлөгч Д.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Өлзий-Отгон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор Дундговь аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон өөрчлөн баталсан. Энэхүү тогтоолыг үндэслэн Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Хишигдаваа нь 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б/16 тоот тушаалаар ажлаас чөлөөлснийг үндэслэлгүй гэж үзэж Төрийн албаны Дундговь аймгийн Салбар зөвлөлд 11 дүгээр сарын 1-нд гомдол гаргасан боловч хариу ирээгүй тул нэхэмжлэл гаргаж байна. Учир нь хэлтсийн нэр өөрчлөгдсөн хэдий ч миний хашиж байсан албан тушаал, эрхлэх ажлын байрны орон тоо батлагдсан, хэвээр хадгалагдаж байгаа. Миний бие Лувсандорж овогтой Өлзий-Отгон нь Дундговь аймгийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/31 тоот тушаалаар хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж ирсэн.
... Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлсөн тушаал нь:
-Монгол Улсын “Төрийн албаны тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх “Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол болон нам, олон нийтийн бусад байгууллагын харъяалал зэргээр ялгаварлаж үл болно” гэсэн заалтыг зөрчсөн.
-Монгол Улсын “Төрийн албаны тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т “Улсын Их хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй” гэж заасан.
Гэтэл 2016 оны Улсын Их Хурал болон орон нутгийн ИТХ-ын сонгуулийн дараа Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн удирдлага өөрчлөгдөж, төрийн жинхэнэ албан хаагч миний биеийг ажлаас чөлөөлсөн нь энэ заалтыг зөрчиж байна.
-Монгол Улсын “Төрийн албаны тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан байдаг.
Гэтэл миний эрхэлж буй албан тушаал одоогийн бүтцэд бүхлээр хадгалагдаж орон тоо батлагдсан байтал үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж энэхүү заалтыг мөн зөрчсөн.
Миний биеийг ажлаас чөлөөлсөн тушаал нь “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт, “Төрийн албаны тухай хууль”-ийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт, “Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэл болгосон байна.
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дах заалт нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ” гэсэн байхад даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч тушаал гаргасан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл мөн гэж үзэж байна.
-Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдсон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө.
-Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно”.
Дээрх хуулийн заалтууд болон миний эрхэлж байсан албан тушаалын орон тоо хасагдаагүй батлагдсан байгаа нь ажлаас чөлөөлөх үндэслэлгүй болохыг батлахаас гадна төрийн жинхэнэ албан хаагч миний хөдөлмөрлөх эрхийг хамгаалсан Монгол Улсын олон хуулийн заалтыг бүдүүлгээр зөрчиж байна. ... Хэдийгээр хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан хэдий ч миний эрхэлж байгаа албан тушаалд харшлах зүйлгүй болно. ... Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай Монгол Улсын хуулийн эдгээр заалтууд хүчин төгөлдөр байсаар атал зөрчин намайг хөгжлийн бэрхшээлтэй гэж ялгаварлан ажлаас халж, хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2-т зааснаар “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 1-д зааснаар “25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна. Мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 5-д зааснаар “Хөгжлийн бэрхшээлтэй, одой, хүний биеийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөл нь харшлахгүй бол тэдгээрийг уг шалтгаанаар ажилд авахаас татгалзахыг хориглоно”.
... Иймд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тушаалыг хэрэгсэхгүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүсч байна” гэжээ.
Нэхэмжлэгч Л.Өлзий-Отгон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б/16 тоот тушаалыг эрх зүйн чадамжгүй гэж үзэж байна. Монгол Улсын 4 хуулийг бүдүүлгээр зөрчсөн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-т “ ... албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ” гэж заасан. Иймээс даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь тушаал гаргах эрхгүй юм. Мөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө”, мөн энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж тус тус заасан байхад эдгээр заалтуудыг зөрчсөн.
Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.2, 6.4.3, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн. Энэхүү байгууллага нь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг дэмждэг байгууллага хэрнээ энэ хуулийг зөрчсөн нь гайхал төрүүлж байна. Энэ ажлаас чөлөөлөх тушаал гарснаас хойш миний биеийн байдал муудаж, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 79 болсон. Гэвч эдгээр хүмүүстэй цаашид хамтарч ажиллах нь хүндрэлтэй тул урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Харин 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин 3585210 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Цалин тэтгэлэг хоёр бол хоёр өөр ойлголт. Тэтгэлгийг цалин олгосон гэж үзэхгүй. Иймээс тэтгэлгээс гадна 6 сарын цалингаа авна” гэв.
Хариуцагч Г.Хишигдаваа шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоонд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн” нэг байхаар батлагдаж ирсэн билээ.
... Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн”-ий бүтэц, орон тоонд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтын дагуу сонсох ажиллагаа болон шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчдын дунд шалгаруулалт явуулж, НХҮХ-ийн /хуучнаар/ зорилтот бүлгийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Л.Өлзий-Отгон, НХҮХ-ийн /хуучнаар/ халамжийн сан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан С.Гарамханд /Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар Халамжийн сан хариуцсан мэргэжилтний орон тоо цөөрч батлагдсан/ нарын дунд шалгаруулалт явуулсан.
НХҮХ-ийн /хуучнаар/ зорилтот бүлгийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Л.Өлзий-Отгон нь 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулаагүй бөгөөд үр дүнгийн гэрээний биелэлтийг хагас жилээр дүгнүүлээгүй, туршлага, ур чадвар зэргийг харгалзан үзэж Л.Өлзий-Отгоныг чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Л.Өлзий-Отгонд 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай холбогдох Б/16 дугаар тушаал, “Төрийн албаны тухай хууль”-ийн 27.2.4-д заасан 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгох саналыг танилцуулсан бөгөөд Л.Өлзий-Отгон нь тус шийдвэрийг хүлээн зөвшөөрч гарын үсгээрээ баталгаажуулсан тул нэг удаагийн тэтгэлгийг олгосон болно” гэжээ.
Хариуцагч Г.Хишигдаваа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ” Миний бие анх энэ албан тушаалд томилогдоод бүх албан хаагчийнхаа ажил үүрэгтэй нь танилцсан. Л.Өлзий-Отгоны энэхүү ажил албан тушаал нь 2015 онд Нийгмийн халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тушаалаар зорилтот бүлгийн асуудал хариуцсан мэргэжилтэн гэж өөрчлөгдсөн байхад албан тушаалаа өөрчлөөгүй хуучин албан тушаал дээрээ ажиллаж байсан.
Энэ хүн ажиллах явцдаа 2015 онд ажил нь хангалтгүй үнэлгээгээр үнэлэгдэж 2016 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй ба хагас жилээр дүгнүүлээгүй. Мөн түүнийг 2013 онд ТҮ-гийн зэрэглэлээр томилсон боловч 2014 онд дахин засвартай тушаал гаргасан байдаг. Л.Өлзий-Отгон нь 2014 онд ажилд томилогдохын 1 сарын өмнө сахилгын шийтгэлийн арга хэмжээ авахуулсан байсан боловч түүнийг дахин томилсон байсан.
2016 онд Ерөнхий газраас ажлын хэсэг ирээд 2 хоног ажиллаад явахад Л.Өлзий-Отгон нь хийх гол ажлаа хийгээгүй, архи уугаад явж байсан ба хийсэн ажил нь хангалтгүй байсан. Ингээд Ерөнхий газрын даргын тушаалаар халамжийн сангийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо цөөрч ирсэн. Иймээс Өлзий-Отгон, Гарамханд нарын дунд ажил үүргээр болон чадвараар нь өөрийн хэмжээнд харьцуулалт хийсэн. Гарамхандын хувьд тус салбарт ажиллахдаа төрийн албан хаагчийн тангараг өргөсөн, магистр цолтой, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтний ажлыг давхар хариуцаж байсан. Өлзий-Отгоны хувьд төрийн албанд 2 жил ажилласан боловч ажиллах хугацаандаа буюу 2013-2016 он хүртэл төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй, 2013 онд “С” үнэлгээтэй дүгнэгдэж ажилласан байсан. Миний бие дээрх нөхцлүүдэд үнэлэлт өгч Гарамхандыг авч ажиллуулах шийдвэр гаргасан. Энэ хүн намайг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг зөрчсөн гэж яриад байна. Л.Өлзий-Отгоны тухайд ажилд анх орохдоо хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувьтай байсан. Нийгмийн даатгалын тухай хуулинд зааснаар 70 хувиас дээш бол бүрэн хөдөлмөрийн чадвар алдалттай гэж үздэг. Өөрөө ийм чадвар алдалттайгаа мэдсээр байж төрийн албанд ажиллаад, хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэмж аваад явж байсан. Ингээд 2016 онд 60 хувьтай болсон байсан. Би үүнийг нь сайн мэдэхгүй байна. Хуульд зааснаар энэ хүнийг ажлаас чөлөөлж 3 сарын тэтгэмж олгосон. Уг тушаалыг гаргахдаа би бүх бичиг баримтыг нь судалсан. Өөрөө бас хүсэлт тавьсаны үндсэн дээр ажлаас нь чөлөөлсөн. Иймээс би гаргасан шийдвэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Л.Өлзий-Отгон нь ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага нь хэвээр байх шиг байна. Үүн дээр тайлбар хийе. Энэ хүнд 3 сарын тэтгэмжийг хуулийн дагуу олгосон учраас 2016 оны 10, 11, 12 сарын цалинг өгөх боломжгүй. Харин 2017 оны 1, 2, 3 сарын цалинг нь олгох, мөн 2017 оны 1, 2, 3 сарын эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нь нөхөн бичилт хийхэд татгалзах зүйлгүй” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Хариуцагчийн хувьд 2016 оны 10, 11, 12 сарын цалинг тэтгэмжээр олгосон байсан учраас дахин цалинг олгох боломжгүй. Яагаад гэвэл жилийн эцэст Аудитын шалгалтаар зөрчил болно. Иймд нэхэмжилсэн 6 сарын цалингаас 2017 оны 1, 2, 3 сарын цалинг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Гуравдагч этгээд С.Гарамханд шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... Бүтэц орон тооны өөрчлөлт гарсантай холбоотойгоор газрын даргын сонсох ажиллагаанд орж тус албан тушаалд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн Өлзий-Отгонтой өрсөлдөж тухайн албан тушаалд тавигдах шаардлагад тэнцсэн тул газрын даргын тушаалаар томилогдсон гэж үзэж байна. Иймээс миний бие тус албан тушаалд тавигдах шаардлагыг бүрэн хангасан цаашид үргэлжлүүлэн ажиллах чадвартай боловсон хүчин болохоо илэрхийлж байна” гэжээ.
Гуравдагч этгээд С.Гарамханд шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Би 2012 онд төрийн албанд орж нийгмийн хамгааллын салбарт 5 дахь жилдээ ажиллаж байна. Засгийн газрын 9 дүгээр тогтоолоор бүтэц орон тоонд өөрчлөлт орж Өлзий-Отгон бид хоёрын дунд тухайн албан тушаал дээр ажлын туршлага, чадвараар өрсөлдүүлсэн. Энэ ажилд томилогдсноос хойш би ажлаа сайн хийж байгаа. Энэ нь 2016 онд хийгээгүй байсан суурь судалгааг хийж, мэдээлэл цуглуулж ажлаа “А” үнэлгээгээр үнэлүүлсэн. Олон улсын байгууллагуудтай хамтран орон нутагтаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан оёдлын цех байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлсэн. ... Иймээс Өлзий-Отгоныг ажлаас чөлөөлж, намайг ажилд томилсон шийдвэрийг хууль ёсны шийдвэр гэж үзэж байна” гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээдийн хувьд эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй асуудал нь ажлын байртай холбоотой байсан. Гэтэл шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч ажилд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул асуудал нэг тийшээ болж байна. Иймд миний хувьд тайлбар байхгүй хэдий ч хариуцагчийн тайлбартай холбогдуулан санал хэлье. Энэ нь хариуцагч сонсох ажиллагааг хийсэн гэдэг. Гэвч нэхэмжлэгч нь сонсох ажиллагааг хийгээгүй, би уг баримт дээр гарын үсэг зураагүй гэх тайлбарыг гаргах боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг гаргаагүй учраас энэ нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт юм” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Өлзий-Отгон нь Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
1/ Нэхэмжлэгч Л.Өлзий-Отгон нь 2017 оны 3 дугаар сарын 23-ний өдрийн шүүх хуралдаан дээр “Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэж татгалзсанаа бичгээр илэрхийлсэн бөгөөд энэхүү татгалзлын тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.3-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана” гэж тус тус заасан байх бөгөөд энэ татгалзал нь нэхэмжлэгчийн өөрийнх нь эрхийн асуудал тул нэхэмжлэгч С.Өлзий-Отгоны Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэв.
2/ Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн “Л.Өлзий-Отгоныг ажлаас чөлөөлөх тухай” Б/16 тоот тушаалыг хүчингүй болгох шаардлагын тухайд:
Хариуцагч Г.Хишигдаваа нь шүүх хуралдаан дээр “... Зорилтот бүлгийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Л.Өлзий-Отгон, халамжийн сан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан С.Гарамханд нарын дунд өөрийн хэмжээнд сонгон шалгаруулалтыг явуулсан ...” гэж тайлбарлах хэдий ч Л.Өлзий-Отгон, С.Гарамханд нарын дунд явуулсан гэх сонгон шалгаруулалт нь хуульд нийцэж явагдаагүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг зөрчжээ.
Мөн хариуцагч болон түүний өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй цалин олговор болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтрийн нөхөн бичилтийн 2017 оны 1, 2, 3 сарыг хүлээн зөвшөөрсөн нь маргаан бүхий актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн “Л.Өлзий-Отгоныг ажлаас чөлөөлөх тухай” Б/16 тоот тушаалыг хүчингүй болгох нь үндэслэлтэй байна.
3/Ажилгүй байсан хугацааны цалин 3585210 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Л.Өлзий-Отгон нь шүүх хуралдаан дээр 2016 оны 10, 11, 12, 2017 оны 1, 2, 3 сарын цалин бүгд 3585210 төгрөгийг гаргуулахыг хүссэн боловч Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын “Бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн ажилчдад олгох тэтгэмжийн жагсаалт” баримтыг үндэслэн түүний ажилгүй байсан хугацааны цалин олговрыг 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаагаар олгогдвол зохих цалин орлого буюу сарын 540033 төгрөгөөр бодож /10 сар ажлын 21 хоног, 11 сар ажлын 22 хоног, 12 сарын ажлын 20 хоног, 2017 оны 1 сар ажлын 21 хоног, 2 сар ажлын 18 хоног, 3 сар ажлын 15 хоног/ нэхэмжилж буй 3585210 төгрөгийг 3085902.86 төгрөг болгон багасгаж, үлдэх 499307.14 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн олгогдвол зохих цалин олговор болох 3085902.86 төгрөгөөс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон дэвтэрт нөхөн бичилт хийхийг Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нягтлан бодогчид үүрэг болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Өлзий-Отгоны “Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эргүүлэн томилуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь тухайн татгалзсан асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
3. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 39 дүгээр зүйлийн 39.7-д заасныг баримтлан Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн “Л.Өлзий-Отгоныг ажлаас чөлөөлөх тухай” Б/16 тоот тушаалыг хүчингүй болгосугай.
4.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Өлзий-Отгонд ажилгүй байсан хугацааны цалин олговорт 3085902.86 төгрөгийг Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйчилгээний газраас гаргуулан олгож, үлдэх 499307.14 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцож дэвтэрт нь нөхөн бичилт хийж баталгаажуулахыг Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нягтлан бодогчид үүрэг болгосугай.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Өлзий-Отгоноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Хишигдаваагаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
7.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Өлзий-Отгон, хариуцагч Г.Хишигдаваа, гуравдагч этгээд С.Гарамханд, тэдгээрийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн, С.Төмөрбаатар нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭРЭНРАГЧАА