Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 1899

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

Улсын яллагч И.Ариунсанаа,

Хохирогч Д.Ганбаяр,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.А холбогдох эрүүгийн 1906 05895 2514 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, 1986 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 33 настай, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

         Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай,

регистрийн дугаар  , Б.А .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Ганбаяртай маргалдан улмаар нүүрэнд нь гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.

Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ганбаяр мэдүүлэхдээ: “...Тухайн хэрэг болсон үед би үүрэг гүйцэтгэж байсан. 2019 оны 9 дүгээр сарын 28-ны шөнө 02 цаг 30 минутаас хойш ирсэн. Ирэхдээ дуудлагын жолоочгүй ирсэн. Б.Анхбаяр, эхнэр хоёулаа согтуу байсан. Б.А зогсоол дээр нь өөр машин тавьчихсан байсан. Тэгсэн Б.А орцны үүдэнд гарц хааж машинаа тавих гээд байсан. Би “гарц хааж болохгүй” гэж хэлээд хажуу талд нь сул зогсоол байхаар нь “энд тавьчих” гэж хэлсэн чинь “би 5 жил энэ гражид машинаа тавьж байгаа” гээд үглээд байсан. Тэгээд намайг цохиод өшиглөж эхэлсэн. Эхнэр нь удалгүй салгасан. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Миний нүд 2 сарын хугацаанд эдгэхгүй байна. Би гомдолгүй байгаа миний хохирлыг барагдуулсан. Гэхдээ би цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх хүсэлтэй байна.” гэв.

 

          Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр хохирогч Д.Ганбаярын өгсөн мэдүүлэг /хх-11/, гэрч Э.Янжиндуламын өгсөн мэдүүлэг /хх-17/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 11804 дугаартай дүгнэлт /хх-20/, Б.А гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-14/ шүүгдэгч Б.А урьд ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-25/, шинээр хохирол нэхэмжилсэн 3 ширхэг баримт зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Ганбаяртай маргалдан улмаар нүүрэнд нь гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ганбаярын өгсөн: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн “Хаппи таун” хотхоны гражийн харуулаар ажиллаж байсан. Ингээд ажил дээрээ байж байхад 03 цагийн үед хар өнгийн өнгийн дунд гарын жийп машин орж ирсэн. Тэгэхээр нь би грашын бүртгэлээ бариад очсон бөгөөд тэр машин дээшээ гардаг хаалганы өмнө машинаа шахаад тавьсан. Ингээд би тус машин дээр очтол эхнэр, нөхөр хоёр бууж ирсэн. Би зогтоолд бүртгэлтэй эсэхийг нь шалгасан. Тэгтэл зогсоолд байдаг машин байж таарсан. Би тус залууд хандан “машинаа зогсоолд тавь” гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу “би зогсоолд тавихгүй” гэж хэлсэн. Ингээд бид хоёрын дунд үл ойлголцол үүссэн. Тэгтэл тэр залуу надад хандан “би энэ грашид машинаа 5 гаруй жил тавьж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууд “чи машинаа хаалганы урдаас холдуулчих машин зөрж гарахгүй” гэж хэлсэн. Тэгтэл “үгүй” гэж уурласан бөгөөд ямар ч шалтгаангүй гэнэт “чи муу яасан олон юм ярьдаг пизда вэ” гээд гэнэт намайг хажууд байсан машины хамар дээр түлхээд дээр гаран гараараа цохисон. Тэгтэл миний нүднээс цус гарч эхэлсэн. Ингээд байж байтал машины хамар дээрээс намайг унагаагаад газар унаган 4-5 удаа гэдэс хэвлий хавирга гэх газар руу өшиглөсөн. Ингээд хажууд нь байсан эхнэр нь салгаад тус залууг аваад явсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн.” /хх-11/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Янжиндуламын өгсөн: “...Би 2019 оны 9

дүгээр сарын 27-ны өдөр манай ажлын газрын 52 жилийн ойн уулзалтанд очсон бөгөөд 00 цагийн үед гэртээ харих замаараа нөхөр дээрээ очсон. Тэр үед манай нөхөр Модны 2-ын ойролцоо нэг караокед байсан бөгөөд жоохон согтуу байсан. Ингээд бид хоёр дуудлагын жолооч дуудсан бөгөөд 01 цагийн үед дуудлагын жолооч ирээд бид хоёр гэр рүүгээ явсан. Ингээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах гэртээ ирээд доошоо граш руугаа орсон. Ингээд граш руугаа ороод зогсоол дээр тавих гэтэл манай зогсоол дээр өөр машин байсан. Тэгэхээр нь бид хоёр машинаа орц руу ордог хаалганы ойролцоо байршуулаад машинаасаа буугаад дуудлагын жолоочдоо мөнгийг нь өгч явуулаад гэртээ орох гээд алхаж байтал грашийн манаач хүрээд ирсэн. Ингээд тэр ах ирсэнээ “энэ газар машин тавихгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь “ахаа манай зогсоол дээр өөр машин тавьсан бид хоёр энд машинад саад учруулахгүйгээр байршуулчихъя” гэж хэлтэл тэр ах “үгүй, танай машин бүртгэлгүй байна” гэсэн. Тэгэхээр нт манай нөхөр машинаасаа гэрчилгээ болон үнэмлэхээ гаргаж ирээд тэр ахад шалгуулсан бөгөөд тэр ах шалгаж үзээд “за бүртгэлтэй машин байна гэхдээ энэ газар тавиулахгүй” гэж хэлэхээр нь би “та тэгвэл яагаад машин грашийн зогсоол дээр өөр машин тавиулж байгаа юм бэ, таны буруу” гэж хэлсэн. Тэгтэл тэр ах уурлаад “гар гар” гээд байхаар нь би “юу яриад байгаа юм бэ, ажлаа хийж чадахгүй, хүний зогсоол дээр машин тавиулаад одоо бид хоёр гараад шөнөөр хаана машин тавих юм бэ” гэж хэлсэн. Ингээд тэр газар үл ойлголцол үүсэж хэрүүл маргаан болсон. Тэгтэл тэр ах “хажуу талын зогсоол руу машинаа тавь” гэсэн. Тэгтэл манай нөхөр “би хүний зогсоол дээр машинаа тавихгүй, эзэн нь шөнө ирээд над руу залгавал яах юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл ах манай нөхөр рүү ойртоод уурлаад ирсэн бөгөөд орилоод байсан бөгөөд манай нөхөр нөгөө ахыг нэг удаа цохисон. Тэгтэл тэр ах буцаагаад манай нөхрийг түлхсэн бөгөөд тэр хоёр зууралцаад ноцолдож байгаад газар уначихсан. Тэгэхээр нь би нөхөр дээрээ очоод татаад босгосон бөгөөд нөгөө ах босоод ямар ч үг хэлэлгүйгээр яваад өгсөн. Ингээд би нөхрийгөө аваад гэртээ орсон. “/хх-15-17/ гэх мэдүүлэг,          

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 11804 дугаартай дүгнэлтэнд:

1. Д.Ганбаярын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, зүүн өвдөгт зулгарал, цус хуралт, баруун тохойнд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхүй.

        5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /хх-20/ гэх дүгнэлт,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд Б.А өгсөн: “...Би Д.Ганбаярын нүдний доод хэсэгт нь гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Би Д.Ганбаяраас уучлалт гуйж эвлэрсэн. Мөн хохирлыг төлж барагдуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” /хх-52/ гэх мэдүүлэг,

 

Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-40-42, 44-45/,

Шүүгдэгч Б.А урьд ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-25/ зэрэг болно.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

        Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.А гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Ганбаярт 2.500.000 төгрөгийн хохирлыг төлсөн байна. Шүүгдэгч Б.Анхбаяраас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар 85.500 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ганбаярт олгохоор тогтов.

 

Хохирогч Д.Ганбаяр нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа жич бүрдүүлэн Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулиар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.А хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.А  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.А  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Б.Анхбаяраас 86.500 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ганбаярт олгосугай.

 

6. Хохирогч Д.Ганбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Б.А нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгч Б.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

         10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС