| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/07358/И |
| Дугаар | 5492 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 5492
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консул 20-р гудамж, 502 тоотод оршин суух, Хойд овогт Цэвээний Сандаг /РД: ОО79032017/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 017 дугаар байр, 902 тоотод оршин суух, Дамбатан овогт Дамбын Туул /РД: ХЙ58010362/-д холбогдох,
5 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Сандаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Цэвээн овогтой Сандаг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний Дамба овогтой Туулд 2 000 000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хүүгүйгээр зээлдүүлсэн. Мөн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 10 хоногийн хугацаатай 2 000 000 төгрөгийг хүүгүйгээр зээлдүүлсэн. Хугацаа хэтрүүлсэн хоног тутамд иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэж тохирч гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээний хугацаа дууссан, зээлдэгч Туул одоо хүртэл зээлсэн мөнгөө өгөөгүй, уулзаж асуухаар одоохон өгнө гэж хэлдэг. Гэрээнд заасан үүргээ биелүүлээч, зээлсэн мөнгөө өгөх хэрэгтэй байгаа тухай удаа дараа шаардлага тавьсан.Одоохон өгнө, одоо яг хийх гээд банк явж байна гэж дандаа худлаа хэлдэг байсан. Одоо утасаа авахгүй байгаа.Гэрт нь очихоор гэртээ байгаа боловч хаалгаа тайлж өгдөггүй, Хажуу айлынх нь хүмүүс байгаа гэж хэлдэг. Холбогдож чадахгүй байна.Д.Туул нь миний бэр эгчийн сайн найз учраас итгэж удаа дараа мөнгө зээлдүүлсэн. 2015 оны 11 сарын 04-ны өдөр байгуулсан гэрээний алданги 2 520 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэрээний алданги 1 040 000 төгрөг болсон. Иргэний хууллийн 232.4-т “ анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу гэрээ тус бүрийн алданги тус бүр 1 000 000 төгрөг болж байгаа юм. Үүнээс Туул 2015 оны 11 сарын 04-ны өдрийн гэрээний алданги гэж 2016 оны 9 дүгээр сарын 22 нд 450 000 төгрөг, 10 сарын 02 нд 300 000 төгрөгийг өгсөн. Д.Туулаас дээр дурьдсан хоёр гэрээний үүрэг, болох нийт 4 000 000 сая төгрөг, тохирсон алданги болох 1 250 000 төгрөг, нийтдээ 5 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Туул шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Цэвээн овогтой Сандагийн нэхэмжлэлийн 5 250 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Сандаг нь хариуцагч Д.Туулд холбогдуулан 5 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь Ц.Сандагийн нэхэмжилсэн 5 250 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Д.Цэвээнийн нэхэмжлэлтэй, Д.Туулд холбогдох 5 250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 5 250 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98 950 төгрөгийн тал хувь болох 49 475 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 49 475 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 49 475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Сандагт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН