Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 1900

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл

Улсын яллагч П.Болормаа,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б холбогдох эрүүгийн 1806 04182 2518 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ам бүл 3, эмээ, эгчийн хамт Сүхбаатар дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Б.Б .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Багануурын төлөөлөгчийн байрны 3 давхарт Монгол Улсын Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны батламж гаргах тухай гэсэн албан бичгийг хуурамчаар үйлдэн, ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...2018 оны 8 дугаар сарын 28-ны орой Түмэннасттай уулзаж бичиг баримтыг өгсөн. Яг өгсний дараагаар надад их хүнд хэцүү санагдаж эхэлсэн. Өмнө ийм зүйл хийж байгаагүй учраас надад хэцүү байсан учраас 8 дараа би өөрөө тэр хүнд “хуурамч гэдгийг нь хэлж битгий ашиглаарай, та өөр хүнд үзүүлсэн үү” гэж асуухад гэхэд “би үзүүлээгүй хөрөнгө оруулагчид л харуулсан гэж хэлсэн...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Ренчиндоржийн өгсөн мэдүүлэг /хх-15-19/, гэрч С.Үржинбадамын өгсөн мэдүүлэг /хх-20/, гэрч М.Түмэннастын өгсөн мэдүүлэг /хх-21/, гэрч М.Эрдэнэбулганы өгсөн мэдүүлэг /хх-23-24/, гэрч Х.Нарангэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-25-26/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2722 дугаартай дүгнэлт /хх-28-43/, гэрч С.Үржинбадамын гарын үсэг бүхий үр дүнгийн 2018 оны гэрээ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ирүүлсэн хүсэлт бусад холбогдох баримтууд /хх-50-59/, баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримт, гэрчилгээний хуулбарууд, нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-61-63, 65/, С.Үржинбадамын албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тушаал /хх-71/, Б.Б хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-72-79, 89-99/, шүүгдэгч Б.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-24/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Багануурын төлөөлөгчийн байрны 3 давхарт Монгол улсын хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны батламж гаргах тухай гэсэн албан бичгийг хуурамчаар үйлдэн, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ренчиндоржийн өгсөн: “...Би энэ компанийг манай байгууллагаас зөвшөөрөл авч байсан гэдгээс өөр мэдээлэл байхгүй. Одоо бол тухайн зөвшөөрөл нь хүчингүй болсон. ... Бланк болон гадаад ажиллах хүч авах гаргах ажил хариуцсан ахлах мэргэжилтэн С.Үржибадамын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Монгол улсын Хөдөлмөр нийгэм хамгаалалын яамны албан бичиг болон албан тушаалтны гарын үсэг зэргийг хуурамчаар үйлдсэн этгээдэд зохих хуулийн хариуцлагыг нь хүлээлгэмээр байна.” /хх-15-19/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Үржинбадамын өгсөн: “...Миний бие Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамны хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ахлах мэргэжилтэнгээр ажилладаг юм. Гэтэл 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Золжаргал, “Грийн лейбор” ХХК-нд 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Япон улс руу нөхрөө явуулах гээд 4.000.000 төгрөгийг өгсөн боловч одоог болтол явуулахгүй байна. Би хийсэн гэрээгээ цуцлаад мөнгөө авъя гэж хэлсэн чинь уг “Грийн лейбор” ХХК-ны захирал Түмэннаст нь “таны гарын үсэгтэй бичиг үзүүлээд манайх яамнаас ийм баталгаатай” гээд бичиг үзүүлсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би гарын үсэг зурах эрх бүхий хүн бишээ тийм бичиг байхгүй. Яамнаас тэдэнд хүн гарга гэсэн квот ч байхгүй талаар тайлбарлаж өгсөн юм. Тэрнээс хойш мөн өдөртөө манай яамны сайдын туслах Амараа руу Хууль зүйн сайдын туслах залгаад танай яам “Грийн Лейбор” ХХК-иар Япон улс руу 350 хүний ажиллах хүч гаргана гэсэн юм уу. Танай яамнаас бичиг өгсөн юм уу гэж асууж тодруулан ярилцсан юм байна лээ. Энэ талаар сайдын туслах надаас асуухаар нь өглөө нэг иргэн миний гарын үсэгтэй бичгийн талаар яриад байна даа надад олоод өгөөч гэхэд хууль зүйн сайд Ц.Нямдоржийн туслах энэ бичгийн зургийг хэвлэмэлээр гаргасныг олж аваад удирдлагуудад цагдаагийн байгууллагад хандаж байна. Энэ яамны албан бичгийн бланктаи бичиг нь манай бланк биш мөн бичилт биш, дээр нь би өөрөө албан бичигт гарын үсэг зурах эрх бүхий ажилтан биш учраас хуурамч бичиг баримт байна.” /хх-20/ гэх мэдүүлэг,  

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Түмэннастын өгсөн: “...Миний бие “Грийн Лейбор” ХХК-ны захирлаар ажилладаг ба манайх Япон улс руу иргэдийг дадлагажигч ажилчнаар явуулдаг юм. 2018 оны 6 дугаар сарын дундуур тусгай зөвшөөрлөө сунгуулахаар Хөдөлмөр нийгмийн хамгаалах хөдөлмөрийн яаманд явж байхдаа өмнө нь хамт ажилладаг Б.Болорсүхтэй тааралдсан. Б.Б “тусгай зөвшөөрлөө сунгах гээд явж байна, таньдаг хүн амьтан байна уу” гэж асууж байсан. Тэгсэн чинь “байгаа би ярьж үзье” гэж хэлээд салсан. Би өөрөө тусгай зөвшөөрлөө хөөцөлдөж байгаад аваад 2018 оны 8 дугаар сарын сүүлээр дахин уулзахад надад “танай компани дээр 350 хүний квотыг яамнаас шийдэх гэж байгаа гэж хэлсэн. “Таньдаг хүнээр хөөцөлдөж байгаад бүтээлгэчихлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “баталгаажуулах хэрэгтэй байна, би явах гэж байгаа хүмүүстэйгээ ярилцах хэрэгтэй байна” гэсэн. 2018 оны 9 дүгээр сарын дундуур “батламж гаргуулчихлаа” гээд надад энэ бичгийг авчирч өгсөн. Би тус батламжыг хуурамчаар үйлдсэн гэдгийг огт мэдээгүй ба 2018 оны 9 дүгээр сарын үеэр Япон улсын хөрөнгө оруулагч нартай уулзаж тус бичгийг 2 удаа л үзүүлж байсан. Мөн өөр дадлагажигчаар явах гэж байсан 2 залууд үзүүлж байсан. Өөр хүнд үзүүлж байгаагүй ээ.” /хх-21/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Эрдэнэбулганы өгсөн: “...Одоо шалгагдаж байгаа хэргийнхээ талаар өөрөөс нь сонсоход хүнд нэг зүйл хийж өгсөн юм шиг байна лээ.” /хх-23-24/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Нарангэрэлийн өгсөн: “...Шалгагдаж байгаа хэргийнхээ талаар сонсоход нэг хүнд тус болоод тэрнээсээ болж асуудалд орлооо гэж байсан.” /хх-25-26/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2722 дугаартай дүгнэлтэд:

 1. Шинжилгээнд ирүүлсэн Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны 2018 оны №250 дугаартай албан бичиг нь бичиг техникийн шинжилгээнд тэнцэнэ. Дээрхи албан бичигт зурсан шинжилж буй гарын үсэг нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин шинжилж буй тэмдгийн дардас гэх зүйлийг “Inkjet” өрлийн өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн байх тул адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй байна. Шинжилгээнд харыдуулах загвараар ирүүлсэн Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны албан бичгийн маягт, цагаан өнгийн цаасан дээрх Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны 2 ширхэг улаан өнгийн тамганы дардас нь адилтгалын шинжилгээний шаардлагыг хангана.
         2. С.Үржинбадамын гэх гарын үсгийг чөлөөт, гарын үсгийн туршилтын загвар
адилтгалын шинжилгээний шаардлагыг хангана. Харин “Холбогдогч Б.Болорсүхээс гаргуулан авсан гарын үсэг” гэж гарчигласан авсан гарын үсэг” гэж гарчигласан 1 хуудас загвар нь тоон үзүүлэлтээрээ адилтгалын шинжилгээний шаардлагыг хангахгүй.

З. Шинжилгээнд ирүүлсэн Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын
яамны 2018 оны №250 дугаартай албан бичгийн тэргүү, тамганы дардас гэх зүйл  “Inkjet” төрлийн  өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэгдсэн хуурамч. Гэрч С.Үржинбадамын гэх гарын үсгийн загварууд нь Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны 2018 оны №250 дугаартай албан бичигт зурсан шинжилж буй гарын үсэгтэй бүтцээрээ тохирохгүй.

4. Үзлэг ба шинжилгээний 3 дугаар хэсгээс харна уу.” /хх-28-29/ гэх дүгнэлт,

Шинжилгээнд ирүүлсэн баримтыг гэрэл зургаар харуулсан баримт, эх хувь, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-28-43/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 8 сард Түмэннаст гэх хүнд Япон улсын хөрөнгө оруулагчдад үзүүлэх бичиг баримт хэрэгтэй байна гэхээр нь би аргагүйн эрхэнд Хөдөлмөр нийгэм хамгаалалын яамны баримт бичгийг хуулбарлан хуурамч батламж гаргаж өгсөн юм. Тэгээд би гаргаж өгсөнийхөө 8 хоногийн дараа “ахаа наадах чинь хуурамч юмаа, би өөрөө хуурамчаар хийсэн, тухайн 8 хоногийн хугацаанд надад маш хэцүү байсан нойр ч хүрэхгүй бодоод буруу зүйл хийсэнээ өөрөө хэлсэн юм. Гэтэл Түмэннаст “би цаашаа хүнд үзүүлээгүй гайгүй байх” гэж хэлсэн юм. Тэгээд л тухайн үедээ маш хэцүү байсан учраас цагдаагийн байгууллагаас дуудсан үед өөрөө ирж үнэн учраа хэлсэн юм. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Багануурын төлөөлөгчийн байрны 3 давхарт фотошоп программ ашиглаж хийсэн. Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна дахин ийм үйлдэл гаргахгүй.” /хх-48-49/ гэх мэдүүлэг,

 

С.Үржинбадамын гарын үсэг бүхий үр дүнгийн 2018 гэрээ /хх-50-53/,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ирүүлсэн хүсэлт бусад холбогдох баримтууд /хх-54-59/,

Баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримт, гэрчилгээний хуулбарууд, нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-61-63, 65/,

С.Үржинбадамыг албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тушаал /хх-71/,

Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол Монгол улсын Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны Батламж гаргах тухай гэсэн алан тоотыг хураан авсан эдийн баримтаар тооцох тогтоол.” /хх-69/,  

Шүүгдэгч Б.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-/ болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Багануурын төлөөлөгчийн байрны 3 давхарт Монгол Улсын Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны батламж гаргах тухай гэсэн албан бичгийг хуурамчаар үйлдэн, ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг гэж тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжтэйгээр хуульчилсан.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан зарчимд нийцүүлэн хэргийг хянан

шийдвэрлэсэн.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

            Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг албан тоотыг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар тогтов.

 

            Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан “хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг албан тоотыг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,

хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС