| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/07437/И |
| Дугаар | 102/ШШ2016/05811 |
| Огноо | 2016-11-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2016/05811
2016 оны 11 сарын 22 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/05811 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 38 дугаар байр, 9 тоотод оршин суух, Сартуул овогт Должингийн Гэрэлцэцэг /РД-ХВ61102122/-ийн,
Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, мөн сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Гэрэлцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Гэрэлцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Худалдаа бэлтгэлийн яамны бөөний худалдааны нэгдлийн бүртгэлийн машинт станцад оператораар ажилд орж, 1987 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 6 жил 1 сарын хугацаанд ажиллаж байсан.
Гэтэл миний анх ажилд орсон тушаал болох Бөөний Худалдааны Нэгдлийн даргын 1981 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 158 тоот тушаалд Д.Гэрэлцэцэг гэдэг нэрийг н.Гэрэлтуяа гэж андуурч бичсэн байна. Тухайн үед ажилд орсон тушаалыг бидэнд танилцуулдаггүй байсан бөгөөд миний хөдөлмөрийн дэвтэрт тамга дарж, баталгаажуулсан байгаа.
Дараа нь ахлах оператор болгон албан тушаал дэвшүүлэх тухай 1983 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Бөөний Худалдааны Нэгдлийн даргын 266 тоот тушаал, ажлаас чөлөөлөх тухай 1987 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 232 тоот тушаалуудад Д.Гэрэлцэцэг гэж зөв бичсэн байна.
Иймд 1981 оны 7 дугаар сараас 1987 оны 7 дугаар сар хүртэл Бөөний худалдааны нэгдлийн бүртгэлийн машинт станцад ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Гэрэлцэцэгийн нэрийг Худалдаа Бэлтгэлийн Яамны Бөөний худалдааны нэгдлийн даргын 1981 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 158 тоот ажилд томилох тушаалд н.Гэрэлтуяа гэж буруу бичигдсэний улмаас тэрээр ажилласан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан байна.
Шүүх хүсэлтийг хангав.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Д.Гэрэлцэцэг нь Худалдаа Бэлтгэлийн Яамны Бөөний худалдааны нэгдлийн бүртгэлийн машинт станцад 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл оператораар, мөн 1983 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ахлах оператораар тус тус ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэр, Худалдаа Бэлтгэлийн Яамны Бөөний Худалдааны Нэгдлийн даргын 1981 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 158, 1983 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 266, 1987 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 232 дугаар тушаалууд, гэрч Г.Гармаа, Д.Энхжаргал нарын мэдүүлэг зэргээр нотлогддог. /хх-4, 12-17, 5, 14-15, 18-19 дугаар тал/
Иймд шүүх дээрх баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Сартуул овогт Должингийн Гэрэлцэцэгийг Худалдаа Бэлтгэлийн Яамны Бөөний худалдааны нэгдлийн бүртгэлийн машинт станцад 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс, 1987 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд оператор, ахлах оператораар ажиллаж байсан болохыг тус тус тогтоож, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Сартуул овогт Должингийн Гэрэлцэцэгийг Худалдаа Бэлтгэлийн Яамны Бөөний худалдааны нэгдлийн бүртгэлийн машинт станцад 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс, 1987 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд оператор, ахлах оператораар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |