| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2019/0135/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/135 |
| Огноо | 2019-10-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,
улсын яллагч Э.Ариунболд,
хохирогч Б.С,
шүүгдэгч Х.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөөчүүд овогт Х.Цт холбогдох эрүүгийн 1907003360144 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, Радио техникийн инженер мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 353 дугаар цэргийн ангид пуужин шалгах турших хөдөлгөөнт станцийн инженер ажилтай, ам бүл 5, аав, ээж хоёр дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 2-123 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бөөчүүд овогт Х.Ц, регистрийн дугаар **********
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Х.Ц нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн орчимд Налайх дүүргийн 4 дүгээр хороо Туулын 16-4 тоотод хамтран амьдрагч болох Б.Сайрагүлийг хардан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн шүүрээр нуруун тус газар руу нь цохиж, цээж рүү өшиглөж биед нь тархи доргилт, нуруу, бүсэлхий, зүүн гуянд цус хуралт, баруун зүүн тохойнд зулгаралт, толгойн хуйх, баруун гуянд зөөлөн эдийн няцрал зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Болсон хэргийн хувьд би санаатайгаар цохъё гэж бодоогүй. Эхнэртэйгээ маргалдаж түүнийг татах, түлхэх явцад биед нь хөнгөх хохирол учруулсан байсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Б.С нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр бид 2 хоорондоо харилцан маргалдсан. Би эхлээд угааж байсан өмдөө шидээд тэгээд муудалцаад шүүрээр миний нуруу руу цохьсон” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Сайрагүлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2015 оны 06-р сард Х.Ц гэх залуутай танилцаад үерхэж байгаад 2017 оны 04-р сард хүү маань төрсөн. Бид хоёр хамт бараг амьдарч байгаагүй ирж очоод л байж байсан. Х.Ц 2018 оны 09-р сард Налайх дүүрэгт байрлах 353-р цэргийн ангид шилжиж ирсэн. 2019 оны 04-р сарын 21-ний өдөр 10 цагийн үед гэртээ гэрээ цэвэрлэж байхдаа Х.Цыг орон дээр байж байхад ямар дарамттай пизда вэ зайлъя гэхээр нь чи явахгүй юу тэр явалддаг хүүхэн рүүгээ тэр чинь надруу чат бичээд байсан гэхэд явсан ч яадаг юм гэж хэлээд миний үснээс зулгаагаад гараараа миний нүүр рүү цохьсон. Миний үснээс зулгаагаад тавихгүй болохоор нь барьж байсан цамцаараа цохиод чи хүн дээрэлхдэг юу вэ гэж хэлээд ална шүү гээд миний гэдэс рүү өшиглөхөөр нь чи ямар даварсан юм гээд шүүр аваад Х.Цыг гарч явахад араас нь очиж цохиход надаас шүүрээр нуруу руу нэг удаа цохьсон. Ёоё нуруу гээд газар суухад үснээс зулгаагаад гичий минь гээд чирсэн. Тэр үед гадаа гарчихсан байсан. Намайг гэр рүү чирээд хүн амьтнаас ичээч гэж хэлээд гэрээс гараад явахаар нь би 102-т дуудлага өгөөд манай нөхөр намайг зодчихоод машинаа унаад гараад явчихлаа гээд би машины дугаарыг нь хэлсэн. Тэгээд замын цагдааг зогсоосон гэдгийг нь мэдээд би араас нь Цолмонбаатар руу такси бариад очсон. Хот явах хэдэн хүн ардаа суулгачихсан байж байхаар нь очоод Х.Цын хаалгыг татаад чи хүн зодчихоод зугтдаг хэн юм гэж хэлээд нүүр рүү нь нэг удаа алгадсан. Цагдаа цаашаа очоод суу гээд цагдаагийн хэлтэс рүү явна гэж хэлсэн. Цагдаагийн хэлтэс дээр мэдүүлэг өгчихөөд гэр рүүгээ харьсан. Даваа гарагт нь би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Миний хөл гар зулгараад хөндүүртэй, хэвлий хэсгээр их өвдөж байсан...” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 15 дугаар хуудас/
Гэрч М.Жаниегийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр 13 цаг өнгөрч байхад охин Б.С гэрээ цэвэрлэж байсан. Би гадаа хашаанд байх амбаарыг цэвэрлэж байсан. Тэр үед хүргэн Х.Ц унтаж байсан. Б.С нөхөр Х.Цт хандаж чи босооч ээ өдрийн 13 цаг өнгөрч байна. Ус зөөж өгөөч ээ юм угааж байна гэж хэлэхэд Х.Ц орноосоо босоод ямар дарамттай юм бэ гээд тэр хоёр хэрэлдсэн. Би гадаа байсан учир ярьсан яриа нь надад сайн сонсогдож байсан. Хэрэлдээд унахаар нь би гэртээ ороод та хоёр болиоч ээ гэж хэлсэн. Х.Ц өөрийнхөө хувцаснуудыг аваад явлаа гээд гарах үедээ үүдэнд байсан хогийн шүүр авсан. Б.С араас нь гарахад Б.Сайрагүлийн нуруунд нь шүүрээр Х.Ц шүүрээр цохьсон. Шүүр нь голоороо хуваагдаад унасан. Б.С газар унаад дуу нь гарахгүй хэвтээд байсан. Х.Цыг босгооч ээ чи яаж байгаа юм бэ гэхэд цамцнаас Х.Ц зулгаагаад гэр рүү орсон. Араас нь ороход Б.С хана налаад суучихсан байсан. Тэр хоёр хэрэлдээд болихгүй байсан. Х.Ц гүйж очоод Б.Сайрагүлийн цээж рүү хөлөөрөө өшиглөхөөр нь чи болиоч гэж би Х.Цт хэлсэн. Тэр үед Б.С цагдаад дуудлага өгсөн. Х.Ц гараад явчихсан” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 35 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/385 дугаар:
“1. Б.Сайрагүлийн биед тархи доргилт, нуруу, бүсэлхий, зүүн гуянд цус хуралт, баруун зүүн тохойнд зулгаралт, толгойн хуйх, баруун гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт, /хх-ийн 48 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 81 дүгээр хуудас/
Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 80 дугаар хуудас/
2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №08 шэ/385 дугаартай шинжээчийн дүгнэлт,
/хх-ийн 48 дугаар хуудас/
Иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа,
/хх-ийн 74 дүгээр хуудас/
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 70 дугаар шийтгэвэр,
/хх-ийн 90-92 дугаар хуудас/
Х.Цын Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 68 дугаар хуудас/
Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн тодорхойлолт,
/хх-ийн 94 дүгээр хуудас/
Х.Цын ажил байдлын тодорхойлолт,
/хх-ийн 96 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ
Шүүгдэгч Х.Ц нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн орчимд Налайх дүүргийн 4 дүгээр хороо Туулын 16-4 тоотод хамтран амьдрагч болох Б.Сайрагүлийг хардан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн шүүрээр нуруун тус газар руу нь цохиж, цээж рүү өшиглөж биед нь тархи доргилт, нуруу, бүсэлхий, зүүн гуянд цус хуралт, баруун зүүн тохойнд зулгаралт, толгойн хуйх, баруун гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Сайрагүлийн мэдүүлэг, гэрч Н.Жаниегийн мэдүүлэг, яллагдагч Х.Цын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох саналтай байна гэсэн дүгнэлт,
Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “Хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Цт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Х.Ц нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн орчимд Налайх дүүргийн 4 дүгээр хороо Туулын 16-4 тоотод хамтран амьдрагч болох Б.Сайрагүлийг хардан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн шүүрээр нуруун тус газар руу нь цохиж, цээж рүү өшиглөж биед нь тархи доргилт, нуруу, бүсэлхий, зүүн гуянд цус хуралт, баруун зүүн тохойнд зулгаралт, толгойн хуйх, баруун гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
шүүгдэгч Х.Цын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Би эхнэр Б.Стэй маргалдаж би явлаа гэхэд араас шүүр барьж гарч ирээд хашаан дотор миний нуруу руу цохиход нь би шүүрийг нь булааж аваад түлхчихсэн чинь газар сууж унасан...” гэх,
хохирогч Б.Сайрагүлийн “Миний үснээс зулгаагаад тавихгүй болохоор нь барьж байсан цамцаараа цохиод чи хүн дээрэлхдэг юу вэ гэж хэлээд ална шүү гээд миний гэдэс рүү өшиглөхөөр нь чи ямар даварсан юм гээд шүүр аваад Х.Цыг гарч явахад араас нь очиж цохиход надаас шүүр булааж аваад нуруу руу нэг удаа цохьсон...” гэх,
гэрч М.Жаниегийн “...Х.Ц өөрийнхөө хувцаснуудыг аваад явлаа гээд гарах үедээ үүдэнд байсан хогийн шүүр авсан. Б.С араас нь гарахад Б.Сайрагүлийн нуруунд нь Х.Ц шүүрээр цохьсон” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/372 дугаартай “...Б.Сайрагүлийн биед тархи доргилт, нуруу, бүсэлхий, зүүн гуянд цус хуралт, баруун зүүн тохойнд зулгаралт, толгойн хуйх, баруун гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Х.Цын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Сайрагүлийн бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “Х.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх,
Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “Миний хувьд гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзсан ба шүүгдэгч Х.Ц нь өмнө нь эхнэр Б.Сайрагүлийг мөн зодож Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдсан, хийсэн хэрэгтээ гэмшиж ухаараагүй байна гэж үзсэн ба гэмт хэрэгт хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Х.Цыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Х.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бөөчүүд овогт Х.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 360 /гурван зуун жар/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Х.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ