Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 595

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Д.Баярмаад холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Цогтгэрэл,

Хохирогч Д.Төгсбаярын өмгөөлөгч Ж.Батзоригт,

Иргэний нэхэмжлэгч Р.Бүрэнтэгшийн өмгөөлөгч М.Алтанцэцэг,

Иргэний хариуцагч “Жигүүр гранд групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Байгальмаа, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл,  

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Ү.Түмэнжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 252 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Мөнхгэрэлийн бичсэн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Д.Баярмаад холбогдох эрүүгийн 21136440 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Хардал мэргэд овогт Далхсүрэнгийн Баярмаа, 1988 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, маркетинг, эдийн засагч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Жигүүр гранд групп”-ийн борлуулалтын албанд борлуулагчаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 14а байрны 38 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ЖЗ88030906/,

Д.Баярмаа нь 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жигүүр гранд групп” ХХК-ийн захиргааны хэсэгт борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа давтан үйлдлээр:

1. 2008, 2009 онуудад Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Шинэ зуун” хотхоны орон сууц захиалагч П.Довчинсамбуугийн орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын 070829 дугаартай гэрээний дагуу тушаасан 21.752 ам.доллар буюу 28.542.322 төгрөгийг,

2. 2010 оны 3 дугаар сард Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Шинэ зуун” хотхоны орон сууц захиалагч З.Батзолбоогийн орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын 071116А дугаартай гэрээний дагуу тушаасан гражийн төлбөр 6500 ам.доллар буюу 8.352.500 төгрөгийг,

3. 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Шинэ зуун” хотхоны орон сууц захиалагч Р.Бүрэнтэгшийн байрны төлбөрт тушаасан 117.000.000 төгрөгөөс “Батсайханы байрны төлбөр” гэж кассаас 102.000.000 төгрөгийг авч тус тус завшиж “Жигүүр гранд групп” ХХК-д нийт 138.897.822 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Мөн давтан үйлдлээр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Шинэ зуун” хотхоны орон сууц захиалагч, орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг гражгүй захиалсан Д.Ариунжаргал, Д.Төгсбаяр нарт “Жигүүр гранд групп” ХХК-ийн өмчлөлийн гражийг бусдынх хэмээн хуурч мэхлэн албан тушаалаа ашиглан зарж,

- Д.Ариунжаргалаас 2009 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 6500 ам.доллар буюу 8.529.105 төгрөг,

- Д.Төгсбаяраас 2009 оны 9 дүгээр сард 8000 ам.доллар буюу 10.497.360 төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 19.026.465 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Д.Баярмаад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Д.Баярмаад холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш, дутуу хийсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Үүнд: 1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 111 дүгээр шүүхийн тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаартай магадлалд заасан ажиллагаанууд хийгдээгүй байна.

2. “Жигүүр гранд групп” ХХК-ийн кассын нярав О.Солонгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагчаар тогтоож байцаасан байх бөгөөд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 147 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Гэтэл О.Солонго нь тухайн компанид кассын няраваар ажилладаг гэж мэдүүлсэн ба албан тушаалын гэмт хэргийн зүйл ангиар зүйлчилсэн нь ойлгомжгүй байх бөгөөд тэрээр удирдах, гүйцэтгэх албан тушаалтан мөн эсэхийг шалгаж тодруулах шаардлагатай байна.

3. 2 дугаар хавтаст хэргийн 133 дугаар талд гэрч Д.Батсайханд 7 орон сууц шилжүүлэн өгчээ. Гэтэл Р.Батсайханд шилжүүлсэн 7 орон сууцын нэг болох А-5Б 71.8 м.кв орон сууцыг зарахаар тус компанийн кассанд хохирогч Р.Бүрэнтэгш мөнгөө тушаасан байхад “Жигүүр гранд групп” ХХК нь энэ хэрэгт хохирогчоор тогтоогдож ирсэн нь ойлгомжгүй байна. Мөн Д.Батсайханы 1 дүгээр хавтаст хэргийн 55, 3 дугаар хавтаст хэргийн 110 дугаар талд мэдүүлсэн мэдүүлгүүд уг орон сууцтай холбоотой эсэх, хэрэв холбоотой бол Д.Батсайханы авсан 40 сая төгрөг, кассанд тушаасан гэх 80 сая төгрөг хэрхэх талаар ойлгомжгүй байх тул энэ талаар нарийвчлан шалгах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Иймд дээрх ажиллагааг хийсний эцэст хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн хэргийг мөрдөн байцаалтад буцааж, хэрэг прокурорт очтол шүүгдэгч Д.Баярмаад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр...” шийдвэрлэжээ.  

Прокурор С.Мөнхгэрэл бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “…Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд …хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 111 дүгээр тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаартай магадлалд заасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж Д.Баярмаагийн үйлдсэн гэмт хэргүүдэд тохирох зүйл ангиар ял өөрчлөн сонсгосон байна. Мөн Д.Энхсувдад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн 2012 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 114 дугаартай, мөн О.Солонгод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 147 дугаартай прокурорын шийдвэрүүд хүчинтэй байх ба дахин шалгах шаардлагагүй байна. Иймд шүүхийн тогтоолын 1 болон 2 дахь заалтыг хангах боломжгүй гэж үзэж байна.

Түүнчлэн Р.Бүрэнтэгш нь Б.Батнарангийн байрыг худалдан авахаар мөнгө тушаасан болох нь Д.Баярмаагаас “...мөнгийг нь тэр хүнд буцааж өгөх гээд би Батсайхан ахын мөнгө гээд хэлчихсэн юм...” гэх, хохирогч Э.Одонтуяагийн интернэт хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-220-II/, хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч Р.Бүрэнтэгшийн “...Шинэ зуун хотхоны 216 байрны 3 давхарт байрлах 7 тоот 4 өрөө байрыг үзээд авахаар болж яаж авах талаар асуусан чинь ажил дээр хүрээд ир гэж Баярмаа хэлсэн...”, “...би өөрийн гараар компанийн дансанд мөнгө тушааж байр ч үгүй мөнгө ч үгүй өдий хүртэл маш удаан хугацаагаар хохироод явж байгаад маш их гомдолтой байна...”, “...миний хувьд Жигүүр грандад өгсөн учир Жигүүр грандаас мөнгөө нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Батнарангийн “...24в-7 тоот байрны 113и байрыг ...захиалга өгч 30 хувь 27.000 ам.долларыг бэлнээр ...төлсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Удвалцэцэгийн “...Тэгээд Баярмаа ирээд би уг хүн нисгэгч хүн гэсэн мөн байна гэж хэлээд чи өвөл баримт үзүүлж байсан тэр баримтаа аваад ир гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, сэжигтэн Д.Баярмаагийн “...байрны эзэн Батнаран намайг зараад өг гэж хэлэхээр нь би 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээ хийж Р.Бүрэнтэгш гэдэг хүнд ...зарсан юм. Уг байрыг байрны эзэн Батнаран зараад өг гэж хэлсэн юм. Гэрээг 2 хувь хийгээд 1 хувийг нь Бүрэгтэгшид өгөөд нэг хувь нь борлуулалтын менежер Батчимэг гэдэг хүнд 2011 оны 10 дугаар сарын 24-нд өгсөн...” гэсэн мэдүүлэг болон орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг “Жигүүр гранд групп” ХХК-иас Б.Батнарантай байгуулсан 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 071121 дугаартай гэрээ, Р.Бүрэнтэгштэй байгуулсан гэрээ бусад баримтуудаар тогтоогдож байх тул Д.Батсайханыг хохирогчоор тогтоох үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Д.Батсайханы 7 орон сууцнаас байр худалдан аваагүй ба Батсайхан нь 40 сая төгрөг авсан асуудал тухайн Д.Баярмаагийн 102.000.000 төгрөг залилан авсан үйлдэлд хамааралгүй болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон тул уг заалтыг хангах үндэслэлгүй, тухайн хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй гэж үзэж байна. Иймд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Баярмаагийн үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдож байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 252 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн…” гэжээ.

 

Прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүхийн тогтоолын 1 дэх заалт буюу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаартай магадлалд заасан ажиллагаа хийгдээгүй гэсэн. Энэ заалтыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар бүрэн тогтоож, магадлалд заасан ажиллагаануудыг хийж гүйцэтгэн шүүхэд шилжүүлсэн. Үүнд Р.Бүрэнтэгшийг хохирогч уу, эсхүл иргэний нэхэмжлэгч үү гэдгийг тогтоох гэсэн заалтаар Р.Бүрэнтэгшийг иргэн нэхэмжлэгчээр тогтоосон.

Мөн Д.Баярмаагийн үйлдэлд Д.Ариунжаргал, Д.Төгсбаяр нараас авсан мөнгөн дүн дээр зүйлчлэлийн асуудлыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэг үү, мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үү гэдгийг ялгаж зааглах шаардлагатай гэсэн заалтыг хангаж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж оруулсан. Энхсувд, Солонго нарын үйлдлийг шалгаж тохирох зүйл анги буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгосон тогтоол нь хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа.

Шүүхийн тогтоолын 2 дахь заалтад Солонгийн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар тооцож хэрэгсэхгүй болгосон байна. Солонгыг удирдах албан тушаалтан байсан уу, ямар албан тушаалтан байсан гэдгийг шалга гэсэн заалт байгаа. Энд шалгах шаардлага байхгүй. Хэрэгсэхгүй болгосон тогтоол шийдвэр нь хүчинтэй. Мөн энэ талаар гомдол гаргасан зүйл байхгүй. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээ хязгаарт шийдвэрлэх хууль зүйн заалт байгаа. Тийм учраас шүүхийн тогтоолын 2 дахь заалтыг хангагдсан гэж үзэж байна.

Шүүхийн тогтоолын 3 дахь заалт нь Р.Бүрэнтэгшийг иргэний нэхэмжлэгчээр татаж оролцуулсан. Мөн Д.Батсайханы 40.000.000, 80.000.000 төгрөгийн асуудал нь Д.Баярмаагийн үйлдэлд холбоогүй учраас энэ хэрэгт хохирогчоор татах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Д.Төгсбаярын өмгөөлөгч Ж.Батзоригт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эсэргүүцэлд дурдсан 3 шаардлагыг шинэчилсэн Эрүүгийн хуулийн заалтаар шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломж 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулаад мөрдөн байцаалтын ажиллагаанд буцаасан шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанууд хийгдэх боломжтой байгаа учраас шүүх бүрэлдэхүүн прокурорын эсэргүүцлийг анхаарч үзнэ үү. 2016 оны 12 дугаар сард энэ хэрэг нь анхан шатны шүүхэд буцахдаа сая дурдагдсан үйл баримтуудыг шалга гэх үндэслэлээр буцаасан. Энэ үндэслэлээр тодорхой ажиллагааг хийсэн. Хүчин төгөлдөр тухайн үеийн тогтоолууд хүчинтэй байгаа. Ийм учраас дахин шалгах боломжгүй. Шинэ хуулийг дагаж мөрдөх эрх зүйн хэмжээ хэрэгжиж байгаа учраас шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Р.Бүрэнтэгшийн өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн тогтоолын 3 дахь заалтад хэргийг мөрдөн байцаалтад буцаасан үндэслэл нь иргэний нэхэмжлэгч Р.Бүрэнтэгштэй холбоотой. Гэрч Р.Батсайханыг хохирогч мөн эсэхийг нь тогтоох гэсэн байдаг. Миний үйлчлүүлэгч 2010 онд энэ компанид албан ёсоор тус компанийн кассын няравт нь 117.000.000 төгрөгийг бэлнээр тушаагаад 4 өрөө байр авна гэсэн. Мөнгө тушаагаад баримт өгөхдөө “Жигүүр гранд” ХХК-ийн санхүүгийн тамгатай баримтыг өгсөн. Гэтэл гэрч Р.Батсайханыг хохирогчоор тогтоох ёстой гэсэн. Харин миний үйлчлүүлэгч Р.Батсайхан гэх хүнд ямар ч мөнгө өгөөгүй. Р.Бүрэнтэгшийн авах гэж байсан байранд “Б.Батнаран гэдэг хүн эхнэртэйгээ асуудалтай болчихоод байраа буцаая гэсэн асуудал тавьсан учраас энэ байрыг сольж болох юм байна. Мөнгийг нь Б.Батнаранд өгөх юм байна” гэсэн. Тэгэхээр шүүх 10 жил болж байгаа хэрэгт Р.Батсайхан хохирогч байх ёстой гэсэн. Хэрвээ Р.Бүрэнтэгш Р.Батсайханд мөнгө өгөөгүй байж дахин хохирогч болоод 7-8 жил шалгуулах уу. Р.Бүрэнтэгш 2010 онд мөнгө өгөхөд 4 өрөө байр авах байсан. Одоогийн байдлаар 117.000.000 төгрөгөөр 2 өрөө байр авах боломжгүй байна. Тэгэхээр энэ хэргийг удаа дараа мөрдөн байцаалтад буцаадаг. Анхан шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцаагүй байж янз бүрийн зүйлийг шалгуулъя гэдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаалтад буцаах үндэслэлүүд байгаа. Мөрдөн шалгах ажиллагаанд нэмэлтээр ажиллагаа хийлгэх хүсэлтийг аль нэг талаас гаргаагүй учраас хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх нь үндэслэлтэй. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

 

Иргэний хариуцагч “Жигүүр гранд групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Байгальмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбаргүй, өмгөөлөгч тайлбар хэлнэ...” гэв.

 

Иргэний хариуцагч “Жигүүр гранд групп” ХХК-ийн өмгөөлөгч Т.Урангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Жигүүр гранд” ХХК-ийг хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар татсан. Шүүх хэргийг нэг заалтаар буцаахдаа нэмж шинэ зүйл гаргаж ирдэг. Энэ нь сая хэлсэн Р.Батсайханыг гэрч, эсхүл хохирогч эсэхийг шалга гэх үндэслэлүүдээр хэргийг буцааж байгаа учраас хэрэг хэзээ шийдвэрлэгдэх нь тодорхойгүй. Шүүхээс буцсан тогтоолд заасан ажиллагаа бүрэн биш хийгдсэн гэдэгт Д.Ариунжаргал, өмчлөгч болоход Баттөр захирал тооцоогүй гээд гарын үсэг зураад өгсөн байна. Энэ нь Д.Баярмаатай ямар холбоотой вэ гэдгийг тогтоо гэсэн. Гэтэл энэ нь хохирогчийн мэдүүлэг, нотлох баримтаар тогтоогдоод шалгагдсан. Д.Ариунжаргал нь орон сууц захиалсан захиалагч. Гэтэл орон сууц эзэмшигчийн эрхийн гэрчилгээн дээр тооцоогүй гэсэн гарын үсгийг Баттөр захирлаар зуруулчихаад зогсоол гэсэн хэсэг нь хоосон байсан тул нь тэр дээр 26 тоот зогсоол гэх жишээгээр Д.Баярмаа бичээд Улсын бүртгэлийн алба руу явуулахдаа үүнийг ашиглаж өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан. Энэ нь Д.Баярмаатай яаж холбогдож байгаа нь үүнээс харагддаг. Хэний өмчлөлд байгаа вэ гэхээр өөр тийш нь шилжээгүй Халиунаагийн нэр дээр байдаг. Эдгээр баримтуудыг өгсөн байхад өгөөгүй гээд байдаг. Энэ 2 асуудал нь хоёулаа холбогдох нотлох баримтуудаар тогтоогдсон. Р.Батсайхан гэдэг хүн 7 байр аваад Р.Батсайханы байрыг зарж байна гээд компанийн данс руу оруулахгүйгээр мөнгийг нь дундаас нь авдаг. Энэ шиг Мягмарсүрэн гэдэг хүний байрыг аваад 40.000.000 гаруй төгрөг нь Р.Бүрэнтэгшид хамаагүй, Мягмарсүрэнгийн байрыг зарж Р.Батсайханд өгсөн мөнгө. Үүнийг шүүх ойлгоогүйгээс алдаа гаргасан байх гэж ойлгож байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.Баярмаад холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх нөхцөл байдал тогтоогдсон болно.   

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Д.Баярмаад холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба харин шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй байна гэж үзэв.

Иймд шүүх, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар …дахин хэлэлцүүлэх…”-ээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Д.Баярмаад холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 252 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Д.Баярмаад холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Д.Баярмаад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

         3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Ц.ОЧ

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ