Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Буянтогтохын Сугиржав |
Хэргийн индекс | 117/2017/0001/З |
Дугаар | 12 |
Огноо | 2017-03-28 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч ******* даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга *******ад хариуцагдах
Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөр, халамж үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Б/255 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулж Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын захиргаа хяналтын хэлтсийн даргын ажилд томилох шийдвэр гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин 4517730 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт төлөлт, нөхөн бичилт хийлгүүлэх”- ийг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******а, түүний өмгөөлөгч *******, гуравдагч этгээд *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч: Сайнцагаан сумын иргэн ******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын Б/18 дугаар тушаалаар аймгийн нийгмийн халамжийн хэлтсийн дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилогдож, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. Үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг 3 жил дараалан “А” үнэлгээтэй дүгнүүлж, аймгийн Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/28 дугаар захирамжаар Дэс түшмэлийн дөтгөөр зэрэг дэв олгогдож мөн 2016 онд аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнагдсан.
2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хуулийн үндэслэлгүйгээр Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдсөн тул Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******агийн 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг байгууллагаас гаргуулах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 10 хувийг төлүүлж бичилт хийлгэхээр нэхэмжлэл гаргасан.
Урьдчилан шийдвэрлүүлэхээр Төрийн албаны зөвлөлд 2016 оны 11 сарын 2-ны өдөр хүсэлтээ хүргүүлж төрийн албаны зөвлөлөөс хариуг 2016 оны 11-р сарын 16-ны өдөр хүлээн авсан.Энэ хариугаар миний гомдлыг Хөдөлмөр халмж үйлчилгээний Ерөнхий газарт шилжүүлсэн байсан.
Миний бие 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Үүнд нотлох баримт бүрдүүлэх явцад Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/255 тоот тушаал гарсныг 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Ерөнхий газар дээр очиж мэдэж авсан ба уг тушаалд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын түр орлон гүйцэтгэгч *******агийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгосон байсан тул энэ Б/17 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэгэнт дотоод ажил хариуцсан мэргэжилтний чиг үүрэг тус байгууллагын Захиргаа, хяналтын хэлтсийн даргад шилжсэн, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, агуулга нь хэвээр үлдсэн байх тул Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/255 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодорхойлсон.
Үүнтэй холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ТЗ-7-2 шатлалаар бодож сарын 627465 төгрөг, удаан жилийн нэмэгдэл болох 5 хувь 31370 төгрөг, зэрэг дэвийн 15 хувь болох 94120 төгрөг гээд 752955 төгрөгийг 6 сараар тооцож нийт 4517730 төгрөгийг гаргуулж олгоно уу гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хариуцагчийн 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б/17 тоот “*******ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хууль бус тушаал гэж үзэж Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын Б/255 тоот “тушаал хүчингүй болгох тухай” тушаалаар хүчингүй болгосон байдаг. Өөрийнх нь тушаалыг хүчингүй болгосон гэдгийг 2 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан дээр мэдсэн гэж хариуцагч тайлбарладаг. Иймд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр энэ тушаалыг мэдсэнээс хойш зохих албан тушаалтанд гомдол саналаа тавих эрх нь нээлттэй байсан боловч хариуцагч гомдол гаргаагүй харин ч хүлээн зөвшөөрч байгаа.
2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/255 тоот Хөдөлмөр халмжийн үйлчилгээний Ерөнхий газрын тушаалын хэрэгжилтийг хангуулах хүрээнд хэд хэдэн шаардлагыг нэхэмжлэгч гаргасныг тодруулж нэмж тайлбарлах нь зүйтэй . Үүнд:
1/ Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Захиргаа хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах.
Учир нь дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажлын чиг үүрэг шинээр бий болсон захиргаа хяналтын хэлтсийн даргын албан тушаалын чиг үүрэгт хамаарч өөрчлөгдсөн нь хэрэгт байгаа нотлох баримтуудаар нотлогдох, ажилтнуудын дунд ямарч сонгон шалгаруулалт хийсэн тухай нотлох баримт хэргийн материалд огт байхгүй байгаа зэрэгт үндэслэгдэнэ. Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэж эхний ээлжинд байгууллага дотроо явуулах ёстой. Энэ ажиллагаа хийгдээгүй байдаг.
2/ 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/17 тоот ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй гэдгийг дээд шатны байгууллага тогтоож өгсөн учраас ТЗ-7-2 шатлалаар захиргаа хяналтын хэлтсийн даргын албан тушаалын цалинг 6 сараар тооцож нэхэмжилж байгаа. Мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага хэвээр, дэмжиж байна. Аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10-р сарын 03 ны өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгосон тул бид шаардлагаа өөрчилсөн иймд энэ шаардлага байхгүй гэж ойлгох нь зүйтэй гэв.
2.Хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга *******а шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: “....Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн “аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр сарын тогтоолоор НХҮХ /хуучин нэрээр/ татан буугдаж аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болон өөрчлөгдсөн.
Тус тогтоолын дагуу НХҮХ /хуучин нэрээр/-ийн даргын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “ажилтнуудыг ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай” Б/10 дугаар тогтоолыг үндэслэж 9-р сарын 28ны өдөр бүх ажилтнуудыг шилжүүлэн хүлээн авсан.
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн “аймаг нийслэл, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц орон тоо батлах тухай” Б/21 тоот тушаалаар Захиргаа, хяналтын хэлтсийн даргын ажлын үндсэн чиг үүрэгт давхар хүний нөөц дотоод ажил хариуцан ажиллахаар батлагдаж ирсэн.
Дээрх тушаалаар дотоод ажил хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдаж ирсэн тул НХҮХ/ хуучин нэрээр/-ийн дотоод ажил хариуцан ажиллаж байсан *******ийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтын дагуу ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг байгууллагаас олгосон.
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын Б/255 тоот тушаал гарсныг 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан дээр мэдсэн. Би холбогдох албан тушаалтанд нь энэ тушаалыг ирээгүй талаар хэлсэн, тухайн үед хариуцсан хүн нь бүрэн томилогдоогүй байсан учраас энэ тушаалыг надад хүргүүлээгүй, орхигдуулсан байна гэж хэлсэн.Нэгэнт дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэр тул гомдол санал гаргаагүй, харин хэрэгжүүлэх арга замаа ойлгохгүй байгаа. Иймд дээрх тушаал ёсоор ажилгүй байгаа хугацааны цалин олговрыг гаргаж нэхэмжлэгчид олгоноо гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хариуцагчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд төлөлт, нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага анх гаргажээ гэж ойлгосон. Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын Б/255 тоот тушаалыг 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд мэдсэн. Холбогдох албан тушаалтнуудад албан бичгээр хандсан зүйл байхгүй. Нэгэнт ерөнхий газрын дээрх тушаалыг олж мэдсэн учраас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын эхний заалтад Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын Б/255 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулж Захиргаа хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгах шийдвэр гаргуулахаар шаардлага гаргаж үндэслэлээ тухайн ажлын чиг үүрэг захиргаа хяналтын хэлтсийн даргын ажил чиг үүрэгт хамаарагдаж байгаа учраас гэж тайлбарладаг. Энэ нь ганц нэг заалтаар хамаардаг ч эдгээр нь хүний нөөцийн ажлаас илүү чухал ажлууд биш юм. Мөн захиргаа хяналтын хэлтсийн даргын цалинг гаргуулахаар нэмж шаардлагаа өөрчилсөн. Хэрвээ 509948 төгрөгийн цалин авч байснаа 627.000 төгрөгийн цалин гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа бол нэмэгдүүлсэн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөх байсан. Нэхэмжлэгчийг эгүүлээд дотоод ажил хариуцсан мэргэжилтний орон тоон дээр тавина гэхээр энэ албан тушаал нь байхгүй болсон, захиргаа хяналтын хэлтсийн даргад тавих гэхээр шаардлага нь хангагдахгүй байгаа гэх зэргээр хэрэгжүүлэхэд хэрхэн яаж гэдэг нь ойлгомжгүй байгаа юм. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд ерөнхий газрын даргын тушаалыг үндэслээд ажилд нь томилох шийдвэр гаргах байх. Хишигдаваа дарга байгууллагын албан хаагч нарын бичиг баримттай танилцаад Захиргаа хяналтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Хэнчбишийг томилсон байдаг. Байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотой 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шинээр ажлын байрны тодорхойлолтыг өөрчилсөн ба үүнээс өөр шинээр ажлын байрны тодорхойлолт дахин батлагдаагүй байгаа. Ингэхдээ Захиргаа хяналтын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод ажлын туршлагатай, ур чадвартай, нямбай хүнийг тавих шаардлага үүссэн. Өөрөөр ямар нэгэн сонгон шалгаруулалт бол хийгдээгүй харин одоо Ерөнхий газраас нь тухайн орон тоонд сонгон шалгаруулалт зарлах байх гэсэн чигтэй байгаа. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын тушаалаар цалинг олго гэсэн байгаа учраас эрсдлийн сангаас цалинг олгоно.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаас Захиргаа хяналтын хэлтсийн даргын ажилд тогтоолгох шийдвэр гаргахыг даалгах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, харин ажилгүй байсан хугацааны цалин болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт төлөлт, нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
3.Гуравдагч этгээд ******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “.... Миний бие Монгол Улсын их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг нийгмийн ажилтан мэргэжлээр 2008 онд төгсч, 2009 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс /хуучнаар/-т Өндөршил сум хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж, 2010 оны 11 сарын 25-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. 2013 он 5 дугаар сарын 20-ны өдөр Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс/хуучнаар/-т халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж улмаар 2016 оны 10 дугаар сарын 24-нд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын Б/46 дугаарт тушаалаар “Захиргаа хяналтын хэлтсийн дарга”-р томилогдон ажиллаж байна.
Гэтэл тус нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс/хуучнаар/-т дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан ******* нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б/17 дугаарт тушаалаар орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн атлаа Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга *******ад холбогдуулан Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж урьд нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийлгүүлэх зэрэг шаардлага гаргасан байдаг ба 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч ******* нь шүүхэд өгсөн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж өөрийнхөө нь ажлын байрны чиг үүрэг Захиргаа хяналтын хэлтсийн даргын эрх хэмжээний хүрээнд багтаж байх тул Захиргаа хяналтын хэлтсийн даргаар томилуулахыг даалгаж захиргааны акт гаргахыг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байгааг хэрэг материалтай танилцах явцад мэдлээ.
Иймд Захиргаа хяналтын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэж байгаа ******* миний хууль ёсны эрх, эрх ашиг сонирхол хөндөгдөж байх тул нэхэмжлэгч *******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь би тус байгууллагад нийгмийн халамжийн чиглэлээр 7 жил 7 сар ажиллаж тодорхой хэмжээний мэдлэг, ур чадвар, туршлага эзэмшиж удаа дараа шагнагдсан тул хамт олон маань намайг үнэлж Захиргаа хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилсон түүнээс биш би хүний ажил булаацалдаагүй ээ. Иймд нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн хувьд бие даасан шаардлага гаргаагүй, хариуцагчийн “*******ийг ажлаас чөлөөлсөн Б/17 тоот” тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын гол үндэслэл болох Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/255 тоот тушаал хуульд нийцэж гарсан эсэх дээр тайлбарлах нь зүйтэй. Хишигдаваа даргын тушаалыг хүчингүй болгосон дээрх акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус шийдвэр юм. Тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан бодит байдалд биелүүлэх боломжгүй, уг актад Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон ямар ч шүүхийн шийдвэр гараагүй байхад уг заалтыг үндэслэн Б/255 тоот тушаал гаргасан нь буруу. Иймээс энэхүү илт хууль бус шийдвэрийг доод шатны албан тушаалтан биелүүлэх үүрэггүй. Гэтэл хариуцагч Хишигдаваа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгааг ойлгохгүй байна.
Мөн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тушаалыг биелүүлэхийг даалгахыг шаардсан нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдаан дээр гаргасан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 99 дүгээр зүйлд заасан тухайн тушаалыг гарснаас хойш буюу мэдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг баримтлах ёстой. Иймд энэ тушаалыг хэзээ мэдсэн гэдгээ нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч анх ажлаас чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргаснаас биш Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хандаагүй байдаг. Гэтэл Төрийн албаны зөвлөлд харъяалагдах тухайн маргааныг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт шилжүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлд “гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага гомдлыг шийдвэрлүүлэхээр бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн.
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын тушаалд захиргаа хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томил гэсэн үг үсэг, нэг заалт ч байхгүй. Хэрвээ дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулах шаардлага гаргаад байгаа бол энэ албан тушаал хэрэгт авагдсан баримтаас харахад байхгүй болчихсон байгаа. Захиргаа хяналтын хэлтсийн даргын чиг үүрэгт дотоод ажил хариуцсан мэргэжилтний чиг үүргээс ганц нэг нь л хамаардаг, ихэнх нь хүний нөөц талдаа байгаа. Иймээс Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Хишигдаваа даргын гаргасан 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/17 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн *******ээс аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын ажлаас чөлөөлсөн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/17 тоот “*******ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт төлөлт, нөхөн бичилт хийлгэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан. /хх-1-2/
Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн дээрх актыг эс зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 2-нд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандаж тус зөвлөлөөс 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1186 тоот албан бичгээр хариуг /хх-18-20/ өгснийг үндэслэн нэхэмжлэл гаргасныг шүүх 2016 оны 12 дугаар сарын 15-нд хүлээн авч хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.
Нэхэмжлэгч ******* нь 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан дээр “Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/255 тоот “тушаал хүчингүй болгох тухай” тушаалын /хх-134, 114-119/ хэрэгжилтийг хангаж намайг тус газрын Захиргаа хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгах шийдвэр гаргах, ажилгүй хугацааны цалин олговрыг ТЗ-7-2 шатлалаар сарын үндсэн цалин 627465 төгрөгөөр тооцож 4517730 төгрөгийг хариуцагчаас гаргуулж надад олгох, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл төлж дэвтэрт бичилт хийлгэхийг тус тус даалгаж өгнө үү“ гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснөө /хх-120-121/ шүүх хуралдаан дээр тодорхойлж тайлбарлав.
Шүүхээс хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж заримыг хэрэгсэхгүй болгов. Үүнд:
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 тоот “аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” /хх-29/, Хөдөлмөр халамж үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/21 тоот “аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц орон тоо батлах тухай” тушаал хавсралт /хх-37-38/-аар, тус аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт нийт 44 орон тоог баталсан байх ба нэхэмжлэгчээс дотоод ажил, хүний нөөцийн чиг үүрэг нь захиргаа хяналтын хэлтсийн даргын чиг үүрэгт шилжсэн тул намайг аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын захиргаа хяналтын хэлтсийн даргын ажилд томилж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэж шаардлагаа тодорхойлжээ.
******* нь тус газрын Дотоод асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд Дундговь аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 04 дугаар сарын 23-ний өдрийн Б/18 тоот тушаалаар /хх-6/ 6 сарын хугацаагаар түр томилогдсон, мөн хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 тоот тушаалаар /хх-5/ жинхэлж томилогдсон, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/10 тоот “ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай” тушаалаар /хх-30-32/ аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлсэн, Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 9-р сарын 28-ны өдрийн “Ажилтан албан хаагчдыг шилжүүлэн авах тухай” Б/01 тушаалаар шилжүүлэн авсан /хх-226/, Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б/17 тоот тушаалаар /хх-4/ *******ийг тус газрын дотоод ажил хариуцсан мэргэжилтэнээс чөлөөлжээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсний улмаас шүүх гуравдагч этгээдээр *******ийг татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. /хх-138-140,143,145, 146/
Төрийн албаны тухай хуулийн 27-р зүйлийн 27.2.3-т зааснаар холбогдох албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг , ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж хуулиар тогтоосон ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн “бидний хооронд ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулаагүй, шууд л бүтцийн өөрчлөлт гэдгээр намайг халсан” гэх , хариуцагчийн “ямар нэгэн сонгон шалгаруулалт хийгээгүй, хурлын тэмдэглэл байхгүй, ажлын туршлагатай гэж үзэж Хэнчбишийг шууд захиргаа хяналтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон”, гуравдагч этгээд Хэнчбишээс “........Би тус газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/46 тоот тушаалаар /хх 159/ тус газрын захиргаа хяналтын хэлтсийн даргын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр ямар нэгэн шалгаруулалтгүйгээр томилогдсон” гэж шүүх хуралдаанд өгсөн тайлбаруудаар тус тус тогтоогдож байна.
Улсын дээд шүүхийн 2010 оны 4-р сарын 26-ны өдрийн 08-р “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 15-р зүйлд төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т ”төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн“ гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томьёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажил чиг үүрэг нь Захиргаа хяналтын хэлтсийн даргад шилжсэн, агуулга нь хэвээр хадгалагдаж байгаа болох ньДотоод ажил хариуцсан мэргэжилтний болон захиргаа хяналтын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт /хх-130-133, 57-62/, үр дүнгийн гэрээ /хх-9-15/, үр дүнгийн гэрээг дүгнэсэн илтгэх хуудас Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын 2016 оны 9-р сарын 1-ний өдрийн Б/21 тоот “аймаг нийслэл, дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц орон тоо батлах тухай” тушаалын хавсралтад /захиргаа хяналтын хэлтсийн дарга хүний нөөц дотоод ажил хариуцана гэх бичиглэл”/хх-57-62/ зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч *******, гуравдагч этгээд ******* нар нь төрийн албаны шалгалт өгч тэнцсэн /хх-127, 153/, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн /хх-152, 16/, байх ба хариуцагчийн “тус газрын дотоод ажил гэдэг нь хурал зөвлөгөөн зохион байгуулах, тушаал шийдвэрийн төсөл бэлтгэх, төлөвлөгөөний хэрэгжилт гаргах гэх мэтээр байна. Дотоод ажил нь захиргаа хяналтын хэлтсийн даргын ажилд хамаарч байгаа” гэх тайлбар, түүний өмгөөлөгчийн дотоод ажил нь ажлын байрны тодорхойлолтын зөвхөн нэг заалтаар л хангагдаж байгаа бусад хэсэг нь хүний нөөц талдаа” гэх тайлбар, гуравдагч этгээдийн “миний ажил үүрэгт тушаал шийдвэр боловсруулах..... зэрэг ажил хамаарч байгаа” гэх, нэхэмжлэгчийн “дотоод ажил гэдэгт хурал зөвлөгөөний бэлтгэл хангах, тушаал шийдвэрийн төсөл боловсруулах, үр дүнгийн гэрээг байгуулах гэх мэтээр шинэ ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлууд хамаарч байгаа” гэх тайлбарууд, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр баталсан ажлын байрны тодорхойлолт /57-62/, 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр батлагдсан ажлын байрны тодорхойлолт/130-133/ зэргийг харьцуулж үзэхэд дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажлын чиг үүрэг захиргаа хяналтын хэлтсийн даргын чиг үүрэгт хадгалагдан үлдсэн байх тул тэргүүн ээлжинд нэхэмжлэгч ******* тус газрын Захиргаа хяналтын хэлтсийн даргын ажилд ажиллах давуу эрхтэйг хуульчилжээ.
Иймээс хариуцагч *******а байгууллага дотроо ажлын хэсэг томилон, дүгнэлт гаргуулж хуульд заасан ерөнхий болон тусгайлсан шаардлагыг хамгийн илүү хангасан хүнийг сонгон шалгаруулах замаар бүтцийн өөрчлөлтийг хийж холбогдох томилгоог хийгээгүй, нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон ажил хөдөлмөр эрхлэх эрхийг зөрчсөн болох нь тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч *******а нь Монгол Улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/127 тоот тушаалаар /хх-72/ Дундговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн томилогдсон ба хариуцагчийн өмгөөлөгчөөс Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1186 тоот баримтыг/хх-18/ нотлох баримтаас хасуулах хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргасныг хүлээн авах боломжгүй учир нь уг баримт бол урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий байгууллагаас хийгдсэн ажиллагаа юм.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, нэхэмжлэгч нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн тушаалыг хэзээ мэдсэнээсээ хойш 30 хоногийн дотор гомдол гаргах байтал 80 хоногийн дараа гомдол гаргасан, дээрх акт нь анхнаасаа илт хууль бус акт байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлд зааснаар хэзээ ч энэхүү актад гомдол гаргах эрх нээлттэй гэж тайлбарлаж маргаж байгаад шүүхээс дүгнэлт өгөх нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр уг тушаалыг /хх-114-119/нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн ба нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчаас шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа “нотлох баримт цуглуулахаар 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Ерөнхий газарт очиж энэ тушаалыг мэдэж олж авснаар шүүхэд гаргасан шаардлагаа өөрчилсөн” гэх тайлбар, хариуцагчийн “2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан дээр мэдсэн үүнээс хойш ямар нэгэн гомдол гаргаагүй гэхдээ зохих эрх бүхий албан тушаалтнуудтай уулзсан, би биелүүлэх үүрэгтэй” гэх тайлбар, гуравдагч этгээдийн “2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ өөрчилсөн шаардлагатай холбогдуулан гуравдагч этгээдээр татаж нэхэмжлэлийн хувь гардуулахад мэдсэн” гэх тайлбар зэргээс дүгнэхэд дээрх тушаалыг 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч, гуравдагч этгээд нарыг мэдсэн, гэж үзэхээс гадна нэхэмжлэгч 2017 оны 2 дугаар сарын 1-нд Хөдөлмөр халамж үйлчилгээний Ерөнхий газарт очиж авсан гэдэг нь шүүхэд өгсөн /130-135/ баримтуудаар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгч хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.
Иймд хариуцагч, гуравдагч этгээд нараас Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн Б/255 тоот тушаалыг мэдсэнээс хойш хуулиар тогтоосон хугацаанд гомдол гаргаагүй, дээрх шийдвэрийг хүчингүй болгох эсэх талаар нэхэмжлэлийн шаардлага гараагүй, шийдвэрийг биелүүлбэл зохих эрх бүхий байгууллага хүлээн зөвшөөрч байгаа, гуравдагч этгээдээс энэ талаар бие даасан шаардлага гаргаагүй зэргээ шүүх хуралдаан дээр тус тус тайлбарласан.
Мөн өмгөөлөгчөөс хариуцагч *******ийг ажлаас чөлөөлсөн Б/17 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй тул энэхүү тушаалыг хэвээр үлдээж өгнө үү гэж тайлбарладаг ба уг ажлаас чөлөөлсөн Б/17 тоот /хх-4/ тушаалыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын Б/255 тушаалаар хүчингүй болгосон тул хүчингүй болгогдсон тушаалын талаар шүүх дүгнэх үндэслэлгүйгээс гадна энэ шаардлагаа нэхэмжлэгч өөрөө өөрчилсөн .
2.Ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 10,11,12, 2017 оны 1,2,3-р сарын цалин олговорт нийт 4517730 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 3-наас эхлээд өнөөдрийг хүртэлх хугацааны цалин олговорт 4517730 /дөрвөн сая таван зуун арван долоон мянга долоон зуун гучин төгрөг/төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 332-р тогтоолын нэг дүгээр хавсралтаар /хх-122-125/ батлагдсан ТЗ-7-2 шатлалаар бодож сарын үндсэн цалинг 627465 төгрөгөөр тооцож /хх-120-121/ нэхэмжилснийг хангах үндэслэлгүй харин дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалын үндсэн цалингаар буюу ТЗ-5-2 шатлалаар, сарын 540033 төгрөгөөр тооцож 2016 оны 10,11,12, 2017 оны 1, 2, 3-р сарын 28-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагч аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Учир нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн Б/255 тоот тушаалаар /хх-134/ аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргын Б/17 тоот тушаалыг /хх-4/ хүчингүй болгосон хэдий ч тус газрын захиргаа хэлтсийн даргын албан тушаалд томилгоог хийгээгүй, томилох эрх бүхий субьектээс дээрх албан тушаалд Дашбилэгийг томилсон ямар нэгэн шийдвэр гаргаагүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин олговрыг ТЗ-5-2 шатлалаар тооцож олгох нь үндэслэлтэй.
Мөн хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг буюу ажилгүй хугацааны цалин олговрыг олгохыг хүлээн зөвшөөрч Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын тушаалыг биелүүлэх үүрэгтэй гэв.
3.Эрүүл мэндийн даатгал, Нийгмийн даатгалын дэвтэрт төлөлт, бичилт хийлгэхийг хүссэн шаардлагын хувьд:
Нэхэмжлэгчийн 2016 оны 10,11,12-р сар, 2017 оны 1, 2,3-р сарын ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгохыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул дээрх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас төлж нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийж өгөх нь зүйтэй.
Нэгэнт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн цалин олговрыг хэрэгсэхгүй болгох зэрэгтэй холбоотойгоор хариуцагчийн төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувилахаар тогтов.
Өмгөөлөгч *******гээс “нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх гардуулж тайлбар авах шаардлагатай байсан” гэх ажиллагааг захиргааны хэргийн шүүхээс зохих ёсоор хэрэгжүүлсэн /хх-146-147, 166-167/ болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.13, 106.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн *******ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хариуцагдах “Хөдөлмөр, халамж үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Б/255 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулж тус газрын Захиргаа хяналтын хэлсийн даргаар томилох шийдвэр гаргахыг даалгах, ажилгүй хугацааны цалин 4517730 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд төлөлт, бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж *******ийг Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Захиргаа хяналтын хэлтсийн даргаар томилох шийдвэр гаргахыг хариуцагч аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар /даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******а/-т даалгасугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан *******ийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 3898872 төгрөгнөөс зохих суутгал шимтгэлийг хийж нэхэмжлэгчид олгон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож, илүү нэхэмжилсэн 618858 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ:ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СУГИРЖАВ.