Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 106

 

Б.Одонцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч С.Өмирбек, шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 153/ШШ2016/00440 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багт оршин суух Илчийнхэн овогт Баатарбилэгийн Одонцэцэгийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Татварын хэлтэст холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Одонцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Б.Одонцэцэг би Татварын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар Татварын хэлтэст үйлчлэгч, сахиулаар орж ажилласан. Миний бие 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр охин Цэлмүүнийг төрүүлж жирэмсний амралтаа  авч, 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа орсон. Намайг Татварын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/24 дугаартай тушаалаар 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй. Би тус ажлаас чөлөөлсөн тушаалыг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан. Миний бие 3 нас хүрээгүй хүүхэдтэй эх бөгөөд ажлаас халагдсан тушаал нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа тул намайг Ховд аймгийн Татварын хэлтсийн үйлчлэгчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү. Намайг тус хэлтсийн сахиулын ажилд томилж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Тус хэлтсийн үйлчлэгч сахиулаар ажиллаж байсан М.Содхүүг 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/25 дугаартай тус хэлтсийн даргын тушаалаар халсан. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 148 дугаартай захирамжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч З.Долгор шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/24 дугаартай хэлтсийн даргын тушаалаар үйлчлэгч, сахиул М.Содхүүг эгүүлэн томилсон. Иймд сахиулаар ажиллаж байсан Б.Одонцэцэгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 37.1.5-д.заасан үндэслэл бий болсон тул хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн болно.” гэжээ. 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 153/ШШ2016/00440 дугаар шийдвэрээр: “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Илчийнхэн овогт Баатарбилэгийн Одонцэцэгийг Ховд аймгийн Татварын хэлтсийн сахиулын ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Б.Одонцэцэгийн ажилгүй байсан хугацааны олговорт 3,882,720 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Татварын хэлтсээс гаргуулан нэхэмжлэгч Б.Одонцэцэгт олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Б.Одонцэцэгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Татварын хэлтэст үүрэг болгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Одонцэцэг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Татварын хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 147,273 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.” гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Шүүх нотлох баримтыг зөвхөн нэг талаас барьж шийдвэрлэсэн. Энэ Ховд аймгийн татварын хэлтэс шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж Б.Одонцэцэгийг ажлаас чөлөөлсөн байхад хуулийг буруу хэрэглэсэн. Ховд аймгийн Татварын хэлтэс нь үйлчлэгч сахиул гэсэн нэг орон тоотой байхад шүүх 2 хүн ажилд эгүүлэн тогтоож шийдвэр гарган Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалтыг ноцтой зөрчиж байна. Шүүх шийдвэрийг албадан гүйцэтгэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь ажил олгогчийн санаачлага, хүсэл зоригоос шалтгаалахгүй байхад Хөдөлмөрийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан зохицуулалтыг барьж хуулийг хэрэглэсэн тул Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 440 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Б.Одонцэцэг нь   ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Ховд аймгийн Татварын хэлтэст холбогдуулан   гаргажээ. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа тодруулж тус хэлтсийн сахиулын ажилд   эгүүлэн тогтоолгохыг хүссэн байна. (хх-ийн 81 дүгээр тал) Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч “Ховд аймгийн татварын хэлтэс шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж Б.Одонцэцэгийг ажлаас чөлөөлсөн байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж” шийдвэрлэлээ гэж давж заалдах гомдол гаргажээ. Хэрэгт авагдсан баримтаар Ховд аймгийн Татварын хэлтсийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/24 дүгээр тушаалаар   Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйл, 36 дугаар зүйлийн 36.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.4.-т зааснаар 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон тус хэлтэст үйлчлэгчээр ажиллаж байсан БСайханцэцэг, сахиул Б.Одонцэцэг нарыг ажлаас чөлөөлж, энэ өдрөөс эхлэн үйлчлэгч сахиулаар М.Содхүүг томилсон байна. (хх- ийн 4 дүгээр тал) Ажил олгогч ажилтан нарын хооронд 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд “ажилчны албан тушаалын нэр” гэдэгт “сахиул” гэж, “ажилчны гүйцэтгэх үүрэг”-т “татварын хэлтсийн байр,эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хадгалж,хамгаалалт гадна цэвэрлэгээг хариуцна” гэжээ. (хх- ийн 5 дугаар  тал) Б.Одонцэцэгийг 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Татварын хэлтэст үйлчлэгч-сахиулаар ажилд авсан болох нь тус хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар тогтоогдсон байна. (хх- ийн 57 дугаар  тал) Хэргийн 8 дугаар талд Б.Одонцэцэгийн Нийгмийн даатгалын дэвтэрт даатгуулагчийн ажил албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэлд Ховд аймгийн Татварын хэлтэст сахиул-үйлчлэгчээр томилж,сахиулын ажлаас чөлөөлсөн тухай тэмдэглэжээ.

Хариуцагч тал урьд нь тус хэлтсээс ажлаас буруу халагдсан гэх үндэслэлээр    шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн тогтоосон М.Содхүүг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/24 дугаар тушаалаар үйлчлэгч сахиулын ажилд томилсон тул  Б.Одонцэцэгийг хуульд зааснаар сахиулын ажлаас чөлөөлсөн  гэж тайлбарлажээ. (хх- ийн 17 дугаар  тал) М.Содхүү шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үйлчлэгч сахиулын ажлаас халагдсан тул үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн байна. (хх- ийн 19 дүгээр  тал) Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр  шүүх шүүгчийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 682 дугаар захирамжаар М.Содхүүг Ховд аймгийн Татварын хэлтсийн  үйлчлэгчийн ажилд эгүүлэн авах, ажилгүй байсан хугацааны цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгохоор эвлэрлийн гэрээ байгуулсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. М.Содхүү Татварын хэлтэст үйлчлэгч,сахиулын ажилд 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр орж, 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр уг ажлаас чөлөөлөгдсөн болох нь 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 57 дугаар тушаал, 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар тогтоогдож байна./хх-ийн 55,56 дугаар тал/

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Одонцэцэгийг ажилд авсан   2013 он 10 дугаар сарын 01-ний Б/28 дугаар тушаалд түүнийг  ”үйлчлэгч,сахиулын” ажилд томилон ТҮ зэрэглэлийн нэг дэх шатлалаар буюу 322623 төгрөгөөр цалинжуулж, үйлчлэгчийн ажил гүйцэтгэсний нэмэгдлийг үндсэн цалингийн 10 хувиар тооцож олгохоор тогтоожээ. (хх- ийн 57 дугаар  тал) Үйлчлэгч сахиул Б.Одонцэцэг нь  2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жирэмсний чөлөө авсан бөгөөд түүнийг жирэмсний чөлөөтэй байх хугацаанд Б.Сайханцэцэгийг үйлчлэгчээр, Ц.Алдарыг сахиулаар түр томилж ажиллуулж байжээ. (хх- ийн 58 дугаар  тал) Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх баримтаар нэхэмжлэгч Б.Одонцэцэг нь Ховд аймгийн Татварын хэлтэст үйлчлэгч, сахиулын ажилд томилогдож, энэ ажлаас чөлөөлөгдсөн болох нь тогтоогдож байна. Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/59 дүгээр тушаалаар Ховд аймгийн Татварын хэлтсийн 2015 онд ажиллах орон тооны дээд хязгаарыг 48 байхаар хавсралтаар баталжээ. (хх- ийн 65-66  дугаар  тал) Уг тушаалаар батлагдсан орон тооны хэмжээ хязгаартай уялдуулан Ховд аймгийн Татварын хэлтсийн дарга 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/18 дугаар тушаалаар  байгууллагын “2015 оны бүтэц, албан хаагчдын орон тоог” шинэчлэн баталж, хавсралтанд төрийн захиргаа хууль эрх зүйн тасагт “сахиул, үйлчлэгч” тус бүр нэг нэг байхаар тусгажээ.Энэ орон тоонд Б.Сайханцэцэг үйлчлэгчээр, Ц.Алдар сахиулаар түр ажиллаж байжээ. Тус хэлтсийн даргын “Хэлтсийн бүтэц орон тоог өөрчлөх”  тухай   2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр А/59 дүгээр тушаалаар “сахиул, үйлчлэгч”-ийн орон тоог нэг байхаар өөрчлөн тогтоожээ.   

Шинээр батлагдсан орон тооны хэмжээ хязгаарын дотор үйлчлэгч,сахиулын ажлаас халагдсан М.Содхүүг шүүгчийн захирамжийн дагуу урьд ажиллаж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажлыг хийж гүйцэтгэж байсан  Б.Одонцэцэг,Б.Сайханцэцэг нарыг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т  заасан   шаардлагад  нийцсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд      ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан  ажил  албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй болохыг, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т  ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгөхийг  зохицуулжээ. Дээрх хуульд заасан ажилд эгүүлэн тогтоогдсон ажилтны эрхэлж байсан ажил албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудал ажил олгогчийн санаачилга, хүсэл зоригоос шалтгаалахгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхтэй холбоотойгоор хийгдэж байгаа ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн үйл ажиллагааг зохицуулсан, хориг бүхий эрх зүйн хэм хэмжээг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх хуулиар тогтоосон үүргийг үгүйсгэх үндэслэл болгож болохгүй ба анхан шатны шүүх энэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийг   буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гэж үзлээ.Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хуульд зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 153/ШШ2016/00440 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан  нэхэмжлэгч Б.Одонцэцэгийн хариуцагч Ховд аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тус тус тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д. ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

                                                                        Н.ТУЯА