Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/00216

 

Ц.Л нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/01935 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2003 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ц.Л нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, Баянгол дүүрэг 11 дүгээр хороо 4 дүгээр хороолол 1-35 тоотын 2 давхар орон сууц, газрыг битүүмжилсэн ажиллагааг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чинхүүний гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 102/ШШ2015/07774 дугаар захирамжаар “Жаргал кашмер” ХХК-иас 405 679 885 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүргийн гүйцэтгэлд өмчлөгч миний Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205044575 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол Зүүн ард Аюушийн 1-35 тоотод байрлах 300 м.кв талбай бүхий 2 давхар орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2205005113 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбай бүхий газрыг барьцаалсан байсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр авагчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд тус албанаас үл хөдлөх эд хөрөнгөө хэдэн төгрөгөөр үнэлэх талаар асууж хандахад нь миний бие орон сууц болон газраа хамтад нь 4 тэрбум төгрөгөөр үнэлэх талаараа хэлсэн. 

Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба миний үл хөдлөх эд хөрөнгөө газрын хамт үнэлсэн үнэ болох 4 тэрбум төгрөгийн үнэлгээг үндэслэлгүйгээр бууруулан, өнөөдрийн зах зээлийн үнэ ханш, орон сууц газрын үнэлгээнээс хэт доогуур буюу 2 800 000 000 төгрөгөөр үнэлэн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 3/35655 тоот мэдэгдлийг шуудангаар илгээснийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч мэдсэн. Зах зээлийн ханшаар Баянгол дүүрэг 11 дүгээр хороо, 4 хороололд байрлах 250-350 м.кв талбай бүхий 2 давхар орон сууц, 650-750 м.кв талбай бүхий газар нийлээд 4-5 тэрбум төгрөгийн үнэ ханштай байдаг. Гэтэл ямар үндэслэлээр миний өмч хөрөнгийг ийм доогуур үнэлгээгээр үнэлж байгааг ойлгох боломжгүй байна.

Иймд миний бие өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг 11 дүгээр хороо, 4 хороолол Зүүн ард Аюушийн 1-35 тоотод байрлах 300 м.кв талбай бүхий 2 давхар орон сууц, 700м.кв талбай бүхий газрыг үндэслэлгүйгээр 2 800 000 000 төгрөг болгон бууруулан үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч, үнэлгээг бууруулсан тухай 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр анх мэдсэнээс хойш 7 хоногийн дотор буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу шүүхэд хандан, үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж байна.

Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлэн үнэлгээг бууруулахдаа үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг битүүмжлэх ажиллагааг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр явуулсан. Тус алба битүүмжлэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу хөндлөнгийн гэрч оролцуулалгүй хийж гүйцэтгэсэн бөгөөд битүүмжлэх тогтоолд гарын үсэг зурсан Э.Бат-Эрдэнэ, Г.Ариунаа гэх хүмүүс энэхүү ажиллагаанд оролцоогүй, битүүмжлэх ажиллагаанд хаана, хэн, ямар эрх үүрэгтэйгээр оролцсон талаар огт мэдээгүй, байгаагүй. Мөн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл дээр гэрч гэж гарын үсэг зуруулсан хүмүүсийн овог, хаяг, регистрийн дугаар зэрэг холбогдох мэдээлэл огт байхгүй байгаа нь эдгээр гэрчүүд энэхүү ажиллагаанд оролцоогүйг нотлож байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасныг зөрчин хөндлөнгийн гэрчгүй хийж гүйцэтгэсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүрэг 11 дүгээр хороо 4 дүгээр хороолол 1-35 тоотын 2 давхар орон сууц, газрыг битүүмжилсэн ажиллагааг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 102/ШШ2015/07774 дүгээр захирамжаар “Жаргал кашмер” ХХК-иас 342 420 473 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205044575 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр хороолол 35 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-2205005113 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр хороолол 35 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт битүүмжилж, хураан авч албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад 4 000 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон тул анхны албадан дуудлага худалдаанд 4 000 000 000 төгрөгийн 70 хувь 2 800 000 000 төгрөгөөр 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагт зарлагдсан, үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Анхны албадан дуудлага худалдааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан хугацаа журмын дагуу явуулсан байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/01935 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 122 дугаар зүйлийн 122.5, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, үнэлгээг хүчингүй болгуулах, битүүмжилсэн ажиллагааг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн тухай Ц.Л нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2003 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/01935 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 122 дугаар зүйлийн 122.5, 55 дугаар зүйлийн 55.7-д” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 37 дугаар зүйлийн 37.3, 34 дүгээр зүйлийн 34.3” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг битүүмжлэх ажиллагааг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр явуулсан. Уг битүүмжлэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу хөндлөнгийн гэрч оруулцуулалгүй хийж гүйцэтгэсэн бөгөөд битүүмжлэх тогтоолд гарын үсэг зурсан Э.Бат-Эрдэнэ, Г.Ариунаа гэх хүмүүс энэхүү ажиллагаанд оролцоогүй, битүүмжлэх ажиллагаа хаана, хэн, ямар эрх үүрэгтэйгээр оролцсон талаар огт мэдээгүй байсан юм. Мөн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл дээр гэрч хэмээн гарын үсэг зурсан хүний овог, хаяг, регистрийн дугаар зэрэг холбогдох мэдээлэл байхгүй байгаа нь эдгээр гэрчүүд энэхүү ажиллагаанд оролцоогүй болох нь хангалттай нотлогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41.1, 41.6, 41.8 дахь хэсэгт заасан зүйлүүдийг зөрчиж, хөндлөнгийн гэрчгүй хийж гүйцэтгэсэн нь тодорхой байхад 2 шатны шүүх үүнд огт ач холбогдол өгөхгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг явуулах үедээ хууль зөрчиж, зохисгүй үйлдэл гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар илэрхий тогтоогдож байхад шүүхийн зүгээс үүнд дүгнэлт өгөөгүй байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт “Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, үүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэж заасан байдаг боловч нэхэмжлэгч Ц.Лхагважаргал нь тухайн үед сэтгэл санааны хувьд тогтворгүй, санхүүгийн хувьд маш хүнд нөхцөлд байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.3 дахь хэсэгт заасны дагуу хугацаандаа гомдол гаргах эрхээ иргэн хүнийхээ хувьд эдлээгүй. Мөн гомдол гаргах эрхтэй талаар шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс Ц.Лхагважаргалд огт танилцуулалгүй, мэдэгдэлгүй өнгөрөөсөн нь иргэн Ц.Лхагважаргалын хууль, эрх зүйн мэдлэггүй байдлыг ашиглаж, ийм байдалд хүргэсэн нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хувьд төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг байгууллага атал ингэж хариуцлагагүй алдаа гаргаж, иргэн хүний гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хийсний улмаас нэхэмжлэгчийг их хэмжээний хөрөнгөөр хохироосон нөхцөл байдал үүсээд байхад 2 шатны шүүх үүнийг хууль, цаашлаад иргэн хүнийг төрийн байгууллага хэрхэн хохироож байгаа тал дээр нухацтай дүгнэлт хийхгүй байгаа нь Ц.Лхагважаргалыг шүүхэд итгэх итгэлийг нь үгүй болгоход хүргээд байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс энэхүү хөрөнгийг битүүмжлэх тогтоолд гарын үсэг зурж, битүүмжлэх ажиллагаанд оролцсон гэх Э.Бат-Эрдэнэ, Г.Ариунаа гэх хүмүүсийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу хүсэлт гаргаж, оролцуулах боломжтой байсан ч тэрхүү эрхээ эдэлж чадаагүйн улмаас ийнхүү иргэн хүний хувьд олон жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон үнэт зүйлсээрээ, хууль бус битүүмжлэх үйл ажиллагаа явуулсан шийдвэр гүйцэтгэгчийн хариуцлагагүй ажиллагааны улмаас хохироход хүрээд байна. Мөн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх үүнд огт ач холбогдол өгөхгүй ийм шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Ц.Л нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх бичиг баримт, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны зүгээс үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилж, хураасан ажиллагаа, төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар өгсөн санал зэрэг үйл баримтыг шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дүгнэж, энэхүү ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзэж, шийдвэр, магадлалд тодорхой тусгажээ. Хоёр шатны шүүхийн дээрх дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Давж заалдах шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг хоёр шатны шүүх зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2003 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН