Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2019/ШЦТ/139

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч Э.Ариунболд,

хохирогч Д.Ө,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Д*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б*******,

өсвөр насны шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.Ад холбогдох эрүүгийн 1907003710138 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, *******, , , , өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Б.А, регистрийн дугаар **********,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Өсвөр насны шүүгдэгч Б.А нь Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах соёлын ордны өмнө 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн орчимд өсвөр насны Д.Өтай маргалдан улмаар элэг рүү 2-3 удаа цохиж, нүүр хэсэг рүү нь өшиглөж биед нь баруун 5-7 дугаар хавирганы цууралт, тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өсвөр насны шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тэр үед М гэдэг манай найз намайг Д.Ө зодсон гэж хэлсэн. Тэгээд би Өт чи манай найзыг зодсон юм уу гэхэд үгүй манай ах нар зодсон гэсэн. Тэгээд би хөл рүү нь нэг удаа өшиглөөд тэр зодсон хүмүүстээ очиж хэлээрэй гэсэн.  Тэгсэн утсаар яриад ахыгаа дуудсан. Ах нь ирээд над руу дайрахад Д.Ө миний нүүр рүү хажуунаас нь цохьсон. Тэгээд эргээд явахад нь би хойноос нь татаад нүүр рүү нь цохиод, газар унагаагаад өшиглөсөн” гэв.

Хохирогч Д.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би аавдаа хоол хүргэж өгчихөөд цаашаа ангийнхантайгаа уулзаад харих гээд явж байхад намайг араас Өсөхөө гээд дуудсан. Тэгээд цаанаас А ирж байсан. Тэгээд надаас та нар Мг зодсон юм уу гэхэд “би зодоогүй. Би өмөөрүүлээд явуулсан” гэсэн. Манай хорооны хүүхдүүд зодох гэж байсан гэж хэлсэн. “” эмийн сангийн дээшээ намайг авч явсан. Тэгсэн миний хөл рүү өшиглөөд байсан. Нэг нь наадахныхаа нэг юмыг аваад үлдээчих тэр хорооныхныгоо дуудах байх гэж хэлсэн. Тэгээд ах байвал ахыгаа дууд гэсэн. Тэгээд би ахыгаа дуудсан. Тэгээд төд удалгүй манай ах ирсэн. Тэгсэн эд нар дайрсан” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 02-ны орой 19 цагийн орчимд би Соёлын ордны урд талбай дээр сууж байхад М, Б, А нар хэдэн хүүхэдтэй ордны хажуугаар Элит рүү чигтээ явж байхаар нь араас нь очиход А Өын нүүрэнд нь өшиглөчихсөн Ө уйлаад “агаа болъё уучлаарай” гээд байсан. Би эргээд талбай дээр очоод байж байхад тэнд Өын ах нь бололтой нэг жижигхэн залуу ирээд дүүгээ өмөөрөөд хүн болгон руу гар далайгаад байхаар нь би очиход Ө ахыгаа хараад хөөрсөн үү яасан шууд Агийн нүүрэнд нэг удаа цохиод авсан. Тэр үед ах нь болох жижигхэн залуу А рүү дайрахаар нь би хажуунаас нь татаж хориглоход чи яах гээд байгаан гээд над руу эргэж зууралдаад 2 биенийхээ хүзүү рүү 2-3 удаа цохилцож М салгахад тэр залуу унаж М бид 2 хоёр талаас нь бие рүү нь 2, 2 удаа өшиглөсөн. Тэгж байхад зүүн талд А дүү Өыг нь унагаачихсан өшиглөж байгаа харагдсан. Тэгээд тэр хоёр чигтээ зугтаасан...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 22 дугаар хуудас/

 

            Насанд хүрээгүй гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 02-ны орой 21 цаг өнгөрч байхад Соёлын ордны урд талбай дээр би хүүхдүүдтэй хөлбөмбөг тоглоод А, Баттулга нар гарбөмбөг тоглож байгаад бөмбөг хол явчихаар нь би хойноос нь яваад ирэхэд ордны зүүн талд хэдэн хүүхдүүд бужигналдаад байхаар нь Баттулга, А, М, Ө нар зогсож байсан. Хажууд нь хэдэн жижигхэн хүүхэд харчихсан байсан. Хэнийг яаж цохиж зодсон гэдгийг би хараагүй...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 29 дүгээр хуудас/

            Гэрч Д.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчимд намайг Бизон дээр зогсож байхад манай дүү Ө над руу залгаад ордны урд хүрээд ир хэдэн хүүхэд зодоод байна гэсэн. Би яваад очиход ордны зүүн талд Ө хэдэн хүүхэдтэй зогсож байсан. Яасын гэхэд нэг нь ирээд намайг элэгдэж унагаад дээрээс өшиглөөд байсан. Би толгой, нүүрээ хамгаалаад хэвтчихсэн дээрээс хэдэн хүүхэд өшиглөөд байх шиг байсан. Тэгсгээд болиод зугтаачихсан. Майн дүүгийн хажууд өндөр том биетэй махлагдуу хүүхэд зогсож байсан...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 33 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/415 дугаар:

            1. Д.Өын биед баруун 5-7 дугаар хавирганы цууралт, тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 41 дүгээр хуудас/

 

            Налайх эрүүл мэндийн төвийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас

            /хх-ийн 39-40 дүгээр хуудас/

 

            Б.Агийн Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 69 дүгээр хуудас/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 70 дугаар хуудас/

           

            Б.Агийн Иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 98 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ

“Өсвөр насны шүүгдэгч Б.А нь Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах соёлын ордны өмнө 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн орчимд өсвөр насны Д.Өтай маргалдан улмаар элэг рүү 2-3 удаа цохиж, нүүр хэсэг рүү нь өшиглөж биед нь баруун 5-7 дугаар хавирганы цууралт, тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэх,

Өсвөр насны шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл “Өсвөр насны шүүгдэгч Б.Агийн хувьд гэм буруу дээрээ маргахгүй байгаа” гэх,

Хохирогч Д.Ө “Улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрч байна. Мөн хохиролоо Иргэний шүүхээр нэхэмжлэх гаргах эрхийг минь нээлттэй үлдээж өгөөч гэсэн саналтай байна” гэх тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, өсвөр насны шүүгдэгч Б.Ад холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Өсвөр насны шүүгдэгч Б.А нь Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах соёлын ордны өмнө 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн орчимд өсвөр насны Д.Өтай маргалдан улмаар элэг рүү 2-3 удаа цохиж, нүүр хэсэг рүү нь өшиглөж биед нь баруун 5-7 дугаар хавирганы цууралт, тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Өсвөр насны шүүгдэгч Б.Агийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Ах нь ирээд над руу дайрахад Д.Ө миний нүүр рүү хажуунаас нь цохьсон. Тэгээд эргээд явахад нь би хойноос нь татаад нүүр рүү нь цохиод, газар унагаагаад өшиглөсөн...” гэх, 

хохирогч Д.Өын “...“” эмийн сангийн дээшээ намайг авч явсан. Тэгсэн миний хөл рүү өшиглөөд байсан. Нэг нь наадахныхаа нэг юмыг аваад үлдээчих тэр хорооныхныгоо дуудах байх гэж хэлсэн. Тэгээд ах байвал ахыгаа дууд гэсэн. Тэгээд би ахыгаа дуудсан. Тэгээд төд удалгүй манай ах ирсэн. Тэгсэн эд нар дайрсан...” гэх,

            Гэрч Э.Б “...2019 оны 08 дугаар сарын 02-ны орой 19 цагийн орчимд би Соёлын ордны урд талбай дээр сууж байхад М, Б, А нар хэдэн хүүхэдтэй ордны хажуугаар Элит рүү чигтээ явж байхаар нь араас нь очиход А Өын нүүрэнд нь өшиглөчихсөн Ө уйлаад “агаа болъё уучлаарай” гээд байсан....” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №08 шэ/415 дугаар “Д.Өын биед баруун 5-7 дугаар хавирганы цууралт, тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

                                                                                                      

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Агийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Өын бие махбодид хөнгөн хохирол учирсан ба өсвөр насны хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч “хохирол 214.940 төгрөгийг гаргуулах нь саналтай байна” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэх,

Өсвөр насны шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл “Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргаж байна. Үүн дээр маргах зүйл байхгүй. Мөн Эрүүгийн хуульд ялыг хойшлуулах ойлголт байгаа. Шүүгч ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг харгалзаж үзнэ үү” гэх тайлбарыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалсан ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу хавтаст хэрэгт баримтаар тогтоогдсон 214.940 төгрөгний хохирол нөхөн төлөөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Хохиролоо барагдуулмаар байна. Өөр гомдол санал байхгүй” гэх тайлбар зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийг хэрэглэж 1 жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд сургалт хүмүүжилтэй холбоотой асуудал дээр нь хяналт тавих үүргийг эцэг, эхэд нь үүрэг хүлээлгэх гэх саналыг шүүх  хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, өсвөр насны шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Аг 150 нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар хийлгэхийг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б*******оос 214.940 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Өт олгуулсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ