Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 5468

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, сурагчийн 70-792 тоотод оршин суух, Андууд тангад овогт Дамдинрагчаагийн Ням-Осор /РД: АВ72122003/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар байр, 5 тоотод оршин суух, Мэргэд овогт Чимэддоржийн Баттулга /РД: ЧП69020154/-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ням-Осор, хариуцагч Ч.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Д.Ням-Осор шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1992 онд Баттулгатай танилцаж 1993 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 461 тоот баталгаагаар бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 1993 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүү Дөлгөөн, 1999 оны 6 дугаар сарын 11-ний өдөр охин Цэнгүүн нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас хамтран амьдрах боломжгүй болж 2001 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин, хүү хоёр маань миний асрамжинд байгаа. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэв.

 

   Хариуцагч Ч.Баттулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Ням-Осороос гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ням-осор нь хариуцагч Ч.Баттулгад холбогдуулан, гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.Ням-Осор, хариуцагч Ч.Баттулга нар нь 1992 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэр бүл болж, 1993 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 1999 оны 6 дугаар сарын 11-ний өдөр охин Баттулгын Цэнгүүн төрсөн нь хавтаст хэрэгт авагдсан 461 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, Б.Цэнгүүний иргэний цахим үнэмлэхийн хуулбар зэргээр нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байна.

 

Талууд таарамжгүй харьцааны улмаас 2001 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байх тул шүүх гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

 

   Талуудыг тусдаа амьдрах үеэс эхлэн охин Б.Цэнгүүн эхийн асрамжинд байгаа нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Түүнчлэн, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа ...харилцан тохиролцож болно.” гэж заасан байх бөгөөд хүүхдийг эхийн асрамжинд үлдээх талаар талууд маргаагүй байх тул хүүхдийн насны онцлог, санал болон өсөж торнисон орчин зэргийг харгалзан эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагчаас тэтгэлэг гаргуулан хүүхдэд олгох нь хүүхдийн эрх ашигт нийцэхээр байна.

 

   Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ” гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй нь тус дүүргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаа дуусгавар болсон талаарх 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 613 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

 

Дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, охин Б.Цэнгүүнийг эхийн асрамжинд үлдээж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Талууд эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Андууд тангад овогт Дамдинрагчаагийн Ням-Осор, Мэргэд овогт Чимэддоржийн Баттулга нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 1999 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Баттулгын Цэнгүүнийг эх Д.Ням-Осорын асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 1999 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Б.Цэнгүүнийг суралцаж   байгаа  бол  18  нас  хүртэл  насанд хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Ч.Баттулгаас гаргуулан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар зохигчид эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Оюуны өмч, Улсын бүртгэл, Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Дөлгөөнд даалгасугай.

      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.БАЯСГАЛАН