Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/142

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгч Р.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Р.Хд холбогдох эрүүгийн 1907003770140 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******,*******, *******, *******, *******, ******* тоотод хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, овогт Р.Х /РД:**********/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Р.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн орой 22 цагийн орчимд *******, тоот хашаанд байсан М.Жийн өмчлөлийн улсын дугаартай Тоёота Чэйзер /Toyota Chaser/ маркын тээврийн хэрэгслийн хойд, урд талын салхины болон хаалга шилийг хагалж, толь, зүүн урд дохио, копуд, дээвэр, крыло зэргийг гэмтээж 1.070.400 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч Р.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би тэр өдөр 3 найзтайгаа хамт жаахан архи уугаад ээжийнд ороод гарахдаа гадаа байсан машины цонхийг хагалж, эвдсэн байсан” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Хохирогч М.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2019 оны 05 дугаар сард дрифт хийх зорилгоор спорт тоногтой Тоёота Чесер маркын тээврийн хэрэгслийг худалдан авч засварлаж дуусаад 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр тэмцээнд оролцсон. Дараа нь 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Монгол 63” дрифт зам дээр зураг авалтад орж орой нь ******* тоотод өөрийн хадам ээжийн хашаанд машинаа тавьсан байсан. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 19-ний орой 22 цагт манай хадам ээж манай эхнэрийн утас руу залгаж Х агсам согтуу тавиад байна гэж хэлсэн. Манай эхнэр тэр үед за болохгүй бол хэлээрэй гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй хадам ээж дахин залгаад болохоо байж байна. Ах чинь машин тэргийг чинь дуусгаж байна гэж байсан. Тэгээд манай эхнэр Улаанбаатар хотоос өөрийн утсаараа Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 7 дугаар хуудас/

 

            Гэрч Ж.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 20-ны орой манай хүү Х манай гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирээд ээж цай байна уу? гэж надаас асуусан. Би цай хийж өгөөд байж байтал гэнэт орилоод ширээ цохиж босож ирээд гараад явчихсан. Тэгээд Х гадаа гараад түс тас гэх чимээ гараад би ардаас нь гартал манай хашаан дотор байсан манай хүргэн Жгийн машины цонхыг хагалж байсан. Би гэрээсээ гарч ирээд Хыг болиулах гэтэл дийлэхгүй байсан учир өөрийн хүргэн дүү Бавке руу залгаад дуудсан чинь Бавке удахгүй орж ирээд болиулаад загнаад байж байтал араас нь цагдаа нар орж ирсэн. Тэгээд Хыг цагдаа нар авч явсан. Би хүргэн Ж руу залгаж чиний машиныг Х эвдээд цонхыг нь хагалчихлаа гэж утсаар яриад Ж ч ирсэн...” гэсэн мэдүүлэг

            /хх-ийн 11 дүгээр хуудас/

 

            “Вендо” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №14696188 дугаар авто машины үнэлгээний тайлан,

            /хх-ийн 17-19 дүгээр хуудас/

 

            *******ны тодорхойлолт,

            /хх-ийн 29 дүгээр хуудас/

 

            Р.Хы Иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 30 дугаар хуудас/

 

            Гэрэлт бүртгэлийн лавлагаа,

            /хх-ийн 32 дугаар хуудас/

 

            Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 33 дугаар хуудас/

 

            Х.Оракбай, Х.Айдана, Х.Айсана нарын төрсний гэрчилгээний хуулбар,

            /хх-ийн 34-36 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ

“Шүүгдэгч Р.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн орой 22 цагийн орчимд *******, тоот хашаанд байсан М.Жийн өмчлөлийн улсын дугаартай Тоёота Чэйзер /Toyota Chaser/ маркын тээврийн хэрэгслийн хойд, урд талын салхины болон хаалга шилийг хагалж, толь, зүүн урд дохио, копуд, дээвэр, крыло зэргийг гэмтээж 1.070.400 төгрөгний хохирол учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай”  гэх,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “...Би гэм буруу дээрээ маргахгүй байгаа...хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Р.Хд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Р.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 20-ны орой 22 цагийн орчимд *******, тоот хашаанд байсан М.Жийн өмчлөлийн улсын дугаартай Тоёота Чэйзер /Toyota Chaser/ маркын тээврийн хэрэгслийн хойд, урд талын салхины болон хаалга шилийг хагалж, толь, зүүн урд дохио, копуд, дээвэр, крыло зэргийг гэмтээж 1.070.400 төгрөгний хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч Р.Хы шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Би тэр өдөр 3 найзтайгаа хамт жаахан архи уугаад ээжийнд ороод гарахдаа гадаа байсан машины цонхийг хагалж, эвдсэн байсан...” гэх, 

хохирогч М.Жийн “...Удалгүй хадам ээж дахин залгаад болохоо байж байна. Ах чинь машин тэргийг чинь эвдээд дуусгаж байна гэж байсан...” гэх,

            Гэрч Ж.Мы “...Тэгээд Х гадаа гараад түс тас гэх чимээ гараад би ардаас нь гартал манай хашаан дотор байсан манай хүргэн Жгийн машины цонхыг хагалж байсан. Би гэрээсээ гарч ирээд Хыг болиулах гэтэл дийлэхгүй байсан учир өөрийн хүргэн дүү Бавке руу залгаад дуудсан чинь Бавке удахгүй орж ирээд болиулаад загнаад байж байтал араас нь цагдаа нар орж ирсэн...”  гэх мэдүүлэг болон Вендо” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №14696188 дугаар авто машины үнэлгээний тайлан зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

                                                                                                      

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Р.Хы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Жийн эд хөрөнгөд 1.070.400 төгрөгийн хохирол хохирол учирсан ба хохирогч “гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбар гаргасныг үндэслэн Р.Хыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Х.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзсан ба Р.Хы үйлдсэн гэмт хэрэгт хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд Р.Хыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Р.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

     Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

     1. Шүүгдэгч овогт Р.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Хыг 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 150 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Хд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Р.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ