Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2016/05852

 

2016 оны 11 сарын 24 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05852

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Скайтел плаза 3 дугаар давхарт оршин байгаа Скаймедиа корпораци ХХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Гааль 5 дугаар байр, 1-17 тоотод оршин суух, Боржигон овогт Ундармаагийн Ануужин /РД-УК95062925/-д холбогдуулан гаргасан

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 758,363 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, мөн сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга, хариуцагч У.Ануужин, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Скаймедиа корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Скаймедиа корпораци ХХК-тай У.Ануужин нь 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 51102 тоот Скаймедиа үйлчилгээний гэрээ байгуулсан ба сар бүр 19,500 төгрөг төлөх үүргийг хариуцагч тал хүлээсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үйлчилгээний төлбөр 346,742 төгрөг, төхөөрөмжийн үнэ 156,500 төгрөг, алданги 251,621 төгрөг тус тус 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хуримтлагдсан байна.

Манай байгууллагаас дээрх төлбөрийг төлөхийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэх хуудсаар сануулсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд У.Ануужингаас төхөөрөмжийн үнэ 156,500 төгрөг, үйлчилгээний төлбөр 346,742 төгрөг, алданги 251,621 төгрөг, нотариатын зардал 3,500 төгрөг, нийт 758,363 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Манайх алдангийг үйлчилгээний төлбөр 346,742 төгрөг, төхөөрөмжийн үнэ 156,500 төгрөгийн нийлбэрээс алданги тооцсон. Одоо үйлчилгээний төлбөр 346,742 төгрөгөөс тооцож нэхэмжлэлийн үнийн дүнгээс 78,250 төгрөгийг багасгаж болно гэв.

Хариуцагч У.Ануужин шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би жирэмсэн болоод төрөх хугацаандаа би хадамынд байхдаа өөр хүн байрандаа байлгасан. Тэр хүн бүх төлбөрөө төлсөн гэсэн. Төлбөр төлөгдөөгүй интернэт хаагдсаныг мэдээгүй, болохгүй байсан тул дахиж интернэт тавиулсан.

Би алдангиас багасгавал бусад төлбөрийг төлөхөд татагалзах зүйлгүй гэв.

Зохигчид байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Скаймедиа корпораци ХХК нь хариуцагч У.Ануужингаас 758,363 төгрөг нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн үнийн дүнгээс 78,250 төгрөгөөс нь татгалзаж, хариуцагч тал үлдэх 680,113 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Скаймедиа корпораци ХХК, хариуцагч У.Ануужингаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 758,363 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан байна.

Шүүх хуралдааны үеэр талууд эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 758,363 /долоон зуун тавин найман мянга гурван зуун жаран гурван/ төгрөгийн 78,250 /далан найман мянга хоёр зуун тавин/ төгрөгөөс нь татгалзаж, үлдэх 680,113 /зургаан зуун наян мянга нэг зуун арван гурван/ төгрөгийг хариуцагч У.Ануужин нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Скаймедиа корпораци ХХК-д төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Ануужингаас 19.553 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Скаймедиа корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, У.Ануужинд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 758,363 /долоон зуун тавин найман мянга гурван зуун жаран гурван/ төгрөгийн 78,250 /далан найман мянга хоёр зуун тавин/ төгрөгөөс нь татгалзаж, үлдэх 680,113 /зургаан зуун наян мянга нэг зуун арван гурван/ хариуцагч У.Ануужин нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Скаймедиа корпораци ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Ануужингаас 19,553 төгрөг олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

  

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД