| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2019/0143/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/143 |
| Огноо | 2019-11-25 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/143
, МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, П.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч О.Энхцэцэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,
улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
хохирогч Ч.Б,
гэрч Т.У,
шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4.-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Г.Тт холбогдох эрүүгийн 1907003800141 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* тоотод эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, овогт Г.Т/РД:**********/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ *******, тоотод 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 22 цагийн орчимд Ч.Бтай маргалдан улмаар зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр толгой хэсэгт нь 1 удаа цохиж зүүн зулан яснаас дагзны баруун суурийн хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн зөөлөн бүрхүүл доор тархмал цус харвалт, тархины эдийн няцрал, толгойн хуйханд шарх зэрэг эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би Зөрчлийн тухай хуулиар 30 хоног баривчилгаанд явсан. Тэр хойгуур Ч.Б ах миний Портерыг 4.000.000 төгрөгөнд авсан байсан. Би гарч ирээд хоол ундны юм авах гээд Ч.Б ахынд очиж үлдсэн мөнгөө авъя гэхэд. Юу яриад байгаа юм бэ? эхнэрт чинь 2.500.000 төгрөг өгсөн гэсэн. Эхнэр маань надад тэр мөнгийг хэлэхгүйгээр нууж хэрэглэсэн байсан. Мөн сүүлд бас мөнгө нуусан байсан. Тэгээд эхнэртээ хэлтэл би чиний 3 хүүхдийг төрүүлсэн ийм юм байх гэж хэлж байсан. Ч.Б ах манайд 2 удаа ирж байсан гэсэн. Тэгэхдээ миний 2 дүү сайхан байшин бариад сайхан амьдарч байгаа юм байна гэж хэлж байсан. Тэр өдөр би эхнэртэйгээ мөнгөний асуудлаас болж маргаалдаад байж байтал Ч.Б ах манайд ирсэн. Тэгээд явахдаа “чи тийм л юм бол надтай зодолдчих” гэсэн. Би тэр үгийг нь даалгүй төмрөөр цохисон” гэв.
Хохирогч Ч.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би паркэтэн шал, хаалга авах гээд Г.Тынд очсон. Би авгай хүүхдээ дээрлэхдэг юм байна. Тэгвэл чи надтай зодолдохгүй юу гэж хэлж байсан. Эхнэр нь надтай явах гээд байсан. Би үгүй гэж хэлж чадаагүй. Гэнэт ийм зүйл болсон. Би төмөр бариад ирж байхыг нь хараагүй. Гомдолгүй, нэхэмжилж байгаа зүйл байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд хийгдсэн дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Т нь яллагдагчаар: “...Би тухайн үед өөрийн эхнэр болох Т.Утэй хэрэлдэж муудалцсан байсан. Урд нь манай эхнэр Т.У нь Ч.Б гэх хүнд портер машинаа 4 сая 500 мянган төгрөгөөр зарсан байсан юм. Тэгээд Ч.Баас үлдэгдэл мөнгө болох 1.550.000 төгрөг авах байсан юм. Тухайн үед манай эхнэр надад хэлэлгүй Ч.Баас 1.000.000 төгрөгийг аваад хэрэглэчихсэн байсан. Тэгээд би эхнэртэйгээ маргалдаад гэртээ архи уугаад байж байтал Ч.Б манайхаас паркитан шал ачихаар хүрээд ирсэн юм. Тэгсэн Ч.Б ах Т.Уийг өмөөрөөд “надад та нар шиг дүү байгаа” гээд надад сургаалийн үг хэлээд надтай маргах гээд байснаа гэнэт хоёулаа гадаа гаръя гэж хэлсэн. Тэгээд гадаа гарсан чинь Ч.Б ах намайг “чамайг бол эхнэр хүүхдээ дээрлэхдэг гэж сонссон. Чаддаг юм бол надтай зодолдчих” гэхээр нь би газар байсан төмөр аваад Ч.Б ахын толгойн тус газар нь нэг удаа цохьсон чинь манай эхнэр Уранчимэг цагдаа гээд орилохоор нь би хашаанаас гараад зугтаасан. Тэгээд би цагдаа дээр өөрөө очсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,
Хохирогч Ч.Бын: “...2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 22 цагийн үед би гэртээ байж байгаад манай эхнэрийн хамаатан болох Т гэх айлд очиж паркетан шал авахаар очсон юм. Тэгээд би гэрт нь яваад ортол Т 1 шил архи тавьчихсан, эхнэр Т.У нь хүүхдээ тэвэрчихсэн хоорондоо хэрүүл маргаан хийгээд байж байсан. Тэгээд би Тт хандан “Яах гэж архи дарс уудаг юм бэ” гэж хэлсэн. Тухайн үед тэднийхээс шалаа ачих гэж байгаад болиод гэртээ харих санаатай тэдний хашаанд бие засчихаад буцаад машиндаа суух гээд дэргэд нь зогсож байтал гэнэт л араас миний толгой руу тас гээд юмаар цохих шиг болоод би тэр дороо газар ухаан алдаад унасан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч Т.Уийн: “...Би Т гэх залуутай 2013 оноос өнөөдрийг хүртэл хамт амьдарч байгаа юм. Т гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг, намайг зоддог. Энэ байдлаасаа болоод 2 удаа шүүхээр орж баривчилгаа авч байсан юм. 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т гэртээ намайг ална гээд намайг айлган сүрдүүлж байсан юм. Тэгж байтал манай ээжийн дүүгийн нөхөр болох Быг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 22.30 цагийн үед дуудаад манай гэрээс ирээд паркетан шал, хаалга аваач гээд Т дуудсан. Тэгээд Б ах “ирэхгүй орой болчихсон байна. Би унтаж байна” гэж манай нөхөр Тт хэлээд манайд ирэхээсээ татгалзсан юм. Тэгэхээр нь би Б ахыг бид нар унтаагүй байж байна. Та манай гэрт ирээд манайхаас шал, хаалга аваад яваа. Бид нар унтаагүй байж байна гэж хэлсэн чинь Б ах зөвшөөрөөд манай гэрт хүү Бтэй ирсэн. Б ах манайд ирсэн чинь манай нөхөр Т Б ахад хандан “би танай дүүг тоогоогүй байхад танай дүү миний араас гүйсээр байгаад надтай суусан” гэж хэлээд Б ахыг үгээр идээд өөрийгөө янз бүрээр магтаад байсан юм. Б ах “ах нь явлаа. Миний хоёр дүү одоо унтаж амраарай. Ах нь маргааш ирээд хаалга аваад явъя” гэж хэлээд гэрээс гараад яг машиндаа суух гэж байсан чинь манай нөхөр Б ахын араас гараад Баа чи надтай ярих зүйл байна уу гэж хэлээд буцаж гэртээ ороод гутлаа өмсөөд Б ахын араас гараад чи намайг барах уу гэж хэлсэн чинь Б ах өөдөөс нь ахын дүү архийг хүн гарцаараа уудаггүй юм аа гэж хэлсэн чинь Т цаашаа гүйгээд байшингийн урд жорлонгийн хажууд байсан хураалттай төмрөөр Б ахын толгой руу төмрөөр 1 удаа цохиод Т хашааны хаалгаар гараад зугтаасан. Тэгээд Б ах газар унаад ухаан алдаад удаан сэрэхгүй байхаар нь би эмнэлэг, цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 23 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Бгийн: “...Тухайн үед би ааваасаа түрүүлж гарч ирээд машин дотор хүлээгээд сууж байсан. Тэгсэн аав гарч ирэхгүй болохоор нь машинаас буугаад хартал аав машины хажууд ухаан алдаад газар уначихсан байж байсан. Миний хувьд юугаар яаж цохисоныг бол хараагүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 24 дүгээр хуудас/
Шинжээч эмч С.Төгсбуянгийн: “...Үзүүлэгч Ч.Бын биед үүссэн гэмтэл нь толгойн дагз хэсэгт мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний нэг удаагийн үйлчлэлээр үүсэн боломжтой ба мохоо зүйл болон мод, төмөр, чулуу зэргийг хамааруулж үзэж болно” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/466 дугаар:
“1. Ч.Бын биед зүүн зулайн яснаас дагзны баруун суурийн хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доторх цусан хураа, тархины эдийн зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархины эдийн няцрал, толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 28 дугаар хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8 дугаар хуудас/,
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн №12184 дугаар өвчний түүх, /хх-ийн 33-34 дүгээр хуудас/
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн компьютер томографийн шинжилгээний дүгнэлт, /хх-ийн 35-36 дугаар хуудас/
“” эмнэлэгийн Толгойн тодосгогч бодисгүй компьютер томографийн шинжилгээний дүгнэлт, /хх-ийн 37 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 124 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 64 дүгээр хуудас/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 65-67 дугаар хуудас/, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар шийтгэвэр /хх-ийн 69-70 дугаар хуудас/, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаар шийтгэвэр /хх-ийн 71-72 дугаар хуудас/, *******ны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 81 дүгээр хуудас/, Г.Тын Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 82 дугаар хуудас/, Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн №187/19 дугаар тодорхойлолт /хх-ийн 83 дугаар хуудас, Г.Т, Т.У нарын гэрлэлт бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 86 дугаар хуудас/, Т.А төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 87 дугаар хуудас/, Т.Аын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 88 дугаар хуудас/, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 374 дүгээр шийдвэр зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ *******, тоотод 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 22 цагийн орчимд Ч.Бтай маргалдан улмаар зэвсэг болох 170 см урттай 5*5 хэмжээтэй квадрат төмрөөр толгой хэсэгт нь 1 удаа цохиж зүүн зулан яснаас дагзны баруун суурийн хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн зөөлөн бүрхүүл доор тархмал цус харвалт, тархины эдийн няцрал, толгойн хуйханд шарх зэрэг эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох
Шүүгдэгч Г.Тын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Ч.Б ах намайг “чамайг бол эхнэр хүүхдээ дээрлэхдэг гэж сонссон. Чаддаг юм бол надтай зодолдчих” гэхээр нь би газар байсан төмөр аваад Ч.Б ахын толгойн тус газар нь нэг удаа цохьсон чинь манай эхнэр Уранчимэг цагдаа гээд орилохоор нь би хашаанаас гараад зугтаасан...” гэх,
Хохирогч Ч.Бын: “...Тухайн үед тэднийхээс шалаа ачих гэж байгаад болиод гэртээ харих санаатай тэдний хашаанд бие засчихаад буцаад машиндаа суух гээд дэргэд нь зогсож байтал гэнэт л араас миний толгой руу тас гээд юмаар цохих шиг болоод би тэр дороо газар ухаан алдаад унасан...” гэх,
Гэрч Т.Уийн: “...Т цаашаа гүйгээд байшингийн урд жорлонгийн хажууд байсан хураалттай төмрөөр Б ахын толгой руу төмрөөр 1 удаа цохиод Т хашааны хаалгаар гараад зугтаасан. Тэгээд Б ах газар унаад ухаан алдаад удаан сэрэхгүй байхаар нь би эмнэлэг, цагдаа дуудсан...” гэх,
Насанд хүрээгүй гэрч Б.Бгийн: “...Тухайн үед би ааваасаа түрүүлж гарч ирээд машин дотор хүлээгээд сууж байсан. Тэгсэн аав гарч ирэхгүй болохоор нь машинаас буугаад хартал аав машины хажууд ухаан алдаад газар уначихсан байж байсан....” гэх,
Шинжээч эмч С.Төгсбуянгийн: “...Ч.Бын биед үүссэн гэмтэл нь толгойн дагз хэсэгт мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний нэг удаагийн үйлчлэлээр үүсэн боломжтой ба мохоо зүйл болон мод, төмөр, чулуу зэргийг хамааруулж үзэж болно...” гэх мэдүүлэг болон Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 08 шэ/466 дугаар дүгнэлт, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Г.Тт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Г.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 7 жил нээлттэй хорих байгууллагад хорих ял оногдуулах тухай дүгнэлт,
Шүүгдэгч Г.Т нь “Би Ч.Б ахыг цохисондоо үнэхээр харамсаж байна. Би үлдэж байгаа хүүхдүүдээ бодож байна. Би өөрөө хойд аавын гараар өссөн болохоор надад бага ял оногдуулж өгөөч. Би үлдсэн амьдралаа хүүхдүүддээ зориулна. Манай эхнэр мөнгө их үрдэг. Шоу цэнгээнд гээд их явдаг” гэх,
Хохирогч Ч.Б нь “Г.Тын үр хүүхдийг бодож, ялыг хөнгөрүүлж хорих ялгүйгээр өнгөрүүлж өгөөч” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “Гэр бүлийн хооронд болсон харилцааг авч үзэх нь зүйтэй. Шүүгдэгч Г.Т нь амьдралаа дээшлүүлэх зүтгэдэг байсан. Үл ойлголцох асуудлыг буруугаар шийдсэн түүн дээр харамсаж байгаагаа бүх шатанд хэлдэг. Мөн хэрэг гарсан шалтгаан нөхцлийг харгалзана уу. Өртэй байхад ахин мөнгө нуусан нь хүндээр туссан байх” гэх санал, дүгнэлтээ тус тус шүүхэд танилцуулав.
Шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцсонтой холбогдуулан талуудын гаргасан санал дүгнэлтийг хянаад ял шийтгэл хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй байдлыг харгалзан шүүгдэгчид ял шийтгэл оногдууллаа.
Хохирогч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Тын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл шалтгаан, хохирогчийн санал хүсэлт, хохирогчид учирсан хохиролыг нөхөн төлсөн, цаашид төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-г журамлан хуульд заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос доошгүй хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Г.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэгсийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-г журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Тыг 4 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тт оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Г.Тт холбогдох хэрэгт, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 170 см урттай, 5х5 хэмжээтэй 1 ширхэг квадрат төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧИД Д.ЧИНЗОРИГ
П.БАЯСГАЛАН