Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/145

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч О.Баярсайхан,

шүүгдэгч Ж.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Ж.Бэд холбогдох эрүүгийн 1907004710163 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , , хамт амьдардаг,

Урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1991 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн б хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлсэн, О овогт Ж.Б, регистрийн дугаар **********,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Бнь архи ууж согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Налайх дүүргийн , тоотод А.Оын хүзүүнд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүгдэгч Ж.Бнь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр би Б ахындаа ирэхэд О байсан. Тэгээд би ахыгаа хүргээд өгөх гээд яваад орой буцаж ирэхэд О байж байсан. Тэгээд би От хамт архи уух уу  гэхэд та гэртээ хариад байж бай гэсэн. Тэгээд орой манай гэрт архи уугаад хамт хөзөр тоглож байгаад О хэгжүүрхээд байхаар нь айлгах санаатай хутга гаргаж ирээд хүзүүнд нь хатгачихсан” гэв.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

             Хохирогч А.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би сумаас хүргэн ахындаа ирээд 4 хоног байсан. 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 12 цагийн үед Өвөршандад хүргэн ах Б гэрт байхад Б жаахан халамцуу ирэхэд нь би замын зүүн талд Уурхайчинд байдаг гэрт нь хүргэж өгөөд буцсан. Тэгтэл орой 18 цаг өнгөрөөгөөд Б ах дахиад гэрт ирээд манайх руу очъё ганц юм байгаа гэхэд нь би араас чинь очъё гэхэд түрүүлээд явж байя гээд гарсан.  Тэгээд би гэртээ байж байгаад гарч 21 цагийн үед Бийн гэрт очсон. Тэднийд очиход Б ах, найз нь гэх нэг хүн тэйгээ архи задалчихсан сууж байсан. Надад архинаасаа хийж өгөхөөр нь жаахан уусан. Тэгээд би хөзрөнд дэлгүүр рүү явж ирээд гэрийн хойгуур газар сууж найзынх нь тэй би нэг тал, Б ах найзтайгаа нэг тал болоод тоглонгоо архи ууж дуусгасан. Найз гэх ах нэг архи задалсан. Тоглож байгаад Б ах би болилоо шүү гээд хойшоо суугаад согтчихоод үглээд байсан. Бид 3 тоглоомоо үргэлжлүүлж байгаад би Б ахыг та дуугүй байлдаа. Одоохон дууслаа шүү дээ гэхэд Б ах миний ард ирэхэд хүзүүний орчим дуу гарч би хүзүүгээ барьж үзэхэд цус гарч байхаар нь тэдний гэрээс гараад гүйчихсэн. Тэгээд Өвөршанд руу гэртээ ирэхэд Б ахын бэр Б байсан. Цагдаа дуудах уу гэхээр нь яахын хэрэггүй ээ гээд би шархаа дарж байгаад гараа авахад гайгүй болчихсон цус нь тогтсон байхаар нь буцаж Б ахынх руу очиж гадуур куртикээ аваад гарч яваад зам дээр ирэхэд эргүүлийн 2 цагдаа таарч түргэн дуудаж өгсөн. Удалгүй түргэний машин ирж намайг эмнэлэгт хүргэсэн...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 12 дугаар хуудас/

 

            Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манайх хадам аавынхтай нэг хашаанд баруун гэрт хадам аавынх, зүүн гэрт нь манайх амьдардаг юм. Би нялх хүүхэдтэй тул гэртээ хүүхдээ хараад суудаг. 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр О ах хадам аавынд өдөржин байж байгаа харагдсан. Тэр орой 23 цагийн орчимд би хадмынх руу ороход О ах дөнгөж сая ирлээ гээд хүзүү, бие нь цус болчихсон, хүзүүгээ дарчихсан галын хажууд зогсож байхаар нь яаваа та архи уучихсан юм уу гэхэд нэг их уугаагүй. Б ах нь хүзүү рүү хутгалчихлаа гэж хэлсэн. Түргэн дууд. Цагдаад мэдэгдэх үү гэхэд яахын хэрэггүй. Одоо зүгээр гэж байсан. Тэр үед манай хүүхэд уйлахаар нь би гараад гэртээ орж хүүхдээ унтуулчихаад 10 орчим минутын дараа хадмынх руу орж ирэхэд гараад явчихсан гэрт нь хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 23 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/590 дугаар:

            “1. А.Оын биед хүзүү, бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 28 дугаар хуудас/

 

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 6140 дугаар:

            “1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн цус нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул шинжилгээ хийхэд тэнцэж байна. “А.О” гэсэн хаягтай цуснаас 1,6 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Ирүүлсэн цус нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээний дээжийн хэмжээнд хүрээгүй тул шинжилгээ хийх боломжгүй байна” гэх дүгнэлт,

            /хх-ийн 33 дугаар хуудас/

 

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 6138 дугаар:

            “1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн цус нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Х/30 Жанчив Б 47 н/эр УД72020316 03:05 цаг д/ч М.Нандин-Эрдэнэ” гэсэн хаягтай цуснаас 1,6 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Ирүүлсэн цус нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээний дээжийн хэмжээнд хүрээгүй тул шинжилгээ хийх боломжгүй байна” гэх дүгнэлт,

            /хх-ийн 37 дугаар хуудас/

 

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 6203 дугаар:

            “1. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн модон оруулгатай 11 см иштэй 19 см урттай эвхдэг хутган дээр цус илэрсэн. Бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлт,

            /хх-ийн 44 дүгээр хуудас/

 

            Налайх эрүүл мэндийн төвийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас,

            /хх-ийн 36 дугаар хуудас/

 

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 63 дугаар хуудас/

 

            Налайх дүүргийн ны засаг даргын тодорхойлолт,

            /хх-ийн 71 дүгээр хуудас/

 

            Ж.Бийн Иргэний үнэмлэхийн хуулбар,

            /хх-ийн 72 дугаар хуудас/

 

            “Суман Хас” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 19/037 дугаар тодорхойлолт, /хх-ийн 75 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ

   Шүүгдэгч Ж.Бнь архи ууж согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Налайх дүүргийн , тоотод А.Оын хүзүүнд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан учруулсан болох нь хохирогч А.Оын мэдүүлэг, гэрч Б.Бын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Иймд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тооцох саналтай байна гэсэн дүгнэлт,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “Хэлэх тайлбар  байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Бэд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ж.Бнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 29-нөөс 2019 оны 10 дугаар сарын 30-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Налайх дүүргийн Уурхайчдын 19-469 тоотод А.Оыг “Том дуугаар ганц тоглоодхоё л доо” гэж хэлсэний төлөө уурлан хүзүү орчимд урт нь 19.3 см, ажлын хэсэг нь 8,5 см урттай дэлгэмэл тонгорогоор зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч Ж.Бийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Тэгээд орой манай гэрт архи уугаад хамт хөзөр тоглож байгаад О хэгжүүрхээд байхаар нь айлгах санаатай хутга гаргаж ирээд хүзүүнд нь хатгачихсан...” гэх, 

хохирогч А.Оын “би Б ахыг та дуугүй байлдаа. Одоохон дууслаа шүү дээ гэхэд Б ах миний ард ирэхэд хүзүүний орчим дуу гарч би хүзүүгээ барьж үзэхэд цус гарч байхаар нь тэдний гэрээс гараад гүйчихсэн...” гэх,

            гэрч Б.Бын “...Тэр орой 23 цагийн орчимд би хадмынх руу ороход О ах дөнгөж сая ирлээ гээд хүзүү, бие нь цус болчихсон, хүзүүгээ дарчихсан галын хажууд зогсож байхаар нь яаваа та архи уучихсан юм уу гэхэд нэг их уугаагүй. Б ах нь хүзүү рүү хутгалчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/590 дугаартай “...А.Оын биед хүзүү, бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ж.Бийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.Оын бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Ж.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “Би хийсэн хэрэгтээ харамсаж бас гэмшиж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч мөн хуулийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол  хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд 250 цагийн хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Харин Улсын яллагчын эрүүгийн хариуцлагын санал нь хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцээгүй учир “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх тайлбарыг хүлээн авахаас татгалзав.

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ж.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

     Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч О овогт Ж.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бийг 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бэд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.  

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ