Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2016/05854

 

2016 оны 11 сарын 24 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05854

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 35 дугаар 0 тоотод оршин байгаа, Замчдын Өргөө Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, мөн сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч СӨХ-ны захирал З.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Замчдын Өргөө СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Цэвэлмаа нь Замчдын Өргөө СӨХ-ны захирлаар ажиллаж байхдаа зөрчил гаргаж, прокурорын тогтоолоор төлбөр гарсан боловч үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байгаа.

Г.Цэвэлмаа нь Сонгинохайрхан дүүргийн Толгойтын 16 дугаар гудамжны 633 тоот хаягаа өөрчилсөн байна. Тус хаягт үр хүүхдүүд нь байдаг гэдгийг сонссон. Одоо Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 32 дугаар байр, 13-1 тоотод хамтран амьдрагч гэх н.Шоовдорынд байх магадлалтай, утас нь 9664685 гэв.

 

Шүүх зохигчийн нэхэмжлэл, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Замчдын Өргөө СӨХ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Цэвэлмааг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Г.Цэвэлмаа нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь Дүүргийн 2 дугаар Прокурорын газрын прокурорын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1098а тогтоол, Замчдын Өргөө СӨХ-ны удирдах зөвлөлийн 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 15/1 дугаар тогтоол, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн /хуучин нэрээр/ шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШЗ2016/11951 дүгээр захирамж зэргээр нотлогдож байна. /хх-5-6, 7, 13 дугаар тал/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Шарынхан овогт Ганиагийн Цэвэлмаа /РД-ТБ56081561/-г эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгаж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Г.Цэвэлмаа нь Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойт 46-633 тоот хаягт оршин суудаг байсныг болон одоо Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 32 дугаар байр, 13-1 тоот хаягт н.Шоовдорын гэх айлд байх магадлалтай, 96647685 дугаарын утас эзэмшдэг болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Шарынхан овогт Ганиагийн Цэвэлмаа /РД-ТБ56081561/-г эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Г.Цэвэлмаа нь Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойт 46-633 тоот хаягт оршин суудаг байсныг, одоо Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 32 дугаар байр, 13-1 тоот хаягт байх магадлалтай, 96647685 дугаарын утас эзэмшдэг гэсэн болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД