Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/149

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

улсын яллагч О.Баярсайхан,

хохирогч Д.Т,

хохирогчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Мид холбогдох эрүүгийн 1907006030136 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, *******, *******, , тоотод амьдардаг, ******* овогт Б.М /РД:**********/,

Урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 65 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 46 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгэр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 540.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.М нь Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “            ” ХХК-ийн эзэмшлийн нүүрсний гүний уурхайг гэрээ байгуулан ашиглах явцдаа буюу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас уг уурхайд ажиллаж байсан Д.Тын эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би ажил дээр очиход агаар муутай байна гээд байсан. Доошоо буугаад хартал агаарын хоолой урагдсан байсан. Ө ах доошоо буугаад оёох гэтэл хүн дутаад байсан. Тэгээд дээр хүн зогсож байх шаардлага болсон. Хажуу талын аман дээр  байсан 2 хүнийг гуйгаад нэгийг нь липотик дээр зогсоогоод нэгийг нь аман дээр нь байлгаж байгаад бид нар доошоо бууж оёно хонх байхгүй учир гэрлээр дохиё гээд доошоо буугаад оёж байсан. Тэгээд Ө ах бид хоёр эхнийхийг нь оёж дуусгаад дараагийхийг нь оёох гэж байгаад утсаа алдсан. Тэгээд зүү утсаа таслах хутга хэрэгтэй болсон. Би хутга аваад ороод ир гэхэд хутга аваад орж ирсэн. Хутгаар тасдаж оёж дуусчихаад Тыг липотик дээр сууж бай гэж хэлсэн. Т 5-6 метрийн дээр липотик дээр сууж байсан. Таар дамжуулаад 3 дахь хэсэг рүүгээ явах гээд доошоо гээд дохио өгтөл дээр сууж байсан хүн доошоо гэснийг дээшээ датаад тэр үед Т урд талд нь сууж байсан болохоор ковшинд дайруулаад доошоо унасан. Ө ах барьж авч чадалгүй алдсан. Доошоо унангуут нь болохоо байлаа аваар дуудаарай гээд намайг татаад гаргасан. Гарч иртэл хонх дугарсан. Би Бтай ковшоо чирээд доошоо буусан. Буугаад очиход Т хэвтэж байсан. Т “ёо ёо ааваа”  гээд байсан. Тэгээд Ө ах бид хоёр ковшиндоо хийгээд татуулаад гараад иртэл аврах ирээд цагдаа ирээд тийм л үйл явдал болсон” гэв.

Хохирогч Д.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2018 оны 10 дугаар сарын 31-ний өглөө Липотикыг би ажиллуулж байсан юм. Ө гээд байгаа хүн нь манай хүргэн. Би доошоо липотик ажилуулаад оруулсан. Тэгтэл 5 минут болоогүй хонх дуугарсан би агаар дутагдлаа гээд липоткыг дээшээ татсан. Яг бодсоны дагуу агаар байхгүй болсон байсан. Тэгтэл М намайг липотик ажилуулж чадахгүй гээд хажуу талын уурхайн амын 2 хүнийг дуудна гэсэн. Хоёулаа ойлголцдогоороо ойлголцъё гэтэл чадахгүй Бын уурхайгаас 2 хүн дууд гэсэн. Тэгээд тэр хоёр хүнээ нэгийг нь доош оруулаад нэгийг нь дээр үлдээсэн. Би гэрт ороод тамхи датаад сууж байтал “зүү утас авчир гэнэ” гэсэн. Би оруулж Мийн гарт өгтөл намайг хажуудаа хүн суулгах зай гарга гэсэн. Би хөдөлтөл ковш дээгүүр гарсан. Тэгээд хөл ажиллагаагүй болсон. Нэг ухаан орсон өнхөрч явсан. Ахиад нэг ухаан ороход хүн орж ирж байх шиг байсан” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Гэрч Д.Өдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2018 оны 10 дугаар сарын 31-ний 08 цаг 30 минутад манай өргөмөл хүү Тын хамт гэрээсээ гараад 10 цагийн орчимд уурхай дээр очоод Мийн хамт уурхай руу агаар шалгахаар орсон. Бид хоёр ороод 70 орчим метрийн гүнд явж байхад агааргүй байсан. Тэгэхээр нь хонхоор дохиод эргээд ковшиндоо суугаад гарсан. Уурхайн гүнд 20 орчим метрийн гүнд агаарын хоолой 3 хэсэг газар ковш татдаг тороосонд хэрчигдэж цоорсон байсан. Би Мтой ярилцаад ах нь ганцаараа ороод оёчихно гэхэд М согтуурхаад хажуу амнаас хүн дуудна гээд 2 хүн дуудаад 1 хүнийг нь уурхайн багалзуур дээр нөгөө хүнийг нь либотка дээр зогсоогоод М бид хоёр уурхайн гүн рүү орсон. Би орохдоо зүү утас аваад орсон. Эхний цоорхойг оёчихоод утсаа таслах гээд асаагуур асааж байгаад утсаа таслачихаад зүү утсаа доошоо алдчихсан. Тэгээд Мид дахиад зүү утас авъя гэж хэлэхэд удалгүй утас, зүү өгсөн. Зүү, утас аваад агаарын хоолойг оёох гэтэл ковш дээшээ татаад би ковшны уяагаар өөрийгөө бэхэлчихсэн байсан. Тэрнийгээ мултлаад хөлөө хоёр тийш алцайгаад зогстол дээрээс нэг зүйл өнхөрөөд ороод ирсэн. Бариад автал манай хүү Т байсан. Би хоёр гарнаас нь бариад автал дийлэхгүй доошоо алдчихсан. Гарнаасаа алдангуутаа хойноос нь гулсаад ортол манай хүү Т аав гэж нэг дугараад тэгээд ухаан алдчихсан. Тэгээд би хүүгээ үүрээд дээш гарах гэсэн дийлэхгүй болохоор хонхоор дохио өгч  ковш оруулж ирээд гаргасан. Ковшийн дотор М, бас нэг танихгүй хүн байсан. Тэгээд бид нар гурвуулаа нийлээд Тыг ковшинд хэвтүүлж дээш гаргаад шууд Налайхын эрүүл мэндийн төвд очиход анхны тусламж үзүүлээд  гэмтлийн эмнэлэг рүү түргэний машинаар хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 31 дүгээр хуудас/

 

            Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Өнөөдөр би уурхай руу нүүрс ачих гээд байнга нүүрс авдаг газар руугаа очсон чинь хажуу талын амны эзэн Доржоо агаарын хоолой урагдсан байна доошоо ороод оёох гэсэн юм чи дээр зогсож байгаад леботка татаад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд Доржоо доошоо уурхай руу ковшоо чирээд орсон. Надаас гадна нэг хүн уурхайн аман дээр зогсоод тэд нарыг харж байсан. Аман дээр зогсож байсан залуу дээшээ тат гэж байна гэхээр нь цахилгаан мотороо ажиллуулаад леботка дээшээ татсан чинь Доржоо ковшин дотор суугаа гараад ирсэн. Аав хүү хоёр доошоо өнхөрөөд явчихлаа аврах дуудаарай гэтэл хонх дугарахаар нь Доржоо Б хоёр доошоо ковшоо чирээд орсон. Тэгээд удалгүй дахин хонх дугараад татахад тэд нар бүгдээрээ гарч ирсэн. Тэгээд эмнэлэг аваад явсан...” гэсэн мэдүүлэг

            /хх-ийн 37-38 дугаар хуудас/

 

            Гэрч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 08 цаг 30 минутад өөрийн ажилладаг Цагаан шонхорын гэх тодотголтой газарт 35-ын хонхорын дээд талд байдаг Бын уухай дээр очсон. Тэгээд уурхайн гэрт цай чанаад байж байтал 10 цагийн орчимд манай хажуу талын уурхайн босс М манай уурхайн гэр рүү орж ирээд агаарын хоолой оёх гэсэн юм. Лебокта доошоо явуулаад өгөөч гээд Б гэдэг манай уурхайгаас байнга нүүрс ачдаг хүн, М бид 3 Мийн уурхай дээр очоод би багалзуур дээр зогсоод, Б леботка ажиллуулахаар явсан. Тэгээд М, Ө ах хоёр ковшоо чирээд доошоо орсон. Тэр хоёр доошоо 40 орчим метр явсан байх. Тэгээд зогсоод 10-20 орчим минут болсон юм. Хутга аваад ир гээд М орилхоор нь миний хажууд сууж  байсан залууг хутга аваад ир гэж байна гэхэд гэр рүү ороод хутга аваад уурхай руу орсон. Хутга авч орсон залуу 10 орчим минут болсон байх тэгээд М доороос тат гэж орилохоор нь би Бд татаарай гэж байна гээд татуулсан чинь М ковшиндоо ганцаараа гарч ирсэнээ сулла гэж байхад татчих юм Т ковшинд хавчуулагдчихлаа аврах дуудаарай гэж хэлээд байж байтал хонх дугараад Мягмадорж бид хоёр уурхай руу ороод доошоо ковшоо чирээд явж байтал салааны жоохон эргэдэг хэсэг дээр ковш гацчихсан. Тэр үед дээр либокта дээр байсан Б либоткаа зогсоочихсон. М бид хоёр ковшоо татаад дийлээгүй. Тэр үед Ө ах М би хоёр дээр ирчихсэн байсан. Тэгээд намайг хонхон дээр очоод тороосоо суллуул гэж хэлээд би буцаад дээшээ 10 орчимд метр яваад хонхоор 3 удаа дохиж тороос суллах дохио өгөхөд Б либотка суллаад Ө ах, М 2 доошоо ковшоо чирээд явсан. Тэгээд би доошоо явсан хоёрыг хүлээж байгаад ковш дээшээ татагдаад ирэхээр нь ковшинд замаас нь үсэрч суугаад би 4 дээшээ гарсан...” гэсэн мэдүүлэг

            /хх-ийн 49-50 дугаар хуудас/

 

            Гэрч Н.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Б.М гэдэг хүнийг танина. Манай “” нөхөрлөлийн гишүүн юм... Манай “” нөхөрлөл нь  2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гурвалсан гэрээг Налайх дүүргийн засаг дарга, ХХК-тай байгуулсан юм... Би 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай “” нөхөрлөлийн гишүүн Б.Мийн уурхай дээр осол болж хүн гэмтсэн гэж надад утсаар хэлсэн учир би шууд уурхай дээр очсон юм...” гэсэн мэдүүлэг

            /хх-ийн 54 дүгээр хуудас/

 

            Гэрч С.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ХХК, Налайх дүүргийн засаг дарга, “” нөхөрлөлийн гурвалсан гэрээний 4.1.7-д зааснаар бичил уурхай эрхлэгч этгээд нь уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх, ослоос урьдчилан сэргийлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Түүнээс осол гарсан тохиолдолд хэн хариуцлага хүлээх талаар нарийн заагаагүй учир уурхайн үйл ажиллагаа эхлэхээс өмнө амны эзэн гэх хүмүүстэй аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан ажиллах осол аваар гарсан тохиолдолд бүх хариуцлагыг бүрэн хариуцах баталгаа гаргуулж авч байсан юм...” гэсэн мэдүүлэг

            /хх-ийн 58 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/570 дугаар:

            “1. Д.Тын биед умдаг ясны дээд болон доод салааны зөрүүтэй хугарал, зүүн дунд чөмөг ясны зөрүүтэй хугарал, цээжний зүүн 2,3,7,8 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, сээрний 6,7,8,9,10,11 дүгээр нугалмын арын хөндлөн сэртэнгийн хугарал, сээрний 11, 12 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхийн 1 дүгээр нугалмын 2 таын хөндлөн сэртэнгийн хугарал, ууцны 1,2,3 дугаар нугалмын их биеийн болон ууц ташааны үе дайрсан хугарал, нүүрэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 63 дугаар хуудас/

 

            Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 02-06-366/06 дугаар дүгнэлт,

            /хх-ийн 67 дугаар хуудас/

 

            Хохиролын баримтууд,

            /хх-ийн 89-127 дугаар хуудас/

 

            Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээ, /хх-ийн 152-155 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ

“Шүүгдэгч Б.М нь Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “            ” ХХК-ийн эзэмшлийн нүүрсний гүний уурхайг гэрээ байгуулан ашиглах явцдаа буюу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас уг уурхайд ажиллаж байсан Д.Тын эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай”  гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч Б.М нь гэм буруу дээр маргадаггүй. Мөн өнөөдрийн байдлаар хохиролд 2.516.000 төгрөгийг төлсөн. Өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 135.898 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн” гэх

Хохирогчийн өмгөөлөгч “...Үйлчлүүлэгчтэй маань согтуу хэд хэдэн удаа уулзсан. Тэрэнд гомдолтой байна гэдэг зүйл яриад байгаа юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн үндсэн шаардлага нь  хайхрамжгүй хандан хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэж заасан байдаг. Иймд гэм буруутай тооцох саналыг гаргаж байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр дурдаж өгнө үү...” дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Мид холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.М нь Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “            ” ХХК-ийн эзэмшлийн нүүрсний гүний уурхайг гэрээ байгуулан ашиглах явцдаа буюу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас уг уурхайд ажиллаж байсан Д.Тын эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь:

шүүгдэгч Б.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...доошоо гээд дохио өгтөл дээр сууж байсан хүн доошоо гэснийг дээшээ датаад тэр үед Т урд талд нь сууж байсан болохоор ковшинд дайруулаад доошоо унасан. Ө ах барьж авч чадалгүй алдсан. Доошоо унангуут нь болохоо байлаа аваар дуудаарай гээд намайг татаад гаргасан. Гарч иртэл хонх дугарсан. Би Бтай ковшоо чирээд доошоо буусан. Буугаад очиход Т хэвтэж байсан. Т “ёо ёо ааваа”  гээд байсан. Тэгээд Ө ах бид хоёр ковшиндоо хийгээд татуулаад гараад иртэл аврах ирээд цагдаа ирээд тийм л үйл явдал болсон...” гэх, 

хохирогч Д.Тын “...Би оруулж Мийн гарт өгтөл намайг хажуудаа хүн суулгах зай гарга гэсэн. Би хөдөлтөл ковш дээгүүр гарсан. Тэгээд хөл ажиллагаагүй болсон. Нэг ухаан орсон өнхөрч явсан. Ахиад нэг ухаан ороход хүн орж ирж байх шиг байсан...” гэх,

            Гэрч Д.Өдэлгэрийн “...Тэрнийгээ мултлаад хөлөө хоёр тийш алцайгаад зогстол дээрээс нэг зүйл өнхөрөөд ороод ирсэн. Бариад автал манай хүү Т байсан. Би хоёр гарнаас нь бариад автал дийлэхгүй доошоо алдчихсан. Гарнаасаа алдангуутаа хойноос нь гулсаад ортол манай хүү Т аав гэж нэг дугараад тэгээд ухаан алдчихсан. Тэгээд би хүүгээ үүрээд дээш гарах гэсэн дийлэхгүй болохоор хонхоор дохио өгч  ковш оруулж ирээд гаргасан. Ковшийн дотор М, бас нэг танихгүй хүн байсан. Тэгээд бид нар гурвуулаа нийлээд Тыг ковшинд хэвтүүлж дээш гаргаад шууд Налайхын эрүүл мэндийн төвд очиход анхны тусламж үзүүлээд  гэмтлийн эмнэлэг рүү түргэний машинаар хүргэж өгсөн...”  гэх,

            Гэрч Б.Бийн “...Аман дээр зогсож байсан залуу дээшээ тат гэж байна гэхээр нь цахилгаан мотороо ажиллуулаад леботка дээшээ татсан чинь Доржоо ковшин дотор суугаа гараад ирсэн. Аав хүү хоёр доошоо өнхөрөөд явчихлаа аврах дуудаарай гэтэл хонх дугарахаар нь Доржоо Б хоёр доошоо ковшоо чирээд орсон. Тэгээд удалгүй дахин хонх дугараад татахад тэд нар бүгдээрээ гарч ирсэн...” гэх

            Гэрч Г.Бгийн “...М доороос тат гэж орилохоор нь би Бд татаарай гэж байна гээд татуулсан чинь М ковшиндоо ганцаараа гарч ирсэнээ сулла гэж байхад татчих юм Т ковшинд хавчуулагдчихлаа аврах дуудаарай гэж хэлээд байж байтал хонх дугараад Мягмадорж бид хоёр уурхай руу ороод доошоо ковшоо чирээд явж байтал салааны жоохон эргэдэг хэсэг дээр ковш гацчихсан. Тэр үед дээр либокта дээр байсан Б либоткаа зогсоочихсон. М бид хоёр ковшоо татаад дийлээгүй. Тэр үед Ө ах М би хоёр дээр ирчихсэн байсан. Тэгээд намайг хонхон дээр очоод тороосоо суллуул гэж хэлээд би буцаад дээшээ 10 орчимд метр яваад хонхоор 3 удаа дохиж тороос суллах дохио өгөхөд Б либотка суллаад Ө ах, М 2 доошоо ковшоо чирээд явсан. Тэгээд би доошоо явсан хоёрыг хүлээж байгаад ковш дээшээ татагдаад ирэхээр нь ковшинд замаас нь үсэрч суугаад би 4 дээшээ гарсан...” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №08 шэ/570 дугаар дүгнэлт, Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 02-06-366/06 дугаар дүгнэлт, Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

                                                                                                      

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Мийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Тын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн “Шинээр баримтаар гаргаж өгсөн хохиролыг барагдуулсан тул хохирол төлбөргүй гэж шийдэж өгнө үү” гэх тайлбар гаргасныг үндэслэн Б.Мийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Б.Мид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял оногдуулах саналтай байна” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Б.М нь гэмт хэрэгт холбогдсон үеэс гэм буруу дээрээ маргадаггүй. Энэ үйлдэлдээ гэмшиж харамсаж, тухайн бололцоотой үедээ хохиролыг барагдуулж байсан байдаг. Улсын яллагчийн зүгээс санал болгосон 1 жилийн хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлтэй байна. Үүнд: хохирол төлбөрөө барагдуулсан, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Иймд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял оногдуулж өгөөч. Хохирогчид цаашид гарах зардалыг Иргэний шүүхийн журмаар нэхэмжилж болохыг дурдсан тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь аль аль талдаа тэнцвэртэй байна гэж үзэж байна. Мөн нэмэлт ял дээр хэлэхэд эрхэлж байгаа уурхайн ам хаагдсан байгаа иймд нэмэлт ялтай санал нийлж байна” гэх,

Хохирогчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь эрх хасах болон хорих ялтай иймд улсын яллагчийн саналаас хэтрүүлэхгүйгээр шийдэж өгнө үү. Шинээр баримтаар гаргаж өгсөн хохиролыг барагдуулсан тул хохирол төлбөргүй гэж шийдэж өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзсан ба Б.Мийн үйлдсэн гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд Б.Мийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бичил уурхай эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,  4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас  хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөний ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийг бичил уурхай эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Мид оногдуулсан бичил уурхай эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгч Б.Мид мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Т нь цаашид гарах эмчилгээний зардалын нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдсугай.

6. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт холбогдуулан шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ЧИНЗОРИГ