Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2016/05298

 

2016 оны 10 сарын 05 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05298

 

 

 

 

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Цахлай 11 дүгээр гудамж, 3 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Амгалангийн Энхтайван /РД:УХ69090162/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, өөрийн байранд байрлах Маргад шилтгээн ТББ /РД:8082618/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Амралтын мөнгө болон ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж нийт 2.220.000 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус байгууллагад үйлчлэгчээр ажилд орсон. Би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр намайг гэнэт ажлаас халсан. Ийм учир амралтын мөнгө 300.000 төгрөг, гэнэт халагдсаны тэтгэмж 1.860.000 төгрөг, нийт 2.220.000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч А.Энхтайванг үйлчлэгчийн албан тушаалд эгүүлэн томилж, А.Энхтайваны ажилласан хугацааны ээлжийн амралтыг олгож, ажилтан А.Энхтайван нь байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу үүрэгт ажлаа гүйцэтгэхээр харилцан тохирч эвлэрч байна гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Энхтайван нь Маргад шилтгээн ТББ-аас ээлжийн амралтын олговор 300.000 төгрөг, ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж 1860.000 төгрөг, нийт 2.220.000 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлжээ. Гэрээгээр нэхэмжлэгч А.Энхтайванг үйлчлэгчийн албан тушаалд эгүүлэн томилж, А.Энхтайваны ажилласан хугацааны ээлжийн амралтыг олгож, ажилтан А.Энхтайван нь байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу үүрэгт ажлаа гүйцэтгэхээр харилцан тохирсон байна.

Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэв.

   

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                            

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. А.Энхтайваны нэхэмжлэлтэй Маргад шилтгээн ТББ-д холбогдох ээлжийн амралтын олговор, ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжид 2.220.000 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч А.Энхтайванг үйлчлэгчийн албан тушаалд эгүүлэн томилж, А.Энхтайваны ажилласан хугацааны ээлжийн амралтыг олгож, ажилтан А.Энхтайван нь байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу үүрэгт ажлаа гүйцэтгэхээр харилцан тохирч эвлэрснийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 25.235 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Ч.МӨНХЦЭЦЭГ