Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/153

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг,   

улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд,

хохирогч Л.О, 

Иргэний нэхэмжлэгч М.Г, Ш.Н,

Гэрч Э.Э, У.М,

Шинжээч А.Анхбаяр, Д.Нямдорж, Т.Ганзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Азжаргал,

шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Л.Бт холбогдох эрүүгийн 1907001450130 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******од оршин суух, урьд ял шийтгэлгүй, Харчин овогт Л.Б /РД:**********/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч Л.Б нь Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бөмбөрцөгтэй уулзварын засмал зам дээр 2019 оны 02 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.8 “...тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ: а /уулзвар, гарцаас гарахдаа тухай орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч П.О, Л.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, М.Гийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд 4.666.500 төгрөг, Ш.Нгийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгсэлд 6.041.700 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би Л овогтой Б 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр аав Л, эгч О найз М, Г нарын хамт аймгаас явж байсан. 2 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн үед гараад орой 22 цагийн үед очиж хоноод маргааш үдээс хойш 16 цагийн үед гарсан. Тухайн өдөр найз Мтай ээлжилж машин барьж явсан. Налайх дүүргийн зам дээр уулзвар руу орох гэтэл өөдөөс нэг машин зам голлоод явж байсан. Би өөрийнхөө боломжит эгнээрүү дарсан. Тухайн машин хаагуур нь явах нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд эсрэг талын урсгал руу орж мөргөлдсөн.” гэв.

 

Хохирогч Л.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би аймгаас гараад унтчихсан байсан. Тухайн үед юу болсон талаар мэдэхгүй байна.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч М.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би аймгаас явж байсан. Налайх дүүргийн бөмбөрцөгтэй уулзвар дээр өөдөөс хар өнгийн машин зам голлож маш хурдтай явсан. Би өөрөө харсан. Тэгээд манай жолооч яах ч аргагүй хажуу тийш дарсан.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Ш.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би альпард маркийн авто машины эзэмшигч байгаа юм. Миний хувьд үнэлгээгээр гарсан хохирол 6.041.700 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Өөр хэлэх зүйлгүй.” гэв.

 

Гэрч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “Би тухайн өдөр аав болон найзтайгаа Улаанбаатар хотоос Налайх дүүрэг рүү ирж байсан. Налайх дүүрэг рүү эргэх уулзвар дээр приус 20 маркийн авто машин маш хурдтай ирж байсан. Тэгээд манай аав наад машинтай хүн чинь согтуу юм шиг байна хурдаа багасага гэсэн. Би хурдаа багасгаж замын хажуу тал руу шахах маягаар явж байсан. Тэгээд өөдөөс ирж байсан машин урсгал сөрж орж ирээд манай машиныг мөргөсөн” гэв.

 

Гэрч У.М шүүхийн хэлэлцүүлэгт: “би болсон ослыг харсан...осол болох үед жолоочийн эсрэг талын ард сууж явсан...Алфард маркын машин зам голлоод хурдтай явж байсан...манай машин зам тавьж өгөх зорилгоор дарсан...Алфард машин 50 км/ц хурдаас дээш хурдтай явж байсан...” гэв.

 

Шинжээч А.Анхбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...12 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: Жолооч уулзвар, гарцаар нэвтрэхдээ тухайн эгнээнээс өөрийн явах чигийн дагуу хөдөлгөөний эгнээний үргэлжлэлийг заасан 1.7 тэмдэглэлийг баримтална. Хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ. Уулзвар гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ, гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шууд шалтгаан болсон байна. Жолооч Э.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалыг зөрчөөгүй байна. Хэргийн газрын үзлэгээр тоормосны мөр илрээгүй тул хурдыг тогтоох боломжгүй байна. Тухайн замын нөхцөл байдал осол гарахад ямар нэгэн нөлөө үзүүлээгүй байна. Хэргийн газрын үзлэгээр тоормосны мөр илрээгүй тул зогсоох арга хэмжээ авсан гэж үзэхгүй. Дүгнэлт гарах явцад хэрэгт өөрт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно. Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж зааснаар шинжээчийн дүгнэлт гарсан.” гэв.

 

Шинжээч Т.Ганзориг нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шинжээчийн дүгнэлтээр: Осол хэрэг болсон газар гол зам гэсэн тэмдэгтэй боловч тухайн зорчих хэсгийн аль хэсэгт давуу эрхтэй хөдөлгөөнд оролцох нь ойлгомжгүй байна. Зорчих хэсэгт замын тэмдэглэгээ байхгүй байгаа нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл биш бөгөөд жолоочийн буруутай үйлдлийн улмаас осол гарсан байх үндэслэлтэй байна. Осол хэрэг болсон гэх газрын замын зохион байгуулалт, тэмдэг тэмдэглэлгээг хариуцах байгууллага, албан тушаалтны үүрэг хариуцлага хэн хүлээх эсэхэд техникийн шинжээч нар хариулт өгөх боломжгүй.” гэв.

Шинжээч Д.Нямдорж нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Налайх дүүргээс Чойр руу салдаг зохицуулдаггүй уулзварын хөдөлгөөний зохион байгуулалтын байдлаас шалтгаалан зам тээврийн осол гарсан болохыг осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, замын нөхцөл байдлийг нөхөн үзлэгийн зурагт тодорхой заасан тул зам тээврийн осолд холбогдсон жолооч нарыг буруутгах ямар нэгэн үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Л.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би өөрийн аав Л, дүү Б, найз М, дүүгийн найз охин Г нарын хамтаар аймгаас Улаанбаатар хот руу өдөр 15 цагийн үед гарч замын турш унтаж явсан. Осол ямар шалтгааны улмаас болсон талаар би сайн мэдэхгүй байна. Тухайн үед би хол замд ядраад унтаж явсан. Ослын улмаас миний баруун гарын шуу хэсгээрээ хугарч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй угаасаа архи уудаггүй. Надад ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй.” гэх мэдүүлэг мэдүүлэг

/хх-ийн 21-25 дугаар хуудас/,

 

Хохирогч П.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Налайх руу өөрийн найз Э түүний аавын хамтаар явсан. Налайх дүүргийн худалдааны төв өнгөрөөд бөмбөрцөгтэй уулзвар орж байх үед Эын машины өөдөөс эсрэг урсгал сөрөөд тээврийн хэрэгсэл орж ирсэн. Тэр үед Эын аав нь наадах чинь согтуу хүн байх шиг байна зам тавьж өг гэж байсан ба Э баруун дарж тоормос гишгээд зам тавьж өгөх гэж байтал өөдөөс нь бид нарын явсан урсгалд орж мөргөлдсөн. Этай би тэр өдөр өдөржин л хамт байсан. Э огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Ослын улмаас миний зүүн гарын буглагны шулуун яс ташуу хугарсан, булчин бүтэн эргэж, хугарсан яс нь доод ясандаа зоогдож доод яс нь ангайсан байсан. Би одоо эмчилгээний зардалтай холбоотой мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 28-31 дүгээр хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч М.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Ослын улмаас миний тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр 4.666.500 төгрөгийн хохирол учирсан байна. Би буруутай этгээдээс өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг барагдуулж авах хүсэлттэй байна. Бөмбөрцөгтэй уулзвараас зам нийлэх гэтэл гэнэт нөгөө талын урсгалаас хурц гэрэл гарч зам голлож маш их хурдтай тээврийн хэрэгсэл манай машиныг мөргөсөн. Тухайн үед манай тээврийн хэрэгсэл 40-50 км цагийн хурдтай явж байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 33, 49 дүгээр хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Ш.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Э.Эын жолоодон явсан улсын дугаартай Тоёота Алфард маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Тухайн тээврийн хэрэгслийг эзэмшил ашиглалтыг миний хүү Э.Э хариуцсан байсан. Ерөнхийдөө миний нэр дээр байдаг манай хүүгийн тээврийн хэрэгсэл. Ослын улмаас миний тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр 6.442.000 төгрөгийн хохирол учирсан. Би одоо тээврийн хэрэгслийг засварлах үед зарцуулсан 8.140.000 төгрөгийг буруутай хүнээс нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 39 дүгээр хуудас/

 

Гэрч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед Улаанбаатар хотоос Налайх дүүрэг рүү өөрийн аав Э найз О нарын хамт улсын дугаартай тээврийн хэрэгслийг явж байгаад Налайх дүүргийн бөмбөрцөгтэй уулзвар дөхөөд өөрийн эгнээнд явж байх үед ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй буюу Дорноговиос Улаанбаатар чиглэлд явж байсан цагаан өнгийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирсэн. Манай аав жолоочийн хажуу талын суудалд сууж яваад тухайн тээврийн хэрэгслийг харж надад хүүе миний хүү наад машин чинь өөдөөс чинь орж ирлээ согтуу юм биш үү цаашаа дар гэж хэлсэн. Би хараад гэрлээрээ дохиж сигналдаад замын хажуу тал руу дарж зөрөх гэтэл миний баруун гар талд замын тусгаарлах хашлага байсан учир тэр хашлага хүртэл дарж шахаад тоормос гишгэж зогсоох арга хэмжээ авч тухайн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Би баруун гар талруугаа маш их дарж зам чөлөөлж өгсөн, тэгж байж өөрийн тээврийн хэрэгслийн зүүн гар талаас мөргүүлсэн. Хэрэв би баруун дараагүй байсан бол хоёр тээврийн хэрэгсэл өөд өөдөөсөө мөргөлдөж их хэмжээний хохирол учрах байсан. Би осол болох үед өөрийн хянах самбараа харсан 30 км цагийн хурдтай явж байсан. Үнэлгээ хийсний дараа тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийлгүүлсэн. Үнэлгээний компани гаргасан үнэлгээнээс 1.030.000 төгрөгийн зөрүү гарсан. Би одоо өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжилж байна. Өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Надад шинжээч эмчийн дүгнэлттэй холбоотой гаргах санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 40-41 дүгээр хуудас/

 

Гэрч У.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бөмбөрцөгтэй уулзвараас салж Улаанбаатар хот руу чиглэлтэй эргэж ортол эсрэг талын урсгалаас буюу Улаанбаатар хотоос Налайх дүүргийн чиглэлтэй хурц гэрэлтэй тээврийн хэрэгсэл хурдтай орж ирсэн. Миний сууж явсан тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч өөрийн эгнээ байрыг эзлэх гэж байгаад амжихгүй байсан учир эсрэг тал руу буюу эсрэг урсгал руу дарж тухайн тээврийн хэрэгслүүд өөд өөдөөсөө мөргөлдөж зогссон.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 51 дүгээр хуудас/

 

Гэрч Ш.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүү Б жолоо барьсан тэгээд би удаагүй унтсан байсан. Намайг унтаад явж байх үед гэнэт тээврийн хэрэгслийн хамгаалах бүс чангарч амьсгал авахад хэцүү болсон. Тэр үед би сэрээд хамгаалах бүсээ тайлах гэж хэсэг хугацаанд ноцолдож байгаад тайлж машинаас буугаад хартал тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 52 дугаар хуудас/

 

Гэрч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Улаанбаатар хотоос Налайх дүүрэг рүү явж байх үед Налайх дүүргийн 7-р хороо бөмбөрцөгтэй  уулзвар дээр цагаан өнгийн Приус маркийн тээврийн хэрэгсэл эсрэг урсгал сөрж орж ирсэн. Би тухайн үед өөрийн хүү Эад миний хүү наадах чинь согтуу байх шиг байна, баруун талруугаа шахаад өг гэж хэлээд манай хүү хурдаа хасаж гэрлээрээ дохиж сигналдаж баруун гар тал руугаа шахаж өгтөл нөгөө тээврийн хэрэгсэлтэй зүүн гар талаараа мөргөлдсөн. Тухайн тээврийн хэрэгслийг өөдөөс эсрэг урсгал сөрж ирсэн учир замын хажуу тал руу замаас гарч шахаж өгсөн. Осол болох үед зам байсан учир маш бага хурдтай явж байсан ба бараг 30-40 км цагийн хурдтай явж байсан байх.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 59 дүгээр хуудас/

 

Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаартай “...Жолооч Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.8 Жолооч уулзвар, гарцаар нэвтрэхдээ тухайн эгнээнээс өөрийн явах чигийн дагуу хөдөлгөөний эгнээний үргэлжлэлийг заасан 1.7 тэмдэглэлийг баримтална. Хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ. а/ Уулзвар гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шууд шалтгаан болсон байна. Жолооч Э.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна.” гэх дүгнэлт,

/хх-ийн 68-69 дүгээр хуудас/

 

Шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 264 дугаартай “...Тоёота маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.8. ...тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ: а/уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоёота Алфард маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна.” гэх дүгнэлт,

/хх-ийн 91-92 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №08 шэ/130 дугаартай:

  1. П.Оын биед зүүн атгаал ясны доод 1/3 хэсгийн зөрүүтэй далд хугарал гэмтэл тоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  3. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,

/хх-ийн 99 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №2499 дугаартай:

  1. Л.Оийн биед баруун гарын шуун ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 121 дүгээр хуудас/

     

      “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний авто машин техникийн үнэлгээний тайлан,

/хх-ийн 151-152 дугаар хуудас/

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн авто машины хөрөнгийн үнэлгээний тайлан,

/хх-ийн 247-248/

 

            2019  оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт,

            /хх-ийн 12-14 дүгээр хуудас/

 

            2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,

            /хх-ийн 16-19 дүгээр хуудас/

 

            2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт,

            /хх-ийн 232 дугаар хуудас/

 

            2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4 дугаартай прокурорын тогтоол,

            /хх-ийн 241-242 дугаар хуудас/

 

            *******ны тодорхойлолт,

            /хх-ийн 198 дугаар худас/

           

            Л.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 199 дүгээр хуудас/

           

            Л.Бын Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа,

            /хх-ийн 200 дугаар хуудас/

           

            Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа,

            /хх-ийн 201 дүгээр хуудас/

 

            Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа,

            /хх-ийн 202 дугаар хуудас/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 205 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: “...Л овогтой Б нь Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бөмбөрцөгтэй уулзварын засмал зам дээр 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Тоёотоа приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.8. ...тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ: а/ уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас улсын дугаартай Тоёота Альпард маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч П.О, Л.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, М.Гийн эзэмшлийн 04-83 УЭУ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд 4.666.500 төгрөг, Ш.Нгийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Альпард маркийн тээврийн хэрэгсэлд 6.041.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцох саналтай байна.” гэх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал харагдаж байна. Улсын яллагчийн яриад байгаа нь Монгол улсад замын хөдөлгөөний стандартыг мөрддөг юм уу? Тухайн этгээдэд гэм буруутай эсэхийг тогтоосон тэмдэглэгээ байхгүйгээс зам тээврийн осол гарч байгаа. Өнөөдөр хавтаст хэргийн материалд авагдсанаар гэрчийн мэдүүлэгт аавынхаа хэлснээр хурдаа хасч хажуу тийшээ дарсан гэсэн. Замын хөдөлгөөний дүрмийн 5.1.4-т зааснаар тэмдэглэгээ байгааг хараад зогсох байсан. Гэтэл хэрэгт зам тавьж зогсож байсан гэх баримт мөн тоормос гишгисэн ямар нэгэн ул мөр байхгүй. Л.Бын ойлгож байгаагаар гол зам байсан учир өөрийгөө давуу эрхтэй гэж бодсон. Давуу эрх гэж юу вэ гэдгийг хуульд заасан. Альпард маркийн машин зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүй нь гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байна. Хэрэв зээ энэ хүн миний хөдөлгөөнд саад учруулаагүй байсан бол уулзваараар шууд нэвтрэх боломжтой байсан. Л.Бын зорчих хэсэг хаана байгаа вэ гэдгийг үзүүлэхэд Л.Бын машины 3/1 эсрэг урсгал руу орсон байсан. Өөрөөр хэлбэл өөрийн зорчих ёстой бэлчрээсээ 3 хуваасны 1 хэсэг нь л гарч аваар гаргаж хохирол учруулсан. Замын хөдөлгөөнд аюул осол гаргахгүй байх арга хэмжээг Альпард маркийн авто машин авах ёстой байтал зогсохгүй яваад байна. Уулзварыг стандартын дагуу тавина гээд тусгасан байна. Яагаад дүрэм журмынхаа дагуу тэмдэг тэмдгэлэгээгээ тавихгүй? яагаад эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байгаа юм бэ? Замын хөдөлгөөнд оролцогчийн тэмдэглэлийг 2-р хавтаст хэрэгт авагдсан үйлчлэлээр тогтоож, тэмдэг тэмдэглэгээг баримтална гэдгийг хараагүй гэсэн. Б анхнаасаа хараад давуу эрхтэй гэдгээ мэдсэн. Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж асуусан. Зам тавьж өгөөд зогссон тохиолдодд осол үүсгэхгүй байх боломжтой байсан. Энэ нь Альпард маркийн авто машинтай холбоотой гэсэн. Замын хөдөлгөөний дүрмийн 10.8 дахь “жолооч уулзвар, гарцаар нэвтрэхдээ тухайн эгнээнээс өөрийн явах чигийн дагуу хөдөлгөөний эгнээний үргэлжлэлийг заасан 1.7 тэмдэглэлийг баримтална. Хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ” гэх заалтыг хэрэглэнэ. Энэ дарааллаар нэвтэрнэ гэсэнтэй хамааралгүй заалт байгаа. Яг энэ заалтаар 10.1-д “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасан нь 3.1., 3.4-т заасныг оруулсан зүйл заалт байхгүй. Замын хөдөлгөөний дүрмийн 15 дах хэсэгт “жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэж заасан. Харин уг дүрмийн 15.9 дэх хэсэгт “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” зааснаар зохицуулагдана. Энэ бүх зүйл заалтыг уншаад үзэхэд шинжээч нар буруу дүгнэлт гарсан гэж үзэж байна. Өөрийнх нь хөдөлгөөнд саад учруулсан учраас л зүүн гар тийшээ дарсан. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Даштогтохын мэдүүлгийг ойлгохгүй байна. Тахир зам дээр тийм тэмдэг байхгүй байсан. Хэзээнээс энэ хүн уг ажлыг хийгээд байгаа нь замын ашиглалт үйлчилгээ ямар байгаа зэргийг анхаарч дүгнэлт хийгээрэй гэхэд миний хүсэлтийг хангахдаа дүр эсгэж хангасан. Нийслэлийн авто зам ашиглалтын газар гэж байгаа гэж хэлсэн. Энэ байгууллага байдаг юм бол яагаад миний хүсэлтийг хангаж шийдвэрлэхгүй байгаа юм. Иймд хэргийг шийдвэрлэх боломжгүй тул ашиглалт үйлчилгээ хариуцсан газрыг татан оролцуулж, хэргийг дахин шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэх,

Шүүгдэгч Л.Б: “Гэм буруутай нь тогтоогдвол хохирлыг төлж барагдуулна” гэх дүгнэлт тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.Бт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Л.Б нь Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бөмбөрцөгтэй уулзварын засмал зам дээр 2019 оны 02 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед улсны дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.8 “...тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ: а/уулзвар, гарцаас гарахдаа тухай орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч П.О, Л.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, М.Гийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд 4.666.500 төгрөг, Ш.Нгийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгсэлд 6.041.700 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

Шүүгдэгч Л.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би Л овогтой Б 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр аав Л, эгч О найз М, Г нарын хамт аймгаас явж байсан. 2 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн үед гараад орой 22 цагийн үед очиж хоноод маргааш үдээс хойш 16 цагийн үед гарсан. Тухайн өдөр найз Мтай ээлжилж машин барьж явсан. Налайх дүүргийн зам дээр уулзвар руу орох гэтэл өөдөөс нэг машин зам голлоод явж байсан. Би өөрийнхөө боломжит эгнээрүү дарсан. Тухайн машин хаагуур нь явах нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд эсрэг талын урсгал руу орж мөргөлдсөн.” гэх мэдүүлэг,

хохирогч Л.Оийн: “...Би аймгаас гараад унтчихсан байсан. Тухайн үед юу болсон талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг,

иргэний нэхэмжлэгч М.Гийн: “...Би аймгаас явж байсан. Налайх дүүргийн бөмбөрцөгтэй уулзвар дээр өөдөөс хар өнгийн машин зам голлож маш хурдтай явсан. Би өөрөө харсан. Тэгээд манай жолооч яах ч аргагүй хажуу тийш дарсан.” гэх мэдүүлэг,

иргэний нэхэмжлэгч Ш.Нгийн: “...Би альпард маркийн авто машины эзэмшигч байгаа юм. Миний хувьд үнэлгээгээр гарсан хохирол 6.041.700 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Өөр хэлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

 шинжээч А.Анхбаярын “...12 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: Жолооч уулзвар, гарцаар нэвтрэхдээ тухайн эгнээнээс өөрийн явах чигийн дагуу хөдөлгөөний эгнээний үргэлжлэлийг заасан 1.7 тэмдэглэлийг баримтална. Хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ. Уулзвар гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ, гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шууд шалтгаан болсон байна. Жолооч Э.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалыг зөрчөөгүй байна.” гэх дүгнэлт, 

шинжээч Т.Ганзоригийн: “...Осол жолоочийн буруутай үйлдлийн улмаас осол гарсан байх үндэслэлтэй байна. Осол хэрэг болсон гэх газрын замын зохион байгуулалт, тэмдэг тэмдэглэлгээг хариуцах байгууллага, албан тушаалтны үүрэг хариуцлага хэн хүлээх эсэхэд техникийн шинжээч нар хариулт өгөх боломжгүй.” гэх дүгнэлт,

хохирогч П.Оын: “...Эын машины өөдөөс эсрэг урсгал сөрөөд тээврийн хэрэгсэл орж ирсэн. Тэр үед Эын аав нь наадах чинь согтуу хүн байх шиг байна зам тавьж өг гэж байсан ба Э баруун дарж тоормос гишгээд зам тавьж өгөх гэж байтал өөдөөс нь бид нарын явсан урсгалд орж мөргөлдсөн. Ослын улмаас миний зүүн гарын буглагны шулуун яс ташуу хугарсан, булчин бүтэн эргэж, хугарсан яс нь доод ясандаа зоогдож доод яс нь ангайсан байсан. Би одоо эмчилгээний зардалтай холбоотой мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

гэрч Э.Эын “...Би осол болох үед өөрийн хянах самбараа харсан 30 км цагийн хурдтай явж байсан. Үнэлгээ хийсний дараа тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийлгүүлсэн. Үнэлгээний компани гаргасан үнэлгээнээс 1.030.000 төгрөгийн зөрүү гарсан. Би одоо өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжилж байна. Өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг,

 гэрч У.Мын: “...Миний сууж явсан тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч өөрийн эгнээ байрыг эзлэх гэж байгаад амжихгүй байсан учир эсрэг тал руу буюу эсрэг урсгал руу дарж тухайн тээврийн хэрэгслүүд өөд өөдөөсөө мөргөлдөж зогссон.” гэх мэдүүлэг, шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаартай “...Жолооч Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.8 Жолооч уулзвар, гарцаар нэвтрэхдээ тухайн эгнээнээс өөрийн явах чигийн дагуу хөдөлгөөний эгнээний үргэлжлэлийг заасан 1.7 тэмдэглэлийг баримтална. Хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ. а/ Уулзвар гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шууд шалтгаан болсон байна. Жолооч Э.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна.” гэх дүгнэлт, шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 264 дугаартай “...Тоёота маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.8. ...тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ: а/уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоёота Алфард маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна.” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №08 шэ/130 дугаартай: Оын биед зүүн атгаал ясны доод 1/3 хэсгийн зөрүүтэй далд хугарал гэмтэл тоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №2499 дугаартай: Л.Оийн биед баруун гарын шуун ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. гэх дүгнэлт, “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний авто машин техникийн үнэлгээний тайлан, “Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн авто машины хөрөнгийн үнэлгээний тайлан, 2019  оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Л.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч П.О, Л.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, М.Гийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд 4.666.500 төгрөг, Ш.Нгийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгсэлд 6.041.700 төгрөгийн хохирол учруулсан, “хохирогч Л.О болон иргэний нэхэмжлэгч М.Г нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...”гэсэн харин иргэний нэхэмжлэгч Ш.Нгийн нэхэмжилсэн 6.041.700 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг шүүгдэгч төлсөн мөн сар бүр 400.000 төгрөг төлөхөө илэрхийлсэн байх тул 4.041.700 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах саналтай байна. Мөн шүүгдэгч хохирол төлбөрийг тодорхой хэмжээгээр барагдуулсан. Хохирогч нартай харилцан тохиролцсон байх тул шүүгдэгч Л.Бт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Шүүгдэгч Л.Б нь хохиролд хохирол төлбөр төлсөн байгаа учир нийтэд тустай ажил хийлгэх нь шүүгдэгчийн ажил амьдралын хувьд үлдэх хохирлыг төлөх боломжгүй нөхцөл байдал үүснэ. Иймд нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар өөрчилж 450 нэгжээр торгох ял оногдуулж өгөөчээ гэсэн саналтай байна. Шүүгдэгч нь барилгын ажил хийдэг. Хохирлыг барагдуулахын тулд өдөр бүр ажил хийх ёстой гэх үүднээс торгуулий ял оногдуулж өгнө үү. Хэрэв 240 цаг нийтэд тустай ажил хийлгэвэл энэ хүний хувьд сарын хугацаанд ямар ч орлогогүй байна гэсэн үг. Иймд торгуулийн арга хэмжээ авч өгнө үү.” гэх, дүгнэлт тайлбар гаргав.

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн ба хохирогчид учирсан хохирлыг төлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулан түүнийг хохирогч П.О, Л.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, М.Гийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд 4.666.500 төгрөг, Ш.Нгийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгсэлд 6.041.700 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт Л.Бт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

  Бусад асуудлаар

            Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Харчин овогт Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баас 4.041.700 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ш.Нд олгуулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний үнийн дүнг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ