Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2020/0572

 

“С ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Д.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 559 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор “С ф” ХХК-ийн гомдолтой, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи уул, уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Д.Н-д холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 559 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 47 дугаар зүйлийн 47.11-т заасныг баримтлан “С ф” ХХК-ийн “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи уул, уурхайн хяналтын улсын байцаагч Д.Н-ын 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 0063521 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:“...Гомдол гаргагчийн зүгээс тухайн талбайд олборлолт хийгээгүй тул тайлан гаргах үүрэггүй гэж огт маргасан зүйл байхгүй. Харин холбогдох хууль тогтоомж нь өөрчлөгдсөн байтал тухайн тушаал, маягтаа хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийцүүлэх, мөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж байж дагаж мөрдүүлэх ёстой. Захиргааны ерөнхий хуулийг захиргааны байгууллага дагаж мөрдсөнгүй хэмээн маргасан болно. ...Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/125 дугаар тушаал батлагдсанаас хойш хуульд 2 удаа эрс өөрчлөлт орсон байтал, холбогдох тушаал, маягтаа хуульд нийцүүлэн батлаагүй мөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй байсан, хариуцагчийн шүүх хуралдаан дээр өгсөн тайлбараас харахад гомдол гаргагч нь төрийн захиргааны байгууллагын гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгээд маягт, хүснэгтийг өөрөө зохиогоод өгөх ёстой байжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.11 дэх хэсэгт “Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкинд алт тушаасан этгээдээс бусад энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан маягтын дагуу, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус ирүүлнэ” гэсэн хэсгийг үндэслэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягт нь хэм хэмжээний актын бүхий л шинжийг агуулна. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Тайлангийн маягт батлах тухай” А/164 дүгээр тушаалаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягтыг баталж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Адил хоёр төрийн захиргааны байгууллагын нэг нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, захиргааны хэм хэмжээний актаа хууль тогтоомжид нийцүүлэн баталж, улмаар захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж болоод байхад нөгөө нь зохицуулах зүйл, зохицуулалтын арга хэм хэмжээ нь өөрчлөгдсөн байхад өнөө хэр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, захиргааны хэм хэмжээний актаа батлаагүйг юу гэж ойлгох вэ? Шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 559 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол гомдлоор хязгаарлахгүй” гэж заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзсэн бөгөөд давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “С ф” ХХК нь “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи уул, уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Д.Н-ын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 0063521 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдол гаргаж, үндэслэлээ “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.11-д 2019 онд 2 удаа өөрчлөлт орсон байхад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/125 дугаар тушаалаа хуульд нийцүүлээгүй, энэхүү хэм хэмжээний актад хамаарах тушаалаа улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй, хууль өөрчлөгдөөд 1 жил 6 сарын дараа хуулийг хэрэгжүүлэхээ санаж цөөн тооны аж ахуйн нэгжийг сонгон авч зөрчилд тооцсон нь Үндсэн хуульд заасан ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг зөрчсөн” гэж маргажээ.

Маргаан бүхий улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 0063521 дүгээр шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгч “С ф” ХХК-ийг “2019 онд худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баталсан маягтын дагуу гаргаж ирүүлээгүй буюу ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй” зөрчил гаргасан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.11-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь улирал бүр тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүтээгдэхүүний тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээг тооцсон үндэслэл болон төлбөрийн нийт хэмжээг тусгасан тайланг мэргэжлийн хяналтын албанаас баталсан маягтын дагуу үнэн зөв гаргаж, баталгаажуулан тус албанд ирүүлнэ” гэж заасныг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар “Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээдээс бусад энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус ирүүлнэ” гэж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар “этгээдээс” гэснийг “хувь хүнээс” гэж тус тус өөрчлөлт оруулжээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл мэргэжлийн хяналтын байгууллагад гагцхүү ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүтээгдэхүүний тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээг тооцсон үндэслэл болон төлбөрийн нийт хэмжээг тусгасан тайланг улирал бүр гаргаж өгөх үүрэгтэй байсан бол Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар уг тайланг гаргах үүрэг бүхий субъектийг нэмэгдүүлж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч бүр улирлын болон жилийн эцсийн тайлан гаргаж өгөх үүрэгтэйг тодорхойлсон байх бөгөөд зохицуулах зүйл болон зохицуулалтын арга өөрчлөгдөөгүй байна.

Нэхэмжлэгч “С ф” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч байх бөгөөд тэрээр хуульд өөрчлөлт орсон эсэхээс  үл хамааран мэргэжлийн хяналтын байгууллагад тайлангаа гаргаж өгөх үүрэгтэй этгээд байсан тул тайлан гаргах үүрэг бүхий субъектийг нэмэгдүүлсэн өөрчлөлт орсоноор мэргэжлийн хяналтын байгууллага маягтаа шинэчлээгүй нь энэ хуулийн этгээдийн эрхийг хөндөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, хуульд өөрчлөлт орохоос өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн эзэмшлийн талбайгаас олборлож худалдсанаас гадна өөрөө олборлоогүй ч ашигт малтмал худалдахаар ачуулсан /экспортолсон/ тохиолдолд тайлан гаргаж өгөх үүрэгтэй байсан байх ба Ашигт малтмалын тухай хуульд 2 удаа өөрчлөлт орсоноор энэ үүрэгт өөрчлөлт ороогүй, нэхэмжлэгч нь 2019 онд 269,923 кг жонш, хайлуур, хүдэр экспортод гаргаснаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн  А/125 дугаар тушаалаар батлагдсан Маягт-1 “Тайлант хугацаанд борлуулсан бүтээгдэхүүн” хэсэгт болон Маягт-2, Маягт-3-ын дагуу тайлагнах боломжтой байжээ.

Хэдийгээр хуульд өөрчлөлт орсоноор мэргэжлийн хяналтын байгууллага маягтаа шинэчлэн батлах нь зохистой байх боловч өөрчлөлт орохоос өмнө болон дараа ч тайлан гаргах үүрэгтэй байсан бүхий этгээд дээрх маягтын дагуу тайлагнах боломжтой атлаа “маягтыг шинэчлэн батлаагүй” гэх үндэслэлээр хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй, ийнхүү чөлөөлөгдөх эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж заасныг тодорхой эрх зүйн үр дагавар бий болгосон эсвэл тогтоосон, эрх, үүргийг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгосон, албадлагын шинжийг илэрхийлсэн, нийтээр дагаж мөрдөх нийтлэг шинж бүхий шийдвэр гэж ойлгох бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/125 дугаар тушаалыг захиргааны хэм хэмжээний акт гэж үзэхгүй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй, татварын байгууллага маягтаа шинэчлэн баталж хэм хэмжээний актаар бүртгүүлсэн, мэргэжлийн хяналтын байгууллага сүүлд шинэчлэн гаргаж хэм хэмжээний актаар бүртгүүлсэн үйл баримт нь А/125 дугаар тушаалыг хэм хэмжээний актад тооцох үндэслэл болохгүй.

Иймд нэхэмжлэгчийн “хуульд 2 удаа эрс өөрчлөлт орсон байтал холбогдох тушаал, маягтаа хуульд нийцүүлэн батлаагүй, мөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй” гэх агуулгаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Мөн “хууль өөрчлөгдөөд 1 жил 6 сарын дараа хуулийг хэрэгжүүлэхээ санаж цөөн тооны аж ахуйн нэгжийг сонгон авч зөрчилд тооцсон нь Үндсэн хуульд заасан ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг зөрчсөн” гэх нэхэмжлэгчийн тайлбар нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг хэрэгжүүлж, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн төлөө хариуцлага хүлээлгэсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг буруутгах, хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй байна.

Дээрхийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн бөгөөд харин анхан шатны шүүхийн шийдвэрт хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг зөрчиж нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн алдаа гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 559 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын: “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 47 дугаар зүйлийн 47.11” гэснийг хасч, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг нөхөн гаргуулж улсын төсөвт оруулсугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

                ШҮҮГЧ                                                        Д.Батбаатар      

                ШҮҮГЧ                                                        Б.ТУНГАЛАГСАЙХАН    

                ШҮҮГЧ                                                         О.НОМУУЛИН