Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2026/ХШТ/19

 

Ч.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М, түүний өмгөөлөгч Ө.Сайнбаяр, Л.Намнансүрэн, нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1942 дугаар шийтгэх тогтоолНийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ДШМ/1291 дүгээр магадлалтай, Ч.Гд холбогдох 1809026820580 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан гомдлоор 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч.Г, 1989 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, худалдааны менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт *** дүүргийн *** дугаар хороо, *** тоотод оршин суудаг, (РД: ***).

Шүүгдэгч Ч.Г нь “***” ХХК-ийн борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд “***” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулж өгсөн “Осим” брэндийн сандлын борлуулалтын орлогоос 32,946,875 төгрөгийг завшсан буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Ч.Г-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, торгох ялыг 6 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1942 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “бусдын эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийн өөрийн өмчлөлд буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцож, энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, эрүүгийн ялын төрөл, хэмжээг хуульчлан тогтоожээ. Эрүүгийн хуульд хуульчилсан байдлаас үзэхэд энэ гэмт хэргийн обьектив талын шинж нь гэм буруутай этгээд /хүн/-с бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан идэвхтэй үйлдэл байх ба гэмт хэргийн үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээг тухайлан заагаагүй байна. Завших гэмт хэргийн дотоод хэлбэр буюу субьектив талын шинж нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй буюу гэмт хэрэг үйлдсэн хүн оюун санааны шинжийн хувьд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгосон, гарах хор уршгийг мэдсэн байдал бол хүсэл зоригийн шинжийн хувьд түүнийг хүсэж үйлдсэн байхыг шаарддаг.

Хууль тогтоогчоос завших гэмт хэргийн албан тушаалын байдлаа ашиглаж буюу субьектийн шинжээр мөн бусдад ноцтой эсхүл их хэмжээний хохирол учруулсан буюу хор уршгийн шинжээр нь хүндрүүлэх бүрэлдэхүүн болгон тус тус хуульчилсан байна. Албан тушаалын байдлаа ашиглах гэдэгт “Тухайн эд хөрөнгийн итгэмжлэн хариуцсан этгээд нь албан тушаалын байдлын хувьд бүрэн хариуцлага хүлээх, зохион байгуулах, удирдах, гүйцэтгэх албан тушаалын байдалтай этгээд байна. Завших гэмт хэргийн заавал байх шинж нь тухайн эд хөрөнгийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд итгэлцэл болон бусад хэлцлийн үндсэн дээр итгэмжлэн хариуцсан нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдсон байхыг шаарддаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь... хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” мөн хуулийн 1.6 дугаар зүйлд “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина.”, 1.7 дугаар зүйлд “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Дээрх эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэл болон хууль хэрэглээнээс үзэхэд Ч.Г-ийн үйлдэлд завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж үгүйсгэгдэж, түүний үйлдлийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна.

Эрүүгийн хуулийн хэрэглээ болон эрүүгийн эрх зүйн үндэслэл, өмгөөлөгчийн дүгнэлтийг дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан шалгахад, Ч.Г “***” ХХК-ийн “Осим” брэндийн борлуулалтыг хариуцсан менежер ажлыг хийж байсан байна. “Осим” брэнд нь маш үнэтэй борлуулдаг бараа, хэрэглэгчид энэ төрлийн барааг өдөр тутамдаа худалдан авахгүй, тодорхой төрлийн бизнес эрхлэгчид худалдаж авдаг нь гэрчүүдийн мэдүүлэг болон хэргийн материалд авагдсан баримтаар тогтоогддог. Ч.Г-ийн хувьд өөрийн хариуцсан брэндийг худалдан борлуулснаар компанид тодорхой хэмжээний ашиг оруулахаас гадна өөрийн цалин, хөлс, урамшуулал авах хэмжээг өсгөх зорилготой байсан үйл баримт тогтоогдож байна. Энэ нь хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд захиалсан барааг зарахад оролцсон, оруулсан хөрөнгө, ашгаа гаргаж авах санаа зорилготой байсан нь хэргийн үйл баримтаас харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авсан, захиран зарцуулсан гэх энэ гэмт хэргийн обьектив талын шинж тогтоогдохгүй байх бөгөөд үүнээс дүгнэхэд хохирогчийн болон түүний өмгөөлөгч нарын дүгнэлтүүд няцаагдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн гэрч О.М-ийн мэдүүлэгт “...Ч.Г тэр сандлыг авч явж зараад мөнгийг нь хувьдаа ашигласан гэж сонсож байсан. Гэхдээ би үүнийг хэнээс сонссоноо мэдэхгүй байна” гэх эргэлзээтэй мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй мэдүүлэг нь нотлох баримт болохуйц байдлыг хангадаггүй. Гэрчүүд ерөнхий байдлаар өөрийн бодол эсхүл сонссон гэх байдлаар мэдүүлсэн нь мэдүүлэг хэрэгт ач холбогдол бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүд нь “хөрөнгө оруулалтын гэрээг мэдэхгүй байна, …нэг ийм бичиг ирсэн, …С.Б захирлын гарын үсэгтэй байсан, …тэрний дагуу тооцоолол хийсэн, …хөрөнгө оруулалт хийсэн гэж үзээд ашиг гаргасан” зэрэг эргэлзээ бүхий мэдүүлэгт давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй, шийдвэр нь хэргийн бодит байдалтай тохироогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах гэм буруугүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй байх явдлыг хангахад оршдог. Хэргийн бүхий л үйл баримтаас үзэхэд гэрчүүдийн мэдүүлэг болон давж заалдах шатны шүүхийн магадлалд үндэслэл болгосон баримтууд нь хоорондоо эргэлзээ бүхий байдалд дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчим нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шударга явагдах зорилгыг хангахын тулд гэм буруугүйд тооцох зарчимтай зэрэгцэн үйлчилдэг хуульт ёсны шууд тусгал болж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн эрхийн хамгаалалтыг илэрхийлнэ” гэж тайлбарласан Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар болон шударга ёсны зарчмын илэрхийлэл нь Ч.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг 9 жилийн туршид шалгаж, шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн хэрэгжих үндэслэл хангалттай бий болсон нь тогтоогдож байна.

…С.Б захирал, Э.С захирлын хамт намайг дуудаж уулзаад “Ч.Г чи “Осим” брэндээ сайн мэддэг, танд санал тавих гэсэн юм, чи брэндийн сандалд хөрөнгө оруулалт хийгээд борлуулалтынхаа нийт ашгаас 50 хувь авах уу” гэж асууж байсан. Бид гурвын уулзалт “***” ХХК-ийн оффист болсон. Би тэр уулзалтаар С.Б захирлын саналыг хүлээн зөвшөөрч, нөхөртэйгөө зөвлөлдөж байгаад нөхрийнхөө хадгаламж болон байр авах гэж хуримтлуулж байсан данснаасаа хөрөнгө оруулахаар болоод, мөнгийг нь шилжүүлж байсан. Төлбөр шилжүүлж байх хугацаанд Э.С захирал байсан. Э.С захирал төлбөрийн дараалал, задаргаа гэх бүх зүйлүүдийг мэдэж байгаа. Мөн тухайн үед нягтлан байсан Ч.Р-т хандаж Э.С захирал “ С.Б захирал бид хоёрыг дуудаж уулзсан. Ийм учиртай төлбөр тооцоо байгаа, татварыг нь ингэж тооцно” гэх байдлаар хэлсэн байдаг. Энэ талаар баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд, мөн өмнө шүүх хуралдааны явцад энэ хэрэгт шалгагдаж байгаа 10 жилийнхээ хугацаанд тогтвортойгоор намайг санхүүгийн асуудлаар буруутгаж байгаа юм бол хэргийн материалд яагаад санхүүгийн талаар баримтууд дутуу авагдсан байгаа юм, баримтуудаа бүрэн бүрдүүлээгүй” гэсэн мэдүүлэг нь шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна.

Гэрч Э.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...“***” компани “Осим” брэнд дээр захиалга хийгээд зарагдахгүй удаан хугацаанд барааны үлдэгдэлтэй байсан. С.Б захирал надад хандаж ...чамайг брэндийн барааны маркетинг сурталчилгаа хийгээд зарж чадвал 10 хувийн урамшуулал өгье, чи 10 хувь дотроо хямдрал хийх эрхтэй байж болно ...тухайн үед брэндийг хариуцдаг байсан хүн нь Ч.Г байсан. Би удирдаж, ...“Осим” брэндийн гол сайн загварууд нь зарагдаад дуусгаж, Ч.Г бид хоёр урамшууллаа авсан. ...ямартай ч “Осим” брэндийг дахин захиалахад захиалгынх нь мөнгийг Ч.Г өөрөөсөө гаргасан. Тэгээд “бараа ирэхээр авъя” гэж захиалга өгсөн хүмүүст нь бараагаа зараад, барааны ашгаасаа 50 хувийг нь Ч.Г өөрөө авч, талыг нь “***” компани авах тохиролцоотой захиалга хийсэн байдаг. Тухайн үед ямар ч байсан бараагаа захиалсан.

Санхүүжилтийн эх үүсвэр болох хадгаламжийн дансны дэвтрийн хуулбар болон хадгаламжийн дансны хуулгын задаргаа, тооцоо нийлсэн баримт буюу 4 сандлын борлуулалтын задаргаа, гаалийн мэдүүлгийн баримт, “Харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ” буюу борлуулалтаас Ч.Г-д буцаан өгсөн санхүүгийн бүртгэл, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хугацааны “Харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ” буюу борлуулалтаас Ч.Г-д буцааж өгсөн санхүүгийн бүртгэл зэрэг нотлох баримтуудаар үйлчлүүлэгчийн гэм буруугүй болох нь тогтоогдож байна. Иймд өмгөөлөгчийн гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ч.Г хяналтын шатны шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “... Миний бие энэ хэрэгт 10 дахь жилдээ шалгуулж байна. Тухайн санхүүгийн бүх баримт болон нотлох баримтууд нь тодорхой хөрөнгө оруулалтыг баталсан. Захирал Э.С “С.Б захирал мөнгөгүйдээ биш, борлуулалтыг хаагаад байгаа зүйлд хөрөнгө оруулахыг хүсээгүй тул Ч.Г-аар хөрөнгө оруулсан” гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн. Бүх нотлох баримтуудыг үнэлэхгүй. Өөрсдийн нотлох баримтуудыг хажууд нь хамт байсан, харсан мэтээр ярьдаг атлаа миний хэлж байгаа үнэн, эсхүл санхүүгийн баримтад байгаа нотлох баримтыг үнэлж хэлж өгөхгүй байгаа нь надад одоог хүртэл хэцүү байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, хохирсон гэсэн атлаа мөнгөн дүн нь 10, 20 удаа өөрчлөгдсөн байдаг...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “... Хяналтын журмаар гаргасан гомдолтой танилцсан бөгөөд дараах тайлбарыг гаргаж байна. Нэгдүгээрт, субьектив санаа зорилго огт байгаагүй, гэмт хэргийн шинж талаас нь үнэн зөв үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэсэн гомдол гаргасан байна. Хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой байгаа ганцхан зүйлийг энд онцолж тайлбар болгохыг хүсэж байна. Ч.Г нь сандлын урьдчилгаануудыг бүгдийг нь өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны дансаар болон бэлнээр авсан. Мөн гэрч н.Ж-ын мэдүүлгээр “компанийн нэртэй нэхэмжлэх дээр өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны дансыг бичээд, энэ данс руу хийнэ үү гэж худалдан борлуулж байгаа хүнд өгдөг” гэж мэдүүлсэн. Тухайн субьектив санаа зорилго нь хэрэглэгчээс мөнгийг авахдаа өөрийн дансаар мөнгийг авч завших санаа зорилго байсан. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд хангалттай үндэслэл бүхий дүгнэсэн. Мөн Худалдаа хөгжлийн банкны дансаар урьдчилгаа мөнгөнүүдийг аваад өөр компанид буюу өөрийнхөө хувьцаа эзэмшдэг компанийн данс руу өөртөө цалин олгож байгаа мэт байдалд агуулгыг өөрчилж хийсэн үйл баримт байгаа. Тухайн мөнгөнүүд орсон даруйдаа хувийн хэрэглээнд зарцуулагдсан бөгөөд энэ талаарх дансны хуулга хэрэгт авагдсан. Улмаар тухайн мөнгө зарцуулагдаад дууссан учраас захиалга хийх гэхээр мөнгө байхгүй. Тухайн мөнгийг зарцуулсан учраас гэмт хэргийн үйлдсэн арга хэлбэрээ халхавчлах, далдлах байдлаар нөхөртөө хөрөнгө оруулж байгаа гэж итгүүлэх аргаар өгсөн. Энэ нь жинхэнэ утгаараа хөрөнгө оруулж байгаа биш бөгөөд өөрийн зарцуулсан мөнгийг нөхөж хийж байгаа хэлбэр юм. Тиймээс энэ нь өөрийн зарцуулсан мөнгийг нөхөж, хөрөнгө оруулалт байдлаар тодорхойлж, тайлбарлаж байгаа хэрэг юм. Хэрэв эдгээрийн зааг ялгааг зөв тайлбарлаж, зөв дүгнэлт хийхгүй шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа хөрөнгө оруулалт эсэх агуулга яригдана. Гэвч үүний талаар анхан шатны шүүх үнэн зөв шийдвэрлэсэн тул энэ талаар тайлбарлаж байна. Мөн обьектив талын хувьд гэрч Э.С гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Ч.Г-г шууд ажилд томилсон байдаг.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хяналтын журмаар гаргасан гомдолдоо эргэлзээ бүхий байдал үүсгэсэн гэж 3 зүйлийн талаар тайлбарладаг. Гэтэл үүнд эргэлзээ байхгүй. Өөрөөр хэлбэл, бодитоор хөрөнгө оруулсан уу гэдэг асуудал. Гүйцэтгэх захирал Э.С цохоод, гарын үсэг зурж, нягтлан Ч.Р цохолт хийж өгсөн нотлох баримт хэрэгт байгаа. Мөн уг баримтын талаар Ч.Р гэрчийн мэдүүлэгтээ дурдсан. Тухайн эргэлзээ бүхий нөхцөл байдал нь сандлыг захиалахаас нэг хоногийн өмнө Ч.Г-ийн дансанд байгаа захиалагч нарын төлсөн урьдчилгаа 15,000,000 төгрөгийг аваад түүн дээр мөнгө нэмж сандлыг захиалах гэж тодорхойлдог. Эндээс Ч.Г-ийн дансанд захиалга хийгдэхээс өмнө хэрэглэгч нараас урьдчилгаа болгож авсан 15,000,000 төгрөг байсан гэдгийг Э.С мэдэж байсан гэсэн үг. Тиймээс Э.С энэ хэрэгт эргэлзээ бүхий мэдүүлэг өгсөн хүн юм. Гэвч Э.С нь Ч.Г-тай ашиг сонирхолтой мэдүүлгийг удаа дараалан өөрөөр тайлбарлаж ярьдаг. Энэ гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бүх баримтаар бүхэлдээ үгүйсгэгдэж тухайн эргэлзээ тайлагдаж, үнэн зөв нөхцөл байдал тогтоогддог. Тухайн 15,000,000 төгрөгийг төл гэж ажилтан Ч.Р-т хэлээд, Ч.Р нь Ч.Г-аас шаардахад Ч.Г нь тухайн мөнгийг хувааж хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Тиймээс энэ хэрэгт хөрөнгө оруулалттай холбоотой эргэлзээний асуудал байхгүй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тайлбарлахдаа “хохирогч компанийн дансанд 20,000,000 төгрөг байсан, ямар ч мөнгө байхгүй байсан, захиалах мөнгөгүй байсан тул хөрөнгө оруулалт яригдсан” гэж байна. Гэтэл 2 дугаар хавтаст хэргийн 30, 32 дугаар хуудас, мөн хуудасны ар талд хохирогч компанийн дансны хуулгууд авагдсан бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 13, 14-ний өдрүүдийн байдлаар хохирогч компанийн дансанд 265,000,000 төгрөг, нөгөө дансанд нь 119,000,000 төгрөг байсан.

Нөгөөтээгүүр, С.Б гарын үсэг зураад хөрөнгө оруулсан гэдэг. Энэ нь эх хувь баримт биш бөгөөд энэ талаар эргэлзээ бүхий нөхцөл байдал байна. Тухайн С.Б гэдэг хүн гэрчийн мэдүүлэг өгөхдөө “би Ч.Г-тай ийм тохиролцоо хийгээгүй” гэж, хууль сануулсан баримтад гарын үсэг зурсан. Тухайн баримт дээрх гарын үсэг нь С.Б-ийн гарын үсэг мөн эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ажиллагаа хийгдсэн боловч тухайн баримт нь эх хувь биш байсан тул шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй болж уг ажиллагаа мухарлагдсан. Тиймээс энд эргэлзээ байхгүй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж гомдол гаргасан. Гэтэл энэ хэрэгт дээр дурдсан эргэлзээ байхгүй. Учир нь, шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдэхдээ борлуулалтын менежер гэдэг албан тушаалтай байсан. Тухайн албан тушаал нь энэ гэмт хэргийг үйлдэхэд яаж ашиглагдсан талаар хэрэгт авагдсан баримтуудад анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Ч.Г нь борлуулалтын менежер гэдэг албан тушаалд байгаагүй бол гаалиас хэрэглэгч рүү шилжүүлэх ямар ч боломжгүй. Энэ албан тушаал нь гаалиас очиж аваад хэрэглэгчид өгөх, хэрэглэгчээс мөнгийг бэлнээр авах албан тушаалын байдал нь ашиглагдсан гэж үзэж байна.

Эрх зүйн дүгнэлтийн хувьд дараах дүгнэлтийг гаргаж байна. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Г нь хөрөнгө оруулалт хийсэн, үнэ хямдрал хийсэн гэдэг агуулга яригддаг боловч эдгээр нь хууль зүйн талаасаа гэмт хэргийг үйлдсэний дараа зохиомол баримтад буулгаж, гэмт хэргийн арга хэрэгслээ нуун дарагдуулах үүднээс зарагдсан бараа дээр үнэ хямдрал гэх ойлголт, авсан байгаа урьдчилгааг хөрөнгө оруулалт гэх агуулгаар гэмт хэрэг үйлдсэн арга хэрэгслээ далдлах агуулгаар тодорхойлсныг хөрөнгө оруулсан, үнэ хямдрал болсон гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй. Тиймээс анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд гэмт хэрэг үйлдэж байгаа арга хэрэгсэл болон бодит байдалд хэрхэн гэмт хэрэг үйлдэгдсэн талаарх үйл баримтад хангалттай үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хууль зүйн үндэслэлтэй.

Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудалд дараах тайлбарыг гаргаж байна. Энэ хэрэг 2015 оноос 2016 оны хооронд үргэлжилсэн үйлдлээр үйлдэгдсэн. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, хууль хэрэглээний талаар үнэн зөв байдлаар 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн бөгөөд энэ хуулийг хэрэглэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн. Үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байдаг бөгөөд тухайн хугацаа дуусахаас өмнө шүүгдэгчийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тул хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахгүй.

Мөн шүүгдэгч нь хамгийн эхний сандлыг зараад, тухайн сандлын хайрцаг дотор подон хийгээд нууж тавьсан байсан бөгөөд тэр нь илэрсэн. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүх нь ганц хүний мэдүүлэг, эсхүл хоёр хүний мэдүүлэгт үндэслэж хэргийг шийдвэрлээгүй. Үүнд Ч.Р, Д.А, Ж.М, мөн хүргэлтийн ажилтан, С.Б нарын мэдүүлгүүдийг үндэслэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, зөвхөн Э.С гэдэг хүний мэдүүлэг үндэслэж шийдвэрлээгүй. Гэрч Э.С-ын тогтвортой өгсөн ганц мэдүүлэг нь “хямдрал үзүүлэхээр албан ёсны шийдвэр бичгээр гараагүй байсан” гэсэн мэдүүлэг байдаг. Харин нөхцөл байдал буюу Ч.Г-тай уулзаад “тийм тохиролцоо байсан уу” гэж асуухад “үгүй” гэж хариулсан. Харин дараагийн хуралд нь “би дэргэд нь байсан” гэж зөрүүтэй, тогтворгүй мэдүүлэг өгсөн учраас түүний мэдүүлгийг үнэлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн өөрийнх нь цохож тэмдэглэсэн, дээр нь урьдчилгаа төлбөр гэж дүгнэсэн баримтыг анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн тул энэ талаар эргэлзээтэй нөхцөл байдал байхгүй.

Хоёрдугаарт, анхан шатны шүүх “***” ХХК-ийн тухайн үед төлбөрийн чадвартай эсэх талаар дүгнэлт хийсэн. Ингэхдээ дансны хуулга болон тухайн үеийн дэлгүүрийн нөхцөл байдлын талаарх дүгнэлтийг хийсэн нь үндэслэл бүхий болсон бөгөөд энэ баримт нь нийтэд илэрхий баримт байсан. Мөн хэрэгт авагдсан баримтаар 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 600,000,000 гаруй төгрөгийн бэлэн мөнгөний гүйлгээ 7-оос 8 дансны хооронд хийгдсэн гэдгийг дүгнэсэн. Энэ талаар анхан шатны шүүхийг зөв дүгнэсэн гэж үзэж байна. Тийм байхад 10,000,000 төгрөг, 15,000,000 төгрөгийн захиалга хийх мөнгөгүй сууж байсан гэх боломжгүй. Дансны хуулгаас нь харахад тогтвортой байдлаар мөнгөний эргэлт байсан талаар анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн.

Анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглээгүй тухайд, энэ хэргийг 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчилбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар их хэмжээний хохирол учруулсан гэж зүйлчилнэ. Их хэмжээний хохирол гэдэг нь тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг зуун хорин таваас дээш хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг ойлгоно. Гэтэл тухайн 32,000,000 төгрөгийн хохирлыг 2015 онд мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192,000 төгрөгөөр тооцож үзэхэд 171 дахин илүү байна. Тийм учраас анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлээгүй нь үндэслэл бүхий болсон. Шүүх шийдвэртээ яагаад 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглээгүй үндэслэлээ дүгнээгүй ч 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь зөв байна. Мөн 2015 оны Эрүүгийн хуульд торгох ялыг оруулж ирсэн. Харин 2002 оны Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд торгох ял байхгүй. Тиймээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж торгох ялыг хэрэглэсэн байна.

Хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн ч энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Тухайн үед яллагдагчаар татсан тогтоолыг хэд хэдэн удаа хүчингүй болгож байсан боловч эцсийн байдлаар Монгол Улсын ерөнхий прокурор болон Нийслэлийн ерөнхий прокурорын газраас хүчингүй болж, анхны яллагдагчаар татсан тогтоол нь хүчин төгөлдөр хэвээр байсан учраас 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр таслагдаад хөөн хэлэлцэх хугацаа нь зогссон. Тиймээс энэ гэмт хэргийн хувьд 2015 онд үйлдэгдсэн, 2017 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэсэн нь хууль ёсны болсон.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий болсон байна гэж дүгнээд хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү..” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М хяналтын шатны шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “...Шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй бөгөөд өмгөөлөгч нарынхаа гаргасан саналыг дэмжин оролцож байна...” гэв.

Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд танилцуулсан хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.Г нь “***” ХХК-ийн борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд итгэмжлэн хариуцуулж өгсөн “Осим” брэндийн сандлын борлуулалтын орлогоос 32,136,875 төгрөгийн буюу их хэмжээний хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийн үйл баримтын талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль хэрэглээний дараах зөрчлийг гаргасан байна. Үүнд:

1.Гэмт хэрэг 2015 оны 06 дугаар сараас 10 дугаар сарын хооронд үйлдэгдсэн болох нь тогтоогдсон бөгөөд тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргээс эрх зүйн байдал дээрдэж байгаад дүгнэлт хийж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулиар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлалгүй ял оногдуулсан байна.

2.Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан бусдын хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэгт албан тушаалын байдлаа ашигласан гэх хүндрүүлэх шинж байгаагүй бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд энэ шинжийг шинээр хүндрүүлэх шинжид оруулан хуульчилсан байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэл болж байна.

Харин гэмт хэрэг үйлдэх үед гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь тухайн үеийн хохирлын хэмжээний “их хэмжээ”-г хангаж байсан нь одоо үйлчилж буй Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлоор зүйлчлэхэд дүйцүүлж хэрэглэх үндэслэлтэй байна.

Учир нь, тухайн үеийн Эрүүгийн хуулиар бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэгт тооцож байсан үйлдэл, өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуульд мөн ижил гэмт хэрэг хэвээр, гэмт хэргийн шинж өөрчлөгдөөгүй, “их хэмжээ” гэсэн хохирлын хэмжээ хэвээр байгаа. Үүнтэй уялдуулан энэ гэмт хэргийг үйлдсэний улмаас учирсан хохирлын хэмжээгээр одоогийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэгдэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэлд дээр дурдсан асуудлуудыг тусган өөрчлөлт оруулан, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөөс гаргасан “хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд үүссэн эргэлзээг түүнд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг шүүх зөрчсөн” гэх гомдлыг үндэслэн шүүгдэгч Ч.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

2.Прокуророос шүүгдэгч Ч.Г-г албан тушаалын байдлаа ашиглаж 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд “***” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулж өгсөн “Осим” брэндийн сандлын борлуулалтын орлогоос 32,946,875 төгрөгийг завшсан буюу их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Дээрх яллах дүгнэлтэд дурдсан үйл баримтыг  шүүгдэгч, өмгөөлөгч нарын зүгээс “***” ХХК-ийн эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшаагүй, тухайн үед компанид бараа татан авах эргэлтийн хөрөнгө дутагдалтай байсан тул компанийн удирдлагатай харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрийн гэр бүлийн хадгаламжаас хөрөнгө оруулалт хийж, “Осим” брэндийн сандлыг борлуулсан ашгаас 50 хувийг авахаар тохиролцсон гэх байдлаар гэм буруугийн талаар маргасаар иржээ.

3.Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт бөгөөд үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” гэж тодорхойлон заажээ.

Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг болно.

4.Хууль тогтоогчоос Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн гэм буруугийн зарчмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлээр дэлгэрүүлэн баталгаажуулжээ.

Шүүгдэгчийн гэм бурууг нотлох зорилгоор хуульд заасан шаардлагатай, боломжит бүхий л мөрдөн шалгах ажиллагааг явуулсан боловч шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эргэлзээ үүссэн, уг эргэлзээ нь няцаан үгүйсгэгдэхгүй тохиолдолд тухайн этгээдэд ашигтай байдлаар шийдвэрлэдэг нь эрх зүйт төрийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “үндэслэл бүхий эргэлзээ” гэдэг нь зүгээр нэг шүүгчийн дотоод итгэл үнэмшил биш, харин хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтын хүрэлцэхүйц байдал, тэдгээрийн харилцан уялдаа холбоог шүүхийн хэлэлцүүлгээр нягтлан шалгасны эцэст хөдөлбөргүй үнэн болохыг тогтоож чадахгүй байхыг хэлнэ.

Өөрөөр хэлбэл, хэргийн үйл баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж үнэлсэн хэдий ч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг ямар ч таамаглал, эргэлзээгүйгээр баттай нотлон тогтоох боломжгүй нөхцөл байдлыг ойлгодог.

5.Хоёр шатны шүүх хэргийг талуудын мэтгэлцээний үндсэн дээр прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шүүгдэгч Ч.Г-г хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн тогтоохдоо хэргийн үйл баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, харьцуулан дүгнэх шаардлагыг хангаагүй, шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг орхигдуулсны улмаас шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бичгийн нотлох баримтаар “Осим” брэндийн албан ёсны борлуулагч “***” ХХК Монгол Улсын хилээр 5 ширхэг сандал оруулж ирсэн, шүүгдэгч Ч.Г хуулийн этгээдийн захирал Э.С-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан “***” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байсан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Харин энэ хэргийн маргаан болох уг 5 ширхэг сандлыг үйлдвэрлэгчээс худалдан авах зардлыг хэрхэн санхүүжүүлэх, ашгийг хуваарилах, борлуулах талаар хэрэгт авагдсан зөрүүтэй нотлох баримтад шүүхээс үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт хийгээгүйн улмаас төөрөгдөлд орж, улмаар эргэлзээг ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг зөрчих үндсэн шалтгаан болжээ.

6.Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн обьектив болон субьектив шинжүүдийн нэгдэл бүрэн хангагдаагүй нөхцөлд хэнийг ч гэмт хэрэг үйлдсэнд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Гагцхүү үр дагаварт тулгуурлаж ял халдаах ажиллагааг эрүүгийн эрх зүйн онол болон Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчмаар хориглодог.

7.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь зөвхөн итгэмжлэгдсэн хөрөнгийг захиран зарцуулсан обьектив үйлдэл төдийгөөр хязгаарлагдахгүй бөгөөд тухайн хөрөнгийг хууль бусаар, ямар ч хариу төлбөргүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд авахыг хүсэж үйлдсэн субьектив шинж байхыг давхар шаарддаг болно.

Хэрэгт гэрч Э.С-ын "...Ч.Г болон ТУЗ-ийн дарга С.Б нарын хамт аман хэлэлцээр дагалдах тооцооллын хамт хийж байсан нь үнэн, ...”Осим” брэндийн сандал захиалахад Ч.Г өөрөө хөрөнгө оруулалтыг хийгээд өөрийн хөрөнгө оруулалт ногдох 50 хувийн ашгийг ав гэж цохсон. Энэ нь оруулсан хөрөнгө оруулалтад бодогдох ашгийн дүнгээс 50 хувийн ашгийг бодож өгөх гэсэн утгатай байсан. Учир нь Ч.Г нь өөрөө 50 хувийн хөрөнгө оруулалт хийж тухайн барааг худалдан авагчийг өөрөө олж борлуулахаар тохиролцсон…”, гэрч Ч.Х-ын “…эхнэр Ч.Г хүрч ирээд манай компани шинэ бараа татах захиалга авсан байсан боловч захиалгаа хийхгүй байна, энэ талаар би Э.С болон С.Б захиралтай уулзаж ярилцахад компани мөнгө байхгүй болохоор чамд мөнгө байвал чи өөрөөсөө мөнгө гаргаад компанид байгаа мөнгөтэй нийлүүлээд шинэ бараа татъя гэсэн санал тавилаа гэж надад хэлсэн. …тооцоо гаргачихсан санхүүгийн баримт гаргаж ирсэн бөгөөд Э.Сзахирлын тооцооноос харахад Ч.Г 10 сая, “***” ХХК 5 сая төгрөг, мөн харилцагчаас захиалгын урьдчилгаа 5 сая төгрөг авна гэсэн тооцоо байсан. Би “***” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны данс руу 10,600,000, 4,000,000 нийт 14,600,000 төгрөгийг шилжүүлсэн…”, гэрч Ч.Р-ийн “…Э.С захирал намайг өрөөндөө дуудсан. Яваад ороход Ч.Г, Э.С нар хамт байсан бөгөөд надад С.Б захирлын гарын үсэгтэй “Осим”  брэндийн татан авалтын тооцоо гэсэн хүснэгттэй цаас үзүүлсэн. Уг цаасны баруун зах хэсэгт С.Б захирал гараар бичиж гарын үсэг зурсан байсан бөгөөд дээр дурдсан тайлбар бичих үед Ж.М захирал уг цаасыг дахин үзүүлж чи ийм юм харж байсан уу Ч.Г ийм юм хавсаргаж өгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Гарын үсэг нь С.Б захирлынх мөн байх юм гэж хэлж байсан. ...Уг цаасан дээр С.Б захирлын бичсэн зүйлийг уншаад сүүлд захиалж авсан таван сандлаас Ч.Г бонус авах ёстой юм байна гэж би ойлгосон бөгөөд тухайн үед Э.С, Ч.Г нарын хамт сууж байгаад би “Ехсеl” программ дээр Ч.Г-ийн авах бонусыг тооцож хийсэн ба тухайн үед Ч.Ггийн тайлбарлаад байсныг би огт ойлгоогүй. …14,600,000 төгрөгийг хоёр хувааж тушаачхаад бонус тооцох үед уг мөнгөө миний оруулсан мөнгө гэж тайлбарлаад байсан...” гэсэн мэдүүлгүүд болон “***” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны данс руу мөнгө шилжүүлсэн баримтаар гэрч С.Б-ийн “…юу гэж худалдагчтай харилцан тохирох билээ. …ажилтнаасаа мөнгө авч би юу гэж сандал авах билээ. …Үнийн хямдралын талаар гүйцэтгэх захиралтай ярилцахаас биш худалдагчтай энэ талаар ярина гэж байхгүй. Гүйцэтгэх захиралтай ч ийм асуудлын талаар ярьсан зүйл байхгүй. Анхнаасаа захиалгаар аваад зарах үнээ тохирч оруулж ирж байгаа болохоор үнэ хямдруулна гэсэн асуудал байхгүй, ямар хүнсний бараа зарж байгаа биш..." гэх мэдүүлэг няцаагдаж байна.

8.Хуулиар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглодог бөгөөд гэмт хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч эргэлзээгүй тогтоодог.

Шүүх хэргийн бодит үйл баримт хөдөлбөргүй тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэм бурууг эргэлзээгүйгээр нотлох хангалттай, харилцан хамаарал бүхий нотлох баримт бүрдээгүй нөхцөлд үүссэн эргэлзээг яллах талд ашигтайгаар тайлбарлах, эсхүл шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгох эрх зүйн боломжгүй бөгөөд энэ нь гагцхүү шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэгдэх хууль зүйн үр дагаврыг үүсгэх юм.

Прокуророос мөрдөн шалгах бүхий л ажиллагааг явуулсан боловч шүүгдэгч Ч.Г-ийн эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшаагүй, компанийн удирдлагатай харилцан тохиролцсоны үндсэн дээр хөрөнгө оруулалт хийж, “Осим” брэндийн сандлыг борлуулсан ашгаас 50 хувийг авахаар тохиролцсон гэх мэдүүлгээс гадна дээрх гэрч Э.С, Ч.Х, Ч.Р нарын мэдүүлгийг хөдөлбөргүй баримтаар няцаан үгүйсгэж чадаагүй байна.

9.Хэрэгт авагдсан компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий гүйцэтгэх захирал Э.С хөрөнгө оруулалтын хэмжээ, ашиг хуваах тохиролцоо, барааг хэн хэрхэн борлуулах талаар бүрэн мэдэж байсан, түүнчлэн нягтлан бодогч Ч.Р компанийн ТУЗ-ийн дарга С.Б-ийн гарын үсэгтэй тооцооны хуудсыг үндэслэн шүүгдэгч Ч.Г-д олгох урамшуулал /бонус/-ыг программ дээр тооцоолон бодож байсан зэргээс дүгнэвэл шүүгдэгчийг байгууллагын удирдлага, санхүүгийн албанаас нууцаар, дур мэдэн хөрөнгө завших субьектив санаа зорилго болон бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хууль бусаар, ямар ч хариу төлбөргүйгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авах хөрөнгө завших гэмт хэргийн обьектив шинж бүрэн үгүйсгэгдэж байгааг илэрхийлнэ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал ашигтайгаар шийдвэрлэх буюу гэм буруугүйд тооцох зарчмыг шүүх зөрчсөн гэх агуулгатай гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Талуудын хооронд үүссэн уг маргаан нь Иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдах эд хөрөнгийн маргаан байх тул “***” ХХК өөрт учирсан гэх хохирол, холбогдох шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.

10.Иймд хүний эрх, эрх чөлөөг үндэслэлгүйгээр хязгаарлахаас хамгаалах эрх зүйт төрийн баталгаа болсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч …шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, …эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчмын дагуу шүүгдэгч Ч.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдэрлэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1942 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ДШМ/1291 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ч.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ                                                Ч.ХОСБАЯР

                         ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                  Ц.ОЧ

                                                                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                  Б.ЦОГТ