Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 107

 

Б. Хишигжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч С.Өмирбек, шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 153/ШШ2016/00469 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын  Бичигт багийн 1-1Б тоотод оршин суух Харганай овогт Бүрнээбаатарын Хишигжаргалын нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын  Бугат багийн 3-8 тоотод оршин суух Баяныхан овогт Солмаагийн Мөнхбатад холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Хишигжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч С.Мөнхбат, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох, охин Х.Балжиннямын эцгээр С.Мөнхбатыг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтын амьдралын явцад бий болсон хашааны газар, хувийн орон сууц зэрэг эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Б.Хишигжаргал, Х.Балжинням нарыг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэдээ ногдох хэсгийг гаргуулах тухай.

            Нэхэмжлэлийн агуулга: “Б.Хишигжаргал миний бие С.Мөнхбаттай 2012 оны 3 сараас хойш хамтран амьдарч, 2014 оны 08 сарын 24-ний өдөр охин Х.Балжинням төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулж чадаагүй. Иймд охиноо өөрийн нэрээр овоглон бүртгүүлсэн. Нөхөр С.Мөнхбат энхийг сахиулах ажиллагаанд хоёр ч удаа явсан. Энэ хугацаанд би ар гэрээ сахиж, охиноо хүмүүжүүлж ирсэн.

            Гэтэл нөхөр С.Мөнхбат нь архидан согтуурч гэртээ агсам тавьдаг бөгөөд намайг зодож цохих зэргээр байнгын хүчирхийлэлд байлгадаг байсан. Хүчирхийллийн улмаас аргаа бараад охиноо аваад 2014 оны 01 дүгээр сараас эхлэн гэр бүл болж, амьдрах боломжгүйн нөхцөл үүссэн учраас тусдаа амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд С.Мөнхбат нь өөр хүнтэй гэрлэж гэрлэлтээ батлуулсан байсан.

            Хэдийгээр охин Х.Балжинням нь Б.Хишигжаргал надаар овоглон бүртгүүлсэн ч эцэг С.Мөнхбатаар тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд охин Х. Балжиннямын хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх хүсэлттэй байна. Би 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүү Х.Энх-Алдарыг төрүүлсэн. Одоо хүү Х.Энх-Алдарыг аав, ээждээ өгч байгаа. С.Мөнхбатаас хүү Х.Энх-Алдарын тэтгэлэгийг нэхэмжлэхгүй.

            Иймд Бүрнээбаатарын Хишигжаргал намайг Солмаагийн Мөнхбаттай хамтын амьдралтай байсныг тогтоолгох, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 3-8 тоот хашааны газар, 2 өрөө хувийн орон сууцыг С.Мөнхбат, Б.Хишигжаргал, Х.Балжинням нарын хамтран өмчлөгчөөр тогтоолгож, өөрт болон охиндоо ногдох хэсгийг гаргуулах, охин Х.Балжиннямыг тэжээн тэтгүүлэх, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

            Хариуцагчийн хариу тайлбарт: Би Б.Хишигжаргалтай 2012 оны 03 дугаар сараас хойш 2014 оны 01 дүгээр сар хүртэл ирж очин үерхэж байсан. 2012 оны 6,7,8 дугаар сард Эрдэм дээд сургуулийн дотуур байранд хамт амьдарсан. 2012 оны 08 дугаар сарын сүүлчээр Афганстан улсад энхийг сахиулах ажиллагаанд яваад, 2013 оны 07 дугаар сард ирсэн. Афганстан улсад явах үед би Б.Хишигжаргалтай гэр бүл болно гэсэн зорилготой байсан. Энэ байдлаа гэр бүлийнхэндээ хэлсэн байсан. Миний ээж, хоёр эгч надад хашаа байшингийн урьдчилгаа 6,000,000 төгрөг өгч би нэмж цалингийн зээл аваад хашаа байшингаа худалдаж авсан. Энэ хашаа байшин нь миний төрсөн эгч Б.Бат-Эрдэний өмч юм. Намайг энхийг сахиулах ажиллагаанд явах үед манай эгч Батчимэг хашаа байшинг харж үлдсэн. Намайг энхийг сахиулах ажиллагаанаас буцаад ирэх үед хашаа байшинд Б.Хишигжаргал дүүтэйгээ амьдарч байсан. Иймд Б.Хишигжаргал бид хоёр үерхэж байсан болохоос биш хамтын амьдралтай байгаагүй. Харин охин Х.Балжиннямд тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Б.Хишигжаргалтай хамтын амьдралтай байгаагүй тул бид нарын дундын өмч гэж байхгүй, мөн хашааны газар, хувийн орон сууц нь миний эгч Б.Бат-Эрдэний өмч тул Б.Хишигжаргалд ноогдох хувь гэж байхгүй гэжээ.

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 153/ШШ2016/00469 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.14-д зааснаар Баяныхан овогт Солмаагийн Мөнхбат, Харганай овогт Бүрнээбаатарын Хишигжаргал нарыг хамтын амьдралтай байсныг тогтоосугай.2. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Х.Балжиннямын төрсөн эцэг нь Баяныхан овогт Солмаагийн Мөнхбат мөн болохыг тогтоосугай.

            3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар охин Х.Балжиннямыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Мөнхбатаар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Хишигжаргалд даалгасугай.

            4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

            5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

            6.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4, 280 дугаар зүйлийн 280.1, 128 дугаар зүйлийн 128.2-д зааснаар нэхэмжлэгч Х.Хишигжаргалын нэхэмжлэлийн шаардлагаас Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 03-08 тоот гэр бүлийн хэрэгцээний газар болон Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 03-08 тоотод байршилтай хувийн сууцыг хамтран өмчлөгчөөр Б.Хишигжаргал, Х.Балжинням нарыг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэдээ ногдох хэсгийг гаргуулах, С.Мөнхбат Б.Бат-Эрдэнэ нар хооронд байгуулагдсан Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 03-08 тоот хашааны газар, 2 өрөө хувийн орон сууцыг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Газар бэлэглэх гэрээ, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ гэр бүлийн гишүүндээ бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

            7.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Бат-Эрдэний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг нэхэмжлэгч Б.Хишигжаргалд даалгасугай.

            8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Хишигжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Бат-Эрдэний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Хишигжаргалаас 227,950 төгрөгийг нэмж гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай гэж” шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: “ Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.  С.Мөнхбаттай 2012 оны 06 дугаар сараас эхлэн Ховд-Эрдэмийн түрээсийн байранд амьдарч байгаад, хүч хөдөлмөрөө нэгтэн 08 сард Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 3-8 тоот хашааны газар, 2 өрөө хувийн орон сууцыг худалдан авсан. Тухайн үед Хишигжаргал нь жирэмсэн, хүүхдээ төрүүлэх дөхөж байсан бөгөөд С.Мөнхбат энхийг сахиулах ажиллагаанд явж ирсэн. С.Мөнхбат, Б.Хишигжаргал нар 2012 оны 08 дугаар сарын 13-ны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн гэрээ, ипотекийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

            Хариуцагч С.Мөнхбат нь нэхэмжлэгч Б.Хишигжаргал надтай хамтын амьдралтай байсны улмаас хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулахгүй гэж шүүхийн шийдвэр гарахаас өмнө дур мэдэн дундын эд хөрөнгийг шилжүүлсэн байна. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2-т гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнд хамаарна. Шүүх нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-д зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Анхан шатны шүүхийн шийдвэр  “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч нь хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг, хамтын амьдралтай байх хугацаандаа худалдаж авсан хашааны газар, хувийн орон сууц зэрэг эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Б.Хишигжаргал, Х.Балжинням нарыг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт болон охин Х.Балжиннямд ногдох хэсгийг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  С.Мөнхбатад холбогдуулан  гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна. Нэхэмжлэгч шүүхэд дээрх 4 шаардлагыг гаргасан байтал анхан шатны шүүх  Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Х.Балжиннямын эцгээр С.Мөнхбатыг тогтоосон байна. Гэтэл нэхэмжлэгч  хүүхдийн эцэг тогтоолгох тухай шаардлагыг шүүхэд гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй нь хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Бат-Эрдэнэ нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт ирүүлсэн бөгөөд /хх-ийн 114 дүгээр тал/  шүүх түүнийг 2016 оны 8 дугаар сарын 11-ны өдөр 1724 дүгээр захирамжаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэжээ.  Бие даасан шаардлага гаргасан  гуравдагч этгээд С.Бат-Эрдэнэ  нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа Б.Хишигжаргалын үйлдлийг зогсоосон шийдвэр гаргаж өгнө үү? гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар Б.Хишигжаргал нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд яаж саад хийсэн, ямар үйлдэл гаргасан нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагын үндэслэл  тодорхойгүй байхад түүнийг тодруулахгүйгээр маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан журамд нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн улмаас хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул давж заалдах гомдол болон хэргийн агуулгад дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн   давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Б.Хишигжаргалд буцаан олговол зохино.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 153/ШШ2016/00469 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Хишигжаргалд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д. ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

                                                                        Н.ТУЯА