Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2016/05856

 

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2016/05856

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Баруун үйлдвэрийн гудамж-4, Tи Эм Tи Ай барилгад оршин байгаа Глобал бридж ХХК-ийн,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, мөн оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Солонго оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Глобал бридж ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай компани 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Элсэн далай ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний дагуу бараа бүтээгдэхүүн нийлүүлэн ажиллаж байгаа бөгөөд Элсэн далай ХХК нь 2016 оны 3 дугаар сараас эхлэн гэрээний үүргээ зөрчиж бараа бүтээгдэхүүн борлуулсан төлбөрөө шилжүүлэхгүй удаж байна.

Гэрээний дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөр нь нийт 93,124,361 төгрөг байгаа бөгөөд уг төлбөрийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн актаар баталгаажсан.

Манай компанийн зүгээс удаа дараа шаардлага хүргүүлж байгаа боловч үл тоосоор байх тул шүүхээр шийдүүлэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд Элсэн далай ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 15 цаг 30 минутад товлогдсон Элсэн далай ХХК-ийг эрэн сурвалжлах хүсэлтийг хянан хэлэлцэхээр товлогдсон шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн хүсэлт, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Глобал бридж ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Элсэн далай ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Элсэн далай ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн түүний оршин байгаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь Глобал бридж ХХК, Элсэн далай ХХК-иудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 137/ШЗ2016/00869 дүгээр захирамж зэргээр нотлогдож байна. /хх-4-7, 9 дүгээр тал/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Элсэн далай ХХК-ийг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгаж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Элсэн далай ХХК-ийн захирал нь Гүзээтогоогийн Алтанзаяа /ЕК71081469/ гэж байсан болон тэрээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 2 дугаар баг, Мобиком гудамж, 2-7 тоотод оршин суудаг байсан болон 99093646, 95963646 дугаарын үүрэн холбооны утас эзэмшдэг байсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбатын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Элсэн далай ХХК-ийг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Элсэн далай ХХК-ийн захирал нь Гүзээтогоогийн Алтанзаяа /РД-ЕК71081469/ гэж байсан болон тэрээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 2 дугаар баг, Мобиком гудамж, 2-7 тоотод оршин суудаг, 99093646, 95963646 дугаарын үүрэн холбооны утас эзэмшдэг байсан болохыг болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД