2019 11 25 2019/ШЦТ/348
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,
-улсын яллагчаар Э.Эрхэмбаяр,
-шүүгдэгчийн өмгөөлөгч С.Баттамир,
-шүүгдэгч Р.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1, 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х Р-ийн Д-т холбогдох эрүүгийн 1834003440127 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр авч хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1989 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер мэргэжилтэй, “Вита Трейд” ХХК-нд Хөдөлмөр аюулгүй байдлын инженер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москвагийн гудамжны 153/7 дугаар байрны 18 тоотод оршин суух хаягтай, урьд нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 329 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил, 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, улсаас гавьяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Х овогт Р-ийн Д /РД:___89111739/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Р.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Аргалант сумын Аргалын-Уул 1 дүгээр баг Агьтийн 303 тоот хашаан дотор 2018 оны 05 дугаар сарын 22-ны шөнө 23.00 цагийн орчимд 48-03 УНК улсын дугаартай Тоёота Харрерь маркийн тээврийн хэрэгслийг хөдөлгөх үйлдэлийг болгоомжгүйгээр хийсний улмаас Б.Баттулгын амь насыг нь хохироож, иргэн Э.Билгүүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Р.Д мэдүүлэхдээ: “Төв аймгийн Аргалант сумын нутагт морь уядаг найзындаа очсон. Тэнд очиж морьдоо бариад Б.Зоригтбаатар, талийгаач Баттулга, Г.Золбаяр, хадам ах, бид нар нийлж архи уусан байсан. Тэгээд тасарсан байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1, 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 14-22 тал/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-29 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30-32 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 43-45 тал/, хэв загвар дээж авсан тэмдэглэл /хх-ийн 32 тал/, хохирогч Э.Билгүүний мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Онолбаярын мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/, гэрч М.Амарын мэдүүлэг /1-р хх-ийн 57-58 тал/, гэрч С.Ням-Очирын мэдүүлэг /1-р хх-ийн 59-60 тал/, гэрч Л.Нэргүйн мэдүүлэг /1-р хх-ийн 61-63 тал/, гэрч Т.Батболдын мэдүүлэг /1-р хх-ийн 64-66 тал/, гэрч Ц.Цогнэмэхийн мэдүүлэг /1-р хх-ийн 67-69 тал/, гэрч Г.Золбаярын мэдүүлэг /1-р хх-ийн 72-75 тал/, гэрч Б.Цогтбаярын мэдүүлэг /1-р хх-ийн 76-79 тал/, гэрч Б.Зоригтбаатарын мэдүүлэг /1-р хх-ийн 80-84 тал/, гэрч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг /1-р хх-ийн 85-87 тал/, шинжээчийн №67 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 102-103 тал/, шинжээч И.Ганболорын тайлбар /1-р хх-ийн 104 тал/, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №311 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 106-108 тал/, замын цагдаагийн тасгийн шинжээч нарын дүгнэлт /хх-ийн 127-128 тал/, шүүхийн сэтгэц судлалын эмчийн №945 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 128 тал/, шүүгдэгч Р.Д -ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 168-169 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Р.Д нь архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн үедээ Төв аймгийн Аргалант сумын Аргалын-Уул 1 дүгээр баг Агьтийн 303 тоот хашаан дотор 2018 оны 05 дугаар сарын 22-ны шөнө 23.00 цагийн орчимд 48-03 УНК улсын дугаартай Тоёота Харрерь маркийн тээврийн хэрэгслийг хөдөлгөх үйлдэлийг болгоомжгүйгээр хийсний улмаас хашааны цаана байсан Б.Баттулгын амь насыг нь хохироож, иргэн Э.Билгүүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл \хх-ийн 13 тал\
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 14 тал/,
- Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-22 тал/,
- Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-29 тал/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 30-32 тал/,
- Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 33 тал/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №67 дугаартай: “Б.Баттулгын биед элэг, уушигны язралт, хоёр талын олон хавирганы хугарал, хуйханд цус хуралт, хярзанд язарсан шарх, биед зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн цуснаас согтууруулах ундааны зүйл илрээгүй байна. Б.Баттулга нь хавсарсан гэмтлийн улмаас дотуур цус алдаж нас баржээ. Б.Баттулга нь 3 дугаар бүлгийн цустай байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 102 тал/,
- Шинжээч эмч И.Ганболорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..талийгаач Б.Баттулгын биед учирсан гэмтэл нь тээврийн хэрэгслээр нэг удаагийн мөргөлт, дайралтаар үүсгэгдэх боломжтой гэмтэл юм. ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 104 тал/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №311 дугаартай “..Э.Билгүүний биед баруун өвдөгний арын чапган холбоо хунирч сунасан, хагас урагдалтай, гадна зэрэгцсэн холбоо бүрэн тасарсан, тойгны холбоо хагас урагдсан, дунд чөмөгний гадна булуу, шаантны булууны хэмт хэсэг, өнгөц ба гүний өөхөн эдэд зөөлөн эдийн няцрал, доод уруул, хамрын нүхний таславчинд шарх, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтооа журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /1-р хх-ийн 106 тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6020 дугаартай “..Шинжилгээнд ирүүлсэн “Р.Д 2018.05.23” гэсэн хаягтай цусанд 0.7 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 0.7 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 110 тал/,
- Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №51 дугаартай “хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 48-03 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Р.Д -ийн гаргасан үйлдэлийг хэргийн газрын үзлэг болон тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын газрын схем, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаас үзэхэд зам тээврийн осол гэж үзэх үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт \хх-ийн 113 тал\
- Шинжээч Б.Бат-Очирын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтанд зааснаар зам гэдэг нь тээврийн хэрэгслээр зорчиход зориулагдсан зурвас газрыг зам гэж хэлнэ. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас эдгээр нь зам гэх тодорхойлолтод хамаарна. Замын хөдөлгөөн гэдэг нь нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагааг замын хөдөлгөөнд оролцогч гэнэ. Осол болсон газрыг зам гэж үзэхгүй учир замын хөдөлгөөнд оролцогч гэж үзэхгүй учир замын хөдөлгөөнд оролцогч гэж ойлгохгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтанд заагдсан тодорхойлолтуудыг үндэслэж осол биш гэж үзсэн.Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үйлдлийг захиргааны зөрчил гэж үзнэ. Холбогдох хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл нь захиргааны зөрчил гэж үзнэ. Түүнээс зам тээврийн осол гэж үзэхгүй. Замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй байдлын тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 117-118 тал/
- 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Шинжээч цагдаагийн дэслэгч Х.Мөнх-Эрдэнэ, Э.Сүхбаатар, цагдаагийн хошууч Г.Мягмархишиг нарын бүрэлдэхүүнтэй гаргасан №88 дугаартай “...Хэргийн материалтай танилцахад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг үндэслэлд “замын хөдөлгөөн” гэдэг нь нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих хөдөлгөөн гэж заасан байдаг. Тоёота Харрер маркын 48-03 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодсон гэх Рэнцэнсамбуу овогтой Дашбилэгийн үйлдэл нь замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл биш гэж үзэв...” гэх дүгнэлт, /1-р хх-ийн 122 тал/
- Сэтгэц эмгэг судлалын №945 дугаартай “..Р.Д нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвдөж байсан гэх баримт үгүй байна. Р.Д нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Р.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Р.Д г нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Р.Д нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 127-128 тал/,
- 48-03 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 137-147 тал/,
- 2019 оны 01 дугаар сарын 20-ний өдрийн Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээч А.Оюун-Эрдэнэ, Ц.Эрдэнэбат, Г.Алтанхуяг, Ж.Зоригт, Ө.Мөнх-Үйлс нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 317 дугаартай “...Хэргийн материалтай танилцахад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг үндэслэл “Замын хөдөлгөөн” гэдэг нь нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагаа гэж заасан байдаг. “Тоуота baner” маркын 48-03 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэх
Р.Д -ийн үйлдэл нь замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл биш гэж үзэв...” гэх дүгнэлт, /1-р хх-ийн 155-156 тал/ - Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд гаргасан хохирлын баримтууд \1-р хх-ийн 173-249, 2-р хх-ийн 44-97 талууд\
- Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай Прокурорын тогтоол \2-р хх-ийн 204 тал\
- Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пүрэвсүрэнгийн шүүхийн шатанд бичгээр гаргасан гомдол саналгүй гэх хүсэлт \3-р хх-ийн 3 тал\
- Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нөхөр маань орой 21 цаг 40 минутын үед ажпаасаа ирээд гэртээ байж байсан энэ үед миний гар утас дуугараад би утас авахад танихгүй эрэгтэй хүн талийгаачтай яръя гэхээр нь би нөхөртөө утсаа өгч яриулсан ингээд ярьж дууссана дараа хэн бэ гэж асуухад Зоригтбаатар байна тэднийд урд надтай Таван толгойд цуг ажиллаж байсан Р.Д ирсэн гэнээ намайг ирээд авъя гэж байна уулзъя гэж байна гэж хэлээд гэрээсээ гарсан. Ингээд удалгүй 1 цаг орчимын дараа эмнэлгийн жолооч надруу залгаад эмнэлэг дээр хурдан ир нөхөр чинь машинд дайруулчихлаа гэж хэлээд би хадам ээж, хадам дүү, нарын хамт эмнэлэг дээр очиход нөхөр маань өнгөрчихсөн байсан...надад нийт хохирол төлбөрт эхлээд оршуулгын зардалд 14.000.000 төгрөг, 3 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд 45.000.000 төгрөг төлсөн. Ер нь бол цаашид миний 3 хүүхдийг харж хандахад туслах талаар баталгаа бичиж өгсөн байгаа. Нэмж нэхэмжпэх баримт материал байхгүй. Гомдол санал байхгүй болно ” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 тал/,
- Хохирогч Э.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...гэртээ байж байгаад жорлон орох гээд гарч ирэхэд дэлгүүрийн үүдэнд хүмүүс шуугилдаад байхаар нь алхаад очтол Нэргүйг Цогтбаатар ах боль яв гээд хөөгөөд хориод зогсож байсан...би машин дотор суугаад үлдсэн. Нилээн сууж байгаад араас нь хашаа руу явж ороход Зоригоо, Нэргүй хоёр юм яриад зогсож байсан...би Зоригоотой сайн уу гээд мэндлээд цаана нь зогсож байсан Цогнэмэхтэй уулзаад юм яриад зогсож байхад Баттулга бид нар дээр ирээд надтай юм яриад бид хоёр хашаа налаад зогсож байтал бид хоёрын баруун талаар хашааны гаднаас машин мөргөөд зогсоод эргээд ухраад гарчихсан. Ингээд юу болов гээд байж байтал яг бидний зогсож байсан хашааны гадна талаас нөгөө машин дахин мөргөж орж ирээд намайг дайраад би ухаан алдаад түүнээс хойш юу ч мэдээгүй, нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэгт сэрсэн...би машинд мөргүүлээд зүүн хөлний шагай хугарсан, баруун хөлний өвдөг зөөлөн эд гэмтэж, шөрмөс урагдсан. 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр дахин баруун өвдөгний зураг авахуулахад дунд чөмөгний яс бяцралт хугаралттай гэж гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/
- Иргэний нэхэмжлэгч Б.Онолбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..тус 48-03 УНК улсын дугаартай Тоёота Харрерь маркийн тээврийн хэрэгслийг манай Инвескор банк бус санхүүгийн байгууллага албан ёсоор эзэмшиж байгаа. Тээврийн хэрэгслийн эзэмшигчээр манай байгууллага байгаа, зээлдэгч Р.Д нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, хүүгийн төлбөрийг төлж барагдуулсны дараа автомашины эзэмшигчийг өөрлүү нь шилжүүлэх гэрээний болзолтой байгаа юм. Зээлийн гэрээний дуусах хугацаа 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр болно...2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 18.694.348 төгрөгийн үндсэн зээл, 540.441 төгрөгийн зээлийн хүүгийн авлага, 511 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийтдээ 19.235.300 төлбөр тооцооны үлдэгдэлтэй байгаа, одоогоор графикийн дагуу 4, 5 дугаар сарын төлөлт бүрэн хийгдсэн байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/,
- Гэрч С.Ням-Очирын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..ингээд дээрхи машин хашаанд ороод бүтэн эргээд хашаанаас гарч гадаа нь зогссон. Зоригтбаатар бид хоёр Харрерь маркийн тээврийн хэрэгсэлрүү гүйгээд очиход хар бараан хувцастай нэг залуу бууж ирсэн. Ингээд би хашаанд ороход Билгүүн ёолоод газарт сууж байсан. Ингээд би хашаанд ороод эгц хойшоо явж байхад манай сумын цахилгаанчин Баттулга гэх залуу газарт дээшээ хараад хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-60 тал/,
- Гэрч Л.Нэргүйн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Зоригтбаатар ирж анх муудалцсан хоёр залуутайгаа учраа ол гээд намайг дагуулаад нөгөө хоёр дээр очоод бид нэгнээсээ уучлалт гуйгаад гар бариад эргээл хаалганы орчимд явж байхад хаалганы баруун талаар гаднаас нь хашааг цөм дайраад гэрэл тусгаад цагаан өнгийн Харрерь машин орж ирсэн...Ингээд хашаан дотор хүн орилоод байхаар нь буцаж очоод хашаанд ороход Баттулга дайруулчихсан ёоёо гээд орилоод хэвтэж байсан ба тэр үед Харрерь маркийн автомашин хашаанаас гарчихсан байсан. мөн баруун урд талд нь Билгүүнээ босож чадахгүй орилоод хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-63 тал/,
- Гэрч Т.Батболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би газар суугаад хүмүүсийг хараад сууж байтал Зоригтбаатарын хашааны урагш харсан дайман хаалганы баруун талаар Дашбилэгийн цагаан өнгийн Харрерь маркийн тээврийн хэрэгсэл хашаа цөм дайраад ороод ирээд хашаан дотор нар зөв тойроод буцаад гараад явсан...Баруун хойно нэг хүн ёолоод хөл өвдөөд байна гээд байхаар нь яваад очтол Баттулга ярьж чадахгүй ёолоод байсан. Би Баттулгийн толгойг өөрийн гуян дээрээ тавиад сууж байтал Баттулгийн толгой баруун хойшоо харсан байсан. Баттулга нь өөрөө баруун гар тийш эргэх гээд байхаар нь би бага зэрэг баруун гар тийш хөдлөхөд Баттулгийн амнаас цус гойжоод газарт тунасан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-66 тал/,
- Гэрч Г.Золбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..энэ үед Р.Д эхнэр нь утасруу нь залгаад утсаа авахгүй байсан би Дашбилэгийг машиндаа очоод сууж бай би Цогоо ахыг аваад ирье хэдүүлээ Улаанбаатар хотруу буцъя чи машиндаа суугаад эхнэртэйгээ утсаар ярьж бай гэж хэлээд машинруу нь утсыг нь машины түлхүүртэй нь өгч явуулсан бөгөөд энэ үед 23.00 цаг орчим болж байсан бөгөөд Цогоо ах дээр очоод хэдүүлээ явъя гэж хэлж байхад Р.Д гэнэт машинтайгаа хашааны гаднаас цөм дайраад хашааруу ороод ирсэн. Энэ үед хүмүүс хүн дайрчихлаа гээд орилолдоод Р.Д машинтайгаа хашаан дотор тойроод буцаад гарч ирж яваад хашааны гадаа гараад зогссон. Цогоо ах араас нь Зоригоотой хамт гүйж очоод машиныг нь унтраагаад машинаас нь Р.Д -ийг буулгаад ирсэн. Энэ үед хашаан дотор нэг залуу ёоёо гээд орилоод байсан. Би тэнд байсан хүмүүст хандаж эмч цагдаа дуудаачээ гэж хэлсэн. Ингээд Дашбилэгийг машиныхаа хажууд сууж байхад нь хүрээд очиход Р.Д би яачваа гээд орилоод хүн дайрчихлаа шүү дээ гээд уйлаад сууж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-75 тал/,
- Гэрч Б.Цогтбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би бие засахаар хашаан дотор баруун тийш явж байхад ард түс тас гээд дуугарсан цочоод үсэрч босож ирээд эргээд харахад цагаан өнгийн Харрерь маркийн машин Зоригоогийн банзан хашааг мөргөж гарч байгаа харагдсан. Тэгээд би юу болж байна гэж гүйгээд очиход Золбаяр зүүн талаас гүйж ирж байсан. Зоригоо ч тухайн үед Р.Д -ээ зогсоочээ гээд орилоход Дашбилэг хашаанаас машинтай гараад зогссон. Би шууд машинруу очоод Р.Д -ийг машинаас буулгаад зогсож байхад Зоригоо гүйж ирээд Р.Д чи хүн дайрчихлаа шүү дээ гэж хэлсэн....хашаанд дотор хойд талд нэг зовиуртай хүн дугараад байсан. Би тэр зүгт харахад нэг залуу гадарт хэвтсэн түүнийг бараан өнгийн хувцастай нэг залуу тэврээд зүгээр үү гээд асуугаад байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-79 тал/,
- Гэрч Б.Зоригтбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..гэнэт манай хашааг нэг зүйлээр хүчтэй цохих шиг сонсогдсон... би эргэж хартал Р.Д -ийн эзэмшлийн Харрерь маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл манай хашааг мөргөж дайрч хашаанд орж ирж харагдсан тухайн үед шороо бужигнаад ойр орчим сайн харагдахгүй байсан. Удалгүй бужигнасан шороо гайгүй болоод байж байтал мөргөж орж ирсэн хашаан баруун дотор хэсэгт Билгүүнээ дээшээ хараад хэвтэж байсан. хэрэгслийн түлхүүрийг Р.Д -т өгсөн гэж сүүлд мэдсэн. ..Архи нь гарсны дараа уг зүйлийг мэдээд айж сандарч шоконд орсон. Автомашин гадаа байсан, хохирогч болон зарим хүмүүс хашаан дотор зарим хүмүүс гадаа байсан. Тухайн үед тэр хоёрын хооронд маргалдсан зүйл болоогүй. Б.Баттулга, Р.Д нар нь хар багийн найзууд байгаа юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-84 тал\,
- Шүүгдэгч Р.Д -ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...би сүүлийн архи ууж дуусгаагүй согтсон. Нэг мэдэхэд би өөрийн тээврийн хэрэгслээ жолоодож хүн дайрчихлаа гэж манай найз Зоригтбаатар, хадам ах Цогтбаяр нар надад хэлсэн....Талийгаач Баттулга бид хоёрын хувьд ямар нэгэн өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Хэргийн талаар өмнө нь тодорхой ярьсан тул нэмж хэлэх зүйл алга. Тэрийг бол би санахгүй байгаа юм, согтуугаас болоод мөргөсөн. Бид нар хүмүүс ирэхээс өмнө нь сууж байсныг санаж байна. Тэгээд нэг хэсэг юу болсоныг санахгүй согтоод тасарчихсан... ” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул шүүгдэгч Р.Д -ийг болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын амь насыг хохироож, бусдын биед болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан №51,88,317 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон шинжээч Б.БатОчирын тайлбар зэргээс үзэхэд шүүгдэгч Р.Д нь замын хөдөлгөөнд оролцоогүй, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэж үзээгүй бөгөөд шүүгдэгч Р.Д -ийн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдэлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутай байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Р.Д нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пүрэвсүрэнд оршуулгын зардалд 14.000.000 төгрөгийг, тэжээгчээ алдсаны зөрүү 45.000.000 төгрөгийг нийт 59.000.000 төгрөгийг, хохирогч Э.Билгүүнд 3.091.600 төгрөгийг тус тус төлсөн байна.
Шүүхээс хохирогч Э.Билгүүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пүрэвсүрэн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...миний бие шүүх хуралдаанд оролцох сэтгэл санааны болон биеийн эрүүл мэндийн хувьд хүнд байгаа учир өөрийн биеэр ирж оролцож чадахгүй болно. Иймд миний өмгөөлөгчид болон миний өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй болно. Нэмэлт гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэсэн бичгээр гаргасан хүсэлт зэргээс дүгнэхэд шүүгдэгч Р.Д -ээс гаргуулах хохирлын асуудал байхгүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас “шүүгдэгч Р.Д -ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900.000 төгрөгөөр торгох, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Р.Д -т оногдуулах нийт ял 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх ялын дүгнэлтийг,
-Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Манай үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлийн шинжээр хангагдсан үргэжилсэн шинжтэй гэмт хэрэг юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн шинжтэй байна. Тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа амь хохирогчийг эмнэлэгт хүргэж өгсөн байдал, хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг шүүх ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзээч гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна. Өнөөдрийн хүртэлх цаг хугацаанд талийгаачийн ар гэрт өөрийнхөө чинээгээр туслаж байгаа. Залуу хүн байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхэдтэй гэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээсэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа учраас Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж өгөөч гэж шүүхээс хүсэж байна. Р.Д -т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулах хуулийн боломж байна гэж үзэж байна. Эрүүгийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх саналыг тус тус гаргасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Р.Д нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруу дээр маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг дүгнэж түүнд энэ зүйлийг хэрэглэж, оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч Р.Д -т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийг харгалзсанаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оноглуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Д -т оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 1834003440127 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Р.Дашбилэг нь цагдан хоригдсон хоноггүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пүрэвсүрэнд нийт 59.000.000 төгрөгийг, хохирогч Э.Билгүүнд 3.091.600 төгрөгийг тус тус төлсөн энэ тогтоолоор гаргуулах хохирлын асуудал байхгүй бусдад төлөх төлбөргүй байна.
Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Р.Д -ийн №670552 дугаарын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүгдэгч Х Р.Д -ийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг
- мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Шүүгдэгч Р.Д -ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 \нэг сая\ төгрөгөөр торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 \гурав\ жилийн хугацаагаар тэнссүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Д -т оногдуулсан ялыг тус тусад эдлүүлсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Р.Д -т үүрэг болгосугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Р.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн №670552 дугаарын үнэмлэх /1 ширхэг/-ийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.
- Шүүгдэгч Р.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Д -т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
- Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
- Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА