| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/00996/И |
| Дугаар | 184/ШШ2016/01299 |
| Огноо | 2016-10-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2016/01299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Төв аймаг, Батсүмбэр сумын Баянголын минжийн-Ар, БД49051004 регистрийн дугаартай, Ах сум харчин овогт Батбаярын Өтөөний нэхэмжлэлтэй
хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэвэлмаа, нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэвэлмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний ээж Т.Өтөөн нь 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрийн банкны хадгаламжийн мөнгөө барьцаанд үлдээн, 10 000 000 төгрөгийг Э.Галбадрахад өгсөн. Э.Галбадрах нь Т.Цэвэлмаа надтай гэр бүл байсан боловч тусдаа амьдарч эхэлсэн ба Э.Галбадрах нь миний ээж Т.Өтөөнөөс зээлсэн мөнгөө буцаан өгөхгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч нэхэмжлэлд өгсөн хаягт амьдардаггүй, одоо хаана оршин сууж байгааг нь мэдэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Э.Галбадрахыг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Өтөөн нь хариуцагч Э.Галбадрахад холбогдуулан 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж түүнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болгон өөрчилжээ.
Э.Галбадрах нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Сонгинохайрхан дүүргийн 4-р хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Б.Өтөөний нэхэмжлэлтэй Э.Галбадрахыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Авга хариад овогт Эрдэнэбилэгийн Галбадрахыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс илүү төлсөн 104 750 төгрөгийг буцаан олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ