Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/351

 

    2019           11             28                                            2019/ШЦТ/351

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг

-Улсын яллагчаар И.Мөнхцэцэг

-шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар

-Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А х  овгийн Г-ын Б-т холбогдох эрүүгийн 1934005510400 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа мужааны ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг Жимстэйн хороололд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялаар шийтгэгдэж 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ял эдлэж дууссан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх А х  овгийн Г-ын Б-, /РД:__92041813/;

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Г.Б  нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг 124-ийн давааны урд асфальтан зам дээр 35-79 УБЭ улсын дугаартай Соната 6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож Б.Ууганбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Б нь: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргахгүй  тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл  зургийн үзүүлэлт /9-15 тал/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхтунгалагийн мэдүүлэг /хх-ийн 19-21 тал/, шүүгдэгч Г.Бямбабаатарын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,  гэрч М.Мөнхтунгалагийн мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэбаярын мэдүүлэг /хх-ийн 23 тал/, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21 тал/, Арвижих стимент ХХК-ний тайлан /хх-ийн 36-37 тал/, Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч цагдаагийн дэслэгч Ч.Энхдалайгийн №109 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-43 тал/, шүүгдэгч Г.Бямбабаатарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 76-77 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхтунгалагын мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/, Г.Б-ын ял шалгах хуудас, хүүхдийн төрсний гэрчилгээ /хх-ийн 89 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхтунгалагын цагдаагийн газарт гаргасан хүсэлт зэрэг болно.

 

          Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Б-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

          Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг 124-ийн давааны урд асфальтан зам дээр 35-79 УБЭ улсын дугаартай Соната 6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож Б.Ууганбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл \хх-ийн 08 тал\
  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 09-16 тал/,
  • “Арвижих-Эстимейнт” ХХК-ийн “Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 4260000 төгрөг” гэх тайлан /хх-ийн 36-38 тал/,
  • Насанд хүрээгүй хохирогч Б.Ууганбаатарын өвчний түүх \хх-ийн 47-69 тал\
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол \хх-ийн 72 тал\
  • Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхтунгалагын мөрдөн байцаалтын шатанд бичгээр гаргасан хүсэлт \хх-ийн 99 тал\
  • Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №554 дугаартай “...1. Б.Ууганбаатарын биед тархины эдэд няцрал, цус харвалт, аарцаг ясны хугарал, баруун зүүн хацар, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 21 тал/,
  • Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн  №109 дугаартай “1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Соната-6 маркийн саарал өнгийн 3579 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Б нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэв. 2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Соната-6" маркын саарал өнгийн 3579 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл , хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрмэнд тоггоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” мөн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэслийн хурдыг хасаж , зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэв. 3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэв...” гэх техникийн дүгнэлт /хх-ийн 42-43 тал/,
  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхтунгалагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хөтөл сумаас Улаанбаатар хот руу хамтран амьдрагч Г.Б, хүү Б.Ууганбаатарын хамт 35-79 УБЕ улсын дугаартай Сонота-6 маркийн автомашинтайгаа явж байсан. Тухайн үед Г.Б автомашинаа жолоодож явсан, харин Ууганбаатар бид хоёр автомашины арын суудал дээр унтаж явтал автомашин хоёр тийшээгээ савлаад байхаар нь харсан чинь автомашин замын зүүн тал руу уначих шиг болсон Уууганбаатар бид хоёр автомашины цонхоор шидэгдсэн байсан...Нөхөр Бямбабаатар бид хоёрын биед гэмтэл шарх учраагүй, харин манай хүүхэд Ууганбаатарын толгойд цус хуралттай, ухаангүй байдалтай эмнэлэгт хүргэгдсэн...миний хүү Б.Ууганбаатар нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс хойш Улаанбаатар хот ГССҮТөвд хэвтэн эмчлүүлж байгаа...Би бодохдоо жолооч хурд хэтрүүлсэн, анхаарал болгоомжгүй болон замын эвдрэлээс болсон байх гэж үзэж байгаа...санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 тал/,
  • М.Мөнхтунгалагийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 09-нд Сэлэнгэ сайхан сумаас Улаанбаатар хот орох гээд нөхөр хүүхдийн хамтаар бид 3 явж байсан ба арын суудал дээр би хүүтэйгээ унтаж байсан. тэгээд нэг мэдсэн осол болоод онхолдсон байсан. Г.Б архи хэрэглээгүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,
  • Иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “...35-79 УБЭ улсын дугаартай автомашин нь миний нэр дээр байдаг автомашин, Би Г.Б-т автомашинаа худалдаад 4 сар болж байна. Харин гэрчилгээн дээрх нэрээ шилжүүлж амжаагүй байсан юм. Тэрнээс биш төлбөр тооцооны асуудал бүрэн хийгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,
  • Шүүгдэгч Г.Б-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “...Би эхнэр хүүхэдтэйгээ 2019 оны 07 дугаар сарын 09-нд Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас өглөө 10 цагт Улаанбаатар хот орохоор өөрийн эзэмшлийн Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад 124-ийн даваа уруудаад явж байгаад замын нүх таараад дарсан. Тэгтэл эсрэг талын шороон дээр гарсан, тэгээд буцаад дартал замаас гараад 2-3 удаа хөрвөөгөөд зогссон. Тэгээд машинаасаа буугаад хартал эхнэр хүүхэд маань цонхоор шидэгдээд 2 м зайд байсан. Тэгээд хүү маань ухаангүй, эхнэр ухаантай байсан...эхнэр, хүү хоёроо замын унаанд суулгаад Жаргалант сумын эмнэлэг явуулсан...Би 100 хүрэх гээд явж байсан...би архи уугаагүй, эрүүл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,
  • Шүүгдэгч Г.Б-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас Улаанбаатар хот руу 35-79 УБЭ улсын дугаартай тээвриймн хэрэгсэлтэй явж байсан. Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг 124-ний даваа урд гэх газар явж байтал замын эвдрэлтэй хэсэг таархаар нь би түүнийг тойрч гарах гээд эсрэг урсгал руу орсон. Тэгээд буцаад баруун гар тал руугаа дарсан чинь замас гараад 3 удаа бүтэн эргээд зогссон. Тэгээд би машинаас буугаад эхнэр, хүүхэд хоёроо харсан чинь машин дотор байхгүй газар шороон дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь би хүүхэд болох Ууганбаатарыгаа тэврээд зам дээр гарч зогсоод унаа зогсоосон...би тухайн үед 90 километр цагийн хурдтай явж байсан...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 тал/,
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 81 тал/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

      

       Шүүгдэгч Г.Б-ын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

          Шүүгдэгч Г.Б нь 35-79 УБЭ улсын дугаартай Соната 6 маркийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл , хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрмэнд тоггоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” мөн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн тус тус заасан заалтыг зөрчсөн зохих буруутай байдал тогтоогдсон.

          Шүүгдэгч Г.Б-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй боловч мэдэлгүй үйлдсэн тул гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

          Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Б-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Г.Б нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

       Иймд шүүгдэгч Г.Б-ыг автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхтунгалагийн бичгээр гаргасан “...хүү маань эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад гарсан, гомдол санал байхгүй..” гэх хүсэлт /хх-ийн 99 тал/, шүүхээс насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхтунгалагт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гэр бүлээрээ явж байгаад осолд орсон, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байр тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хорхирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас “Шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх ялын дүгнэлтийг,

-шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар хохирогчид туслалцаа үзүүлсэн, хохирогчид төлөх төлбөргүй, гэм буруу дээр маргаагүй зэрэг хувийн байдал, ар гэрийн байдлыг харгалзан ял шийтэл оногдуулахыг хүсэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тус гэмт хэрэг нь 6 сараас 3 хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах санкцтай. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тэнсэж өгөхийг хүсэж байна” гэх саналыг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч Г.Б-ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч Г.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар мөрдөн байцаалтын шатнаас эхлэн маргаагүй, хохирол төлсөн байдал, хувийн байдал, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэсний дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Г.Б-т үүрэг болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Г.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг оршин суух газар, ажил өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Б-т Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

            Бусад асуудлаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхтунгалаг, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэбаяр нар нь гомдол саналгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Б-ын №02304836 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг оршин суух газар, ажил өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, түүний №1283060 дугаарын үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А х  овгийн Г.Б-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Г.Б-т үүрэг болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг оршин суух газар, ажил өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, түүний №1283060 дугаарын үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхтунгалаг, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэбаяр нар нь гомдол саналгүй болохыг тус тус дурдаж, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.Б-ын №02304836 дугаарын тээврйин хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.  

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

  •