Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2016/05321

 

2016 оны 10 сарын 07 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05321

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг, Дэлгэр сум, 5 дугаар баг, Гуулин хаягт оршин суух, Боржигон овогт Баянмэндийн Батжаргал /РД:ДС80121811/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 12 дугаар байр, 105 тоот хаягт оршин суух, Мартай овогт Ганболдын Энхболд /РД: ХА82050117/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 20.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадам, иргэдийн төлөөлөгч Х.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Батжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Батжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Нэхэмжлэгч Б.Батжаргал нь хариуцагчтай 2014 оны 04 дүгээр сард анх танилцаж, Г.Энхболдын тавьсан саналын дагуу тэд барилгын тендерт хамтран оролцох болсон. Хариуцагч Г.Энхболд Тендерт орох бичиг баримтыг бүгдийг нь би бүрдүүлнэ. Уг тендерт чамайг ялах бүх нөхцлийг би бүрдүүлнэ гэж тохиролцож, Голомт банканд дундын данс нээлгэж, нэхэмжлэгч 20,000,000 төгрөгийг байршуулсан юм. Нэхэмжлэгч Б.Батжаргал уг тендерт ялагдсан тохиолдолд 20,000,000 төгрөгийг буцаан авахаар, харин ялсан тохиолдолд хариуцагч Г.Энхболд ажлын хөлсөнд 20,000,000 төгрөгийг авахаар харилцан тохиролцсон юм. Тэд Голомт банканд 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 20,000,000 төгрөгийг байршуулсан. Гэтэл дундын дансанд байршуулсан 20,000,000 төгрөгийг Г.Энхболд нь хадгаламжийн хугацаанаас хойш нэг хоногийн дараа гарган авсан байсан. Нэхэмжлэгч Б.Батжаргал нь уг тендерт ялаагүй бөгөөд хариуцагч Г.Энхболдоос мөнгөө гаргуулж, авах гэж олон удаа шаардсан боловч эхэндээ Удахгүй өгнө гэж байгаад сүүлдээ утсаа авахаа больсон. Нэхэмжлэгч нь мөнгөө буцаан авч чадахгүй байсан учраас Цагдаагийн газарт гомдол гаргасан. Тус гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсч, шалгагдаж байгаад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 251 дугаар прокурорын тогтоолоор Г.Энхболд нь Өршөөлийн хуульд хамрагдаж, хэргийн хэрэгсэхгүй болгосон байдаг. Үүний дараа Г.Энхболд нь 1 удаа холбогдсон боловч одоог хүртэл мөнгөө өгөөгүй байна. 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт энэ хуулийн 4.1, 4.2-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэх, энэ хуулийн 7.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зааснаар хариуцагчаас 20,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжтай хамт гаргуулахаар нэхэмжилж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэсний дагуу бид хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Шүүгчийн туслах хариуцагч Г.Энхболдод 2 удаа утсаар ярьж шүүх хуралдааны тов мэдэгдсэн байна. Үүнээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6, 77.8 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байтал хариуцагч Г.Энхболд нь өнөөдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. Мөн хариуцагч нь нэхэмжлэлийг гардан авсан хэдий ч одоог хүртэл хариу тайлбар өгөөгүйг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Энхболдын эзгүйд хэргийг шийдвэрлэж өгөөч гэж хүсч байна гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Батжаргал нь хариуцагч Г.Энхболдод холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 20.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн бөгөөд хариуцагч нь шүүхэд хүсэлт, баримт ирүүлээгүй, хариуцагчийн шүүх хуралдаанд ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 10.3 дахь заалтыг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Г.Энхболд нь 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр барилгын тендер бүтээж өгнө гэж хуурч мэхлэн мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулах нэрийдлээр Б.Батжаргалаас 20.000.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдаж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 251 дугаартай Прокурорын тогтоолоор тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнгээ хариуцагчийн залилан мэхэлж авсан 20.000.000 төгрөгөөр тодорхойлж нэхэмжилжээ.

Хариуцагч Г.Энхболд нь нэхэмжлэлийн хувийг гардан авч, бичгээр тайлбар ирүүлээгүй, тухайн төлбөрөөс төлсөн талаар баримт ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ нь мөнгөн хадгаламжийн гэрээ, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолоор тогтоогдож, хариуцагч нь хохирлын хэмжээний талаар маргаагүй, 20.000.000 төгрөгийг баримтаар үгүйсгээгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар дээрх гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг хариуцагч Г.Энхболдоос шаардах эрхтэй байхаас гадна хариуцагч Г.Энхболд нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учирсан 20.000.000 төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч Г.Энхболдоос 20.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Батжаргалд олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд түүний төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан дүнгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Энхболдоос 20.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Батжаргалд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн төлсөн 257.950 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Г.Энхболдоос улсын тэмдэгтийн хураамжид 257.950 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Н.ХАНГАЛ