Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/365

 

   2019             12              09                                            2019/ШЦТ/365

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг

-улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ

-шүүгдэгч А.Б  нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт А-ы Б-т холбогдох эрүүгийн 1934008740447 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Төв аймаг Зуунмод сум 4 дүгээр баг 4Б-9 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх, Б  овогт А-ны Б , регистрийн дугаар __89010256

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч А.Б  нь Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн нутагт 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Д.Энхжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч А.Б “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хохирогч Д.Энхжаргалын мэдүүлэг /хх-ийн 5- тал/, гэрч Д.Мөнхжаргалын мэдүүлэг /хх-ийн 9-10, 15 талууд/, гэрч Т.Мөнхжаргалын мэдүүлэг /хх-ийн 11 тал/, гэрч Н.Батжаргалын мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/, шинжээчийн №707 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-19 тал/, яаралтай тусламжийн хуудас, шүүгдэгч А.Бат-Очирын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/ зэрэг болон шүүгдэгч А.Б-ын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.

Шүүгдэгч А.Б нь Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн нутагт 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Д.Энхжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

  • Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 24 тал/
  • Яаралтай тусламжийн хуудасны хуулбар /хх-ийн 40 тал/
  • Хохирогч Д.Энхжаргалын нэхэмжилсэн хохирлын баримт болон гомдол саналгүй гэх бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 41-42 тал/
  • 2019 оны 10 дугаар 04-ны өдрийн Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны №707 дугаартай “...1. Д.Энхжаргалын биед эрүү ясны титэм сэртэнгийн хугарал, тархи доргилт, баруун хацарт зулгаралт, баруун чамархайд цус хуралт, баруун чамархай, зүүн дал, баруун хацарт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 19 тал/,
  • Хохирогч Д.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 10 цаг өнгөрч байхад Төв аймгийн Зуунмод сумын урд таксины зогсоол дээрээс 51-53 ТӨА улсын дугаартай Портер маркийн автомашиныг хөлслөөд Төв аймгийн Зүүндэлгэр 4 дүгээр багийн Б4-8 тоотоос шатаа авах гээд Мөнхсахиагийн хамт очсон. Тэгээд би шатныхаа угсрааг салгаад зогсож байтал А.Б хашааны хаалгаар орж ирээд “Чамайг хүлээж байсан юм, ашгүй хүрээд ирлээ” гэж хэлээд хөл рүү өшиглөөд, гурван удаа шанаа руу цохисон. Тэгээд намайг гартаа барьчихсан байсан цахилгааны утсаар намайг ороолгосон...51-53 ТӨА улсын дугаартай портер маркын автомашины эзэн Батжаргал, Мөнхсайхан, Бат-Очир, А.Б-ын эхнэр Мөөгий байсан. Тэд нар хараад зогсож байсан. Миний толгой их өвдөж байна. Би гомдолтой байна. Зүгээр байж байгаад танхай хүнд зодуулаад гэмтэл бэртэл авсанд гомдолтой байна. Биеэ эмчлүүлэх, гаргасан зардлаа бүрэн нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг хх-ийн 6-8 тал/,
  • Гэрч Д.Мөнхсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 02-ны өглөө ...Д.Энхжаргал ах шатаа авах гээд очтол А.Б “ Би чамайг хүлээж байлаа, миний эхнэрийг айлгасан байна” гэж хэлээд Д.Энхжаргал ахын хөлрүү өшиглөж унагаагаад толгой руу нь гартаа барьсан байсан цахилгааны утсаар толгой, гар, хөл, нуруу хэсэг рүү нь 10 орчим ороолгосон...Энхжаргал ахын биед харагдах байдлаас нь нүүр нь хавдаж шалбарсан байсан ба Энхжаргал ах надад хэлэхдээ толгой эргээд байна гэж хэлсэн...Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр баг Б4-8 тоот хашаанд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10-11 цагийн орчимд болсон...А.Б хөл гараараа болон цахилгааны утсаар зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 тал/,
  • Гэрч Т.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр...Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн 4Б-9 тоотод очход Мөнхсахиа, Энхжаргал хоёр Портер дагуулаад оччихсон байсан. Тэгэхээр нь би нөхөрА.Б-т би “ Энэ намайг нөгөө айлгаж ичээгээд байсан хүн чинь ш дээ” гэж хэлсэн чинь манай нөхөр уурлаад “Чи ер нь яах гээд байдаг юм, хүн дээрэлхээд байна уу ? гэж хэлсэн чинь Энхжаргал “Би шатаа авах гэж ирлээ” гээд хэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр явж очсон чинь Энхжаргал өөрөө үсэрч унаад байсан. Манай нөхөр Бат-Очир нэг удаа унагаасан, тэгээд барьж байсан цахилгааны утсаараа хоёр мөр рүү нь хоёр удаа ороолгосон. Манай нөхөр А.Б нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 4-р багийн 4Б-9 тоотод Энхжаргалыг зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,
  • Гэрч Н.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 02-ны өглөө би Төв аймгийн Зуунмод суманд портерийн зогсоол дээр зогсож байсан. Тэгтэл эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирээд надад Зүүндэлгэр ороод 3 ширхэг шат ачаад Баянхошуунд буулгана гэхээр нь 15.000 төгрөгөөр тохиролцож зөвшөөрөөд явсан. Тэгээд шат авах хашааныхаа гадаа ирээд Энхжаргал шатаа авах гээд хашааг нь даваад орсон. Тэгтэл гэнэт эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гарч ирээд Энхжаргалтай маргалдаад эрэгтэй А.Б гэдэг хүн нь цахилгааны шар өнгөтэй утсаар толгой, нуруу хэсэг рүү нь ороолгоод байсан. Намайг харахад Энхжаргал гэдэг хүн газар уначихсан шороонд холилдчихсон байсан...Энхжаргал гэдэг хүний нүүр нь шалбарчихсан, цус гарчихсан хамаг хувцас нь шороо болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/
  • Гэрч Д.Мөнхсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Энхжаргал ах руу залгаад та хуучин ажиллаж байсан Зүүндэлгэрийн барилга дээрээ очиж шатаа авахгүй бол өөр хүмүүс очиж ажиллаж байгаа юм байна лээ гэж хэлсэн. Тэгээд шатыг нь ашиглаж байсан болохоор хамт авах гээд портер машин хөлслөөд Зүүндэлгэрийн Б-4-9 тоотод очсон. Тэгээд Энхжаргалын шатыг өгөхгүй гэж байснаа А.Б гэх хүн Энхжаргал ахыг чи эхнэр их дээрэлхэж агсам тавьдаг гэлүү би чамайг хүлээж байсан юм гээд шууд Энхжаргал ахыг боож унагааж 5-6 цохиод өшиглөөд л байсан юм. Тэгээд болиоч гэж хэлээд хоорондоо салсан. Эхлээд газарт А.Б нь Энхжаргал ахыг боож газарт унагаасан. Тэгээд дээрээс нь өшиглөөд шар өнгийн утсаар ороолгоод байсан. Тэгээд удалгүй салсан. Энхжаргал ахыг 3-4 минут зодсон байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,
  • Шүүгдэгч А.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Зүүндэлгэрийн гэртээ харих үед манай гэрийн гадаа Мөнхсахиа гэх эмэгтэй нэг Портер машинтай Энхжаргал гэх эрэгтэй ирээд шатаа авах гээд ирсэн гээд манай хадам аав, ээж нартай маргалдаад зогсож байсан. Тэгээд би Мөнхсахиа манай нөхрийн багаж байгаа гэж хэлэхээр нь би танай нөхөр ямар ч багаж авч ирээгүй байж манай багажийг авах гэлээ гэж хэлсэн. Тэгтэл манай эхнэр надад Мөнхжаргал энэ хүн чинь хүү бид гурвыг дээрэлхээд айгаад байсан хүн чинь ш дээ гэж хэлсхээр нь миний уур хүрээд Энхжаргал ахыг шатныхаан төмрийг бариад зогсож байхаар нь би та одоо нас тогтсон хүн байж эхнэр хүүхэд яагаад дээрэлхээд байдаг юм гэж хэлээд Мөнхсахиа, Мөнхжаргал бид гурав маргалдсан. Тэгээд би гартаа барьж байсан цахилгааны утсаар Энхжаргал ахын мөр рүү хоёр удаа ороолгосон тэгээд элсэн дээр болон хашааны хажуу талд Энхжаргал ахыг хоёр удаа хавирч унагасан би Энхжаргал ахыг зодохын хувьд зодсон, Энхжаргалын ахын хашаанд 2019 оны 10 дугаар сарын 02- ны өдөр уулзсан тухайн үед биед ил харагдах хэсэгт ямар нэгэн шинээр үүссэн гэмтэл шарх байгаагүй, би өөрийнх үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:

Хохирогч Д.Энхжаргалын биед “эрүү ясны титэм сэртэнгийн хугарал, тархи доргилт, баруун хацарт зулгаралт, баруун чамархайд цус хуралт, баруун чамархай, зүүн дал, баруун хацарт зөөлөн эдийн няцралт “ гэмтэл учруулсан шүүгдэгч А.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д ” гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” мөн журмын 2.3.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан” бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул насанд хүрээгүй хохирогч Д.Энхжаргалын биед учирсан гэмтлийг хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч А.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэм буруутай байна.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, А.Б-ын бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Б-ыг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Д.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд бичгээр гаргасан хүсэлтдээ: “..миний бие А.Бат-Очирт гомдол, саналгүй, хохиролд 250.000 төгрөг хүлээн авсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт /хх-ийн 42 тал/, мөн шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч А.Б нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 500.000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна. 

Шүүгдэгч А.Б-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч А.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны

зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

           

            Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б  овогт А.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Б-ыг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч А.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  •