2019 12 09 2019/ШЦТ/366
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,
-улсын яллагчаар И.Мөнхцэцэг,
-шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар,
-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Оюун-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн
-иргэний нэхэмжлэгч М.Энхбат
-шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б Б-ийн Ш-т холбогдох эрүүгийн 1934004450352 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр авч хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг Ерөө суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6 эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 3 дугаар багийн 4 дүгээр хэсэг 111 тоотод оршин суух хаягтай, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б Б-ийн Ш /РД: __7020115/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Ш нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг Бяцхан хөндлөн гэх газарт 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 8691 СЭА улсын дугаартай тоёота эстима маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-а, мөн дүрмийн 11.3 дахь хэсэг, 12.2, 12.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж иргэн Ч.Алтансүхийг мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Ш: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргахгүй тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “Зүгээр ажлаа хийгээд явж байсан. 47 нас хүртлээ нэг ч удаа хамрын ханиад хүрч байгаагүй хүн байсан. Эхээсээ тавуулаа. Хүний төлөө явдаг хүн байсан. Үнэхээр хүн гэж хэлэхээс хэцүү аймар болсон байсан. Шөнийн 11 цагийн үед мэдсэн. Ирж явахдаа яаснаа ч мэдэхгүй байна. Б.Ш-ыг надтай ирээд ярих юм болов уу гэж харж байсан. Тэгээд ерөөсөө ч яриагүй. 10 дугаар сары 11-ний өдөр надтай ээж нь утсаар ярьсан. Уулчлалт гуйж яриагүй. Өмнөх шүүх хурлын урд шөнө уучлаарай гэж хэлсэн. Маш хариуцлагатай амьдрах хүн байна. Яагаад архи уугаад ийм байдалд хүрчихэв. Хохирлыг бол 7.000.000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Дүүгээ цагаалга цайлга хийсэн мөнгөө нэхэмжилж байгаа. Рестоаранд цайллагад хүмүүсийг оруулсан. Нийт 10.550.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өчигдөр 3.000.000 төгрөг өгсөн. Мөн амь хохирогчийн охин Нандин-Эрдэнийг 18 нас хүртэл Б.Ш-аас тэтгэмж гаргуулах хүсэлттэй байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-19 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Ч.Оюун-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/, шүүгдэгч Б.Ш-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 132-133 тал/, гэрч Б.Чинбатын мэдүүлэг /хх-ийн 41 тал/, гэрч Ж.Бэхбатын мэдүүлэг /хх-ийн 42 тал/, гэрч Д.Баярмандахын мэдүүлэг /хх-ийн 37 тал/, гэрч Х.Хүслэнбаярын мэдүүлэг /хх-ийн 43 тал/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 81 дугаартай дүгнэлт /хх-ийн 45-48 тал/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /23-28 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8-19 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-22 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Б.Цогбаярын №3487 дугаартай дүгнэлт /хх-ийн 61 тал/, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Б.Тэнүүний №3488 дугаартай дүгнэлт /хх-ийн 52 тал/, Энт финанс ХХК-ний 19/64 дугаартай хэрэгт албан бичиг /хх-ийн 120 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг /хх-ийн 132-133 тал/, Төв аймаг дахь Замын цагдаагийн тасгийн №76 дугаартай дүгнэлт /хх-ийн 72 тал/, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 126 тал/, А.Нандин-Эрдэний төрсний гэрчилгээ, хохирогч Д.Түвшинжаргалын мэдүүлэг /хх-ийн 132-133 тал/, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 132 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 83-98 тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ш нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг Бяцхан хөндлөн гэх газарт 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 8691 СЭА улсын дугаартай тоёота эстима маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-а, мөн дүрмийн 11.3 дахь хэсэг, 12.2, 12.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж иргэн Ч.Алтансүхийг мөргөж амь насыг хохироосон болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 тал/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 08-19 тал/,
- Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-28 тал/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-22 тал/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-31 тал/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 26- ны өдрийн шинжээч Б.Тэнүүний 3488 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн эд мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Эд мэт зүйлийн ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн 16 локусаар тогтоов. Тээврийн хэрэгслээс илрүүлэн авсан гэх эд мэт зүйл нь Ч.Алтансүхийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт /хх-ийн 52 тал/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №3487 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн Б.Ш 32н/эр гэж хаягласан цусанд 2.3 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2.3 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 61 тал/,
- Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №81 дугаартай “1.Талийгаач Ч.Алтансүхийн биед гавал тархи, цээж, хэвлийн эрхтэн, дээд доод мөчдийн хавсарсан гэмтэл гавал ясны үйрч бяцарсан, олон салаалсан ил хугарал, их бага тархины эдийн няцрал, баруун, зүүн талын уушги, элэг баруун, зүүн бөөр дэлүүний эдийн няцрал, үнхэлцэг хальсны урагдал, хүзүүний 4, сээрний 4,8-р нугалмын бяцарсан хугарал, нугасны бүрэн тасрал, баруун, зүүн талын 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12-р хавирга ясны 2-лсон зөрсөн, салсан шууд хугарал, зүүн хөлийн шаант тахилзуур ясны зөрөөтэй ил хугарал, толгойн хуйх, цээж, хэвлийд шарх, хоншоор ясны хугарал, баруун зүүн талын эгэм яс, өвчүү ясны хугарал, зүүн, баруун дал, хэвлий, нуруу, баруун суга, баруун гуя, баруун мөр, тохойнд зулгаралт, зүүн гарын мөрний мултрал, баруун тахиманд шарх, баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун хөлийн шагайн үенд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсэх шинэ гэмтлүүд болно. Талийгаачийн цус, ходоодны шингэнээс спиртийн зүйл илрээгүй болно. 4.Талийгаач нь 3-р бүлгийн цустай байна. 5.Талийгаач нь дээр дурьдсан хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ гэх” дүгнэлт /хх-ийн 45-48 тал/,
- Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Болдмандахын №76 дугаартай “1.8691 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Батмөнх овогтой Шинэбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/ жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” Мөн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээний дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” мөн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэв. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд явган зорчигч Чинбат овогтой Алтансүх Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж үзэв. 3761 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Хишиг овогтой Хүслэнбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж үзэв.” гэх дүгнэлт /хх-ийн 72 тал/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 126 тал/
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Оюун-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би мэдээж гомдолтой байна хуулийн дагуу нэхэмжлэх ёстой бүхий л зүйлийг нэхэмжилнэ, эхний ээлжинд нас барсны зардалд гарсан 7654986 төгрөгийн баримт авчирсан байгаа....37-61 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай Ч.Алтансүхийн эзэмшилд байдаг юм. тус машин крило хэсэг нь жаахан хонхойсон байсан өөр эвдрэл гэмтэл байхгүй тус эвдрэлийг үнэлэхгүй нэхэмжлэхгүй манай дүү Өмнөговь аймаг Улаанбаатар хот хоёрын хооронд нүүрс тээвэрлэдэг байсан. гэх мэдүүлэг/хх-ийн 35-36 тал/,
- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Түвшинжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр манай нөхөр Чинбат овогтой Алтансүх нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт аваарт орж амь насаа хохирсон. Бид хоёр 2007 оноос эхэлж гэр бүл болж хамтран амьдраад бид хоёрын дундаас 2010 онд Нандин-Эрдэнэ гэх охинтой болсон юм...би гэм буруутай этгээдээс 18 нас хүртэл нь тэжээн тэтгүүлэх хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 127-128 тал/,
- Гэрч Д.Баярмандахын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ажил түр зогссон байсан би гэртээ ганцаараа барилгын ажпаа манаад үлдсэн юм. Үдээс хойш Шинэбаяр дүүтэйгээ бас нэг хамт ажиллаж байсан залуутай хамт ирээд ажил хийлгэж байсан эзнээсээ 30.000 төгрөг дансаар аваад Шинэбаяр дүүтэй хамт дэлгүүр орж идэх юм авчирна гээд гарсан. Хамт ажиллаж байсан гэх залуу тухайн үед шартаад байна гээд байсан би Шинэбаяр дэлгүүр ороод ирэхдээ 1 шил архи хоолны материал авч ирээд бөөндөө хамтдаа уугаад би согтоод унтаад өгсөн. Түүнээс хойш юу болсонг мэдээгүй. Нэг сэрэхэд шөнө болчихсон хоёр цагдаа ирчихсэн хариуцаж байгаа хүн байна уу гэх хэлээд би сэрээд байна гэж хэлэхэд за за гэчихээд гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/,
- Гэрч Б.Чинбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр цонхны хэмжээс өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ажил түр зогссон байсан. Ажлын газарт манай ах Б.Ш, Бэхбат, Мандах нар байсан. Ингээд тухай өдөр надад хоол хүнс авах мөнгө байсан учир нөгөө хэд нэг шил архи аваад өгөөч гээд гуйгаад байхаар нь би махны мөнгөнөөс илүү гарсан мөнгөөрөө тэр гуравт 1 шил 0,75 литрийн Хараа архи авч өгсөн. Ингээд нөгөө архиа хувааж ууж байгаад тэр гурав нилээн согтоод Бэхбат, Б.Ш ах хоёр хоорондоо санал зөрөлдөөд маргалдаад байсан ингээд надад Б.Ш ахын буруу юм шиг санагдахаар нь та боль ууж идэж чадахгүй хүнтэй маргалдлаа гэхэд чамд ямар хамаатай юм бэ холд гээд бид хоёр заамдалцаад салсан. Гэтэл ах надад уурлаад машиндаа суухаар нь би гэр лүү ороод хэвтээд өгөхөд хэсэг унтчихсан байсан. Ингээд босож ирээд харахад ах машинтайгаа байхгүй байхаар нь санаа зовоод тэр хавиар зөндөө хайгаад олоогүй ингээд санаа зовоод сууж байтал 2 цагдаа ахыг аваад хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/,
- Гэрч Ж.Бэхбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би тус өдөр ажил түр хугацаагаар зогсоод үдээс хойш цагаа санахгүй байна дэлгүүрээс 0,75 литрийн Хараа архи авч Мандах Б.Ш бид гурав хувааж уугаад Б.Ш жаахан унтаж байгаад би Чинбаатарыг гуйж байгаад дахиад 0,5 литрийн Хараа архи авахуулаад Мандахтай хамт ууж байгаад Б.Ш-ыг сэрээгээд хамт уусан, архи ууж дуусаад бид гурав нилээн согтсон би бараг тасрах гээд юм санахгүй байсан. Ингээд нэг мэдэхэд Б.Ш над руу дайраад хэрэлдээд байсан одоо юу гэж хэлж дайраад байсныг нь санахгүй байна энэ үед Чинбаатар намайг өмөөрөөд Б.Ш тэр хоёр маргалдаа гарсан би унтаад өглөө сэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 тал/,
- Гэрч Х.Хүслэнбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Тавантолгой уурхай руу потон маркийн 37-61 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодоод гарсан. Ингээд Төв аймгийн нутаг дэвсгэрт ирж байгаад чиргүүлийн хийний шланк кардан голондоо орооцолдож тормоз хийгүй, мөн гэрэлгүй болж машин маань явах боломжгүй болж зогссон. Миний араас дагаад явж байсан машин манай машины ард ирж зогсоод жолооч Алтансүх бид хоёр элбэж миний машиныг янзлахаар болоод би машинаасаа бууж осолын гурвалжин тэмдэгээ өөрийн машиныхаа урд талд 30-40 метр зайд тавьж чулуу, төмөр хувингаар тогтоогоод ард зогссон Алтансүхийн машины ард талд 30- 40 метр зайд осолын гурвалжин тэмдэгээ тавьж чулуугаар тогтоогоод миний машиныг янзалж эхэлсэн. Алтансүх машины зөв талд буюу засмал зам талдаа зогсож надад гэрэл тусгаж өгөөд би машиныхаа рам дээр гарч машинаа засварлаж байсан. Энэ үед гэнэт хажуугаар Улаанбаатар хот чигтээ зөрсөн машин манай урсгалд орж ирээд Алтансүхийн мөргөөд тэр чигээрээ Улаанбаатар чигтээ зогсолгүй давхиад явчихсан, би тэр машины өнгө, улсын дугаар, маркийг нь харж чадаагүй үлдсэн. Ингээд хийж байсан ажлаа орхиод машины зөв талд гараад харахад Аптансүх чиргүүлийн хойд дугуйн хажуу талд нас барсан ингээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 тал/,
- Шүүгдэгч Б.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “...тэгээд өнөөдрийхөө ажлыг дуусгаад орой 17 цагийн үед бид нарын байрлаж байгаа зуслан дээр байгаа Шунхлай шатахуун түгээх станцын арын дэлгүүр дээр очиж 0.5 литрийн хараа архи аваад өөрийнхөө бичиг баримтыг үлдээсэн., ....сүүлд авсан архийг дүү Чинбаатартай хамт хувааж уугаад сууж байгаад маргалдаад тэр уурандаа өөрийн 86-91 СБА улсын дугаартай Тоёота Эстима маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлсөн. Тэгээд засмал зам руу ороод машинаа бариад явж байхад юу болсон яасан нь мэдэгдэхгүй гэнэт юм мөргөх шиг болоод дуу гарсан. Тэгээд би бууж ирээд харсан чинь машин мөргөсөн байсан, ...би 2 хүнтэй хамт 0.75 литрийн хараа архи хувааж ууж дуусгаад, араас нь дүүтэйгээ хамт 0.5 литрийн хараа архийг хувааж ууж дуусгасан. Би нилээн согтсон байсан, ...би жолоодож явсан надтай хамт өөр хүн байгаагүй, би ганцаараа машинаа бариад явж байсан.. би 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймаг руу барилгын ажил хийхээр хамт ажилладаг Бэхбат төрсөн дүү Чинбат нарын хамтаар өөрийн эзэмшлийн 8691 СЭА улсын дугаартай тоёота истима маркийн тээврийн хэрэгслээр барилга барих гэж байсан барилга дээрээ ирсэн. ..цагаа санахгүй байна машинаа асаагаад Улаанбаатар хот руу гарсан. Ингээд замаар явж байтал гэнэт тас түс хийгээд сэргэхэд машин зогчихсон миний рулийн аюулгүйн дэр гараад ирчихсэн байсан би цонхоор харахад нэг жижиг суудлын машин мөргөөд нөгөө машин замаас гарчихсан байсан. Ингээд машинаас буугаад байж байтал цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 тал/,
- Шүүгдэгч Б.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “би 2019 оны 06 дугаар сарын 06-ны өглөө дүү Чинбаатар, Бэхбат хоёртой Улаанбаатар хотоос Төв аймгийн Цагдаагийн зусланд байдаг барилга дээр барилгын ажил хийхээр ирээд барилга бариулж байгаа хүн рүүгээ утсаар ярьж ажлаа эхлэх үү гэхэд түр хүлээж бай барилгын зураг өөрчлөгдсөн гээд бид ажилгүй түр хүлээж байгаад барилгын эзэн рүү утсаар ярьж хоол хүнсний мөнгө аваад дэлгүүрээс хүнсний зүйл, 0,75 граммын Хараа архи авч гурвуулаа хувааж уугаад би унтаад өгсөн. Ингээд намайг дуудаж сэрээгээд би босож ирээд нөгөө архинаас нь цуг уулцаад архи дуусахын үед би нилээд согтсон. Ингээд дүү Чинбаатарыг дахин 0,5 граммын Хараа архинд явуулж архи ирхээр нь нөгөө хоёртой хувааж уугаад согтоод тасарчихсан. Түүнээс хойш юу болсныг мэдээгүй байж байгаад нэг сэрэхэд би машинаараа замын хажууд байсан...би өөрөө яах гэж машин жолоодож, хаачих гэж явснаа мэдэхгүй байгаа. Дараа нь Бэхбат, Чинбаатар хоёрын ярьж байгаагаар Бэхбаттай маргалдаад Чинбаатар намайг салгаад тэгээд би гэрээс гараад машинаа унаад шууд яваад өгсөн гэж хэлсэн. Архиндаа тасарчихсан байсан...би огт мэдээгүй гэнэт тас, нис хийгээд л машин зогссон. Тэгээд би ухаан ороод машинаас буухад замын хажууд байсан машин мөргөөд зогссон байсан...би архи ууж согтоод машин жолоодож осол гаргаж хүний амь наса хохироосондоо үнэхээр их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 81 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн /жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний/ улмаас хүний амь нас хохирсон бол ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг” гэж зааж өгөөд “согтуурсан үедээ үйлдсэн” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хуульчилсан тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон гэж шүүх үзсэн.
Иймд шүүгдэгч Б.Ш-ыг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч Б.Ш-ыг согтуугаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Оюун-Эрдэнэ нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд оршуулгын зардалд 10.555.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3.000.000 төгрөг төлсөн байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Б.Ш-аас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Оюун-Эрдэнэд 7.555.000 төгрөгийг гаргуулахаар, хууль ёсны төлөөлөгч Д.Түвшинжаргал нь тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүү болох нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэснийг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлд заасны дагуу хохирол төлөхтэй холбоотой асуудлаар завсарлага авч амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Оюун-Эрдэнэд 2.155.000 төгрөг буюу нийт 5.155.000 төгрөгийг төлсөн байна.
Иймд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Оюун-Эрдэний нэхэмжлэлийн шаардлаганаас үлдсэн 5.400.000 төгрөгийг шүүгдэгч Б.Ш-аас гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Түвшинжаргал нь тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүү болох нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч М.Энхбат нь “Б.Ш-тай хийсэн зээлийн гэрээтэй холбогдуулан Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №424 дугаартай шүүгчийн захирамж гарсан байгаа. Манай талаас ямар нэгэн нэмж хэлэх зүйл байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул энэ тогтоолоор гаргуулах хохиролгүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн бол гэсэн хөнгөрүүлэх зүйл заалттай. Б.Ш нь энэ гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж авсан, бодит хохирлыг төлсөн, эхнэр нь 70 хувийн групптэй, цаана нь хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг нь шүүхээс ял оногдуулахдаа харч үзнэ үү. Мөн баримтаа авчраад хохирлыг нэхэмжлэх юм бол хохирлыг төлөхөө илэрийлж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулдахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэж болно гэсэн заалт байгаа. иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирол төлөх боломжийг анхаарч үзэн тэнсэж өгнө үү “ гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Ш нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Б.Ш-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг нь “согтуурсан мансуурсан үедээ үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Ш-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлан гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Б.Ш-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар гаргасан “...Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүлйин 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэснийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ”хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй хэдий ч гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй, хохирол бүрэн төлөгдөөгүй, төлөгдсөн гэж үзэх боломжгүй, учир нь хохиролд материаллаг болон материаллаг бус хохирол аль аль нь хамаарах ба шүүгдэгч Б.Ш-ын холбогдсон гэмт хэрэг нь хүнд ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа, мөн хүний амь насыг мөнгөөр илэрхийлэх хууль зүйн боломжгүй тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлгүй гэж шүүх үзсэн.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 1934004450352 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Шинэбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, түүний №673508 дугаарын үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүгдэгч Б Б.Ш-ыг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Б.Ш-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Ш-ын жолоодох эрхийг 6 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчиин төгөлдөр болмогц түүний №673508 дугаарын үнэмлэх /1 ширхэг/-ийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай.
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ш-т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ш нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Оюун-Эрдэнэд 5.155.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Б.Ш-аас 5.400.000 төгрөг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Оюун-Эрдэнэд олгож, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Түвшинжаргал нь тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүү болох нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээсүгэй.
- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.
- Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
- Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА