Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 597

 

                                                                                                                                                                                                                                                             

                                                                    

 

 

 

 

 

 

 

         Ш.Сайнбилэгт холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Мөнхбаяр,

Хохирогч К.Гантунгалаг,

Ялтан Ш.Сайнбилэгийн өмгөөлөгч Н.Одонтуяа,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ш.Сайнбилэг, хохирогч К.Гантунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ш.Сайнбилэгт холбогдох эрүүгийн 201726030162 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Халзан овогт Шаравнямбуугийн Сайнбилэг, 1981 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 1-171 тоотод оршин суудаг,

          Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, /РД: ШЗ81120516/,   

 

          Ш.Сайнбилэг нь 2017 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Оргил шилтгээн” хотхоны 58 дугаар байрны 1 орцны 8 давхарт 36 тоотын өмнө хамтран амьдрагч К.Гантунгалагийг бусадтай хардан маргалдаж, улмаар түүний толгойн тус газар нь гараараа цохиж, хана мөргүүлэн бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Ш.Сайнбилэгт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Халзан овогт Шаравнямбуугийн Сайнбилэгийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шаравнямбуугийн Сайнбилэгийг 3 /гурван/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Сайнбилэгт оногдуулсан 3 /гурван/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Ш.Сайнбилэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Ш.Сайнбилэгт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан Ш.Сайнбилэг тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Миний хувьд тухайн хэрэг болдог өдөр эхнэр К.Гантунгалагийг бусадтай хардаж санаандгүй алгадсанаас эхнэр хана толгойгоороо мөргөж гэмтэл авсанд нь маш их гэмшиж байна. Бид нар дундаасаа хүүхэдтэй, гэр бүлийнхээ зээл, бусад асуудлыг би барагдуулж төлдөг. Миний эхнэр одоо хүүхэдтэйгээ амьдралаа яаж залгуулж байгаа бол гэж маш их санаа зовж байна. Миний үйлдсэн хэргийг бусдын биед болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой ч шүүхээс Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар санаатай хүнд гэмтэл учруулсан гэж шийдвэрлэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснийг зөвтгөн шийдвэрлэж ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгч тусална уу.

Мөн шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн зохих зүйл ангид нийцүүлэн аль хөнгөрүүлэх үндэслэлээр нь миний эрүүгийн хариуцлагыг багасгаж, ялын хэмжээг доош нь буулгаж, хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэлийг оногдуулж өгч тусална уу. Манай эхнэр К.Гантунгалаг нь надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бид гэр бүлийн хүмүүс учраас бидний амьдралыг ойлгож, миний ял шийтгэлийг хөнгөрүүлэн аль болох эрх зүйн байдлыг минь дээрдүүлсэн Эрүүгийн хуулиар ялыг хөнгөрүүлж, багасган, боломжтой бол ялыг минь тэнсэж өгч тусална уу. Үйлдсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгааг, манай эхнэр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөргүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг минь харгалзан үзнэ үү...” гэжээ.

Хохирогч К.Гантунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш.Сайнбилэгт ямар нэгэн гомдол, санал байхгүй. Бид 2 дундаасаа хүүхэдтэй. Манай нөхөр барилгын компани ажиллуулж амьдралаа авч явдаг. Тухайн үед миний буруу байсан ба түүний шаардлагыг хүлээж аваагүйгээс болж ийм асуудалд хүрсэн. Нөхөр Ш.Сайнбилэгт хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв. 

Ялтан Ш.Сайнбилэгийн өмгөөлөгч Н.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш.Сайнбилэг нь эхнэрийгээ хардсаны улмаас алгадахад хана мөргөж толгойдоо гэмтэл авсан. Энэ үйлдэл хэргийн зүйлчлэлийн хувьд шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гээд энэ зүйл ангийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх нь үндэслэлтэй гэж үзэж байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлээд энэ зүйл ангиар зөвтгөн зүйлчилж өгнө үү гэсэн саналтай байна. Хорихоос өөр төрлийн ял болох тэнсэж өгнө үү. Ар гэрийн байдлын хувьд эхнэр нь бага насны хүүхэдтэйгээ амьдарч байгаа. Ш.Сайнбилэг нь өөрөө компаниа ажиллуулж ар гэрээ авч явдаг байсан...” гэв.

Прокурор Г.Мөнхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ш.Сайнбилэгт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар хохирогч К.Гантунгалагийг бусадтай хардсаны улмаас хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэж гэм буруутайд тооцож ял оногдуулсан. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй. Үйлдлийн хувьд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар санаатай үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учруулсан гэж үзсэн учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Ш.Сайнбилэг нь 2017 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Оргил шилтгээн” хотхоны 58 дугаар байрны 1 орцны 8 давхарт 36 тоотын өмнө хамтран амьдрагч К.Гантунгалагийг бусадтай хардан маргалдаж, улмаар түүний толгойн тус газар нь гараараа цохиж, хана мөргүүлэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч К.Гантунгалагийн “...Ш.Сайнбилэгтэй би түрээсийн байрнаас ганцаараа гараад орцны үүдэнд тааралдаад цуг дэлгүүр ороход араас Ш.Сайнбилэг дагаад явж байсан. Хамтдаа буцаад байр руу ороод лифтээр дээшээгээ 8 давхарт гараад хаалганы үүдэнд хэрэлдэж маргалдсан чинь Ш.Сайнбилэг баруун гараараа нэг удаа намайг алгадахад би хойшоогоо орцны хананы ирмэг дээр мөргөчихсөн. Тэр үед би өөрөө пиво уучихсан, дунд зэргийн согтолттой байсан. Ш.Сайнбилэг намайг нэг удаа гараараа алгадчихсан цаашаагаа явахаар нь би “яваад өгчихсөн байна” гэж бодоод тэр газартаа хэсэг хугацаанд сууж байгаад гэрт орсон. Намайг дотор ороход Бямбасүрэн, Одончимэг, Ууганаа, Чинбилэг нар байсан. Би толгой тархи руу удаа дараа цохисон гэж андуурч байна, зүгээр л намайг сэгсчээд хэрүүл хийгээд дайраад байсан. Намайг нэг л удаа хүчтэй алгадаад тэрнээс болж би тэр ханыг мөргөчихсөн чинь миний бие сулбаагаад, сулраад дотор муухай оргиод сонин болчихсон, олон удаагийн давтамжтай толгой, тархи руу цохиж зодоогүй...” /хх-82/,

Гэрч Н.Одончимэгийн “...Тэгээд би ороход Тунгаа надтай зөрөөд “пиво аваад ирье” гээд гараад явсан. Тэгээд цонхоор харж байхад Тунгаатай хамт Ш.Сайнбилэг орж ирж байсан. Тэгээд хаалга цохиход Бямба хаалга онгойлгохгүй сандраад байхаар нь би чи очоод “хаалга онгойлгочих” гэсэн чинь “Ш.Сайнбилэгээс айгаад байна” гээд ярьж байхад хаалганы цаана Тунгаа “яая” гээд орилсон. Тэгээд би унтаж байсан залууг нь босгоод “чи хаалга онгойлго. Тунгаа яая гээд орилоод байна” гэж хэлсэн чинь уг залуу очоод хаалга онгойлгосон. Би нуугдсан юм. Хаалга онгойлгоход Тунгаа, Билгээ 2 орж ирээд гэрт байсан бүх хүмүүсийг хөөж гаргаад Тунгаа, Билгээ хоёр үлдсэн юм. Тэгээд би нуугдаж байхад Ш.Сайнбилэг “чи ингэж явдаг юм уу” гээд хараагаад, хэрүүл хийж байгаад намайг олж харсан. Тэгээд байж байхад Тунгаа “толгой эргээд байна” гээд ариун цэврийн өрөөнд ороод бөөлжиж гарч ирээд “толгой эргээд байна” гээд хэвтээд өгсөн. Тэгээд Ш.Сайнбилэг бид хоёр ярилцаж сууж байгаад Тунгаагийн авч ирсэн 4-н лааз пиво хувааж уугаад “та 2 одоо амар гээд би гараад явсан юм. Тэгээд маргааш өглөө нь Гантунгалаг манай гэрт ирэхэд нүд нь долир болсон байдалтай орж ирсэн. Тэгээд би юу болсон гээд асуухад Ш.Сайнбилэг намайг орцонд цохиход тархи гэмтчих шиг болсон гэж хэлсэн...” /хх-24-26/,

Шинжээч эмч Т.Чимэд-Очирын “...Дүгнэлтээс тархины баруун талын дух, чамархайн дэлбэн хамарсан хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархи дарагдал, тархины хаван, зүүн чихний дэлбэнд шарх зэрэг гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Бусад гэмтэл буюу зүүн гуя өвдөгт цус хуралт, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ийм учраас би 4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэж дүгнэлтэнд тусгасан. Хатуу мохоо зүйлийн цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх тархины гэмтлийг авсан хүн тодорхойгүй хугацаагаар идэвхитэй үйлдэл хөдөлгөөнийг хийх боломжтой. Тухайн хүний онцлог болон гэмтлийн онцлогоос хамаардаг. Тархины баруун талын дух, чамархайн дэлбэн хамарсан хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархи дарагдал, тархины хаван, зүүн чихний дэлбэнд шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /хх-82-83/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн 2011 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1. К.Гантунгалагийн биед их тархины баруун талын дух, чамархайн дэлбэнг хамарсан, хатуу бүрхүүл доорхи цусан хураа, тархи дарагдал, тархины эдийн хаван, зүүн гуя, өвдөгт цус хуралт, зүүн чихний дэлбэнд шарх, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 4 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-36/ гэх дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-8/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-84-86/, хохирогч К.Гантунгалагийн өвчитний түүх болон томографикийн зураг /хх-63-75/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Ш.Сайнбилэгийн үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар зөв зүйлчилсэн байх ба хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

Хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Ш.Сайнбилэг нь хамтран амьдрагч К.Гантунгалагийг бусадтай хардан маргалдаж, улмаар түүний толгойн тус газар нь гараараа цохиж, хана мөргүүлэн “их тархины баруун талын дух, чамархайн дэлбэнг хамарсан, хатуу бүрхүүл доорхи цусан хураа, тархи дарагдал, тархины эдийн хаван” зэрэг хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Иймд 2002 оны Эрүүгийн хуульд заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг болж хуульчлагдсан байх ба шүүгдэгч Ш.Сайнбилэгийн дээрх үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн хасаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв. 

         

             Харин ялтан Ш.Сайнбилэг нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх тухай хүсэлт гаргаж байгаа зэргийг харгалзан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх үзэв.     

 

            Түүнчлэн шүүгдэгч Ш.Сайнбилэгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар “нээлттэй” хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, ялтан Ш.Сайнбилэг, хохирогч К.Гантунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтын “Халзан овогт Шаравнямбуугийн Сайнбилэгийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Халзан овогт Шаравнямбуугийн Сайнбилэгийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

- 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шаравнямбуугийн Сайнбилэгийг 3 /гурван/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтуудыг тус тус журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Сайнбилэгийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Сайнбилэгт оногдуулсан 3 /гурван/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Сайнбилэгт оногдуулсан 1 жилийн хорих ялыг “нээлттэй” хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтан Ш.Сайнбилэг, хохирогч К.Гантунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Ц.ОЧ

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ