Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 110

 

Б.Оюундэлгэрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч С.Өмирбек, шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

           

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 153/ШШ2016/00430 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сум Буянт баг 16 дугаар гудамж 26 тоотод оршин суух Хорхон овогт Баттулгын Оюундэлгэрийн нэхэмжлэлтэй, хариуцагч Электро инсталэйшн ХХК-нд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюундэлгэр, түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 20.987.800 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас гаргасан 32 дугаар шийтгэх тогтоолоор Б.Ганболдыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс хүний бие махбодод хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, М.Мөнхцоожид цаашид гарах зардлаа жич нэхэмжлэх эрхтэй гэж заасан.

Иймд М.Мөнхцоожийн эрүүл мэндэд учирсан дараах зардлыг нэхэмжилж байна. Үүнд:

-М.Мөнхцоожийн биед гэмтэл учирсны улмаас Улаанбаатар хот руу эмчилгээ, оношилгоонд 2 удаа явсан онгоцны зардал 1,020,700 төгрөг

-Улаанбаатар хотод очиж имрайд орсон төлбөр 95,000 төгрөг

-Эмч Янжмаад үзүүлсэн төлбөр 30,000 төгрөг

-Тархины бичлэг 30,000 төгрөг

-Тархины мэс заслын эмч Нотад үзүүлсэн төлбөр 30,000 төгрөг

-Ховд аймгийн ЭМТ-ийн мэдрэлийн тасгийн орны төлбөр 20,000 төгрөг

-Улаанбаатар хотод компьютер томограф шинжилгээ 120,000 төгрөг

-Эмч онош тавьж, эмчийн жороор авсан эм 1,882,100 төгрөг

-М.Мөнхцоожийг 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нийгмийн даатгалын дэргэдэх эмнэлэг магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа 70% алдсан гэж тогтоосон. Сарын цалин 600,000 төгрөг бөгөөд үүний 70% нь 420,000 төгрөг, зөрүү 180,000х12 сар = 2,160,000 төгрөг

-М.Мөнхцоожийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх ажилгүй байх хугацааны цалин 600,000х4 сар = 2,400,000 төгрөг

-М.Мөнхцоожийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нийгмийн даатгалын дэргэдэх эмнэлэг магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа 50% алдсан гэж групп тогтоосон. Сарын цалин 600,000 төгрөг бөгөөд үүний 50% нь 300,000 төгрөг, зөрүү 300,000х12 сар = 3,600,000 төгрөгийг М.Мөнхцоожийн хөдөлмөрийн чадвар алдсантай холбогдуулан төлөх төлбөр ба Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97,2 дахь заалтуудыг үндэслэн үйлдвэрийн ослоос учирсан хохирол нөхөн төлүүлэх нэхэмжлэл

-М.Мөнхцоож нь хөдөлмөрийн чадвар 70% алдсан бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 1 жилд 70%-ийн группийн тэтгэвэр авсан хугацаанд тооцож Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар сарын үндсэн цалингийн 600,000х9 сар = 5,400,000 төгрөг

-М.Мөнхцоож нь 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн чадвар 50% алдсан гэж тогтоосон бөгөөд 600,000х7 = 4,200,000 төгрөг. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.1-д зааснаар Электро инсталэйшн ХХК-аас хуульд зааснаар 2 удаа гаргуулж өгнө үү. Иймд М.Мөнхцоожийн эрүүл мэндэд учирсан хохирол нийт 20,987,800 төгрөгийг Электро инсталэйшн ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэлийн шаардлагын зарим нэг зүйлийг зөвшөөрөхгүй байна. М.Мөнхцоож манай компаний үндсэн ажилтан биш. Тухайн үед хүн чанарын хувьд компаниасаа шаардлагатай, холбогдох материал буюу зардлуудыг гаргаж, эмчилгээг хийж өгсөн. 70 хувийн группд орохын тулд цалин олгосон гэсэн бичиг хэрэгтэй гэхээр нь бичиг хүртэл гаргаж өгсөн. Энэ бичгээр үндэслэж М.Мөнхцоожид 420,000 төгрөгийн групп тогтоогдсон.

Гэрчийн мэдүүлгээс харахад М.Мөнхцоож ажил тараад гарч явж байхад ажил хийж байсан Солонгос улсаас ирсэн ажилтнууд дуудсан байдаг. Ямар шалтгаанаар дуудсаныг мэдэхгүй. Тэгээд буцаж барилгын объект руу ойртож ирээд ийм осол гарсан байдаг. Нэгэнт осол гарсан гээд манай компаний зүгээс амьдралд нь боломжоор нь тусалъя гэсэн.

Өөрөө ч гэсэн Нийгмийн даатгалын байгууллагатай заргалдаж явсаар байгаад группээ тогтоолгож авсан. Групп авах гол үндэслэх бичгийг нь манай компаниас хуурамчаар гаргаж өгсөн. Бид тодорхой хэмжээний хариуцлага хүлээсэн.

Миний хувьд амьдралд нь туслаад, төрөөс хүртдэг тэтгэмжээ аваг гэж бодоод тусалсан. Хэрвээ манай компаниас мөнгө нэхэмжлээд байгаа бол хууль бусаар 420,000 төгрөг авсан гэдгийг сөхөж гаргах боломжтой. Үүнээс үндэслээд манай компанид Нийгмийн даатгалын байгууллагаас бүрэн шалгалт орсон. Сүүлийн 3-4 жилийн материал шалгасан. М.Мөнхцоожид нэг ч удаа цалин өгч байсан, М.Мөнхцоож гэдэг нэр манай компаний санхүүгийн болон ямар нэгэн дансанд бүртгэгдэж гараагүй гэсэн байгаа.

Энэ хүмүүс гүйж байгаад 420,000 төгрөгийн групп тогтоох асуудлуудыг шийдсэн байх гэж ойлгож байгаа. Тухайн үед групп шийдэж өгч байсан байцаагч нар хүртэл танай компанид ямар нэгэн эрсдэл, ач холбогдолгүй.

Энэ хүн групп авах ёстой. Туслаад өгөөч гэхээр нь тусалсан. 20 сая төгрөг гэдэг бол бага мөнгө биш. Эмнэлгийн зардал буюу янз бүрийн зүйлийг нь тодорхой хэмжээгээр төлөхөд бэлэн байна. Нийгмийн даатгалаас группийн цалин авдаг мөртлөө дахиад яагаад асар их хэмжээний цалин нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна гэв.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 153/ШШ2016/00430 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Электро инсталэйшн ХХК-аас М.Мөнхцоожийн эрүүл мэндэд учирсан хохирол 1,305,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Мөнхцоожид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,682,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Электро инсталэйшн ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 44,870 төгрөг гаргуулан улсын орлогод буюу Ховд аймгийн Төрийн сангийн 110000321668 тоот дансанд оруулсугай гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гараагүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрсөн, хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.

Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрийн утга агуулга хоорондоо зөрчилдсөн, нэхэмжлэгчийн Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн зохицуулалтанд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг төлөх үүрэгтэй гэсэн зохицуулалт байхад түүнийг буруу тайлбарлан хэрэглэж зөвхөн эмчилгээний зардлыг гаргах нь зүйтэй гэж дүгнэсэн боловч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт хуульд заасан болзол шаардлагыг хангасан байхад эм тарианы зардлыг үндсэлэлгүйгээр хасаж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч тал эм тариа, эмчилгээ, унааны зардалд нийт 3.227.800 төгрөг нэхэмжилсэн, хохирогч М.Мөнхцоожийн биед хүнд гэмтэл учирсан, удаан эдгэрэлтэй, цаашид гарах эмчилгээний зардлаа нөхөн гаргуулах эрх үүссэн зэрэг нөхцөл байдлыг шүүх дүгнэж үзэлгүйгээр үндэслэлгүйгээр эм тарианы зардлын 1.882.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа.

Хариуцагчийн хувьд эм тариа, эмчилгээний зардлыг гаргахыг хүлээн зөвшөөрч, маргахгүй байхад шүүх үндэслэлгүйгээр эм тарианы зардлыг хасаж шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан М.Мөнхцоожийг ажилд авсан тушаал, ажлаас чөлөөлсөн тушаал, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг авагдсан нотлох баримтуудыг үнэлээгүй нь шүүхийн шийдвэр нотлох баримтын хүрээнд, хуульд заасан үндэслэл шаардлагын дагуу гарсан байх хуулийн шаардлагыг зөрчсөн. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахгүйгээр хэрэгсэхгүй болгохдоо хэт нэг талыг барьж, хариуцагчийн хүсэл сонирхол эрх ашгийг дээгүүрт тавьж, нэхэмжлэгчийн Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрхийг дордуулсан шийдвэрийг гаргасан. Иймд 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 430 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан шийдвэр гаргаж өгнө үү.

 

Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 1.305.700 төгрөг гаргуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан хариуцагч Электро инсталейшн ХХК-ны захирал Ө.Түвдэндорж би биш юм. Хариуцагч нь эрүүгийн хэрэгт татагдсан Б.Энхээ гэх хүн байгаа болно. Хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангах эрх бүхий этгээд нь Замбын Энхээ. Нэхэмжлэгч М.Мөнхцоож нь манай компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажил олгогч биш юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 ажилтан гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг хэлнэ гэж тусгасан байдаг тул нэхэмжлэгч М.Мөнхцоожтой “Элетро Инсталейшн ХХК-ны захирал Ө.Түвдэндорж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд байнгын хөдөлмөрийн гэрээтэй ажилтан биш юм. 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баяраагийн 01 дугаар тогтоолоор иргэний хариуцагчаар Замбын Энхээг  татаж хохиролд нийт 6.300.000 төгрөг төлөгдсөн болохыг дурдсан байгааг харахад иргэний хариуцагч нь Ө.Түвдэндорж биш З.Энхээ гэх хүн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгжо өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар  давж заалдах шатны шүүх  зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд хянаж үзээд анхан шатны шүүх хуулиар тодорхойлсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх мөн шатны шүүхэд буцаах нь үндэслэлтэй байна.  

 

Нэхэмжлэгч нь 12 төрлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Электро инсталэйшн ХХК-д холбогдуулан гаргажээ.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгч, хариуцагч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 

Нэхэмжлэлд эмч онош тавьж, эмчийн жороор олгосон эмийн үнэ, ажилгүй байсан хугацааны  цалин, хөдөлмөрийн чадвараа 70 хувь буюу 50 хувь алдсан тэтгэмжийн зөрүү, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар  Электро инсталэйшн ХХК-иас учирсан хохирлоо  нэг буюу түүнээс дээш удаа  нөхөн гаргуулахыг хүсчээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дээрх шаардлага тус бүрийг тодруулаагүй байх ба нэхэмжлэлийн шаардлага тус бүрт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийхгүйгээр  хэргийг шийдвэрлэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан агуулгад нийцээгүй  байна.Тухайлбал ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлээд байгаа нь түүнд орох ёстой байсан орлого, эсхүл авах ёстой цалин хөлс, хохирол нэхсэн эсэх нь тодорхойгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар нэг буюу түүнээс дээш удаа  нөхөн гаргуулахаар  нэхэмжилж буй шаардлагын  үндэслэл нь тодорхойгүй ойлгомжгүй байх бөгөөд шүүхээс дээрх шаардлагын үндэслэлүүдийг тодруулсны эцэст уг маргааныг шийдвэрлэх байжээ.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг нотлох баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь “хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүх хэрхэн үнэлж байгааг заана” гэсэн  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4,118.5, 116 дугаар зүйлийн 116.3, 116.2-т заасан  шүүхийн шийдвэр шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэгдэж гарах шаардлагад нийцээгүй байна гэж үзлээ. 

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт  талуудаас шүүхэд ирүүлсэн нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлд харьцуулан дүгнэлт хийхгүйгээр, талуудын дунд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын  зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан урьдчилсан нөхцлүүдийг зөв тодохойлоогүй буюу  хэрэглэх ёстой  хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байхаас гадна, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т  заасан нотлох баримтыг үнэлэх тухай зохицуулалтыг зөрчсөн байна.

 

Энэ талаар гаргасан нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа тул давж заалдах гомдол болон хэргийн агуулгад дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.

 

Хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18000 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, хариуцагч “Электро инсталэйшн” ХХК-д буцаан олгож,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна.

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 153/ШШ2016/00430 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18000 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, хариуцагч “Электро инсталэйшн” ХХК-д буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д. ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

                                                                        Н.ТУЯА