| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/07084/И |
| Дугаар | 5433 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 5433
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 15 дугаар гудамж, 109Б тоотод оршин суух, Боржигон овогт Сэнгээгийн Молотов /РД: ХК58121618/-ийн нэхэмжлэлтэй,
Хүүхдийн эцэг тогтоолгох, хамтын амьдралтай байсаныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Молотов, гэрч А.Тунгалаг, Т.Ариунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Молотов шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний том охин Молотов овогтой Адилбиш нь 2002 оноос 2006 он хүртэл Мөнхсайханы Ломбохатантай хамтран амьдарч байхдаа 2004 оны 10 дугаар сарын 26-ны өдөр охин А.Мөнхжинг төрүүлсэн ба хүүхэд төрхөд Л.Адилбиш, М.Ломбохатан нар гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан тул хүүхдийг эх Л.Адилбишээр овоглосон. Гэвч Л.Адилбиш, М.Ломбохатан нар хоорондын таарамжгүй харьцаанаас болж 2006 оноос тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин А.Мөнхжин нь өвөө, эмээ болон эхийн асрамжинд байсан ба одоо 12 настай. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр А.Мөнхжингийн эх, миний охин Л.Адилбиш нь өвчний улмаас нас барсан тул охин А.Мөнхжингийн эцэгийг олж мэдэхээр хайхад эцэг М.Ломбохатан нь 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ослоор нас барсан байсан. Иймд охин А.Мөнхжинд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зорилготой байгаа тул Л.Адилбиш, М.Ломбохатан нарын хамтын амьдралтай байсаныг тогтоож, охин А.Мөнхжингийн эцэг М.Ломбохатан мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Молотов нь А.Мөнхжингийн эцэг М.Ломбохатан мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд Л.Адилбиш, М.Ломбохатан нарын хамтын амьдралтай байсаныг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Л.Адилбиш нь 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, М.Ломбохатан нь 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр тус тус нас барсан нь нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.
Л.Адилбиш, М.Ломбохатан нар нь 2002 оноос 2006 он хүртэл хамтын амьдралтай байсан, мөн гэрлэлтээ бүргүүлээгүй болох нь гэрч нарын мэдүүлэг болон фото зургаар
тогтоогдож байна. А.Мөнхжинг эх Л.Адилбишээр овоглосон байх бөгөөд Л.Адилбиш, М.Ломбохатан нарыг хамтын амьдралтай байх хугацаанд тэдний дундаас 2004 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн нь 0445319 Г-1844 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна.
Иймд хүсэлтийг хангаж, Л.Адилбиш, М.Ломбохатан нарыг 2002 оноос 2006 он хүртэл хамтын амьдралтай байсаныг болон А.Мөнхжингийн эцэг М.Ломбохатан мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д заасныг баримтлан 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан Л.Адилбиш /РД: ХК84090707/, 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нас барсан М.Ломбохатан /РД: УГ81102731/ нарыг 2002 оноос 2006 он хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан Чонод овогт Мөнхсайханы Ломбохатан /РД: УГ81102731/-ыг 2004 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн Адилбишийн Мөнхжин /РД: УО04302604/-ийн эцэг мөн болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН