Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 0292

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О     

Улсын яллагч Г.Т  

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1925005780380 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

Б.Б

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 05-аас 6-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Илгээлтийн 3-5 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч О.О-гийн гарыг халуун тосоор түлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “О.Одонцэцэг өглөө үүрээр 5 цагийн үед гамбир хайрч байсан. Би хүүхэдтэй цуг хэвтэж байсан. Хүүхэд уйлаад байхаар нь над дээр орж ирж уурласан. Тэгээд хүүхдээ авч байхдаа над руу шидсэн.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Намайг нөгөө талын өрөө рүү ороход гамбир хайрч байсан халуун сэрээгээ шидсэн. Тэгэхлээр нь сэрээг нь булааж авахдаа тос дусааж гарыг нь түлсэн юм шиг байна. Гар нь дээр үүссэн шархыг түлэгдсэн байсныг дараа нь мэдсэн. Тухайн үед мэдээгүй” гэв.

 

Хохирогч О.О “Шүүх хуралдаанд оролцохгүй нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч О.О-гийн ...“2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хамтран амьдрагч Б.Б, охин болон Н-Э нарын хамт гэртээ байсан. Б.Б босч ирээд өглөө эрт хиншүү гаргалаа гээд надаас хэрүүл өдөж байгаад гамбир хайрч байсан сэрээг булааж авахдаа тосыг нь миний гаран дээр дусааж миний гарыг түлсэн. Б.Б миний гар түлэгдсэн байхыг хараад чи төрөөд удаагүй юм чинь эмзэг байх нь аргагүй гээд байсан. 2019 оны 01 дүгээр сард намайг жирэмсэн байхад унтах гээд хэвтсэн чинь чамайг ална гээд аман дээр дэр тавиад амьсгал боогоод байсан. Тухайн үед цагдаад дуудлага өгч 7 хоног баривчлуулсан. Төрснөөс хойш охин маань 9, 19, 21 хоногтой байхад Б.Б надтай маргалдаж гар руу ганц нэг цохиж байсан ч гэмтэл бэртэл учраагүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-11-р хуудас/

2. Гэрч О.О-гийн ...“намайг хотод байхад Одонцэцэг над руу залгаад Б.Б намайг зодсон гэж ярьсан. Тухайн үед О.Отөрөөд 19 хоногтой байсан. 2017 онд Б.Б, О.О-гийг зодож хамрыг нь гэмтээж байсан. Одоо байнга хамараас нь цус гараад байдаг болсон ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-17-р хуудас/

 

3. Насанд хүрээгүй гэрч С.Н-Э-ий ...“шөнө унтаж байхад Одонцэцэг эгчийн хүүхэд уйлаад байхаар нь би сэрсэн. Энэ үед О.О эгч, Б.Б ах хоёр маргалдаж байсан. Босоод харсан чинь хоорондоо зодолдоод байсан. Тухайн үед О.Ог эгч гамбир хайрч байсан ба Б.Б ах сэрээг нь булааж аваад сэрээгээ халуун тосонд дүрж байгаад гарыг нь түлчихсэн. Тэгээд Б.Б ах хохь чинь чи намайг хажуу айлынхаа эгчтэй нийлж зодсон гээд байсан. О.Одонцэцэг эгч цагдаа дуудаж өгнө гэтэл Б.Б ах зугтаачихсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-р хуудас/

 

4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 535 дугаартай ...“О.О-гийн биед зүүн шуунд түлэгдэлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Одонцэцэгийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Н-Э-ийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг баримтуур нотлогдож тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй байна” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч О.О-гийн мэдүүлэг, гэрч О.О, С.Н-Э нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 05-аас 6-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил баг Илгээлтийн 3-5 тоотод хамтран амьдрагч О.О-гийн гарыг халуун тосоор түлж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлий хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-эд яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа учруулсан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зурынхан овогт Б Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000  /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-эд оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС