| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0305/Э |
| Дугаар | 0298 |
| Огноо | 2019-10-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 0298
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г
Улсын яллагч Г.Т
Шүүгдэгч Д.Ч нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ч-т холбогдох эрүүгийн 1925003310399 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Д.Ч
Шүүгдэгч Д.Ч нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Даниста” худалдааны төвийн урд талд хувийн таарамжгүй харилцааны улмаас М.З-тай маргалдаж, улмаар М.Н-ийн нуруун тус газар нь пивоны шилний хагархайгаар хатгаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ч мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч М.Н “Шүүх хуралдаанд оролцохгүй нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч М.Н-жийн ...“Манай найз З залгаад хоёр хүнд зодуулаад байна гэхээр нь М, Б бид гурав манай гэрээс гараад Дансита худалдааны төвийн урд талын зогсоол дээр очиход нэг машин байсан бөгөөд жолоочийн эсрэг талын хаалга онгорхой З хаалганы хажууд зогсоод нэг хүнтэй маргаад зогсож байсан. Тэгэхээр нь би хөөе Зоригоо гэж дуудсан чинь нөгөө З-тай маргаж байсан бүдэг саарал өнгийн цамцтай залуу машинаас буугаад над дээр ирээд “..чи найз нь гэлүү гээд намайг боогоод авсан..” юм. Би өөрөөсөө холдуулах гээд түлхсэн чинь чадаагүй. Тэгсэн дундуур Буяннэмэх орж ирээд салгаад Б, З, М бид нар машинд суугаад явах гэж байхад цагаан өнгийн ноосон цамтай залуу араас ирээд толгойн ар хэсэг рүү цохиод бөгс рүү өшиглөсөн бөгөөд би эргээд харсан миний цамцны захаас зуураад намайг боогоод намайг татаад машинд суулгахгүй байсан. Тэгсэн араас бүдэг саарал өнгийн цамтай залуу гартаа хагархай пивоны шил барьж ирээд миний зүүн мөр хэсэг рүү нэг удаа хатгаад холдоод яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-14-р хуудас/
2. Гэрч М.З-ын ...“Д.Ч, М.Н хоёр хоорондоо зодолдоод байсан бөгөөд нэг шил хагарах чимээ сонсогдсон. Энэ үед хажууд Болороо, Гэрэлээ хоёр, найз нь гээд нэг хүүхэн ирчихсэн байсан. Тэгээд Д.Ч Г, Б хоёрыг найз хүүхэнтэй нь машиндаа суулгаад явсан. Н, Жижигээ, Томоо бид дөрөв Согоот багийн 6-2 дугаар байрны хажуу талын явган хүний зам руу явж байгаад харсан чинь М.Н-жийн нуруу хэсгээс нь цус гарчихсан байсан. Би яасан юм бэ гэсэн чинь надтай зодоон хийдэг залуу шилээр зоочлоо гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-19-р хуудас/
3. Гэрч П.Г-гийн ...“Б болон Д.Ч-той хамт ирсэн машины жолооч хоёр Д.Ч шилээр хатгасан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-р хуудас/
4. Гэрч Н.Б-ийн ...“машин дотроос нэг намхан залуу гарч ирсэн бөгөөд Нямдорж руу дайраад байхаар нь салгах гэж ноцолдсон. Тэгээд байж байхад намхан залуу газраас шил аваад хагалж байх шиг байсан. Тэгээд хагалаад Зоригтбаатар руу дайраад байсан. Тэгээд дараа нь М.Н руу дайраад байсан. Ингээд бид нар салаад явсан бөгөөд Согоот багийн 6-2 дугаар байрны хажуу талын явган хүний зам дээр зогсож байгаад харсан чинь харсан чинь М.Н-ийн мөрнөөс цус гарч байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 20-р хуудас/
5. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-р хуудас/
6. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 343 дугаартай "...М.Н-жийн биед нуруунд 1 тооны зүсэгдсэн шарх, хэвлий, хүзүүнд зулгарал, зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Зүсэгдсэн шарх нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүсэгдсэн шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснын дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэсэн дүгнэлт /хх 29-30-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Т дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн Д.Ч-т холбогдох хэрэгт хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр шүүхэд шилжүүлсэн байна. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон. Д.Ч-т эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах, Д.Ч бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдоогүйг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна, эд мөрийн баримтаар хураагдсан шилний хагархайг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хадгалуулах саналтай байна.” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Н-жийн мэдүүлэг, гэрч М.З, П.Гг, Н.Б нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Д.Ч нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Даниста” худалдааны төвийн урд талд хувийн таарамжгүй харилцааны улмаас М.Н-жийн нуруун тус газар нь пивоны шилний хагархайгаар хатгаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Ч-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ч-ийг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-ийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-т оногдуулсан 550 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 110 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шилний хагархайнуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС