| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1626/Э |
| Дугаар | 1671 |
| Огноо | 2019-11-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 1671
2019 11 05 2019/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Н.Гэрэлмаа,
Хохирогч О.Эрдэнэчимэг,
Шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Сд холбогдох 1906 05433 2028 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1970 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Испани хэлний багш орчуулагч мэргэжилтэй, МУИС-д багш, “Дайс Нью Монголия” ХХК-й захирал ажилтай, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 6 дугаар гудамжны 135 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Ромео Жульетта хотхоны 46-б байрны 125 тоотод түр оршин суух, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Цны С /РД:
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Ц.С нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 27-р хороо Сэлбийн 6 дугаар гудамжны 135 тоотод таарамжгүй харилцааны улмаас иргэн О.Эрдэнэчимэгтэй маргалдаж, түүний биед үснээс зулгаан, өшиглөх зэргээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Сн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Эрдэнэчимэгийн өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Энхтөр гэх хүнтэй машинаа янзлуулах талаар утсаар ярихад “одоо завгүй, орой завтай” гэж хэлсэн учир машинаа янзуулах зорилгоор тухайн газарт 20 цагийн үед очсон. Шүүгдэгч надтай нэг ч үг дуугараагүй ба тухайн үед ямар ч маргаан үүсгээгүй. Намайг авто засварын ширээний ард сууж байх үед над руу чиглэж ирээд шууд өшиглөсөн. Би арагшаа савж унаад босч чадахгүй байх үед “босооч” гэж хэлээд байсан ба намайг тухайн газраас үсдэж гаргасан. Би шүүгдэгчид “учир зүйг нь олооч” гэж хэлэхэд миний давсаг руу хэд хэдэн удаа өшиглөсөн. Шүүгдэгчтэй хамт явж байсан эмэгтэй миний цүнхийг авч дотор нь байсан миний гадаад паспорт болон гар утсыг авсан...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Эрдэнэчимэгийн өгсөн: “... би Эктортой утсаар машин засуулах талаар ярьсан. Надтай ярихдаа намайг “ажил тарахаар ирж уулз” гэхээр нь би оройн 20:15 минутын үед Баянзүрх дүүргийн 27-р хороонд байрлах хуучин эцэс автобусны буудал дээр очиход Эктор ирж намайг аваад замын баруун талд байрлах 136-р тоотын хашаан дотор авто засвар үйлчилгээ явуулдаг газар бид орсон... намайг бор шар үстэй 45-50 орчим насны эмэгтэй багалзуурдаад, хэвлий хэсэгт 5-6 удаа хөлөөрөө өшиглөсөн, мөн дээрээс нь гишгэхэд доошоо шингэн цусархаг зүйл гарсан байсан...” гэх мэдүүлэг, /хх.6-7, 8-10, 36-38/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Hector-ийн өгсөн: “... манай эхнэрийг гэртээ очиход хохирогч О.Эрдэнэчимэг “чи юун хүүхэн бэ?” гээд муухай үгээр доромжилж харьцсан гэсэн. Тэгэхээр нь манай эхнэр уурлаад үл таних эмэгтэйн үснээс зулгаагаад гэрээсээ гаргасан гэсэн...” гэх мэдүүлэг, /хх.17-18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Сн гэрчээр өгсөн: “... Би гэртээ орж ирчихээд хэн нь мэдэгдэхгүй үл таних согтуу эмэгтэй намайг гичий янханаар дуудаад байхаар нь би үл таних эмэгтэйн үснээс нь зулгаагаад хашаанаас гартал чирээд гаргасан... би түүнийг гэрээс гарахгүй болохоор нь үс, хувцаснаас нь зулгаасан. Хамгийн сүүлд хашааны хаалган дээрээ очоод түүнийг түлхэж гаргаад хаалгаа хаасан... Би үл таних эмэгтэйн урд гараад үснээс нь зулгаагаад хашааны үүдэн дээр очоод араас нь түлхэж гаргасан. Намайг үснээс нь зулгаагаад чирэхэд газарт унаагүй бөгтийгөөд алхаад байсан, хашааны хаалгаар түлхэхэд газарт унаагүй бөгтийгөөд цаашаа явсан. Би үл таних эмэгтэйн үснээс зулгаасан ба миний гарыг тавиулах гэж сарвайгаад байсан ба энэ үед түүний нүүрийг маажсан байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх.12-14/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11039 дугаартай:
“1.2. О.Эрдэнэчимэгийн биед цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт, хярзан, бэлгийн зүүн талын их уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, эрүү, хүзүүнд зулгаралт, баруун гарын долоовор хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3.6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.
7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Сн яллагдагчаар өгсөн: “Би өмнө болсон явдлын талаар бүгдийн гэрчийн мэдүүлэг дээрээ үнэн зөвөөр нь өгсөн байгаа... “чи гэрээс гар, энэ миний гэр, чи өөрөө гарахгүй бол би хүчээр чамайг гаргана шүү” гээд үг сөргөлдөж байгаад түүнийг гэрээс гарахгүй байхаар нь үснээс нь зулгаагаад гэрээс гаргасан...” гэх мэдүүлэг /хх.34-35/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ц.С нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 27-р хороо Сэлбийн 6-135 тоотод таарамжгүй харилцааны улмаас нь иргэн О.Эрдэнэчимэгтэй маргалдаж, түүний биед үснээс зулгаан, өшиглөх зэргээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Эрдэнэчимэгийн өгсөн: “... намайг бор шар үстэй 45-50 орчим насны эмэгтэй багалзуурдаад, хэвлий хэсэгт 5-6 удаа хөлөөрөө өшиглөсөн, мөн дээрээс нь гишгэхэд доошоо шингэн цусархаг зүйл гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.6-7, 8-10, 36-38/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Hector-ийн өгсөн: “... манай эхнэрийг гэртээ очиход хохирогч О.Эрдэнэчимэг “чи юун хүүхэн бэ?” гээд муухай үгээр доромжилж харьцсан гэсэн. Тэгэхээр нь манай эхнэр уурлаад үл таних эмэгтэйн үснээс зулгаагаад гэрээсээ гаргасан гэсэн...” гэх мэдүүлэг, /хх.17-18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Сн гэрчээр өгсөн: “... Би гэртээ орж ирчихээд хэн нь мэдэгдэхгүй, үл таних согтуу эмэгтэй намайг гичий янханаар дуудаад байхаар нь би үл таних эмэгтэйн үснээс нь зулгаагаад хашаанаас гартал чирээд гаргасан... би түүнийг гэрээс гарахгүй болохоор нь үс, хувцаснаас нь зулгаасан... Би үл таних эмэгтэйн урд гараад үснээс нь зулгааж хашааны үүдэн дээр очоод араас нь түлхэж гаргасан. Намайг үснээс нь зулгаагаад чирэхэд газарт унаагүй бөгтийгөөд алхаад байсан, хашааны хаалгаар түлхэхэд газарт унаагүй бөгтийгөөд цаашаа явсан. Би үл таних эмэгтэйн үснээс зулгаасан ба миний гарыг тавиулах гээд сарвайгаад байсан ба энэ үед түүний нүүрийг маажсан байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх.12-14/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11039 дугаартай:
“1.2. О.Эрдэнэчимэгийн биед цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт, хярзан, бэлгийн зүүн талын их уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, эрүү, хүзүүнд зулгаралт, баруун гарын долоовор хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3.6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.
7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх.22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Сн яллагдагчаар өгсөн: “... “чи гэрээс гар, энэ миний гэр, чи өөрөө гарахгүй бол би хүчээр чамайг гаргана шүү” гээд үг сөргөлдөж байгаад түүнийг гэрээс гарахгүй байхаар нь үснээс нь зулгаагаад гэрээс гаргасан...” гэх мэдүүлэг /хх.34-35/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Эрдэнэчимэгийн өгсөн: “... Намайг авто засварын ширээний ард сууж байх үед над руу чиглэж ирээд шууд өшиглөсөн. Би арагшаа савж унаад босч чадахгүй байх үед “босооч” гэж хэлээд байсан ба намайг тухайн газраас үсдэж гаргасан. Би шүүгдэгчид “учир зүйг нь олооч” гэж хэлэхэд миний давсаг руу хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Ц.С нь “би хохирогчийн биед гэмтэл учруулаагүй, хярзан, бэлэг эрхтэн лүү нь өшиглөөгүй, гэмт хэрэг үйлдээгүй” гэх боловч хэргийн нөхцөл байдлын талаар хохирогч, гэрч, шүүгдэгчийн тус тус өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаас үзэхэд хохирогч О.Эрдэнэчимэгийн хэрэг учрал болсон даруй цагдаагийн байгууллагад гомдол гарган, шүүх эмнэлэгт үзүүлж, хэргийн талаар удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлэг нь илүү үнэмшилтэй байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ц.Сн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч О.Эрдэнэчимэг нийт 880.600 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс бариа заслын төлбөрийн 450.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж, баримтаар нэхэмжилсэн эм тарианы үнэ 430.600 төгрөгийг шүүгдэгч Ц.Сэс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Харин хохирогч О.Эрдэнэчимэг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.Сэс жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Ц.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ц.Сн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Ц.Сд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ц.Сд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.
Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Цны Сг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Ц.Сд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Сд сануулсугай.
5. Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Сэс 430.600 төгрөг гаргуулж хохирогч О.Эрдэнэчимэгт олгосугай.
7. Хохирогч О.Эрдэнэчимэг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.Сэс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР