| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1655/Э |
| Дугаар | 1689 |
| Огноо | 2019-11-07 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 1689
2019 11 07 2019/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Тд холбогдох 1806 09964 2178 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1991 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, Технозон ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл 5, эмээ, эх, ах, дүүгийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 33 дугаар байрын 12а тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Г овогт Гын Т /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Г.Т нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саммит Компьютер Технологи” ХХК-й сүлжээ дэлгүүр болох “Пи Си Молл” салбарт салбарын менежерийн албан тушаал эрхэлж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж “Саммит Компьютер Технологи” ХХК-с итгэмжлэн хариуцуулж өгсөн 16 нэр төрлийн 7.891.000 төгрөгийн бараа материалыг завшсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Тийн өгсөн: “............” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Золжаргалын өгсөн: “... салбарын менежер ажлын байрны тодорхойлолтон дээрээ салбарын менежер нь тухайн салбарт бараа захиалах, хүлээж авах, худалдан борлуулах, тооллого хийж гүйцэтгэх гэсэн ажил үүргийн хуваарь байгаа...” гэх мэдүүлэг /хх.18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Түмэнжаргалын өгсөн: “... би салбар дэлгүүрүүдийнхээ 13 дугаар хороолол, төв салбараа хариуцаж тооцоог нь гаргадаг юм. 2018 оны 03 дугаар сарын эхээр манай хариуцдаг хоёр салбарынхаа гүйлгээг хянаж байсан чинь ХААН банкны нэг мэдэгдлээр Нармандах гэх хүн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2 бараа авсан гэж гарч ирэхээр нь би ХААН банкны Өвөрхангайн Уянга салбартай холбогдож тодруулсан чинь тэр банкны эдийн засагч гэх эмэгтэй нь би өөрийн болгоомжгүйгээс болоод банкны зээлийн мэдэгдэл 2 ширхэгийг өгөөд явуулчихжээ гэсэн хариу хэлсэн. Тэгээд Шөнийн зах салбарын тухайн өдрийн камерийг шүүж шалгасан чинь манай салбарын менежер Г.Т болон худалдааны зөвлөх, Ган-Эрдэнэ нар хоорондоо ярилцаж байгаад бараа авсан хүнд барааг нь өгч явуулсны дараа илүү нэг мэдэгдлийг аваад кассын ширээ рүү хийж байгаа бичлэг байсан. Тэгээд мэдэгдлийг хуудсан дээр байгаа утасны дугаараар нь бараа авсан хүмүүстэй нь утсаар холбогдоод ярьсан чинь Шөнийн зах салбараас авсан хүн “банкнаас өгсөн материалыг өгөөд бараагаа авсан, бид нар одоо банкинд зээлээ төлөөд явж байгаа” гэж хэлсэн. Төв салбараас авсан хүмүүстэй нь холбогдоход эхлээд мэдэхгүй гэж байснаа “бид нар цагдаад өгнө” гэж хэлсэн чинь тэр хүмүүс манай барааг буцаагаад авчраад өгсөн. Тэгэхээр нь бид нар энэ салбар дээр юу болоод байна гэж бодоод хяналтын тооллого хийсэн чинь телевизорын хайрцган дотор зурагт биш өөр зүйлс хийсэн бас өөр бараа материал маш их дутсан байхаар нь би тухайн үед байсан хуулийн зөвлөх болон дэд захиралд үүнийгээ танилцуулсан. Тэгээд дэд захирал Долгион Ттэй тухайн үед энэ талаар нь уулзаж байсан. Удаагүй Т ажилдаа ирэхгүй болоод утсаар нь ярихаар “өнөөдөр очно, маргааш очно, урьдны өөрийнх нь дураараа гаргасан зээлийн мөнгө орж байна уу” гэх зэргээр ярьж байгаад сураггүй болчихсон... зурагтнуудыг хүнд зээлээр өгчихөөд хоосон хайрцаг тоолуулсан гэдгээ надад хэлж байсан... урьд нь тооллого хийж байхад бараа тэгж их дутаагүй байсан. Урьдчилан зарлаагүй гэнэтийн тооллого хийхэд энэ бүх бараа тэр өдрийн тооллогоор дутаж гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх.24-25/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 065 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх.32-35/,
Г.Тийн байгууллагад буцааж өгөөгүй гэх нөүтбүүкний талаарх тооцооны хуудас /хх.42/,
2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн НХГ/16/26 дугаартай хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт /хх.80/,
“Саммит Компьютер Технологи” ХХК-й салбар журам /хх.82-84/,
Салбарын менежерийн ажлын байрны тодорхойлолт /хх.86-89/,
2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ХГ/16/26 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх.91-92/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Г.Т нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саммит Компьютер Технологи” ХХК-й сүлжээ дэлгүүр болох “Пи Си Молл” салбарт салбарын менежерийн албан тушаал эрхэлж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж “Саммит Компьютер Технологи” ХХК-с итгэмжлэн хариуцуулж өгсөн 16 нэр төрлийн 7.891.000 төгрөгийн бараа материалыг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Золжаргалын өгсөн: “... салбарын менежер ажлын байрны тодорхойлолтон дээрээ салбарын менежер нь тухайн салбарт бараа захиалах, хүлээж авах, худалдан борлуулах, тооллого хийж гүйцэтгэх гэсэн ажил үүргийн хуваарь байгаа...” гэх мэдүүлэг /хх.18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Түмэнжаргалын өгсөн: “... Тэгэхээр нь бид нар энэ салбар дээр юу болоод байна гэж бодоод хяналтын тооллого хийсан чинь телевизорын хайрцган дотор зурагт биш өөр зүйлс хийсэн бас өөр бараа материал маш их дутсан байхаар нь би тухайн үед байсан хуулийн зөвлөх болон дэд захиралд үүнийгээ танилцуулсан... зурагтнуудыг хүнд зээлээр өгчихөөд хоосон хайрцаг тоолуулсан гэдгээ надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.24-25/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 065 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх.32-35/,
Г.Тийн байгууллагад буцааж өгөөгүй гэх нөүтбүүкний талаарх тооцооны хуудас /хх.42/,
2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн НХГ/16/26 дугаартай хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт /хх.80/,
“Саммит Компьютер Технологи” ХХК-й салбар журам /хх.82-84/,
Салбарын менежерийн ажлын байрны тодорхойлолт /хх.86-89/,
2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ХГ/16/26 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх.91-92/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Г.Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Г.Тийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Б.Золжаргал нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Г.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завших” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Г.Тийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Г.Т нь хохирлын 7.891.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Золжаргал нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Г.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.Тийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Г.Тд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.Тд оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г овогт Гын Тийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Тд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Г.Тд оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилйин хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Тд сануулсугай.
5. Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирлын 7.891.000 төгрөгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Золжаргал нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР