| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2016/00692/И |
| Дугаар | 184/ШШ2016/01154 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2016/01154
| 2016 оны 10 сарын 13 өдөр | Дугаар 184/ШШ2016/01154 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:****оршин суух, /РД:Н****/ Боржигон овогт Д рын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:***** оршин суух, /РД:*****1/ Боржигон овогт О*т холбогдох,
9,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч О.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Азжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Баяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр О.Эт мөнгөлөг өнгийн 2004 онд үйлдвэрлэсэн TOYOTA PRIUS маркийн УБН 6753 дугаартай машиныг 9,000,000 төгрөгөөр гэрээ хийж худалдсан юм. О.Энхбаяр нь машин авахаар урьдчилгаа төлбөр болгож 2,500,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 6,500,000 төгрөгийг төлөлгүй машиныг зээлээр авсан бөгөөд хугацаа хэтэрвэл алданги тооцохоор гэрээ хийсэн юм. Гэвч О.Эн нь үлдэгдэл мөнгөө өгөхгүй 10 сар орчим болж, түүнийг шүүхээр эрэн сурвалжлуулж хаягийг тогтоож байсан. Машинаа өгөөд жил гарангийн дараа нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгчид маш их хүндрэл, чирэгдэл учруулж байгаа. Машиныг Анхбаяр гэж хүнд авч өгсөн гэж байгаа боловч гэрээг өөрө байгуулаад урьдчилгаа төлбөрөө төлөөд нэр дээрээ шилжүүлж авсан байгаа. Гэрээнд заасны дагуу алдангийг 2015 оны 9-р сараас хойш тооцож үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алдангийг нэхэмжилж байгаа. О.Энхбаярын төрсөн эгч нь мөн нэхэмжлэгчээс машин аваад алга болж байсан. Нэхэмжлэгч Д.Б нь зах дээр зогсож машин зардаг юм. Нэхэмжлэгчид өөр хүнд авч өгч байгаа юм гэж хэлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, О.Эас үндсэн төлбөр 6,500,000 төгрөг, хугацаа хэтэрсний алданги 3,250,000 төгрөг, нийт 9,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч О.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ машиныг би өөртөө аваагүй, Анхбаяр гэж хүн миний бичиг баримтыг ашиглаж авсан. Анхбаярын бичиг баримт хөдөөний хаягтай байсан учир миний бичиг баримтаар авч байсан. Би түүнтэй хамт ажилладаг байсан учир түүнд итгээд нэр дээрээ авч өгсөн. Би Анхбаяраас мөнгийг Баярт авч өгнө. Архангайд амьдардаг учир тэнд нь хохирлоо төлүүлэхээр цагдаад хандаж өргөдөлөө өгсөн, прокурор Ариунаа шалгаж байгаа. Хохирогчоор тогтоосон баримтаа аваагүй байна. Эрүүгийн хэрэг шийдвэрлэгдсэний дараа машиныг буцааж өгөх эсвэл машины үнийг төлнө.
Машиныг Баяраас би хүлээн авч урьдчилгаа төлбөрийг өөрийн гараар өгсөн. Үүнийгээ зөвшөөрч байгаа. Би өөртөө аваагүй, Гэхдээ хүний машиныг авсан юм чинь үндсэн мөнгө 6,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин алдангийг нь төлж чадахгүй. Надад төлбөр төлөх чадвар байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Бнь О.Эт холбогдуулан 9,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн..., О.Энхбаяр урьдчилгаа төлбөрийг өөрөө төлөөд, машиныг авсан..., өөр хүнд авч өгч байгаа гэж хэлээгүй, түүнийгээ нотолж чадахгүй байгаа, гэрээгээр алданги тооцохоор тохирсон...” гэж тайлбарлаж байна. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...би өөрөө тэр машиныг аваагүй, Анхбаяр гэж хүнд өөрийн нэр дээр авч өгсөн, энэ асуудлаар Анхбаярт Архангай аймагт эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байгаа..., надад төлбөрийн чадвар байхгүй, ...Анхбаяр мөнгийг өгвөл би төлнө, эсхүл машиныг буцааж өгнө...” гэж тайлбарлаж маргаж байна.
Хэрэгт авагдсан баримт, болон талуудын тайлбараар нэхэмжлэгч Д.Б хариуцагч О.Э нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр №3829 дугаартай “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г байгуу улсын дугаартай, Toyota-Prius маркийн суудлын автомашиныг 9,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирч, урьдчилгаа төлбөр болох 2,500,000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төлж, үлдэгдэл төлбөрийн 6,500,000 төгрөгийг 2,5 хувийн хүүтэйгээр 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцжээ.
Хариуцагч О.Э нь гэрээ байгуулагдсан эсэх талаар болон уг гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 2,500,000 төгрөгийг бэлнээр төлж, автомашиныг хүлээн авсан тухайд маргахгүй байна.
Харин уг автомашиныг гэрээ байгуулан авсан боловч өөртөө аваагүй, өөр хүнд авч өгсөн гэж тайлбарлан маргаж байгаа боловч уг тайлбарыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй. Түүний Анхбаяр гэгч хүнд уг машиныг хүлээлгэн өгсөн, мөнгийг аваагүй, энэ хэрэгтэй холбогдуулан Анхбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа гэх тайлбар нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаар нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.
Гэтэл хариуцагч О.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тайлбар татгалзалаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй ба нотлох баримт цуглуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй, түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгсөн, мөн хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалж, эрх зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч авах Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг нь хангаж түүний хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж байсан боловч энэ хугацаанд өмгөөлөгч аваагүй, түүний энэ эрх нээлттэй байсан болно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “...Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Баяр нь 2004 онд үйлдвэрлэсэн 67-53 УБН улсын дугаартай, мөнгөлөг өнгөтэй, суудлын зориулалттай, Toyota prius маркийн автомашиныг хүлээлгэн өгсөн, хариуцагч О.Энхбаяр нь дээрх машины урьдчилгаа төлбөр 2,500,000 төгрөгийг төлж, автомашиныг хүлээн авсан, үлдэх 6,500,000 төгрөгийг төлөөгүй байгаа үйл баримтын талаар талууд маргахгүй байх тул гэрээгээр тохиролцсон төлбөрийг нэхэмжлэгч Д.Баяр шаардах эрхтэй байна.
Талуудын байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний 3, 8-д автомашины төлбөрийг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байх бөгөөд хариуцагч нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зааснаар гэрээнд тохиролцсон хугацааны дотор төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үлдэгдэл 6,500,000 төгрөгийг хариуцагч нь хугацаандаа төлөөгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, гэрээний 8-р зүйлд заасны дагуу алдангид хоног тутам 0,5 хувиар тооцон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцон 3,250,000 төгрөг, нийт 9,750,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэл бүхий байна.
Иймд хариуцагч О.Энхбаяраас 9,750,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Баярт олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Эс 9,750,000 /есөн сая, долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Э170,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН