| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оч |
| Хэргийн индекс | 2419002600306 |
| Дугаар | 2026/ХШТ/17 |
| Огноо | 2026-02-04 |
| Зүйл хэсэг | 24.2.3., |
| Улсын яллагч | С.Батсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2026/ХШТ/17
Л.Э, О.Т,
О.М нарт холбогдох хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, прокурор С.Батсүрэн, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 225 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 80 дугаар магадлалтай Л.Э, О.Т, О.М нарт холбогдох эрүүгийн 2419002600306 дугаартай хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Зүүн наран **-** тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт О-ийн М (РД:*********),
Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Сэлэнгэ аймаг, Мандал сум, * дугаар баг, Төмөр замын **-*-* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт О-ийн Т (РД:********),
Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Бэлх *-** тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Л-ийн Эрдэнэ (РД:**********);
Шүүгдэгч О.М, О.Т, Л.Э нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хөх дэл” гэх газарт “Субару форестер” загварын 70-10*** улсын дугаартай тээврийн хэрэгслээр очиж хоёр ширхэг “Gold monster-1000”, нэг ширхэг “Gold monster-4000” загварын металл хайгч ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлохоор завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 225 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.Э, О.Т, О.М нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э, О.Т, О.М нарт оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Gold monster-1000” загварын металл хайгч хоёр, “Gold monster-4000” загварын металл хайгч нэг ширхгийг тус тус улсын орлогод оруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар “Субару форестер” загварын 70-10*** улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэжээ.
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.М-ын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 80 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б овогт О-ийн М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Б овогт О-ийн Т, Ш овогт Л-ийн Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э, О.Т нарыг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилж,
3, 4, 5 дахь заалтаас “...О.М...” гэснийг тус тус хасаж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Зуунай хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд бичсэн эсэргүүцэлдээ:
“Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль хэрэглээний зөрүүтэй байдлаар шийдвэрлэсэн үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Шүүгдэгч нар нь металл хайгч төхөөрөмж, газрын хэвлийд халдахад шаардлагатай эд зүйлсийг цуглуулан “Субару порестер” загварын 70-10*** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж Улаанбаатар хотоос гарснаар гэмт хэрэгт бэлтгэх үе шат нь төгссөн бөгөөд тэдгээр нь өөрсдийн зорьсон алт гарч байгаа гэх Дорноговь аймгийн Сайхандулаан сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хөх дэл” гэдэг газарт хүрч ирснээр гэмт үйлдлээ төгсгөх буюу газрын хэвлийд халдахад боломжтой нөхцөл байдал үүссэн, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой аюул занал бий болсон байна. Харин энэхүү бодитой аюул занал нь шүүгдэгч нарын хүсэл зоригоос үл шалтгаалах хүчин зүйл болох цагдаагийн алба хаагч нарын үйл ажиллагаанаас шалтгаалан таслан зогсоогдож, шүүгдэгч нар нь гэмт үйлдлээ төгсгөж чадаагүй байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд шүүгдэгч О.М-ыг “...гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх шинжийг шүүгдэгч О.Т-ын гуйлтаар явсан үйлдэл хэрхэн яаж хангасан болохыг тогтоогоогүй...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.
Учир нь шүүгдэгч нар нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй тул тэдгээр нь шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээхгүй юм.
Шүүгдэгч О.М нь Л.Э, О.Т нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн алт олборлох зорилгоор явсан болох нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Үүнд:
Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.М-ын “...Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багт байрлах, Хөх дэл гэх газарт мотоциклтой эрүүгийн үүрэг гүйцэтгэж байх явцдаа 70-10*** улсын дугаартай саарал өнгийн “Субару порестер” загварын тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тээврийн хэрэгслийн жолооч О.Т, зорчигч Л.Э, О.М нар нь дээрх тээврийн хэрэгсэлд GPZ-40008, GPZ-1000 загварын металл хайгч тус бүр 1 ширхэг, мөн ор хөнжлийн пүүгээ, хоолны хэрэгсэл /аяга, таваг, халбага, сэрээ, газны плитк, хоолны түүхий материал/ зэргийг тээвэрлэж явсан. Тээвэрлэж явсан эд зүйлсийн талаар лавлан тодруулж асуухад "Тус сумын "Хөх дэл" гэх газарт алт гарсан гэж дуулаад алт хайхаар ирсэн" талаараа хэлсэн...” гэх илтгэх хуудас,
гэрч Э.Т-ийн “...70-10*** улсын дугаартай "Субару” загварын тээврийн хэрэгсэлтэй 3 иргэн тухайн алт гарч байгаа газар ирчихсэн зогсож байхаар нь очиж шалгаад барьж авсан. Тухайн тээврийн хэрэгсэлтэй иргэд зугтааж... тээврийн хэрэгсэл дотроос нь металл хайгч, малтуур зэрэг зүйлс гарч ирсэн” гэх мэдүүлэг,
шүүгдэгч О.Т-ын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр сэжигтнээр өгсөн“...би 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Л.Э, О.М нартай утсаар холбогдоод “Дорноговь аймгийн Айраг сумын ойролцоо алт гарч байна гэж хүмүүс ярьсан, хамт явах уу” гэж асуухад тэр хоёр зөвшөөрөөд маргааш хамт явахаар болсон. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 06 дугаар сарын 16-ны өглөө өөрийн “Субару порестер" загварын 70-10*** улсын дугаартай автомашинтай Л.Э, О.М нарыг авч хотоос гарч явсаар байгаад харанхуй болсон. Тэгээд замдаа яг хаана гэдгийг нь сайн мэдэхгүй машиндаа унтаж амарсан...” гэх мэдүүлэг,
шүүгдэгч О.М-ын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр сэжигтнээр мэдүүлсэн "... 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр О.Т ах “Сайхандулаан суманд алт гарч байна, хүмүүс ярьсан, хамт явах уу” гэж асуусан. Тухайн үед би ажилгүй байсан болохоор зөвшөөрөөд маргааш хамт явахаар болсон. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 06 дугаар сарын 16-ны өглөө намайг Улаанбаатар хот Өргөө кино театрын гаднаас “Субару порестер" загварын 70-10*** улсын дугаартай саарал өнгийн автомашинтай ирсэн. Тухайн үед Л.Э ахтай танилцсан. Бид гурав хотоос гараад явсаар байгаад харанхуй болсон, тэгээд замдаа яг хаана гэдгийг нь сайн мэдэхгүй машиндаа унтаж амарсан. Маргааш өглөө нь буюу 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тухайн алт гарч байсан газар буюу Дорноговь аймгийн Сайхандулаан сумын газар нутагт 19 цагийн үед очсон байх. Тэгээд металл хайчаа угсрах гэж оролдож байх үед тал талд машинууд яваад эхэлсэн. Бид гурав мөн адил машиндаа суугаад явсан юм. Бид гурав ямар нэгэн алт болон ашигт малтмал олоогүй, мөн хайж амжаагүй...” гэх мэдүүлэг,
шүүгдэгч Л.Э-ийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн сэжигтнээр мэдүүлсэн “...2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр над дээр зүс таних, өмнө ажил хийж өгч байсан танил дүү нар буюу О.Т, О.М нар ирсэн. Дүү нар ярихдаа “Дорноговь аймгийн Сайхандулаан суманд алт гараад байна, хүн их очиж байна” гэж ярьсан.. Бид гурав ямар нэгэн алт болон ашигт малтмал олоогүй, мөн хайж амжаагүй... Дорноговь аймгийн Сайхандулаан суманд алт гарсан гэж хүмүүс шуугиад байсан түүний дагуу ирж алт хайх зорилгоор ирсэн...” гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч О.М нь Л.Э, О.Т нартай урьдчилан үгсэн тохиролцож, тухайн газраас ашигт малтмал олборлох эрх олгогдоогүй байхад буюу тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Иймд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ДШМ/80 дугаартай магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Прокурорын эсэргүүцлийг агуулгын хувьд дэмжиж байна. Шүүгдэгч О.М, О.Т, Л.Э нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Дорноговь аймгийн Сайхандулаан сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хөх дэл” гэх газарт металл хайгч 3 ширхгийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бэлтгэсэн үйл баримт тогтоогдсон байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Гэмт хэрэгт хамтран оролцох нь 2 ба түүнээс дээш хүн хамтран оролцсон, үйл ажиллагаагаараа нэгдсэн, хамтран санаатай гэмт үйлдэл хийсэн байх үндсэн шинжийг агуулсан байхаар Эрүүгийн хуульд заасан. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхээр тээврийн хэрэгсэл, металл хайгч ашиглаж, зохих зөвшөөрөлгүй буюу хууль бусаар алт хайхаар санаа нэгдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрт тооцогдохоор байна.
Шүүгдэгч О.М нь “Дорноговь аймгийн нутагт алт гарч байна хамт явах уу” гэсэн шүүгдэгч О.Т-ын саналыг хүлээн авч тохиролцсон, хийх үйлдэл, түүнээс үүдэж хожим бий болох үр дагаврыг ухамсарлан ойлгож байсан, хэргийн газарт очоод металл хайгчийг угсрах гэж байсан зэрэг нь хэргийн 36, 59 дүгээр талд авагдсан сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг болон шүүгдэгч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй зэргээр давхар нотлогдон тогтоогджээ. Энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй” гэв.
Шүүгдэгч О.М-ын өмгөөлөгч Б.Батбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Миний үйлчлүүлэгчийг шүүгдэгч О.Т болон Л.Э нартай хамтран гэмт хэрэгт бэлтгэсэн гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар гэмт хэрэгт бэлтгэхэд урьдчилан үгсэн тохиролцсон байх, гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцлийг зориуд бүрдүүлсэн байх гэсэн хоёр шаардлагыг хангасан байх учиртай.
О.М нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй. О.Т нь Л.Э-тэй фэйсбүүк чатаар танилцаж, танихгүй хүнтэй хамт алт хайхаар тохиролцсон ба өөрийн машиныг авч, өөрт нь байсан 2 төхөөрөмж дээр Л.Э-ээр дамжуулж 1 төхөөрөмж худалдаж аваад явахаар тохирсон.
О.Т нь О.М-ын хадам ах юм. Тэрээр танихгүй хүнтэй явж эрсдэлтэй зүйл хийх гэж байсан болохоор О.М-аас “Эрэгтэй хүүхэд юм чинь хань бараа болоод яваад өг” гэж гуйсны дагуу О.М зөвшөөрч Дорноговь аймаг руу явсан. Л.Э бензиний мөнгийг, О.Т бусад багаж, эд хэрэгслийг гаргасан байдаг. Тэгэхээр О.М нь тэднийг дагалдаж, нэг машинд цуг сууж явсан үйл баримт тогтоогдож байна.
Анхны мэдүүлгийг О.Т 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өгсөн. Гэвч мөрдөгчид О.М, Л.Э нараас мэдүүлэг аваагүй. Мөрдөгчид “Хэргээ хүлээсэн агуулгатай мэдүүлэг өгөхгүй бол мэдүүлэг авахгүй” гэж байсан бөгөөд улмаар О.М гурав хоног гадаа хоносны эцэст хэргээ хүлээсэн агуулгатай мэдүүлэг болон баталгаа бичиг бичиж өгсөн. Үүнээс хойш энэ мэдүүлгээ сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэхдээ давтан өгсөн бөгөөд харин шүүхийн шатанд болсон явдлыг үнэн зөвөөр илчлэн мэдүүлсэн.
Хэрэгт О.Т, Л.Э нарын урьдчилан үгсэн тохирсон асуудал байдаг. Гэвч О.М энэ тохиролцоонд оролцоогүй, зөвхөн хамаатныхаа ахыг эрсдэлтэй нөхцөл байдалд орчих вий гэсэндээ хань болж явсан. Шүүхийн хэлэлцүүлгийн үед прокурор “Хамт явж байсан нь үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэрчилнэ” гэж гэмт хэргийн хамтран оролцооны хэлбэрийг тайлбарлаж байсан. Гэвч гэмт хэрэгт бэлтгэх нь төлөвлөхийн нэр бөгөөд үйлдлээрээ санаатай нэгдэх тухай асуудал төгсөөгүй гэмт хэрэгт яригдах боломжгүй. Түүнчлэн машинд хамт явснаараа үйлдлээрээ санаатай нэгдэж, гэмт хэрэгт бэлтгэх боломжгүй гэж үзэж байна.
Нөгөөтэйгүүр, шүүгдэгч нарыг буруутгахдаа тэдгээрийн сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлгийг эшлэж тайлбарладаг. Давж заалдах шатны шүүх тайлбарыг няцааж, зөв дүгнэлт хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан. Энэ бол нотолгооны стандарт.
Гэтэл прокурорын бичсэн эсэргүүцэлд “...Хэдий О.М-ын мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй боловч Л.Э, О.Т нар түүнийг хамтарсан болохыг нотолж мэдүүлсэн” гэж дурдагдсан байна. Бусад шүүгдэгч нарын мэдүүлэгт ч дээр дурдсан нотолгооны стандарт яригдах учиртай гэж үзэж байна. Нэг мэдүүлгийг нөгөө мэдүүлгээр нь буюу нэг мэдүүлгийг 2 удаа худлаа өгснөөр тухайн мэдүүлгийн үнэн магадтай байдал дээшилнэ, хууль ёсны болно гэж үзэх боломжгүй. Миний үйлчлүүлэгч бусад шүүгдэгч нартай үгсэн тохиролцоогүй, тодорхой тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэхэд идэвхтэй үйлдэл хийгээгүй тул гэмт хэрэгт бэлтгэсэн шинж түүний үйлдэлд байхгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгч О.М хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Давж заалдах шатын шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байх тул өөрийн өмгөөлөгчтэй адил саналтай. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Зуунайгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Л.Э, О.Т, О.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2.Прокуророос Л.Э, О.Т, О.М нарыг “Бүлэглэн хоёр ширхэг “Gold monster-1000”, нэг ширхэг “Gold monster-4000” загварын металл хайгч ашиглан Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг, “Хөх дэл” гэх газарт алт олборлохоор “Субару форестер” загварын 70-10*** улсын дугаартай тээврийн хэрэгслээр очсон боловч цагдаагийн байгууллага үйлдлийг таслан зогсоож хууль бусаар ашигт малтмал олборлохыг завдсан” гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч нарын дээрх үйлдлийг бодитой тогтоож, хууль бусаар ашигт малтмал олборлохыг завдсан бус уг гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тооцохдоо хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Тодруулбал, шүүгдэгч Л.Э, О.Т, О.М нар нь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт байх “Хөх дэл” гэх газарт гар аргаар алт олборлох зорилгоор металл хайх зориулалттай 3 ширхэг багажийг урьдчилан бэлдэж, О.Т-ын тээврийн хэрэгслээр тухайн газарт очиж металл хайгчаа угсрахаар зэхсэн боловч угсарч чадаагүй, энэ үед цагдаагийн байгууллагын ажилтнууд ирж саатуулсан буюу тэд газрын гадаргуу, хэвлийд халдах, ашигт малтмал олборлох оролдлого хийгээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт бэлтгэсэн шинжид хамаарах талаар анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй дүгнэжээ.
Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн болохыг зөв дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт баримталбал зохих Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг орхигдуулсныг хяналтын шатны шүүхээс өөрчлөлт оруулан зөвтгөхөөр шийдвэрлэв.
4.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх зөрчил тогтоогдоогүй болно.
5.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Зуунайгийн хяналтын шатны шүүхэд бичсэн “Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль хэрэглээний зөрүүтэй байдлаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч О.М-ын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл,
прокурор С.Батсүрэнгийн шүүх хуралдаанд хэлсэн “Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхээр тээврийн хэрэгсэл, металл хайгч ашиглаж, зохих зөвшөөрөлгүй буюу хууль бусаар алт хайхаар санаа нэгдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрт тооцогдоно. Шүүгдэгч О.М нь “Дорноговь аймгийн нутагт алт гарч байна. Хамт явах уу” гэсэн шүүгдэгч О.Т-ын саналыг хүлээн авч тохиролцсон, хийх үйлдэл, түүнээс үүдэж хожим бий болох үр дагаврыг ухамсарлан ойлгосон, хэргийн газарт очоод металл хайгчийг угсрахаар зэхэж байсан зэрэг нь нотлогдсон. Энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт,
шүүгдэгч О.М-ын өмгөөлөгч Б.Батбаярын хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан “...мөрдөгчид хэргээ хүлээсэн агуулгатай мэдүүлэг өгөхийг шаардсан, шүүгдэгч нартай үгсэн тохиролцоогүй, тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэхэд идэвхтэй үйлдэл хийгээгүй тул гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэх тухай асуудал яригдах боломжгүй...” гэсэн агуулга бүхий тайлбарт дараах хууль зүйн дүгнэлтийг хийв.
5.1.Мэдүүлгэн баримт нь гэмт хэргийн үйл баримтын талаар мэдээлэл агуулж байвал хэрэгт хамааралтайд тооцогдож, эх сурвалж бодитой бөгөөд хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээд авсан бол хүлээн зөвшөөрөгдөхүйц байх шаардлагыг хангасан гэж үздэг.
Шүүгдэгч О.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийн эрх, үүрэгтэй танилцсанаар өгсөн “…хамаатны ах О.Т над руу залгаад “Дорноговь аймгийн Сайхандулаан суманд алт гарч байна, миний дүү сонирхож үзэх үү” гэхээр нь би “Тэгье” гэж хэлсэн...” гэх хэргийн талаар мэдэх болсон бодит үндэслэл, шалтгааныг нотолсон мэдүүлэг нь шүүгдэгч О.Т-ын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогджээ.
Эрх бүхий албан тушаалтан эдгээр мэдүүлгүүдийг авахдаа тэднийг өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардсан, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэн, хүч хэрэглэсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүйн зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мэдүүлэг авах үндэслэл, журам, шаардлагыг хангасан байна.
5.2.Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл юм.
Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол “бүлэглэн гүйцэтгэсэн” гэж үздэг бөгөөд энэ нь гэмт хэргийн хамтран оролцооны хэлбэр мөн.
Анхан шатны шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэний үндсэн дээр шүүгдэгч О.М, Л.Э, О.Т нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, хэргийн болж өнгөрсөн үйл баримтад мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тогтоосон, шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт авагдаж, анхан шатны шүүх эдгээр баримтуудад тулгуурлан хэргийн жинхэнэ байдлыг зөв тогтоожээ.
6.Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.М-ын гомдлоор хэргийг хянан хэлэлцэж “Хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй” гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахдаа түүний шүүгдэгч О.Т, Л.Э нартай хамтран алт олборлох болсон сэдэлт, зорилго, гэм буруутай үйлдэлд санаатай нэгдсэн шалтгааныг хэргийн жинхэнэ байдлаас зөрүүтэй тогтоосны зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас үзэв. Үүнд:
6.1.Давж заалдах шатны шүүх хэргийг магадлахдаа давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг бүрэн хэрэгжүүлж, хэргийн ажиллагааг хянан үзэх шат дараалал, журмыг ягштал баримтлан нотлох баримтын эх сурвалжийг магадлан ач холбогдол, хамаарал, хууль ёсны эсэх болоод хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг анхан шатны шүүхээс үнэлсэн байдалд тайлбар бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн бодит байдал, шүүгдэгчийн гэм бурууг хөдөлбөргүй нотолж, үндэслэлийг гүйцэт тусгасан болон оногдуулсан ял шийтгэл нь тохирсон эсэх, гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал орхигдсон эсэх, гаргуулах хохирлын хэмжээг бодитой тогтоосон зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний эцэст анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, эсхүл өөрчилж, хүчингүй болгож буй шалтгаанаа дээрх нөхцөл байдал бүрээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тайлбарлан баталгаажуулж, магадлалд салаа утгагүйгээр тоочин дурдах үүрэгтэй.
Эдгээрийг шалгахын тулд эхлээд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой талаар анхан шатны шүүх хэрхэн дүгнэснийг үнэлнэ. Нотлох баримт хүрэлцээгүй байхад хэргийн үйл баримтыг тогтоосон, хэрэгт хамааралгүй баримт сэлтээр хэрэг нотлогдсон гэж дүгнэх нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх нэгэн үндэслэл болно.
Гэтэл давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.М-ын хэргийн талаар мэдэх болсон бодит үндэслэл, шалтгааныг нотолсон мэдүүлгүүдийг няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг хийгээгүй буюу нотлох баримтын нотолгооны ач холбогдол, харилцан хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэхдээ хэргийн үйл баримтыг шууд заан мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлгүүдийг хэрэгт авагдсан бусад баримттай харьцуулан дүгнээгүй, мөн тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга, эх сурвалжаа заасан байдал зэргийг зөв үнэлж чадаагүй байна.
6.2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж, эргэлзээгүй тогтоох зарчим нь хуулиар тогтоосон эрүүгийн хэрэгт баримтлах нотолгооны стандарт мөн.
Үүний тулд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг шалгаж үзсэний үндсэн дээр шүүх шийдвэр гаргах ба эдгээрийг нэг бүрчлэн шалгасан боловч гагцхүү няцаан үгүйсгэгдэхгүй буюу үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тохиолдолд түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгажээ.
Гэтэл давж заалдах шатны шүүх “...шүүгдэгч О.М-ын гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруутай үйлдэлд санаатай нэгдсэн гэх нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцэхүйц нотлох баримт цуглараагүй...” гэсэн дүгнэлтээ үндэслэл бүхий эргэлзээтэй нөхцөл байдалтай адилтгах байдлаар энэхүү зарчмын агуулга, зорилгыг алдагдуулсан байна.
Түүнчлэн шүүх хууль зүйн дүгнэлт хийхэд ач холбогдолтой боловч нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн нотлох баримтуудад няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийхгүйгээр эргэлзээтэй нөхцөл байдлыг шууд тогтоох боломжгүй байдаг.
7.Давж заалдах шатны шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахдаа хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтыг тал бүрээс нь, нягт нямбай, бүрэн гүйцэд, бодитойгоор нь хянаж чадаагүйн улмаас хэргийн үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, О.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгахдаа тогтоогдсон хэргийн бодит байдлыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг магадлалд заагаагүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлд хамаарч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
8.Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулан, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгохоор хяналтын шатны шүүхээс тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
2.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 225 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Дорноговь аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Э, О.Т, О.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Зуунайгийн бичсэн эсэргүүцлийг хангасугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Ц.ОЧ
М.ПҮРЭВСҮРЭН
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ