Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 1696

 

                        

 

 

 

 

 

 

 2019         11         11                                       2019/ШЦТ/

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Шүүгдэгч Е нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Ед холбогдох 1906 05894 2237 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улс, Хэнтий аймагт 1993 оны 12 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгис авто угаалгын газарт  угаагч ажилтай, Баянзүрх дүүргийн 19 дугаар хороо, Цайзын 41а гудамжны 768 тоотод оршин суух, ам бүл 4, эхнэр, 0-2 насны 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ж овогт Тын Е /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Е нь  2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгис авто угаалгын газарт  иргэн Т.Мөнх-Эрдэнэтэй маргалдаж, улмаар харилцан зодолдох явцдаа түүний нүүр лүү цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Егийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Мөнх-Эрдэнийн өгсөн: “... 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгис авто угаалгад ажил дээрээ байж байтал хамт ажилладаг Е гэх залуу хэл амаар доромжлоод “чиний тэр шорон чинь биш шүү” гэсэн үг хэллэг хэлээд байсан... Удалгүй хүүг хажуу тийш нь түлхээд намайг барьж аваад цохисон, тэгээд бид хоёр зууралдаж аваад нэг нэгнээ цохисон. Миний нүүр хэсэг рүү 2-3 удаа цохиход миний дээд үүдэн шүд хугарчихаар нь би уурласан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 7-9/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Лувсанжамцын өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 01-ний 17 цагийн орчим  би Тэнгис угаалгын газарт өөрийн хойд эцэг Мөнх-Эрдэнэ ахад туслаад ажлаас нь хийлцээд байж байсан чинь нэг мэдсэн чинь Мөнх-Эрдэнэ ах миний танихгүй ажлынх нь машин угаадаг нэг залуутай муудалцаад заамдалцчихсан байж  байсан. Тэгэхээр нь би очиж салгасан чинь тэр залуу нь намайг тавь гээд над руу уурлаж томроход ажлынх нь хүмүүс ирээд тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг, /хх.11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Чулуунсүрэнгийн өгсөн: “... Хоорондоо заамдалцаад тэр хоёр нэг нэгнийхээ нүүр болон толгой руу гараараа 2-3 удаа цохилцохоор нь салгасан...” гэх мэдүүлэг /хх.14/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Ханхүүгийн 2019 оны 10 дүгээр сарын 07-ны өдрийн 11957 дугаартай:

“1. Т.Мөнх-Эрдэнийн биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна” гэх дүгнэлт /хх.22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Е яллагдагчаар өгсөн: “Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би урьд нь өгсөн мэдүүлгүүддээ үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.39-40/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Е нь  2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгис авто угаалгын газарт  иргэн Т.Мөнх-Эрдэнэтэй маргалдаж, улмаар харилцан зодолдох явцдаа түүний нүүр лүү цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Мөнх-Эрдэнийн өгсөн: “... Е гэх залуу ... хүүг хажуу тийш нь түлхээд намайг барьж аваад цохисон тэгээд бид хоёр зууралдаж аваад нэг нэгнээ цохисон. Миний нүүр хэсэг рүү 2-3 удаа цохиход миний дээд үүдэн шүд хугарчихаар нь би уурласан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 7-9/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Лувсанжамцын өгсөн: “... Мөнх-Эрдэнэ ах миний танихгүй ажлынх нь машин угаадаг нэг залуутай муудалцаад заамдалцчихсан байж  байсан...” гэх мэдүүлэг, /хх.11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Чулуунсүрэнгийн өгсөн: “... Хоорондоо заамдалцаад тэр хоёр нэг нэгнийхээ нүүр болон толгой руу гараараа 2-3 удаа цохилцохоор нь салгасан...” гэх мэдүүлэг /хх.14/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Ханхүүгийн 2019 оны 10 дүгээр сарын 07-ны өдрийн 11957 дугаартай:

“1. Т.Мөнх-Эрдэнийн биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна” гэх дүгнэлт /хх.22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Егийн яллагдагчаар өгсөн: “Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.39-40/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Егийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ед холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Егийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Т.Мөнх-Эрдэнэ нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Ег энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Егийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Еэд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Еэд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

          Е нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Ж овогт Тын Ег “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ед 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Ед оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ед сануулсугай.

          5. Е нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Мөнх-Эрдэнэ нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ед авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР