Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2016/05363

 

2016 оны 10 сарын 11 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05363

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, өөрийн байранд байрлах Баянгол дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих Солонго цамхаг ХХК-ийн захирал Ж.Багамонгол /РД: ШВ70092314/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Солонго цамхаг ХХК нь 2010 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Барилга угсралт эрхлэхээр бүртгэлд бүртгэгдэж, манай Татварын хэлтэст татвар төлөгчийн 5356334 тоот регистрийн дугаар авч, татвар төлөгчөөр бүртгүүлсэн байна. Солонго цамхаг ХХК-ийн захирал Ж.Багамонголын оршин суух хаяг тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх заалтын дагуу Солонго цамхаг ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Багамонголыг эрэн сурвалжилж өгнө үү. Ж.Багамонгол нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 50 мянгатын 25 дугаар байрны 6 тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар ШВ70092314, утас 91006446, 96658783 гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагчийг эрэн сурвалжлах шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул миний эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтэс нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно гэж заасны дагуу иргэний хэрэг хариуцагчаар оролцвол зохих Солонго цамхаг ХХКийн захирал Ж.Багамонголыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Хүсэлтийг гаргагч өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргана гэснээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Солонго цамхаг ХХК нь Баянгол дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй болох нь татвар төлөгчийн картаар тогтоогдож байна. Түүнчлэн Солонго цамхаг ХХК нь Татварын хэлтэст бүртгүүлсэн Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд бүртгэлгүй болох нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны тодорхойлолт, захирал Ж.Багамонгол нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан байх бөгөөд Солонго Цамхаг ХХК-ийн захирал Ж.Багамонгол нь хэрэгт авагдсан татварын тооцооллын жагсаалтаар Нэмэгдсэн өртгийн албан татварын болон цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын татварын өртэй болох нь тогтоогдож иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нотлогдож байна.

Иймд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 50 мянгатын 25 дугаар байрны 6 тоотод оршин сууж байсан Солонго цамхаг ХХК-ийн захирал Ж.Багамонгол /регистрийн дугаар ШВ70092314, утас 91006446, 96658783/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх заалтыг баримтлан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 50 мянгатын 25 дугаар байрны 6 тоотод оршин сууж байсан Солонго цамхаг ХХК-ийн захирал Ж.Багамонгол /регистрийн дугаар ШВ70092314, утас 91006446, 96658783/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх заалтыг баримтлан Ж.Багамонголыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоосноо нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтэст мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст мэдэгдсүгэй.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж завж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ